• Өнөөдөр 2024-04-30

Түлэх түлшгүй иргэд чинь хөлдөж үхэх нь ээ, У.ХҮРЭЛСҮХ ЭЭ

2021-10-04,   1405

   -Сайжруулсан түлш 13:00 цагт борлуулалтын цэгтээ ирсэн байх ёстой ч 17:20 цагт хэзээ ирэх нь тодорхойгүй байв-

     Монголчууд  шатахууны дарааллаас шахмал түлшинд дугаарлаад зав алга. Тэд ядарч, даарч, өлсөж, туйлдаж, зутарч, уйлах нь халгүй бөнжигнөтөл чичрээд хэзээ ирэх нь тодорхойгүй түлшээ хүлээгээд өдөржин, шөнөжин зогсож байна. Яг үнэндээ гэр хорооллынхонд дулаан өвөлжих баталгаа алга У.Хүрэлсүх ээ, Засгийн газрынхан, “Таван толгой” ХХК-ийнхаан. Шахмал түлшинд дугаарлаад хэдий хүргэх вэ, монголчууд иймэрхүү байдалтай лав 14 хонолоо. Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг иргэдийн өдөржин хүлээсэн сайжруулсан шахмал түлш орой хэдэн цагт бууж, тэнд хүлээсэн олныг галтай залгуулж байгааг сурвалжлахаар шахмал түлш борлуулах цэгүүдийг зорьсон юм.

      17:20 цаг. Бидний эхний очсон газар бол Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлш борлуулах цэг байлаа. Усны тэргээ түрээд ирчихсэн иргэд хойно, өмнөө орж холхилдоод даарч, бээрсэн хөлөө товшилж, гараа үлээн бээвийцгээнэ. Борлуулагч эмэгтэйг байж суух газаргүй болтол нь "Та нар ямар хариуцлагагүй юм бэ, хүүхдүүд хөлдлөө. Хөгшин настай хүн даарчихлаа, түлш чинь хэзээ ирэх юм бэ" хэмээн тал бүрээс нь  шалгааж, загнасаар байлаа.

     “Арай л дэндүү байна, 07:00 цагаас дугаарласан шүү дээ, Хөлдөж үхлээ. Аргагүйн эрхэнд ундааны сав, хар цаас, хэрэггүй болсон гутал, хувцсаа түлж байна. Цас орохоор яахыг мэдэхгүй. Нялх хүүхэд, хөгшин ээж  минь намайг ирэхийг хүлээгээд хоол ундгүй, даарч хөрчихсөн бүлтийгээд сууж байгаа. Түлээ түлшгүй суугаа бидний хүүхдүүд ямар нөхцөлд байгааг хардаг ч болоосой, улстөрчид” гэх иргэдийн гомдол, харуусал, цөхрөнгөө барсан яриа сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн үүдэнд өрнөнө. Тэд бүр ам уралдан ярьцгаахаас аргагүй. Гэрт нь нялх хүүхэд, өндөр настай аав, ээж нь даараад сууж байгаа шүү дээ. Төр засаг  эцэстээ ард иргэдээ хөлдөхөд ч тоохгүй, хараад суух нь.

-БҮТЭН 10 ЦАГ ТҮЛШ ХҮЛЭЭЛЭЭ. ИРЭХ ӨВӨЛ НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ХӨЛДӨЖ, ХҮЙТНЭЭС БОЛЖ ӨВДӨЖ ҮХЭХ БОЛОЛТОЙ- 

        “Шахмал түлш борлуулах цэгт түлшээ хүлээж хэчнээн цаг зогсож байгаа талаарх бодит нөхцөл байдлыг иргэдээс тодрууллаа. Ирэн Ц "Би 07:00 цагаас гурван хүүхдээ үлдээгээд түлш авахаар ирсэн, бүтэн 10 цаг хүлээж байна. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй ч хоосон харихгүйн тулд гүрийгээд л байна. Үнэхээр хэлэх ч үг алга даа. Борлуулагч нь “Шахмал түлш ирж байгаа, дуугүй дугаарлаад зогс” гэхээс өөрийг хэлэхгүй юм. Нэг удаагийн ээлжинд таван тонн буюу 200 шуудай ирдэг. Нэг айл зургаан шуудайг авах ёстой гэж бодоход 33 айл долоо хоногийнхоо түлшийг бүрэн авах боломжтой ч 100 гаруй дугаарлаад зогсож байна. Хэрвээ түлш ирвэл яаж авахаа ч мэдэхгүй байна шүү” хэмээн  Шахмал түлш нь хэзээ ирэх нь тодорхойгүй ч хүн нэмэгдсээр байлаа. 18:00 цаг болж байхад яагаад ирэхгүй байгаа талаар “Таван толгой” түлш компанийн ажилтнаас тодруулаа. Тэрбээр “Өдий болтол очоогүй байна гэж байхгүй. Шахмал түлш түгээлтийн 34 компани 06:00 цагаас түлшээ ачиж гардаг” гэв. Гэвч бодит байдал дээр иргэд хэдэн цаг гадаа хүлээж зогсох нь тодорхойгүй байна. Идэр есийн хүйтэнд энэ янзаараа байвал олон хүний гар, хөл, хацар хайрагдаж, хөлдөөд ханиад томуу ч дийлдэхээ байх янзтай. Түлш хүлээгээд зогсож буй иргэдийн нөхцөл байдал ямар байгааг хүргэе.

-ИРГЭН: ӨЧИГДРӨӨС ХОЙШ ТҮЛШ АВАХААР ДУГААРЛАЖ БАЙНА, ХӨЛДӨЖ ҮХЛЭЭ

         Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдэд шуудай мод 7500 төгрөгийн үнэтэй байв. Жижиг шуудай мод түлээд дулаацахгүй, зөвхөн галлахдаа хэрэглэдэг тухай иргэд ярилцаа. Бүр түлшгүй барьц алдахдаа хашааныхаа банзтай холиод ч хамаагүй түлдэг гэх. Шахмал түлш хүрэлцээгүй үед галлагааны мод ч иргэдийн сэтгэлд нийцдэггүй байна. Учир нь, шуудайны дээд талд чанартай мод харагддаг боловч дундаас доошоо холтос, эвдэрсэн байшин, жорлонгийн банз, мод хүртэл байдаг гэнэ. Иргэд энэ тухай тун гомдолтойгоор “Биднийг үнэхээр хуурч мэхэлж чадах юм. Бидэнд ганц шуудай мод аваад түлэх ч боломж алга. Гал голомтдоо хийх нь битгий хэл хүрэхээс ч сэжиг хүрэм муухай мод заримдаа хийчихсэн байдаг. Яаж галдаа хийх билээ дээ. Үнэхээр гомдолтой байна. Энэ өвлийг яаж бардаг билээ дээ” хэмээн халаглаж байлаа.

      Иргэн Б.Оюунчимэг “Би өчигдрөөс хойш түлш авах гэж дугаарлаж зогслоо. Өчигдөр 200 гаруй автомашин Дарь-Эхийн хуучин эцэс дээр дугаарлаж зогссон, хүрэлцээгүй. Настай хүмүүс зөндөө зогсох юм, үнэхээр өрөвдөлтэй. Өвөл бид хөлдөж үхэх юм уу, У.Хүрэлсүх ээ үүнд тайлбар өгөөрэй. Амьдрахад тун хэцүү байна шүү” хэмээн Ерөнхийлөгчид үгээ дайлаа.

 ИРГЭН: "ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН АЖИЛ УДААШИРЧ, ТҮЛШ ИРЭХГҮЙ БАЙНА 

      Иргэн Дашдаваа “Манай ач, зээ нар гэртээ дараад л намайг хүлээгээд суугаа. Ханиад, томуу ихтэй үед хэцүү байна даа. Төр засаг уялдаа холбоотой ажиллаж, ард иргэдээ харж үзэх цаг болжээ. Биднийг арай дэндүү хөсөр хаяж байна. Бид удахгүй хэд хэдээрээ осгож үхэхэд бэлэн болжээ. Би дөрвөн шуудай түлш авлаа гэж бодоход түлш авч чадаагүй хүүхдүүддээ хуваагаад өгнө шүү дээ. Хүүхдүүд минь амралтын өдрүүдэд тохитой гэртээ байх эрхгүй болж. Биднийг түлээ, түлшээр ингэж хааж боох гэж дээ. Монголд төр засаг байгаа эсэхэд эргэлзэж байна” гэлээ.

      Харин иргэн Даваадорж “Намайг 07:00 цагт ирэхэд гурван хүн байсан. 10:00 цагийн үед борлуулагч эмэгтэй 15:00 цагаас түлш ирнэ гээд биднийг тараасан. Гэтэл нар жаргатал хүлээгээд ирдэггүй. Зургаан шуудай битгий хэл дөрвөн шуудайг авбал их юм болох нь. Ар гэрт нь нялх хүүхэдтэй, өвчтэй зовлонтой өчнөөн хүн хүлээж байгаа төр засгийнхан харж үзэх хэрэгтэй байна. Энэ жилийн түлшний элч муудсан байна лээ” гэсэн юм.

ИРГЭН: ТҮЛШ ХҮЛЭЭХ НЬ ХООЛГҮЙ ХОНОХТОЙ АДИЛ БАЙНА

      "Хэдий болтол хүлээж зогсох юм бол доо. Би өвлийн хувцастайгаа ирсэн ч хөлдөж үхэх нь. Түлшгүй бол хоолгүй байснаас долоон дор байна. Есөн настай хүүхэд гэртээ даараад хүлээж байгаа. Бид түлш авахаар өдөржин дугаарлаж зогслоо. Гэрт юу болж байгааг ч мэдэх юм алга, үнэхээр санаа зовж байна. Өдөржин гадаа зогсож байгаа иргэд хэдэн мянгаараа халдвар авч байгаа шүү дээ" хэмээн халаглалаа.

      Иргэн Болд “Өнөөдөр 14:00 цагаас хойш түлш хүлээж байна. Би гурван нялх хүүхэдтэй. Хүн ихтэй байгаа учраас нэг айл дөрвөн шуудайг авахаар болсон. Гэр хорооллынхны амьдрал үнэхээр хэцүү байна. Шахмал түлшээ хүрэлцээтэй өгч чадахгүй бол бид түүхий нүүрсээ түлмээр байна” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.

Иргэд 12 цаг гадаа зогсож, түлшээ авч байна

      18:46 цаг. Бид үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны шахмал түлш борлуулах цэгт очлоо. Мөн л шахмал түлш ирээгүй, иргэд усны тэргээ эгнүүлээд тавьчихсан, халаасандаа гараа хийгээд, хоёр хөлөө хавсарч, нүдээд даарсан гэж жигтэйхэн бололтой. Борлуулагч нь эхний 33 иргэнд түлш өгнө бусдад нь өгөх боломжгүй гээд буцаачихсан 40-өөд хүнтэй зогсож байх нь тэр. 19:00 цагийн үед түлш ирж, иргэд “түлш ирлээ, ирлээ” хэмээн шуугилдаж, зарим нь гүйж очиж хашааны хаалгаа онгойлгоод “Би нэгт, чи хоёрт” хэмээн бужигналдах нь тэр ээ. Тэндийн дунд ч ганц шуудай ч болтугай үлдвэл авчих санаатай  тоонд ороогүй иргэд горьдож зогсоно. Харин түлш авч чадаагүй иргэд хэдий хүртэл хүлээж, хэзээ түлштэй золгох талаар борлуулагчаас тодруулахад “00:00 цагаас түлш ирэхээр хүлээж байгаад аваарай. Тэгэхгүй бол маргааш шөнөөс наашгүй" гэж хэлээд түлшээ тоолов. Ингээд бүтэн өдөржин түлш горьдож зогссон иргэд үргэлжлүүлээд шөнөжин зогсох нь бололтой.

-Өнгөрсөн жил түлш авдаг байсан карт бүртгэлгүй болж, цуцлагдсан-

        Мөн иргэд "Өнгөрсөн жил түлш авдаг байсан карт энэ жил бүртгэлгүй болчихсон учраас түлшээ авч чадахгүй байгаа" гэв. Иргэдийн гомдлын дагуу “Таван толгой” ХХК-ын албаны хүнээс тодруулсан юм. Тэрбээр “Өнгөрсөн жил хороогоор дамжуулаад их хэмжээний карт олгосон. Айл өрх авах ёстой түлшийг аж ахуйн нэгж, нийтийн байр, их хэмжээгээр хэрэглэдэг, нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүд аваад зохиомол хомсдол үүсгэсэн. Тийм учраас иргэдэд олгосон картыг тухайн өрхийн бүртгэлд тааруулж шинээр баталгаажуулж байгаа. Тэгэхээр зарим иргэний карт идэвхгүй болсон. Аль болох "Таван толгой ХХК"-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, харьяа дүүргийнхээ иргэдэд үйлчлэх төв, зарим хороонд бүртгэл хийгээд баталгаажуулж байгаа” гэсэн юм.  

“Таван толгой” ХХК: Түлш борлуулах цэгийг үе шаттай нэмэгдүүлж 600 орчим болгоно

     Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 128 цэг ажиллаж байгаа аж. Харин өнөөдрөөс 155 цэг нэмж ажиллахаар  шахмал түлшний захиалга авсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Цэг бүрд захиалгынх нь дагуу таван тонн түлш буулгаж байгаа ч бодит байдал дээр түлшгүй буцаж буй зуу зуун иргэн байна. Тэдний бодит нөхцөл байдлыг “Таван толгой” ХХК-ийн ажилтанд уламжлахад “Өнгөрсөн жил 400 гаруй цэг гэрээ хийсэн боловч тогтмол 300 орчим цэг ажилласан. Гэхдээ энэ жил шахмал түлш борлуулах цэгийг үе шаттайгаар нэмэгдүүлж 600 болгоно. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Дотоодын 34 компани тээвэрлэдэг” гэсэн юм.

      Ийнхүү монголчуудад дугаарлахгүй зүйл нэг ч алга. Хэрэгтэй бүхэндээ дугаарлаж байна. Түлшиндээ хүртэл өдөр, шөнөгүй дугаарлаж байгаа монголчууд маргааш усанд дугаарлахыг үгүйсгэх аргагүй болжээ, харамсалтай байна. Иргэд хүрэлцээгүй шахмал түлшинд дугаарлах байснаас түүхий нүүрсээ хүссэн үедээ авч түлмээр байна гэх уриалгыг гаргаж байна, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ. Таны санаачилсан шахмал түлш бодит байдал дээр иргэдийг туйлдуулж, бухимдуулж, дааруулж байна. Үүнийг хэрхэн, хэзээ шийдэх вэ. 

 


Түлэх түлшгүй иргэд чинь хөлдөж үхэх нь ээ, У.ХҮРЭЛСҮХ ЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-05 07:46:40
    Иргэн: Тв гээр худлаа ярьж онигоо болсон одоо арьсаа хамгаалах гэж хүмүүсд түлэх нүүрсийг асуудалгүй өгөх юм байгаа биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-04 23:13:28
    иргэн: Иргэд даарч байна У.Хүрэлсүхээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-04 15:01:04
    иргэн: иргэд даарч байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-04 13:08:39
    zochin: daaraad bna, zovlontoi umaaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-04 11:09:22
    Б: Юмыг дандаа тулсан хойно нь ухаардаг / түлшний дугаарлалт, торгуулийн хөнгөлөлтийн дуусах хугацаа дөхсөн үеийн дугаарлалт/ монголчуудыг бурхан өршөөг. Арчаагүй иргэний алдааг төр засагт тохдог сэтгүүлчдийг бурхан өршөөг, хогийн мэдээлэл уншиж байгаа чамайг бурхан өршөөг, Саяхан гэр хороололд амьдардаг танил залуу яндангаа хөөлж чадахгүй ах хүнээр хөөлүүлж байхийн, нүүрс байхгүй гээд аавийнхаасаа түлш зөөж явахын, бас болоогүйээ машинаар зөөнө гэжүү 2 шуудай нүүрсийг 2хон айлын цаана байж/ аав бол аль хэдийн түлш 20 гаруй шуудайг аваад нөөцөлчихсөн байгаа юм ч/ , нэг л их улс төр ярьж төр засагаа муулсан баагий, огцом баяжиж, цөм мөнгө хийнэ гэхийн, ийм байж юугаараа ч хийх гээд байдгийн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-04 09:29:03
    Зочин: Маш их сэвдэг Ерөнхийлөгч шүү хөөрхий
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188