• Өнөөдөр 2024-05-17

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Төв цэвэрлэх байгууламжийн үнэр улам өмхийрчээ

2022-03-26,   455

Төв цэвэрлэх байгууламжийн өнгөрсөн жилүүдэд хийсэн ажил болон иргэд ямар байр суурьтай байгааг сурвалжиллаа.

              Хотын төвөөс Төв цэвэрлэх байгууламжийг зорилоо. Зорьсон газар ойртох тусам, өмхий эвгүй үнэр машинд үнэртэх нь тэр. Дотроо нээрээ л “Улаанбаатарын үнэр нь сэрээд эхэлчихэж дээ” гэж бодов. Төд удалгүй Төв цэвэрлэх байгууламжийн гадаа ирлээ. Машинаас бууж, харуул хийж буй хүнд “Холбогдох мэргэжилтэнтэй уулзах гэсэн юм” гэхэд шууд хаалгаа хааж, тусгай зөвшөөрөлтэй хүнийг нэвтрүүлнэ гэв.
 
   Үүний дагуу бид Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга н.Ганзоригтой утсаар холбогдсон юм. Тэрбээр “Манай ойролцоо хүмүүс амьдардаггүй.  Үнэртэж буй үнэр зөвхөн Төв цэвэрлэх байгууламжийн үнэр биш. Арьс, шир, ноолуурын үйлдвэрүүдээс гарсан үнэр болгоныг манайхаас гарч байна гэж ойлгож болохгүй. Зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс тодруулах хэрэгтэй” гэлээ.
 
 

Зорьсон газраа ирсэн тул Төв цэвэрлэх байгууламжтай ойрхон үйлчилгээ явуулж буй иргэд ямар байр суурьтай байгааг тодруулсан юм.

   
              Иргэн Б.Батнасан “Би энд таван жил ажиллаж байна. Салхи урдаасаа үед үнэр бол битүү. Анх төлөвлөхдөө Төв цэвэрлэх байгууламжаа хотын төвөөс зайд уу барихгүй, иргэдтэй ойр, хотын захруу байгуулсан нь буруу гэж боддог. Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хүн амьдардаггүй ч, ажил хөдөлмөр эрхэлдэг өчнөөн хүмүүс бий. Тэр хүмүүс бол тодорхой хэмжээнд хохирч л байна. Наад зах нь энэ үнэр бол зүгээр нэг муудсан ус шиг зүйл биш. Харин химийн хортой бодисын нэгдлийн голомтод өдөр бүр ажиллаж байна гэхээр аймшигтай санагддаг. Хавар болохоор л газар гэсэх үеэр дагаад гэсдэг юм шиг байгаа юм. Өвөлдөө хөлдөөд үнэр гайгүй. Дулааны улиралд л хэцүү. Орой ажлаа тараад  гэртээ хариад хувцсаа тайлахаар, миний биед хүртэл шингэчихсэн байгаа юм чинь. Ажил нь эндээс нүүх боломжгүй болохоор ирж ажилладаг бидэнд ямар ч сонголт байхгүй. Шинээр баригдаж байгаа цэвэрлэх байгууламж ашиглалтад орчихвол үнэр нь алга болох байх гэж найдаж сууна даа” гэв.
 
 
            Иргэн Д.Солонго “Манай гэр Яармагт байдаг. Ажил маань Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд. Зундаа урдаасаа салхитай байвал, өглөө гэрээсээ гарахдаа өмхий үнэрээ үнэртсээр байгаад ирдэг.  Энэ үнэр бол арай л дэндүү гэхэд багадмаар. Юм хийгээд л байдаг гэсэн, үр дүн багасаж байгаа юм огт мэдэгдэхгүй. Яахав хоёр талтай л байх энэ олон хүн амын бохирыг нэг дор цэвэрлэнэ гэдэг хэцүү л байх. Нөгөөтээгүүр иргэдийн тав тухтай амьдрах орчинг үгүй хийгээд байгаа гэдгийг төр удирддаг хүмүүс нь мэдээсэй” гэлээ.

Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн байр суурь нь шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар үнэр алга болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.

 
           Үүнтэй холбоотойгоор УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Б.Жавхлантай холбогдож, өнгөрсөн жилүүдэд болон цаашид ямар үйл ажиллагааг хийх болон үйл ажиллагаа явуулдаг иргэдийн байр сууринд хариулт авсан юм.
 
         “Төв цэвэрлэх байгууламж 2018-2020 оны хооронд Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Бохир, лагийн талаар авах арга хэмжээ” гэсэн тогтоолын дагуу Барилга, Хот байгуулалтын яамны санхүүжилтээр хуримтлагдсан лагийг цэвэрлэх, лаг усгүйжүүлэх барилга, байгууламжийг барьж ашиглалтад оруулах ажил хийгдсэн. Эдгээрийг бүтээн байгуулсны дараа Төв цэвэрлэх байгууламж байгуулагдсан цагаас хойших бүх бохирыг усгүйжүүлж, цэвэрлэх үйл явц өрнөсөн юм. Мөн лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар бохирын овор, хэмжээ багасч үнэр ч мөн багассан” гэв.
 
 

Толгойт, Их наран, Бага наран зэрэг газарт зуны улиралд цэвэрлэх байгууламжийн үнэр байнга үнэртдэг  аж. Тус газарт оршин суудаг иргэдээс тав тухтай амьдрахад цэвэрлэх байгууламжийн үнэр хэрхэн нөлөөлж буйг тодруулсан юм.

         Иргэн С.Батсайхан “Үнэр бол манай энэ хавийн нэг оршин суугч шиг л хамт байдаг болсон. Төр засгаас энэ асуудлыг шийдвэрлэж, иргэдийн эрх ашгийг хангах нь хаягдчихсан. Насаараа энд амьдарсан олон хүмүүс байна. Тэд бол нүүх санаа байвч боломж нь ховор. Мөн энэ асуудлыг шийдвэрлэгдэхийг хүлээж суух биш иргэд үзэл бодлоо илэрхийлж, шийдвэрлүүлэх тал дээр оролцох нь чухал. Одоо байгаа үнэр маргааш огт байгаагүй юм шиг алга болно гэж байхгүй болохоор дахиад хэдэн жил өмхий үнэртсээр л байна байх.  Шинэ байгууламж баригдаж дуусаад арай бага эсвэл байхгүй болоосой гэж найдахаас өөр хийж чадах зүйл алга даа” гэлээ.
 
        Иргэн Х.Ирээдүй “Би одоо 17 настай. Намайг жаахан байхаас л манайх энд байсан. Хотын төв рүү ороод, буцаад гэртээ ирэхээр үнэр нь аймаар байгаа нь илт мэдэгддэг. Эндээс нэг их холдохгүй байвал өмхий үнэртээ дасаад, бараг үнэртэхгүй байгаа юм шиг санагдаад байдаг. Зун найзуудтайгаа гадаа тоглохоор жаахан хэцүү. Айлуудын жорлон, тэгээд энэ өмхий үнэр муухай л байдаг. Яг хаанаас ийм үнэр гараад байдгийг би мэдэхгүй юм. Гэхдээ байхгүй болчихвол гоё байна” гэв.
 

 

        Төв цэвэрлэх байгууламж өөрийн чадамжаар ажиллаж байгаа ч Улаанбаатар хотын үнэр нь яахын аргагүй олон жилийн хур бохирын үр дүн гэж харж болох ч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа явдал билээ. 


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Төв цэвэрлэх байгууламжийн үнэр улам өмхийрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-26 14:53:21
    Женко: Энэ асуудлыг Хүк-ээс асуу. Ерөнхий сайд болчихоод намар гэхэд энэ үнэрийг үүнийг арилгана Японы хөрөнгө оруулалт орж ирсэн гээд цэнхэр дэлгэцээр яриад зогсож байсан гар шүү дээ. Түүнээс хойш даруй 7 жил өнгөрсөн байна. Өөрөө улсын ерөнхийлөгч болсон одоо юм бодож байгаа биз сэтгүүлчээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188