Гадаа хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 иргэн угаартсан бол тэдний 12 нь бага насны хүүхдүүд байжээ. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй байдаг.
Иймд иргэд та бүхэн зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа тогтмол хөөлж, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан мэдээллээ.
Галлагааны улирал эхэлсэн энэ үед айл өрхүүдийг зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн хүмүүс анхааруулав. Өнгөрсөн долоо хоногт Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн дарга Ч.Буянжаргал мэдээлэл өгөхдөө “Нийт 82 мянган өрхийн зуух стандартын шаардлага хангахгүй байна. Битүүмж алдагдсан зуух хэрэглэснээр угаартах, цаашлаад гал түймэр гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс айлууд зуухныхаа бүрэн байдлыг сайжруулж аль болох стандартад нийцсэн битүүмжтэй зуух хэрэглэмээр байна.
Мөн шахмал түлш түлж байгаа айл бүр угаарын хийн мэдрэгчтэй байх ёстой. Өнөөдрийн байдлаар 190 орчим мянган өрх түлш түлж байна.
Үүнээс 50 гаруй мянган өрх ямар ч хяналтгүй буюу угаарын хий мэдрэгчгүй байна. Угаарын хий мэдрэгчгүй байна гэдэг нь тухайн өрх Ppm хэмжээгээ хянах боломжгүй. Улмаар угаартах эрсдэл үүсч байгаа юм. Тиймээс нэн яаралтай угаарын хий мэдрэгч авч суурилуулах хэрэгтэй. Есдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл нийслэлд угаарын хийд хордсон гэх 56 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн байна" гэдгийг онцолж байв.
Амралтын өдрүүдэд 2-80 насны 25 хүн угаартжээ |
|