Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “Манай улс 100 хувь гаднаас газрын тосны бүтээгдэхүүнээ худалдан авдаг. Тодруулбал, ОХУ-аас 95, БНХАУ-аас таван хувийг нь хангадаг. ОХУ-ын Роснефть компани үйлдвэртээ засвар хийснээр шатахууны хэрэглээ тасалдлаа. Энэ засвар тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм билээ.
Мөн БНХАУ руу захиалсан бүтээгдэхүүн цар тахлын нөлөөгөөр түр саатсан. Манай улсаас ажлын хэсэг гарч ОХУ-ын Роснефть компанийн төлөөлөлтэй уулзаж, асуудлаа ярилцсан. Улмаар тус компаниас эхний ээлжинд 1500 тонн АИ 92 шатахуун нийлүүлж, манайд ирээд байна. Мөн есдүгээр сард авч чадаагүй 9000 тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөсөн. БНХАУ-аас 150 вагоныг есдүгээр сард багтаад нийлүүлнэ. Шилжүүлэн ачих байгууламжид 32 вагоныг шилжүүлэн ачсан бөгөөд үргэлжлүүлэн ажиллаж байна. Дараагийн ээлжийн 50 вагон Эрээнд ирж байгаа гэх мэдээлэл ирсэн.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 1000 тонн шатахуун хэрэглэдэг. Шатахууныг аж ахуйн нэгжүүдэд жигд хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой иргэдийг хүлээцтэй хандахыг хүсье"гэлээ.
Б.АНХБАЯР: Роснефть компани эхний ээлжинд 1500 тонн АИ 92 шатахуун нийлүүллээ |
|