Энэ өдөр буюу нэгдүгээр сарын 17-нд дэлхийн түүхэнд юу өрнөж байсныг хүргэж байна.
Америкийн шүтэн бишрэх эрх чөлөөний өдөр
1786 он - Америкийн нэрт улстөрч, соён гэгээрүүлэгч Томас Жефферсон Виржиниа мужид "Шашны эрх чөлөөний тунхаг"-ыг хэвлүүлсэн байна. Жилийн энэ өдөр АНУ-д шүтэн бишрэх эрх чөлөөний өдрийг (Religious Freedom Day) тэмдэглэдэг бөгөөд Америкийн ерөнхийлөгч ард түмэндээ хандан өөрийн орны түүхийг дурсаж, иргэний эрх, шашин шүтэх тэмцлийн хүнд замаа санаж явахыг уриалдаг.
Ромын хамбын өргөө Ватиканд шилжив
1377 он - Дөнгөж 44 га талбайтай Ватикан дэлхийн хамгийн жижиг улс юм. Католикийн шашныг Ромын хамба болсон хүн толгойлдог. Ромын хамба ламаар сонгогдсон хүмүүсийн жагсаалтад 266 нэр байдаг ба ихэнх нь итали хүмүүс юм. Ромын католик шашны төв нь 1309 оноос Францын Авиньон хотод Латераны ордон байлаа. Энэ үеийг “Ромын хамбыг олзолсон цаг” гэж нэрлэдэг. Байдал 1377 оны энэ өдөр өөрчлөгдөн 13 тэргүүн хамба нар Ромын хамба XI Григорийг дагалдан Ватиканд хүргэж иржээ. “Улс доторх улс” болсон Ватикан Ром хотын Манте-Ватикано толгой дээр орших бөгөөд шавь нар нь мянга орчим католик лам нар байдаг. Эртний Ромд тэр газрыг ариун гэж үзэн хүн суудаггүй байжээ. VIII зуунд үүссэн хамбын улс Аппенины хойгийн ихэнх нутгийг эзэлж байсныг 1870 онд Италийн вант улс татан буулгасан байлаа. Орчин үеийн Ватикан 1929 оны хоёрдугаар сарын 11-нд Бенито Муссолинийн Засгийн га-зартай байгуулсан Латераны гэрээний дагуу үүсчээ.
Энэ өдөр түүхэнд
1492 он - Испанийн аугаа гэгдэх хатан хаан I Исабелла испани хэлний хэл зүйн дүрмийг анх удаа боловсруулав.
1547 он - Оросын эзэнт гүрний хаан ширээнд олноо "догшин" хэмээн алдаршсан IV Иван суужээ.
1605 он - Испанийн Мадрид хотод Мигель де Сервантесын "Дон Кихот ноён” романы тэргүүн дэвтэр хэвлэгдэв.
1707 он - Шотландын парламент Нэгдэх хуулийг батласнаар Их Британийн бүрэлдэхүүнд нэгджээ.
1861 он – Ширэм зутгах урлангийн эзэн Томас Крэппер тосгуурын ус урсгах савны патентыг авчээ.
1862 он - Хартли Коллиеригийн осол: Их Британид үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхай нурсаны улмаас 200 насанд хүрсэн хүн, 4 хүүхэд амиа алджээ.
1919 он - АНУ даяар бүгдийг тэнцвэржүүлэх хөдөлгөөн өрнөж, Үндсэн хуульд 18 дахь нэмэлт өөрчлөлт оруулах уриалга гарч эхэллээ. Үүний улмаас нэг жилийн дараа хуурай хууль үйлчилж эхэлсэн юм.
1920 он - Францын нийслэл Парис хотноо Үндэстнүүдийн лиг /НҮБ/-ийн анхны хуралдаан болжээ.
1969 он - Чехословакын нийслэл Прага хотын төв талбайд Зөвлөлтийн захиргаадалтыг эсэргүүцэж байсан оюутан Йан Палач амиа егүүтгэв. Үүнээс яг нэг жилийн дараа ЗХУ-ыг эсэргүүцсэн "Прагын хавар" хөдөлгөөн эхэлжээ.
1992 он - Сальвадор улсын Засгийн газар сөрөг хүчинтэй энхийн гэрээ байгуулж, 12 жил үргэлжилсэн иргэний дайн эцэслэжээ.
2002 он - НҮБ-ын Аюулгүй зөвлөл Аль Каида, Талибан хөдөлгөөний эсрэг үйл ажиллагаа явуулах болсоноо зарлаж, Осама бин Ладеныг дэлхийн №1 террористаар зарлав.
2006 он - Либерийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Элен Жонсон Сирлиф тангарагаа албан ёсоор өргөв. Ингэснээр тэрбээр Африк тивийн анхны эмэгтэй төрийн тэргүүн болсон юм.