Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 00 минутад эхлэв.
Хүндэтгэлийн хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Их Хуралдай” танхимын голд тусгайлан зассан индэрт заллаа.
Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд уригдан оролцов
Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсний дараа хүндэтгэлийн хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.(бүрэн эхээр нь эндээс)
Тэрбээр хэлсэн үгэндээ, Дэлхийд суу алдраа бадраасан 2200 гаруй жилийн төрт ёсны уламжлалтай тусгаар Монгол Улс түүхийн ээдрээ нугачааны зурваст тусгаар байдлаа алдсан хэдий ч эх орныхоо цэц эрдэмт төрийн түшээд, эрэлхэг зоригт тэмцэгчдийн ач гавьяагаар тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхийг бид үеийн үед санаж энэ улсынхаа тусгаар тогтнол, ард түмэн засаглах ёсыг нандигдан хамгаалах ёстойг онцлов.
Мөн тэрбээр, Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласныг дурдаад Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталсан үйл явц нь хууль тогтоох үйл ажиллагаа байсны зэрэгцээ Монголын тусгаар байдал, ард түмний засаглах хувь заяаг шийдсэн түүхэн үйл явдал байсан гэлээ.
Түүнчлэн өнөөдөр бид 1924 оны анхдугаар Үндсэн хуулийн утга агуулгыг орчин үеийн үндсэн хуулиудын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудтай харьцуулан жишихийг урьтал болголгүй, уг баримт бичгийн Монголын ард түмний бүрэн эрхт засаглал, үндэсний эрх зүйн тогтолцооны цогц байдлыг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг онцлон санах учиртайг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцолсон.
Мөн Монгол Улс энэ зуун жилийн хугацаанд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарын хувьд тасралтгүй хөгжүүлж өнөө цагийн ардчилсан Үндсэн хуулиа бүтээсэн гэдгийг цохон тэмдэглэж байлаа.
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо |
|