УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгээс өнөөдөр “Барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ” сэдэвт цахим уулзалт хийжээ.
Хамтарсан ажлын хэсэг боловсрол, соёл, спортын салбарын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа, бүтээн байгуулалтуудын явц байдалтай танилцан ажиллаж байгаа бөгөөд ковидын нөлөөгөөр барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалан төсөл, арга хэмжээ удааширч буй хүрээнд уулзалтаа зохион байгуулсан байна.
Уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн П.Анужин, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцжээ. Мөн Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Барилгын хөгжлийн төв, Төрийн худалдан авах ажиллагааны газар, гаалийн байгууллага зэрэг холбогдох бүх талуудын албан тушаалтнууд оролцож, барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, цаашид үнийн өсөлтийг хэрхэн бууруулах талаар танилцуулга, мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд өгчээ. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг үг хэлэхдээ хамтарсан ажлын хэсгийн ажлын тайланг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж Байнгын хорооны тогтоол гаргахаа мэдэгджээ.
Барилгын материалын үнэ өссөнөөр төсвийн хөрөнгөөр хийж буй ажлууд удааширчээ |
|