• Өнөөдөр 2025-04-19

Боловсролын зээлийн сангаас олгогдсон 5.9 тэрбум төгрөгийн зээл мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгджээ

2025-01-06,   148

Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
Өнөөдрийн байдлаар 2115 суралцагчийн хувийн хэрэг, материалд үзлэг хийж, суралцагч болон түүнийг төлөөлөх 1652 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 900 орчим зөрчлийг илрүүлсэн байна. Тухайлбал,
 
Сайдын тушаалд заагдсан хугацаанаас хэтрүүлэн санхүүжилт олгосон,
Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулаагүй, сайдын тушаалд нэр заагдаагүй иргэдэд санхүүжилт олгосон,
Суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн,
Сайдын тушаалд заагдсан сургуулиас өөр сургуулийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн.
Мөрдөн шалгах ажиллагаа дууссан хэргээс “Сургалтын төрийн сангийн нэр бүхий албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүүтэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон” хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
 
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэр бүхий шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэжээ.
 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгогдсон 345 суралцагчийн 1.8 сая ам.доллар /5.9 тэрбум төгрөг/-ын зээл эргэн төлөгдсөн байна.

Боловсролын зээлийн сангаас олгогдсон 5.9 тэрбум төгрөгийн зээл мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-06 18:25:30
    Зочин: Боловсролын зээл, тэтгэлэг хоёр их ялгаатай шүү. Жишээлбэл, гадаадад магистр, докторт суралцсан нөхдүүд БЗС-с зээл аваад, оронд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ барьцаанд тавьдаг. Дараа нь төгсөж ирээд 5 жил аль нэг байгууллагад цалинтай ажиллаад л зээлээ төлөхгүйгээр үл хөдлөхийн гэрчилгээгээ хууль бусаар гаргуулаад авчихсан байдаг. Харин засгийн газрын, их дээд сургуулийн, компанийн гэх мэт тэтгэлэгүүд ямар ч үл хөдлөхийн гэрчилгээ барьцаанд авдаггүй. Ийм л ялгаатай шүү.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188