• Өнөөдөр 2025-05-19

Монгол залуусын оюуны уурхайг нээх "Grow with Google Mongolia" хөтөлбөр гараанаас гарлаа

2024-04-05,   497

           Өнөөдөр дэлхий дахинд хамгийн хурдацтай хөгжиж, эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь үлэмж хэмжээгээр нэмэгдэж буй нэг салбар бол мэдээлэл технологи юм. Google компани өнгөрсөн онд 74 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн, Мета (Facebook) компанийн өнөөгийн үнэлгээ 562 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна, хамгийн олон хүн амтай Энэтхэг улсын ДНБ-ий 6-7 хувийг IT-ын салбар бүрдүүллээ гэх зэргээр атаархам тоо баримтууд хөвөрсөөр байгаа. Тэгвэл бид энэ мэт боломжоос атгаж авах, хөгжлийн нэг тулгуураа болгох бүрэн боломж байгааг зөгнөсөн нэгэн чухал үйл явдал өнөөдөр тохиов. Тодруулбал, "Google" компани, Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны яам хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх "Grow with Google Mongolia" хөтөлбөрийн нээлт боллоо.

      Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 7 хувийн өсөлт үзүүлсэн. Уг амжилтад хүрэхэд уул уурхай салбар, тэр дундаа нүүрс голлох үүргийг гүйцэтгэсэн билээ. Хувьцаа эзэмшигч иргэн бүрийн дансанд орж буй 256 мянган төгрөг байгалийн баялгийн үр шим юм. Гэхдээ бид мөнхөд энэ өгөөжийг хүртэх боломжгүй. Баялаг дундрана. Дэлхийн эрдэс баялгийн эрэлт өөрчлөгдөнө. Нүүрс гологдож, үнэ цэн нь буурна гэх зэргээр том сорилтуудтай нүүр тулна. Энэ үед бид хэрхэн хоолоо олох вэ, ямар арга замаар урагшлах вэ гэсэн нөөц төлөвлөгөөтэй байх учиртай. Уг төлөвлөгөө нь мэдээллийн технологийн салбар болохыг сайд Н.Учрал хөтөлбөрийн нээлтийн үеэр хэлсэн. 2030-2040 онд уул уурхайгаас оюун санааны мэдлэг шингэсэн эдийн засгийн ирээдүйг бүтээнэ. Өөрөөр хэлбэл, уул уурхай бус оюун санаагаа олборлоно гэсэн үг.

        Төр нь бизнес, ер нь бүхий л салбарт өндөр оролцоотой байх тусам гажуудал үүсдэг гэх шүүмжлэл явдаг. Энэ нь ч үнэний мөртэй. Харин энэ тохиолдолд салбарын яам оролцоогоо сайтар төлөвлөж, цэгцтэй, нээлттэй явуулж буй нь хамтын үр дүнд хүрэх гол хөшүүрэг болж байна. Монгол хүн оюуны чадамжаар дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг. Гол нь энэ чадамжийг мэдлэгээр цэнэглэж, улмаар дэлхийд өрсөлдөж баялаг бүтээх таатай хөрсийг бүрдүүлж өгснөөр ирээдүйд мэдээлэл технологийн салбар төрөөс хамаарал багатайгаар дэлхийн зах зээлд хүч үзэх боломжууд үүсэх юм. Н.Учрал "Ирээдүйд уул уурхай бус технологийн салбар аюул тарина. Би үүнд огт эргэлзэхгүй байна" хэмээн эхний хөтөлбөрт хамрагдах 350 залуугийн өмнө хэлсэн нь зүгээр нэг сэтгэлийн хөөрөл биш. Харин хэтийн дүр зураглалаа харсан, юуг туулж хаана хүрэхээ сайн мэдэж буй хүний үг байсан нь эргэлзээгүй.

      Оюун санаагаа олборлоход хүний нөөц хамгийн чухал. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн технологийн стартап компаниудаас судалгаа авахад 68 хувь нь чадварлаг боловсон хүчин хэмээн хариулсан байна. "Google"-тэй хамтарч буй хөтөлбөрийн зорилго үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, 1000 чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэж, зах зээлд нийлүүлэгдэнэ. Улмаар энэ тоон өсөн нэмэгдсээр Монгол хэмээх оюун ухааны нэг том уурхай үүсэх юм. Баялаг оюун тархинаас олборлогдож, оюун тархиар тээвэрлэгдэн, дэлхийн зах зээлд үнэлэгдэнэ. Үүнд хэн ч хориг тавьж чадахгүй. Далайц гарцгүй, хоёр хүчирхэг гүрний дунд хавчуулагдсан гэх тодорхойлолт тийм ч чухал биш үг өгүүлбэр болж хувирна.

Хөтөлбөр нийт таван сарын хугацаатай, 100 хувь тэтгэлэгтэй явагдана. Эхний ээлжинд 350 хүнд зургаан чиглэлээр мэдлэг олгож технологийн аварга компаниудад хүлээн зөвшөөрөгдсөн "Google Career Certificate"-ийг гардуулах юм. Монголын үндэсний компаниуд төгсөгчдийг ажлын байраар хангахад бэлэн байгаагаа илэрхийлж, хөтөлбөрийг дэмжин оролцож байна.

Б.Хөлөгчин: Мэдээлэл технологийн салбарт найзуудтайгаа хамт, бие биенээ дэмжээд ажиллахыг хүсч байна

(Нийслэлийн 31 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч)

-Уг хөтөлбөрт хамрагдахыг анх хэн санал болгосон бэ?

         -Би өөрөө сошиалаас анх мэдээллийг нь олж уншаад, судалж хүсэлтээ гаргасан. Аав, ээждээ хэлэхэд шууд дэмжсэн. Хүсэлтээ гаргаад тэнцсэн. Би мэдээлэл технологийн чиглэлээр суралцах сонирхолтой. Тийм учраас уг хөтөлбөр миний хувьд их чухал байсан. Ер нь мэдээлэл технологийн салбар манай улсад хөгжиж, өрсөлдөөн ширүүсэх нь тодорхой байгаа. Энэ хөгжил дэвшил, өрсөлдөөнд байр сууриа эзэлж авахын тулд өөрийгөө байнга мэдлэгээр цэнэглэх нь чухал гэж бодсон. Манай найзууд, ангийн хүүхдүүд мөн сонирхосон хэдий ч олон хүн хамрагдаж байгаа тул сонгогдож чадаагүй. Дараагийн удаа хамгийн түрүүнд хүсэлтээ гаргахаар бэлдчихсэн байгаа.

-Хөтөлбөр англи хэл дээр явагдах юм билээ. Чамд суралцахад хүндрэлтэй юу?

        -Миний хувьд "Pinecone" академид өнгөрсөн жилээс суралцсан. IT чиглэлд суурь мэдлэгтэй. Мөн англи хэлийг хөтөлбөрийн дагуу судлахаас гадна бие дааж суралцахад цаг зарцуулж ирсэн учир хичээлээ хангалттай ойлгох чадвартай. Ер нь бидний үеийнхэний амьдралын нэг хэсэг комьпютер, интернэт болчихсон. Эндээс хэл сурч байна. Зөвхөн видео тоглоом тоглоод зогсохгүй анхан шатны мэдлэгүүдийг ч эзэмшиж байдаг. Тэгэхээр суралцахад нэг их асуудал гарахгүй байх. Миний эргэн тойрны найзуудын ихэнх нь IT-ын салбарыг сонирходог, амьдралынх нь нэг хэсэг болчихсон. Бид бие биенээ дэмжээд хамт ажиллахыг хүсдэг.

-Төгсөгчдийг томоохон компаниуд ажлын байранд урих юм билээ. Чи ажиллах уу?

        -Би сургуулиа төгсөөд их дээд сургуульд элсэн орно. Тиймээс ажиллах боломж олдох эсэхийг мэдэхгүй байна. Магадгүй суралцахын хажуугаар ажиллах боломж олдвол ашиглахыг хичээнэ. Гэхдээ тухайн үед эцэг, эхтэйгээ зөвлөнө. Гол нь би зах зээлд хүчтэй өрсөлдөх боловсон хүчин болохын тулд байнга суралцаж, өндөр мэдлэг мэдээлэл, дадлага туршлагатай болох ёстой гэж ойлгодог. Үүнд хүрэхэд нэг том шат нь "Google"-ын хөтөлбөр гэж бодсон.

Д.Мөнхтүвшин: Алсыг харсан бодлого тул маш тааламжтай байна

(Оюуны дасгалжуулагч, Super Jump сургалтын Монгол дахь албан ёсны патент эзэмшигч)

-Хөтөлбөрт хамрагдсан зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Монгол Улсын Засгийн газар, "Google" компанийн хамтарсан хөтөлбөрт хамрагдаж байгаадаа баяртай байна. Ингэснээр би IT технологийг ашиглаж бизнесээ өргөжүүлэх боломж нээгдэж байна. Технологийн дэвшлийн ач тус нь зөвхөн эх орондоо бус дэлхий дахинд үйл ажиллагаа явуулах, бизнесээ өргөжүүлэх, нөлөөлөх боломжийг бүрдүүлж өгдгөөрөө гайхамшигтай. Энэ хүчийг ашиглахын төлөө сайн суралцах болно.

-Н.Учрал сайд уул уурхайгаас илүүтэй оюун мэдлэгт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох нь чухал тухай хэлсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

      -Санал нэг байгаа. Улсын төсвийг уул уурхайн эрдэс баялгаар бүрдүүлдэг бус монгол хүний оюуны нөөц бололцоог гарган ирж, баялаг болгох нь хэтдээ бидний зорих ёстой чиглэл байх нь гарцаагүй. Уг боломжийг бүрдүүлж, хамтдаа үр өгөөжөө хүртэхийн төлөө явах нь энэ төрийн алсын хараа байх ёстой. Эхний ээлжинд 1000 инженер бэлтгэхээс 350 нь хичээллэж эхлэхэд бэлэн боллоо. Алсыг харсан бодлого тул маш тааламжтай байна.

Д.Идэр: Манайд UX Design маш их эрэлттэй

("Grow with Google Mongolia" хөтөлбөрийн "UX Design" ангийн туслах багш)

-Хөтөлбөрийн хүрээнд нийт зургаан чиглэлээр мэдлэг боловсрол олгох юм билээ. Та өөрийн багшлах "UX Design" чиглэлийн талаар ойлголт өгөхгүй юу?

     -Би Колумбын их сургуульд эдийн засаг, философийн чиглэлээр баклаврын зэрэг хамгаалсан. "UX Design"-ий чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Мэдэж сурсан бүхнээ найз нөхдөдөө хуваалцах гэж байгаадаа баяртай байна. UX Design гэдэг нь User experience design гэсэн үгний товчлол. Хэрэглэгчийн мэдрэмж гэсэн үг. Үүнийг ихэвчлэн вэбсайт, апп дээр түлхүү ашигладаг ч үнэндээ бүх зүйл дээр л хэрэглэгчийн мэдрэмж байдаг. Угаалгын машин ажиллуулах, утсаараа зурвас бичихэд хүртэл хэрэглэгчийн мэдрэмж явж байдаг. Үүнийг яаж хүртээмжтэй, гоё байлгах вэ гэдэг дээр ажилладаг. Өнөөдөр Монголын хэрэглэгчийн зах зээл маш их хөгжиж байна. Бүх зүйлийг дижиталаар хийдэг боллоо. Гэвч заримдаа дизайн хэрэглээ талдаа хүндрэл гардаг. Хүмүүс учрыг нь олохгүй, ойлгомжгүй болохоор төвөгшөөгөөд хаячихдаг. Тэр асуудлыг шийдэх юм. Дижитал орчинг яаж гоё, цэгцтэй, эвтэйхэн болгох вэ гэдэг дээр ажиллана.

-Ингэж ойлгож болох уу, тухайлбал монголчуудын хамгийн их ашигладаг E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал руу ороход хэрэглэхэд хялбар, энгийн ойлгомжтой, төвөггүй байх дизайны шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргах нь ээ?

     -Тийм ээ. Хүмүүс "E-Mongolia"-г маш их ашиглаж байна. Нэвтэрч ороход хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, төвөгтэй бол бэрхшээлтэй тулгарна. Хэрэглээ нь хумигдана. Тиймээс олон хүний хэрэглэж байгаа апп-ыг маш энгийн, гоё, ойлгомжтой болгох хэрэгтэй. Тэр ажлыг л UX Design хийдэг. Манай онцлог гэвэл Google-ийн хөтөлбөрийг мэргэжлийн багш зааж байгаа. Тийм учраас чадварлаг боловсон хүчин болж төгсөх боломжтой.

-Энэ чиглэлээр ажлын байрны эрэлт хэр вэ?

       -Эрэлт маш өндөр. Яагаад гэвэл бүх юм дижитал болж байна. Кодоо сайн бичдэг. Гэхдээ тэрийг хүнд ойлгомжтой болгож хүргэх тал дээр дутагдалтай байдаг. Цаад үйлчилгээ сервис нь сайн хэдий ч дизайн нь олон улсын шаардлагад нийцэх сайн байж чадахгүй бол үр дүн нь буурчихдаг. Ялангуяа, төрийн үйлчилгээний байгууллагуудад энэ нь маш чухал юм. Тиймээс энэ чиглэлийн мэргэжилтний ур чадвар зах зээлд өндөр эрэлттэй байна.

-Ахимаг насны хүмүүсийн хувьд технологиос хол учир сурч чадахгүй гэж өөрийгөө голох нь бий. UX Design-аар суралцахад насны ялгаа гарах уу?

       -Нас хамаагүй. Мэдрэмж чухал. Хэдэн настай, өмнө нь ямар ажил хийж байсан, карьер хамаагүй.

 


Монгол залуусын оюуны уурхайг нээх "Grow with Google Mongolia" хөтөлбөр гараанаас гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188