• Өнөөдөр 2025-05-04

“Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдаан болно

2021-10-06,   510

     Монгол орон дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж буй 10 орны нэгд тооцогддог. 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтсон байдаг. Цөлжилт энэ эрчээрээ үргэлжилбэл 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөл аймгийн нутгаас бусад хэсэг цөлжилтөд өртөж, ургамал ургах чадваргүй болно гэсэн урьдчилсан тооцоо бий. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо мэдэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлсэн билээ.
      Тэгвэл цөлжилтийн нөхцөл байдлыг олон нийтэд таниулах, хор уршгийн бодит нөхцөл байдлыг иргэдэд харуулах зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БОАЖЯ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙН БҮТЭЭЛИЙН АГУУЛГА
Монгол орны цөлжилтийн нөхцөл байдал орон нутгийн иргэдийн амьдралд, нийслэлд, ургамал, ан амьтанд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг тусгасан байх.
БҮТЭЭЛИЙН ТЕХНИКИЙН ШААРДЛАГА
Уралдаанд ирүүлж байгаа бүтээл нь зохиогч болон бүтээлийн нэртэй байна. Оролцогч бүр тав хүртэлх бүтээлээ ирүүлж болно.
Зургийн формат JPEG, файлын хэмжээ 50MB-аас хэтрэхгүй байна. Зургийн үндсэн агуулга, дүрсийг өөрчлөлгүйгээр засвар хийж болно.
Зохиомол, дэвсгэрийг сольсон, зүйсэн нийлмэл зургийг хүлээн авахаас татгалзана. Зурагчин өөрийн овог нэр, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой. Бүтээлүүдийг нийтийн хүртээл болгох үүднээс зурган дээр бүтээгчийн овог, нэрийг тамгалан цахим орчинд сурталчилна. Уралдаанд ирүүлсэн фото зургуудын зохиогчийн эрх тухайн зурагчинд хадгалагдах болно. Уралдаанд шалгарсан зургуудын зохиогчийн эрх ЕТГ-т шилжинэ.
Уралдаанд шалгарсан оролцогчидтой утсаар/и-мэйлээр холбоо барих бөгөөд МГЗНХ-ны facebook болон вебсайт дээр зарлах болно.
ШАГНАЛЫН САН: Нийт шагналын сан 10 сая төгрөг.
I байр 4 сая төгрөг.
II байр 3 сая төгрөг
III байр 2 сая төгрөг
Тусгай байр хоёр, тус бүр 500,000 төгрөг.
ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН
– ЕТГ
– БОАЖЯ
– МГЗНХ
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
2021 оны 10.06-10.15-ний өдрийн 20.00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.
Утас: 90109300
 

“Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдаан болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188