• Өнөөдөр 2025-05-18

Төр, тариаланчидтайгаа бодлогоор хамтарч чадвал хүнсний хангамж, аюулгүй байдал хангагдах боломж бий

2022-05-12,   528

       Дархан, Сэлэнгэ, Булган, Төв тэргүүтэй тариалангийн бүс нутгуудад техникийн дуу хадаж, тариаланчид ажилдаа орцгоож байна. Энэ жил манай улс 362.7 мянган га талбайд улаан буудай, 17.3 мянган га-д төмс, 12.0 мянган га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн. Жил бүрийн өдийд тариаланчид ажилдаа орж, намрын сүүл сар шувтартал үүр хаяарахаас үдшийн бүрий хүртэл борви бохисхийхгүй ажиллацгаадаг ч үр дүнд нь дотоодын хүнс, хүнсний ногооны хэрэгцээний тал хувийг л хангадаг. 
 
Харин үлдсэн тал хувийг нь хоёр хөршөөсөө, цаашлаад гуравдагч орнуудаас импортоор худалдаж авдаг. Чухамдаа хүнс, хүнсний ногооныхоо тал хувийг импортоор худалдаж авдаг нь манай улсын нэг том зовлон, бас аюул. Жишээ нь, манай улс дотоодын мах, сүү, төмс, гурилын хэрэгцээгээ л 100 хувь өөрсдөө хангаж чадаж байна. Харин хүнсний гол нэрийн бусад бүтээгдэхүүнүүд болон сүүн бүтээгдэхүүний 69.3 хувь, гурилан бүтээгдэхүүний 65.9 хувь, хүнсний ногооны 56 хувь, өндөгний 56.2 хувийг дотоодын үйлдвэрээс хангаж, үлдсэн хувийг нь гадаадаас импортоор авч байгаа бол загас, шувууны мах, махан бүтээгдэхүүн 96.6 хувь, төрийн бүрийн будаа 100 хувь, жимс жимсгэнэ 96.7 хувь, ургамлын тос 98 хувь, элсэн чихэр 100 хувь импортоос шууд хамааралтай байна. 

Манай улс зөвхөн өнгөрөгч 2021 онд л гэхэд 852 сая ам.долларын хүнс гадаадаас худалдаж авсны 91 сая ам.доллар нь хүнсний ногоо, жимс, жимсгэнэ байсан. Ингэж хүнс, хүнсний ногооны талаас илүү хувь нь импортын хамааралтай байснаараа нэг талаас дотоодын мөнгөний урсгал гадагш чиглэх, хамгийн чухал нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал алдагдах өндөр эрсдэлтэй сануулсаар байгаа юм. 

      Тэгвэл өнгөрсөн сард тариаланчид болон хүнсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд “Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан” сэдвээр төрийн ордонд чуулж, тулгамдаж буй асуудал болох хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тус чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, үг хэлсэн нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдалд төрийн зүгээс ч анхаарал хандуулж буйг илтгэсэн юм.  
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд хүнсний бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдалд холбогдох төрийн байгууллагууд, хил, гааль мэргэжлийн хяналтын онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг хэлсэн үгэндээ онцолсон. Хамгийн чухад бид цаашид хүнс, хүнсний ногоо, жимс, жимсгэнээ гадаадаас импортоор авч хэрэглээд суудаг биш эх орныхоо үржил шимт хөрсөнд техникийн ололтыг ашиглан тариалалтаа нэмэгдүүлэх замаар тариаланчид, аж ахуйн нэгжүүд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болох бүрэн боломжтойг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон юм. 
Ингэхийн тулд хэд хэдэн асуудлыг үе шаттай шийдвэрлэх шаардлагатайг дурдсан. Тухайлбал, 
  • Хүнсний улаан буудайн нөөцийг нэн яаралтай нэмэгдүүлэх, хөрсөө тордож, арчлах, хөрс хамгаалах технологид эрс шинэчлэл хийх
  • Үр, үрсэлгээ, суулгац үржүүлгийн аж ахуйн тогтолцоог боловсронгуй болгож, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, 
  • Органик бордооны үйлдвэрлэлийг дэмжих замаар нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх, 
  • Ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, үрийн аж ахуйн тогтолцоог боловсронгуй болгох, 
  • Гадаргын усыг нөөцлөх усан сангууд байгуулж, усалгаанд ашиглах, 
  • Олон улсын стандартад нийцсэн механикжсан зоорь барьж байгуулах, 
  • Хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, агрономич, технологич, механик инженер, мэргэшсэн ажилтныг үе шаттай бэлтгэх зэрэг анхаарах ёстойг тариаланчдад хэлсэн. 
     Чухамдаа хэрвээ төр тариаланчид, хүнсний үйлдвэрлэгчидээ нэгдсэн удирдлага, бодлого, чиглэлээр хангаж, зах зээлийг нь хамгаалах, тариалалт, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь дэмжих, газар тариалангийн салбарын хүний нөөцийг бодлогоор бэлдэх зэргээр хамтарч, хоршиж ажиллаж чадвал хүнсний хангамж, аюулгүй байдал гэх толгойны өвчин болсон асуудлаасаа ангижирах боломжтой гэсэн санаа юм. 
 

Төр, тариаланчидтайгаа бодлогоор хамтарч чадвал хүнсний хангамж, аюулгүй байдал хангагдах боломж бий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188