“Анхаараарай
Анхаараарай
Монгол Улсын нийслэл Улаанбаатарт 11:00 цаг болж байна.
Эрхэм хүндэт наадамчид аа...” гээд Төрийн их баяр цэнгэл наадмыг нээхэд хэн бүхний сонор эрхгүй тэр сайхан хүнгэнэсэн дуу хоолой тийш чиглэн, сэтгэлийн дотроос омогшил бахархал оргилон ундардаг сан. Ийм сайхан дуу хоолойг зөвхөн Монголд л, Монголын радио, тэр дундаа төрийн их баяр наадмаар л сонсоно. Түүнийг сонсгох хувь заяа нэвтрүүлэгчдэд оноожээ. Тэр дундаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн МҮОНРТ-ийн нэрт нэвтрүүлэгч Гончигжавын Чулуунбат агсан, түүний хүү Ч.Идэрчулуун нарт энэ ховорхон хувь заяа бүтэн заяажээ. Тэгвэл нэвтрүүлэгч Ч.Идэрчулуун хэдхэн хоногийн өмнө аавынхаа цолонд хүрч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсон билээ.
/Ардын хувьсгалын 100 жилийн их баяр наадмаар аав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нэвтрүүлэгч Гончигжавын Чулуунбатын хамт/
Тэрбээр “Улс тунхагласны баяр болон Үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. 1981 онд анх Ж.Гүррагчаа гуай сансарт нисэхэд анхны мэдээг нь уншиж байсан, 45 жил төрийн наадмыг хөтөлсөн, Монгол төрийн дуу хоолой болсон сайхан аав минь тэнгэрээс хараад баярлаж байгаа байх. Ээж минь ч их баярласан. Манай байгууллагын хамт олон, найз нөхөд, мөр зэрэгцэн ажиллаж буй нэвтрүүлэгчид гээд олон хүн баярыг минь хуваалцлаа” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
/Ч.Идэрчулуун нэвтрүүлэгч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэх үеэр ээж Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Цэгмэдийн хамт/
-Баяр хөөр дүүрэн өдрүүд үргэлжилж байна уу. Анх та аавыгаа дагаж радиод орж байв уу?
-Аав нэвтрүүлэгчийн хувиар олон зүйл зааж сургасан. Гэхдээ аавыг Москвад байхад ээж намайг МҮОНРТ-д дагуулж очоод, СГЗ С.Бүргэд найруулагчид нэвтрүүлэгч болгохоор оруулсан түүхтэй. Анх хилийн цэрэгт алба хаасан. Тэгээд л цагдаагийн байгууллагад сэргийлэгчээс нь эхлэн бэлтгэл дэд хурандаа цолтой болтлоо ажиллаж байгаад нэвтрүүлэгч болсон. Нэвтрүүлэгч болсон хойно ч цагдаагийн байгууллагатайгаа ойр байж, концерт, арга хэмжээнүүдийг нь хөтөлнө. Ер нь ч би багаасаа зурна, дуулна, бүжиглэнэ, шүлэг бичнэ гээд тал бүрийн авьяастай хүүхэд байлаа.
-Ээж нь радиод анх хөтлөн оруулсан гэснээс ээжийнхээ бүтээсэн бүх л дүрд хайртай байх. Онцолж та аль киноны дүрийг нь үзэх дуртай вэ?
-Хамгийн анхны дүр нь болох “Өндөр ээж” киноны эмч охины дүр байна. Тэгэхэд би гэдсэнд нь байсан гэдэг. Мөн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглосон “Гарын таван хуруу” жүжгийн Идэр хүүгийн дүрд нь хайртай. Ээж миний нэрийг өгөхдөө тэр дүрийнхээ идэрийг аавын чулуунтай холбож өгсөн юм билээ. Ээжийн минь бүтээсэн олон сайхан дүр бий.
-Та нээлттэй зан чанар, дүр төрхөөрөө ээжтэйгээ их адилхан санагдлаа. Ааваасаа ямар зан чанарыг нь өвлөн авсан бол?
-Тийм ээ. Би ээжийнхээ хурдан шаламгай байдлыг нь дуурайсан бол аавынхаа цэвэрч нямбай, аливаад их няхуур зан чанарыг нь илүү авсан байх. Хамт ажиллаж байгаа хүмүүс маань “Чука ах, яг л ийм цэмбэгэр хүн дээ” гэдэг. Аав минь их зарчимч, няхуур нямбай, олон шавь нартай. Бүх талаараа үлгэрлэдэг хүн байсан.
Аавтай минь наадмын нээлт хөтөлж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Отгон нэвтрүүлэгч бол яах аргагүй миний аавын шавь. Миний ч бас багш. Харин нэвтрүүлэгч Г.Амаржаргалан, Б.Цэвэлмаа бид гурвын гарын багш бол Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч С.Батцэрэн гэж хүн бий.
Энэ үеэр Г.Чулуунбат нэвтрүүлэгчийн талаар түүний шавь нарын нэг нэвтрүүлэгч С.Баянжаргал мөн дурсамж дэлгэн ярьсан юм. Тэрбээр “Г.Чулуунбат нэвтрүүлэгч ажил хөдөлмөр, хувцаслалт гээд бүх л талаараа бидэнд үлгэрлэдэг хүн байсан. Бид барааг нь хараад л сүрддэг. Нэгэн сонирхолтой түүх ярихад, Г.Чулуунбат нэвтрүүлэгчийг гудамжинд явж байхад нь хүн цаг асууж таарсан гэдэг. “Ах аа цаг хэд болж байна” гэсэн чинь “Улаанбаатарт тэдэн цаг” гэж эфирээр уншдаг шигээ хэлж л дээ. Гэтэл өнөө хүмүүс нь ямар гоё хоолойтой хүн бэ гэж гайхаад, дараа нь радиогийн нэвтрүүлэгч гэдгийг нь мэдсэн гэдэг. Тэгж л ажлаа бодож явдаг хүн байсан байгаа юм. Г.Чулуунбат гавьяатын тухай энэ мэт олон сонирхолтой дурсамж яриа бий” гэнэ.
-Төрийн наадам хөтлөхөөр зогсож байхад аав тань илүү үгүйлэгддэг байх?
-Тэгэлгүй яах вэ. Аавтай хамт Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг хамт хөтөлсөн юм. Наадмын нээлт эхлэхийн өмнө тэр мөч шууд санаанд буугаад орж ирдэг юм билээ. “Аав минь энэ хаалгаар текстээ барьчихаад орж ирж байсан байх даа” гэж бодогдоод, түүнтэй адил би ч бас ингээд явж байна даа гэсэн мэдрэмж төрнө. Монгол төрийн дуу хоолой болсон аавтайгаа хамт төрийнхөө наадмыг нээж зогсоход сүрдэхийн сацуу хайр, бахархлаар халгидаг байлаа.
/Соёлын тэргүүний ажилтан, нэвтрүүлэгч Г.Амаржаргалан, Б.Цэвэлмаа нарын хамт/
-Багадаа радионы цаана аав нь яриад байхаар гайхдаг байсан уу. Хүүхдэд их сонин санагддаг байсан байх?
-Хүүхэд байхад шугамын радиогоор үлгэр явна. Үлгэр дуусангуут аав цаг авдаг байхгүй юу. Тэгэхээр л би “Үлгэр дуусчихлаа, та хурдан ирээч ээ” гэж радио руугаа хашгирч байсан гэж байгаа юм. Радиогийн дотор аав яриад байна гэдгийг мэдээд аавтайгаа шууд харилцчихаж болно гэж бодсон хэрэг байх.
-Одоо та олон шавьтай болж байгаа байх. Хичээл орж байна уу?
-Дүү шавь нар зөндөө байна. Тухайлбал, манай нэвтрүүлэгчид болох Соёлын тэргүүний ажилтан Д.Сайнтод, Н.Анхболд нар бол шавиас өөрцгүй хайртай дүү нар минь байгаа юм. Мөн хамт ажиллаж байгаа хүмүүсийн хүүхдүүд нь байна. Хичээл сургалтын тухайд “UBS” телевизийн нэвтрүүлэгч М.Энхтуяа маань хөтлөгчийн дугуйлан явуулдаг. Хааяа би очиж радио телевизийн онцлог, нэвтрүүлэгчийн уран чадварын талаар хичээл ордог юм.
-Нэвтрүүлэгчид эфирт орохын өмнө их бэлддэг байсан байх?
-Багш минь бидэнд балын харандаа өгчихдөг байсан. Харандаагаар таслал, цэг, үгийн өргөлт, авалтаа тэмдэглэнэ. Текстээ авна, хэсэг бэлдэнэ. Найруулагчаасаа асууна, редактортайгаа уулзана. Одоо бол тийм сурцтай болчихоод байгаа юм биш шүү дээ. Мөн л бэлдэнэ. Гэхдээ туршлага гэж юм сууна.
-Нэвтрүүлэгч байхын сайхан нь юу вэ. Энэ мэргэжил танд юу өгсөн бэ?
-Нэвтрүүлэгч бол хүнд мөртлөө сайхан ажил. Хүн насаараа суралцаж байж нэвтрүүлэгч болдог гэж аав минь хэлдэг байсан. Нэвтрүүлэгч болохоор зорьж буй залуучуудад хандаж хэлэхэд, “Заавал чадна” гээд ард нь гардаг байх хэрэгтэй. Аав мөн “Ямар ч уй гашуу, баяр хөөр, зовлон гуниг тохиолдсон эфирийн өрөөндөө орохдоо бүхнийг мартаад гэгээлэг сайхнаар ард түмэнд мэдээллээ хүргэх ёстой” гэж сургасан. Хамгийн хайртай хүн чинь бурхан болчихсон байсан ч нулимсаа арчаад эфирийнхээ хаалгаар ороод, “Анхаараарай, Улаанбаатарт тэдэн цаг болж байна” гээд зогсож байх ёстой байдаг. Аав, ээжээс өвлөсөн дуу хоолой бол миний гол өв хөрөнгө.
-Шинэ жилийн баяр дөхөж байна. Энэ баяртай холбоотой дурсамжаасаа бидэнтэй хуваалцаж болох уу?
-Бага байхад манайх Оросын том гоё гацуур засна. Гацуураа засчихаар шөнө нойр хүрэхгүй, олон гоё зүйл төсөөлж, мөрөөдөж бодоод л хөрвөөдөг байж билээ. Хүүхэд байхад чинь багт наадам, таван онцын эзэн, Харшийн сүлд модны наадамд оролцоно. “Улаан бүч” чуулгад мөн дуулна гээд шинэ жилийн хөтөлбөр, арга хэмжээ, дурсамж дуусахгүй үргэлжилдэг байж билээ.
-Хүүхдүүдээс нь нэвтрүүлэгч болох гэж зорьж байна уу?
-Манай хүү И.Дөлгөөн СУИС-ийн найруулагч, жүжигчний ангийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын удирдлага дор төгссөн. Одоогоос таван жилийн өмнөх наадмаар нэвтрүүлэгч Г.Отгон эгч тэргүүтэй хэсэг хүн инээлдээд л “Гадаа та хоёртой адилхан нэг нөхөр хуушуурны наадам хөтлөөд байна гэнэ. Очиж харъя” гэлээ. Тэгэхээр нь аав бид хоёр “Хэн юм бол оо” гээд гайхаад очсон чинь хүү минь хуушуурны наадам хөтөлж байдаг юм. Тэгээд л бид гурав “Өвөө, аав, ач хүү гурав гурвуулаа наадам хөтөллөө” гээд бөөн инээд хөөр болж байсан. Хүү минь одоо хувийн студиэ ажиллуулж байна.
-Хамаатан садан, ах, дүү нараас нь нэвтрүүлэгчид бий юү?
-Байлгүй яах вэ. Аавын минь төрсөн дүүгийн хүүхэд Г.Оюунбат дүү маань "UBS" телевиз, Монголын радиод нэвтрүүлэгчээр ажиллаж байсан. Мөн ээжийн талаас төрсөн дүүгийнх нь хүү болох Ц.Гантулга маань "TV9" телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад одоо Сашка нэрээр уран бүтээлээ хийгээд явж байгаа. Саяхан өөрөө үг, аяыг нь зохиосон шинэ дуугаа клипжүүлсэн байна лээ. Энэ хоёр дүү минь үе дамжсан нэвтрүүлэгчид. Төрсөн дүү минь Ч.Хүдэрчулуун гээд залуу бий. Нэвтрүүлэгч болвол болохоор бас их сайхан хүнгэнэсэн хоолойтой. Гэхдээ өөрөө бизнест сонирхолтой болохоор энэ салбартаа ажиллаад явж байгаа.
/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Г.Чулуунбат, түүний хүү Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Идэрчулуун, ач хүү И.Дөлгөөн/
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, НЭВТРҮҮЛЭГЧ Ч.ИДЭРЧУЛУУН: Монгол төрийн дуу хоолой болсон аавтайгаа хамт төрийнхөө наадмыг нээж зогсоход сүрдэхийн сацуу хайр, бахархлаар халгидаг байлаа |
|
2025-01-19 18:20:18
2025-01-19 18:04:27
2025-01-19 16:51:01
2025-01-19 14:21:56
2025-01-19 12:02:36
2025-01-19 11:53:24
2025-01-19 11:21:41
2025-01-19 10:39:29
2025-01-19 10:04:11
2025-01-19 09:57:30
2025-01-18 16:47:55
2025-01-18 16:31:18
2025-01-18 14:49:44
2025-01-18 11:24:50
2025-01-18 09:57:06
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |