• Өнөөдөр 2024-03-28

Д.Сумъяабазар дарга аа, ядахдаа хотын төвдөө өндөр өсгийт өмсмөөр байна

2022-04-26,   1580

          Энд тэндгүй гутлынхаа өсгийгөө хугалсан эмэгтэйчүүд. Улаанбаатар хотыг өсгийтэй гутлын аранга гэж нэрлэмээр санагдтал гутлынхаа өсгийгөө хуга, нуга гишгэж байна, эмэгтэйчүүд. Цахим орчинд ч “Өглөө өндөр өсгийтэй гутал өмсөөд гарлаа өдөр нь өсгий хуга. Яаж ч хичээгээд, өлмий дээрээ цөмцгөнөж яваад ч нэмэр алга.  Явган хүний зам, боржуур, эко  гэх нэртэй нүх болсон цементэн хавтанд өсгийгөө хугалчихаад байх юм.  Ямар хэцүү юм бэ” гэсэн пост эмэгтэйчүүдийн хаягаар зурайн харагдана. Иймд бид Улаанбаатар хотын төвийн гудамжны явган хүний зам эмэгтэйчүүдэд ямар халтай болохыг сурвалжилж, уншигч та бүхэнд хүргэж байна.

Гэр хороололд амьдардаг эмэгтэйчүүд өсгийтэй гутлаа цүнхэлж гардаг

       Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 08:00 цаг ажилдаа яарсан хүмүүс автобусны буудал дээр бужигнаж байлаа. Ажлын цагтаа амжиж очих гэсэн иргэд хэдэн тийш холхилдоно. Тус автобусны буудал дээр эмэгтэйчүүд урт ганган хүрэм, өнгө өнгийн пүүз өмссөн харагдана. Энэхүү бүсгүйчүүдийг ажиглаваас төрийн байгууллагад ажилладаг болов уу гэмээр. Харин тэдний өмссөн ажил хэрэгч хувцсан дээр пүүз өмссөн нь үл зохих юм. Уг бол өндөр өсгийт өмсчихвөл сайхан харагдах билээ. Гэвч эдгээр эмэгтэйн дунд өсгийтэй гутал өмссөн хүн үгүй. Тиймээс бид иргэн Ц.Цэвэлмаагаас дараах тодруулгыг авсан юм. Тэрбээр зураг даруулахаас татгалзан дараах хариултыг өгсөн юм. Тэрбээр “Эгч нь банканд теллер хийдэг. Тиймээс ийм хувцсан дээр пүүз өмсөж болохгүй шүү дээ. Гэвч ажилдаа очих, ирэх хооронд байнга өмсөж байна. Яагаад гэхээр манайх гэр хороололд амьдардаг. Тиймээс энэ шороон замаар өндөр өсгийт өмсөөд явах хэцүү. Үүнээс гадна автобусанд чихэлдээд явах бол өсгий хугарчих гээд байдаг. Ер бол хугарчихдаг л даа. Мөн ажлын гадаа явган хүний зориулалтын зам байгаа ч нүхтэй болохоор алхаж болдоггүй. Ядаж хотынхоо төвд өндөр өсгийт өмсөөд алхвал сайхан. Даанч боломжгүй юм даа. Тиймээс ажил хэрэгч хувцсан дээр пүүз өмсөөд алхаж явна” гэсэн юм.

    Зайлшгүй өсгийтэй гутал өмсөх хэрэгтэй үед тэд өмсөөд явах бус уутлаад явах сонголт хийдэг ажээ. Гартаа барьсан цагаан гялгар уутных нь цаанаас өсгийтэй гутлынх нь хоёр өсгий ёрдойж харагдана. Хотын захын гэр хороололд автобусны буудал нь цементэн гадаргуутай байвал дээдийн заяа. Харин замбараагүй байрласан гэр хорооллын хашаан дундуур автомашины гаргасан шороон замаар гэрээсээ автобусны буудал хүртэл явган иргэд зорчино. Явган хүний зам, зам ч гэж там. Автомашины гаргасан сул шороон дундуур цэвэрхэн гуталтай явна гэдэг үлгэр. Эгц дээшээ, эрмэгтэй нарийн замаар өсгийтэй гуталтай алхвал,  гутлынх  нь өсгий салж унана. Шороо тоос бужигнасан энэ замын дунд чулуун дээр гишгэж шагайгаа мулталж, хайран сайхан гутлынхаа өсгийг хугалсанаас уут, цүнхэнд хийгээд аваад явах нь дээр мэт санагдана. 

   Монголын үндэсний их сургуулийн автобусны буудал хотын төв, гэр хороолол хоёрыг тусгаарлах “хил” гэлтэй. Энэ хүртэл өндөр өсгийт өмсөх боломжгүй. Хууларч дууссан цементэн зам дээр шороо тоос босож шахуу, нарийхан автомашины зогсоол дээр олон хүн зогсох үед нэг нэгнээ нааш цааш түлхэж, гутал дээр нь гишгэцгээнэ. Энэ үед өндөр өсгийт өмссөн эмэгтэйчүүд унах нь уу гэлтэй ганхана. Нэг эмэгтэй бүр дөрвөн хөллөөд босох нь тэр. 

-БОРЖУУР ЗАМ ДЭЭР ХАЛТИРАХГҮЙ ГЭСЭН ИРГЭД НЭГНЭЭСЭЭ ЗУУРСААР АЛХАНА-

         Улаанбаатар хотод өндөр өсгийт өмсөхөд хамгийн аюулгүй газар бол Сүхбаатарын талбай. Эндээс бусад газарт ямар стандарт, шалгуураар тавигдсан нь мэдэгдэхгүй олон төрлийн чулуун хавтангаар хийгдсэн явган хүний зам бий. Тэр олон газраас эмэгтэйчүүд доош харж зам харахгүйгээр өөртөө итгэлтэй алхах хэсэг тун цөөхөн, бараг байхгүй. Төв талбайн зүүн талд  гялтганасан боржуур чулуун зам бий. Энд хүмүүс багахан орсон цасанд норж чийгтсэн зам дээр халтирахгүй явах  гэж ойр ойрхон гишгэлнэ. Багахан өсгийтэй гутал өмссөн бүсгүйчүүд хажуудаа яваа хүнээсээ тас зуурч, хамаг анхаарал нь унахгүй явахад төвлөрөнө. Өндөр өсгийтэй гутал өмссөн эмэгтэйн харц үе үехэн алхаж буй зам руугаа чиглэнэ. Учир гэвэл энхэл, донхол ихтэй замын нэг сөрдийсөн хавтан дээр тээглэж унахгүйг хичээж  байгаа хэрэг л дээ.

   МУИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрны урд талд эко хавтан зам бий. Энд өсгийтэй гутал өмссөн бол холуур тойрох хэрэгтэй. Учир гэвэл нүх ихтэй энэ замын нүх шороогоор дүүрсэн ч  өсгийтэй гутлын өсгий зоогдож мэдэж ч амжаагүй байхад өсгийг нь салгаж мэднэ. Сургуулиас гарч ирсэн өндөр өсгийттэй охид энэ замыг холуур тойрч алхана.

Улаанбаатар хотын төвд гутлын өсгий салбал орж янзлуулж боломжтой цөөн хэдэн гутал засвартай. Тэдгээр гутал засваруудын нэг бол МУБИС-ийн урд талын нүхэн гарцад үйл ажиллагаа явуулж байгаа гутал засвар юм. Түүнээс өсгийтэй гутлынх нь өсгий хугарч засуулах гэсэн иргэд хэр их орж ирдэг талаар тодрууллаа. Тэрбээр “Монгол Улсад байгаа явган хүний зам нь хүн явахад биш, юм хийсэн мэт харагдах гэж хийгддэг. Өвөл, зунгүй өсгийтэй гуталтынх нь өсгий хугарсан, шалбарсан, түгжээ бөгж нь хаягдсан хүмүүс их орж ирдэг. Замын дундах хавтангийн завсраас өсгий нь шигдээд, буцаж татаж гаргахдаа гадна бүрээсийг нь шалбалчихдаг. Миний харахад энэ зам дээр зүгээр алхахад ч хэцүүхэн байхад яаж өсгийтэй гуталтай алхдагийг нь мэдэхгүй юм. Нарийн өсгийтэй гутал бүү хэл, өвлийн бүдүүн өсгийтэй гутлынхаа өсгийг хугалсан хүмүүс ч ирж байсан. Ер дулааны цагт өдөрт 2-3 хүн дунджаар орж ирнэ, баяр ёслолын өдрүүдэд бүүр олон хүн орж ирдэг” гэсэн юм.


 

 

   Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хажуугаар тавьсан боржууран чулуун замын ганц, хоёр чулуун хавтан дээш сөрдийн түүнийг анзаарах сөрөөхгүй алхаж байсан охид, залуус бүдэрч тэрхэн үедээ мэддэг хараалыг үгээ амнаасаа урсгацгаана. Харин энэ замын төгсгөлд автомашины зам руу гарах налуу хэсэг бий. Энэ хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж ийнхүү налуу болгосон ч халтиргааны эх үүсвэр болсон налуу хавтангаар хийгдсэн тул хэсэг хугацаанд ч зогсох хэцүү. Харин сургуулийн наана байрлах боржууран зам дээр өндөр өсгийт өмсөх талаар ярих нь бүү хэл хурдтай алхахыг ч завдах хэрэггүй байлаа. Уг нь явган хүний замыг өнгө үзэмж, харагдах байдлыг нь харж бус, дээгүүр нь явах иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг бодож сонгох учиртай баймаар.

       Улаанбаатар хотын төв хэсгээр хэсэгхэн алхахад олон төрлийн хавтангаар хийгдсэн явган хүний замтай таарна. Гэхдээ “Яг энэ дээр охид өсгийтэй гутлаа өмсөөд, харц дээгүүр алхана” гэж зааж өгөх газар байсангүй. Үе үеийн хотын дарга нарын тавьж өгсөн, жил бүр засаж янзалдаг замын зай завсар, залгаан дунд өндөр өсгийтийнхөө өсгийг нь хугалж, бүсгүйчүүд шагайгаа мултлах  эрсдэлтэй зам л олон байлаа. Ядаж их хотынхоо төвд өндөр өсгийт өмсдөг болмоор байна, Д.Сумьяабазар дарга аа. Боржуур, явган хүний замыг засаж байгаа дээрээ өндөр өсгийтэй гутал өмсөх боломжтой зам тавьж өгөөч, хотын дарга аа. 

 


Д.Сумъяабазар дарга аа, ядахдаа хотын төвдөө өндөр өсгийт өмсмөөр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-26 11:38:11
    zochin : хуурамч дипломтой пизда
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188