• Өнөөдөр 2024-04-29

62 ЖИЛ ХАНИЛСАН ХОС: ӨЛГИЙТЭЙ ТАНИЛЦАЖ, БУУРАЛ БОЛТЛОО АМЬДАРЛАА, БИД ХОЁР

2023-06-25,   5958

            Тэд Булган аймгийн Баян-Агт сумын уугуул. Айл саахалт байсан аав, ээжүүд нь үнээ, малаа саахаар гарахдаа долоон настай Д.Догсомжавд “Дүүгээ харж байгаарай” гээд Ц.Агваанцэрэнг үлдээдэг байж. Долоон насны зөрүүтэй тэд өдгөө 62 жил ханилж, өнгөрсөн онд Очир-Эрдэнийн хуримаа хийсэн юм. Бид жаран жил биенээ түшиж, жаргал, зовлонгоо хуваалцсан хоёр буурайг зорьж, ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Юуны өмнө 62 жил ханилж, Очир-Эрдэнийн хуримаа хийсэн та хоёрт баяр хүргэе. Анх хэрхэн танилцаж байсан  бэ?

       Д.ДОГСОМЖАВ: Сайхан хаваржиж байна. Та бүхэн сайхан хаваржиж байна уу. Бид Булган аймгийн Баян-Агт суманд төрөөд, багаасаа айл саахалт, нэг голд тоглож өссөн. Ханийгаа төрөхөд би долоон нас хүрч, өлгийтэй байхад нь хардаг байлаа шүү дээ. Тэгэхээр бидний амьдрал ханийг минь төрсөн цагаас л эхэлсэн. Би ах болохоор түрүүлж сургуульд орж, бага сургуулиа төгсөөд хэдэн жил мал хариулж, тариа ногоо тарих ажил хийж байгаад арван жилээ төгссөн. Харин хань минь сумандаа бага сургуулиа төгсөөд Сайхан суманд долоон жилийн сургуулийг дүүргэсэн.

     Ц.АГВААНЦЭРЭН: Бид хоорондоо тоглож явснаас үерхэж, найзлахыг мэддэггүй байсан. Харин аав, ээж минь биднийг нэг голд тоглож өссөн, таньж, мэддэг гээд анхнаасаа гэр бүл болгох гэж хичээдэг байсан юм билээ. Тухайлбал, тугал, мал хариулаад явж байхад ханийн минь аав намайг дуудан гэртээ оруулаад, Догсомжавын зурсан зургийг нь үзүүлэх жишээтэй. Би “Догсом, ах аа” гэдэг байсан. Арван жилд байхад хичээлээ хамт хийж, тоог минь бодож өгдөг байлаа. Ингээд бид насанд хүрч, арай жаахан ухаантай болохтой зэрэгцэн гэр бүл болсон. Одооных шиг нэгнийгээ гуйж, хурим хийнэ гэж мэдэхгүй. Аав, ээж минь гэрлэх товчоон дээр очиж бүртгүүлээд л бид хоёрт таван ханатай, дан бүрээстэй гэр барьж өгч байсан. Уг нь ханийн минь аав, ээж чинээлэг хүмүүс. Тэр хэрээр бидэнд бүхнийг бэлдэж өгөх бүрэн боломжтой. Гэвч биднийг өөрсдийн гараар амьдралаа бүтээг гэж байсан.

  -Хэдэн настайдаа гал голомтоо бадрааж байсан юм бэ?

       Ц.АГВААНЦЭРЭН: Би Анагаахын сургуулийн нэгдүгээр курс, нөхөр минь гуравдугаар курст байхдаа гал голомтоо бадраасан. Өвгөн минь гэрээ барих шалаа хийгээд, би дэвсгэрээ оёод, ёстой л бүх зүйлээ өөрсдөө хийсэн дээ. Бидний үед шаазан аяга олддоггүй байсан гэвэл одооны хүүхдүүд итгэхгүй дээ. Манай дүүтэй гурвуулаа ганц хөнгөн цагаан аягатай. Тэрийгээ ээлжилж, буцаацалдах шахам л хоолоо иддэг байлаа шүү дээ. Тэгж эхэлж, хүч хөдөлмөр гаргаж амьдарсан болохоор ийм бат бөх байдаг байх гэж боддог. Хоёулаа оюутан болохоор ажил хийхгүй. Тухайн үед оюутны цалин гэж 200 төгрөг олгодог байсан түүгээрээ л амьдралаа болгодог байсан. Онц авбал нэмэгдэнэ. Өвгөн минь онц авна. Би ч мөн дутахгүйг хичээдэг байлаа. Гэхдээ би нэгдүгээр курсээсээ эхлээд л гурван жил дараалан хүүхэд гаргасан. Аав, ээж нар минь хүүхдүүдийг минь харж өгч байсан болохоор л бүхнийг амжуулж байлаа.

-Та хоёрын үед хэрхэн болздог байсан юм бэ. Анхны болзооныхоо тухай ярьж өгөөч?

         -Өвгөн минь хичээл тараад намайг хүргэж өгдөг байсан. Ногоон хилэн дүрэмт хувцастай өндөр сайхан залуу байлаа, миний хань. Тэр л бид хоёрын болзоо юм уу даа. Байнга л хамт байдаг байсан даа.

-Нэгэндээ уурлаж, гомдох үе гарахад хэрхэн даван туулдаг байв?

       Ц.АГВААНЦЭРЭН: Бид хоёр ёстой муудалцаж байгаагүй. Гэр бүлээ авч явах, үр хүүхдээ өсгөх л ёстой гэж боддог байснаас элдэв янзын зан араншин гаргаж, дуугаа өндөрсгөж, муудалцдаггүй байсан. Манай эмээ “Харин тийм” гэдэг үг хоёр утгатай шүү, миний охин. Хэрэв нөхөр чинь чамд танайхан ингэлээ, тэглээ гэвэл миний охин “Харин тийм ээ” л гэж байгаарай. Тэгэхээр тэр хүн чинь тэгээд уурлахгүй зогсоно. Тэгэхээр энэ үг хэрүүлгүй болгох ид шидтэй үг шүү. Хоёрдугаарт, харин тийм гэдэг үг хэрэгт оруулдаг үг шүү” гэж хэлдэг байсан. Би эмээгийнхээ хэлсэн үгийг их бодно. Өвгөн минь залуудаа жаахан санаанд нь таарахгүй юм гарвал дуугаа хураачихдаг л байлаа.

-Хоёулаа ажилтай болохоор гэр орны ажил хоцрогддог байв уу?

       Ц.АГВААНЦЭРЭН: Өвгөн минь эдийн засагч, би эмч мэргэжилтэй. Хоёулаа гэрийн бараа харахгүй шахам ажиллана. Амралтын өдөр амрахаараа өвгөн усаа авч, халаагаад хүүхдүүдийнхээ хувцсыг угаана, нүүрсээ авна, түлээгээ хөрөөднө. Би хоол, цайгаа хийнэ. Би Халдвартын эмнэлэгт 50 жил эмчээр ажилласан. Тухайн үед эрчимт эмчилгээний тасагт ажилладаг байсан болохоор ээлжинд их гарна. Хонож ажилласны маргааш хачин их ядардаг байж билээ. Ингэж л бид түмэн завгүй ажиллаж, амьдралаа босгосон доо.

    Д.ДОГСОМЖАВ: Би үйлдвэрчний эвлэлд насаараа эдийн засагчаар ажиллаад тэтгэвэртээ гарсан. Анх сургуулиа төгсөөд тэндээс Үйлдвэрчний эвлэлийн боловсон хүчнээр орж байлаа. Харин хань минь Халдвартын эмнэлэгт ажиллаад, дөрвөн хүүхэд гаргасан гээд 47 настайдаа тэтгэвэрт гарсан.

       Ц.АГВААНЦЭРЭН: Би тэтгэвэрт гараад Бэлгийн замын халдварт өвчин чийрэгжүүлэх төв, уламжлалт эмнэлэг, эмийн сан, орчуулгын товчоо гэсэн олон жижиг тасагтай хувийн төв байгуулан ажиллаж байгаад 2019 онд тэтгэвэртээ суусан.

-Ажил ихтэй завгүй байхын хажуугаар хүүхдүүдээ хэрхэн сургаж, хүмүүжүүлсэн бэ?

     Ц.АГВААНЦЭРЭН: Аав, ээж хоёр нь ажил ихтэй завгүй болохоор манай хүүхдүүд эрт биеэ дааж, өөрсдөө хүмүүжсэн. Эгч нь дүүгээ авч, хувцсыг нь өмсгөж, хоол, ундыг нь өгнө. Хичээл сурлагадаа ч сайн байсан. Нэгнийхээ дүрэмт хувцасны захыг индүүдэх, сургуульд нь хүргэж өгөх ажлыг цөм өөрсдөө хийж байсан. Тэгээд л нэгнийгээ авч, дэмэндээ явсаар цөм их, дээд сургууль төгссөн.

-Хань нь ямар зан чанартай хүн бэ?

        Ц.АГВААНЦЭРЭН: Миний хань их сайхан дөлгөөн, тайван зан чанартай хүн. Манай нөхөр залуудаа том алаг нүдтэй, өтгөн хар үстэй, тэвхийсэн сайхан залуу байсан. Би л хүнд өвдөж ханийгаа их зовоосон. Одоо ч би хүнд өвчний оноштой, хань минь намайг асраад байж байна. Үргэлж л миний хажууд байж, намайг халамжилна. Бид нэгнээ ажил төрлөө хийгээд явж байхад нь нэг ч удаа хардаж, сэрдэж байгаагүй. Хаа нэг “Хань минь хурдан ирээсэй” гэж бодно. Надад сайхан үгтэй захидал их бичдэг байж билээ. Тэр захидлуудыг би уг нь хадгалж байсан ч 1966 оны айхтар үерээр цөмийг нь алдсан. Хань минь Орос Улсад таван жил сурсан цаг хугацаа бол бидний нэгнээсээ хол байсан хамгийн урт хугацаа. Д.Догсомжав бол хүнтэй яриа хөөрөөтэй, найрсаг. Охидтойгоо их сайхан харилцаж, ойр ярилцдаг. Тэтгэвэрт гараад 42 ном бичсэн. Бид гадаадын орноор аялалд хамтдаа их олон явсан.

     Д.ДОГСОМЖАВ: Даруухан, нүдэнд дулаахан сайхан охин байлаа, миний хань. Намайг их баярлуулж, дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өгсөн ханьдаа үргэлж баярлаж явдаг. Би ханийгаа төрөхөөс нь мэдэх болохоор амар байдаг. Манай Баян-Агт сум буйд газар л даа. Тийм болоод ч тэр үү би жаахан бүрэг ичимхий хүүхэд байсан.

-Жаран жил ханилахдаа ханийгаа зөндөө л баярлуулж байсан байх. Гэхдээ санаанаас огт гардаггүй баяраа бидэнтэй хуваалцаж болох уу?

        Ц.АГВААНЦЭРЭН: Анх зах дээрээс бугуйн цаг авч өгч байсан. Хөдөөний хүүхэд болохоор хачин их баярласан. Дараа нь намайг Москвад анх удаа очиход өртөөн дээр том баглаа сарнай цэцэг бариад, вагон дагаад гүйж байсан мөч санаанаас гардаггүй юм. Тэгээд төрөх, өвдөх, ямар ч үед үргэлж хажууд байж, халамжилдагт их баярладаг. 1984 онд би ходоодоо тайруулж, хүнд хагалгаанд орж удаан хугацаагаар эмнэлэгт байсан. Хүнд өвдөхөөр хүнд зан төрхийн өөрчлөлт ордог юм билээ. Тэгэхэд миний хань арга эвийг минь олоод хажууд байж байсан. Ингээд яривал баярлах зүйл мундахгүй их. Харин нэг ч удаа гомдоож байгаагүй. Архи ууж агсам тавьж, гуйвж, дайвж орж ирж байгаагүй. Эхнэр хүүхэн эргүүлсэн гэж чихэнд юм сонсогдоогүй. Ёстой л миний төлөө, намайг түшиж, тулсаар ирсэн дээ.

       Д.ДОГСОМЖАВ: Баярлах зүйл бишгүй л байх юм. Хамгийн гол нь гэр бүл болсон улс миний, чиний гээд өөрийгөө магтаад, нэгийгээ муулаад байх тал бий. Тэгэхээр тэгж ер болохгүй юм. Эхнэр минь манай аав, ээж, ах дүүг их хүндэлдэг. Өөрийн хүмүүсээсээ дээгүүр үздэг шахам хүн. Иймээс одоо гэр бүл болж байгаа залуус энэ харилцааг л сураад авах нь зүгээр болов уу гэж боддог.

-Та хоёрыг төрөөс ямар шагналаар шагнаж байв?

      Д.ДОГСОМЖАВ: Хөдөлмөрийн гавьяаны тэмдэг, Алтан гадас хүртсэн. Үйлдвэрчний эвлэлийн нэрэмжит шагнал мөн хүртэж байсан. Энэ шагналыг түүхч Түдэв, хөгжмийн зохиолч Лувсаншарав, гурав дахийг нь Цэдэнбал даргын авгай авсан ховор өгдөг, том шагнал байсан юм шүү.

      Ц.АГВААНЦЭРЭН: Би Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор шагнуулсан. Мөн эхийн алдар одон авсан.

-Залуу гэр бүлд хандаж юу хэлж, захих вэ?

      Ц.АГВААНЦЭРЭН: Итгэж, ярилцах хэрэгтэй. Санаандаа бодсон зүйлээ нүүрээ харж сууж байгаад ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Битүү зүйл бодоод яваад байхаар хүмүүс бие биенээ ойлгохгүй болдог. Мөн биенээ сайн таниж, мэдэх хэрэгтэй.

     Д.ДОГСОМЖАВ:  Нэгнээ сайн таньж, мэдэж, биенээ хүндэлж явах нь их чухал байна. Анзаараад байхад залуус их нэгнийгээ дийлэх гэж зүтгэсэн, хүндлэл, итгэлгүй болоод байгаа харагддаг. Амьдралыг мөн их амар хөнгөнөөр бодож, өнгөц харах тохиолдол их байна. Тиймээс аливаад нухацтай, сонголтоо зөв хийх нь чухал.

         Ингэж төрөхөөсөө л нэгнээ гэсэн тэд амьдрал хэмээх нууранд жаран жил хамтдаа хөвж, давалгаа, долгио бүрийг нь ханиндаа туулсаар цаад эрэгт нь хэдийнэ гарч, үр, ач, зээ нараа тойруулан биесээ өнөөдөр ч хайрлан, хүндэтгэж сууна. Ховор хувь тавилангийн эзэд болсон буурай нар минь урт насалж, удаан жаргаарай.


62 ЖИЛ ХАНИЛСАН ХОС: ӨЛГИЙТЭЙ ТАНИЛЦАЖ, БУУРАЛ БОЛТЛОО АМЬДАРЛАА, БИД ХОЁР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-24 20:08:37
    Сэлэнгэ: Сайхан хоёр бууралдаа урт насалж, удаан жаргах, эрүүл энх, сайхан бүхнийг хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-24 13:55:10
    zochin : Minii eej aav xoyor shig olon jil xanilj baigaa saixan buurainuud bainaa Urt nasalj udaan jargaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-24 07:27:29
    Улаанаа: Ах эгч 2тоо эрүүл энх аз жаргал хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-23 10:06:42
    Зочин: Азтай эмэгтэй юмаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188