Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдол бол олон шалтгааны үр дагавар юм. Бид асуудалд илүү углуургаар нь цогцоор нь хандах ёстой. Тиймээс ч Нийслэл Улаанбаатар хот цогц байдлаар асуудлаа шийдвэрлэх санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамжтай байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг нийслэлд үзүүлэх учиртай. Агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдлыг бүх нийтийн үйлс болохыг дэмжих зорилгоор өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийн 2024 оны IV улирлын дүн болон 2025 оны татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байна. Нийслэлд тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай эрхзүйн орчин шаардлагатай бөгөөд Улсын Их Хуралд яаралтай горимоор энэ асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нийт иргэн, аж ахуйн нэгжүүддээ энэхүү үйлсэд Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна. Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих хуулийн төсөл, “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулах тогтоолын төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төслүүд, Туулын хурдны замын явц, Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байна |
|