• Өнөөдөр 2026-02-13

Н.СУВД: Аз жаргалын 20 хувь нь амьдарч буй орчноос шалтгаалдаг

2026-02-13,   69

Сэтгэл зүйч, иогийн багш Найдансүрэнгийн Сувдтай ярилцлаа. Түүнтэй хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар яриа өрнүүлсэн юм.

-Ер нь зургаан настай хүүхдийн сэтгэл зүй ямар байдаг вэ. Зургаан наснаас хүүхдийг сургуульд авч байгаа нь зөв үү?

     -Монгол Улс найман настай хүүхдүүдийг нэгдүгээр ангид элсүүлэн сургадаг тогтолцоотой байсан. 2008-2009 онд зургаан настай хүүхдийг элсүүлдэг болсон. Миний бодлоор сургалтын хөтөлбөртөө анхаарч чадвал 6-8 настай байх тийм ч их чухал анхаарал татсан асуудал биш л дээ. Сэтгэл зүйн хөгжлийн хувьд зургаан нас бол хүүхдийн тоглох нас. Хүүхэд тоглоомоор дамжуулан орчныг таньж, мэднэ. Бусадтай харилцах харилцаагаа бий болгож, найз, нөхдийн хүрээгээ тэлдэг. 

   Тоглох үед хүүхдийн бие махбод болон сэтгэл санаа, оюун ухаан хөгжиж, танин мэдэхүйн цар хэмжээ нэмэгдэж байдаг.  Тэгэхээр зургаан настнуудыг сургахдаа тоглоомоор дамжуулан анхаарлыг нь төвлөрүүлэн сургаж, хөгжүүлэх аргыг хэрэглэж болно. 

     Таван настай хүүхэд цэцэрлэг буюу сургуулийн өмнөх боловсролд суралцаж байгаад сургуульд орох үед орчин солигддог.  Шинэ орчинд дасан зохицох үйл явц эхэлдэг. Хүүхэд бүр сурагч болоход хараахан бэлэн биш байдаг. Тийм учраас сургууль, сургалтын орчинд бага, багаар дасгаж, хөгжүүлэх ажилд анхаарах нь чухал. Цэцэрлэг, сургуулийн орчин солигдож байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхдэдээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй.  Таны хүүхэд сурагч болоход бэлэн болсон уу гэдэг л чухал. Үүнд бие даах чадвар, бие махбодын хөгжил, танин мэдэхүйн чадвар, хэл ярианы хөгжил зэргийг багтаан авч үзэж болно.

-Зургаан настай хүүхдүүдийг хуучин найман настай хүүхдүүдийг сургадаг хөтөлбөрөөр сургах нь буруу биш үү. Зургаан настнуудад таарсан тоглоомын аргаар сургах хөтөлбөр, сургалтын орчин, анги, танхим бэлэн болоогүй байна уу?

   -Зургаа болон найман настай хүүхдүүдийн анхаарал, төвлөрөх хугацаа харилцан адилгүй. Зургаан настнуудын анхаарал ойролцоогоор таван минут, нэг зүйл дээр төвлөрөөд сарнидаг. Анхаарал төвлөрөх чадвар гэдэг тархины танин мэдэхүйн чадвар бөгөөд мэдлэг бүтээх, мэдээллийг боловсруулах үйл явцад чухал нөлөөтэй. Тийм болохоор зургаан настай хүүхдийн сургалтыг тоглоомын аргатай хослуулан, энгийн хялбар, ойлгомжтой, хөгжилтэй байдлаар сургалтын хөтөлбөрийг загварчлах нь зөв болов уу.

-Цар тахлын үеийн хөл хорионоос болоод хүүхдүүд цахим, зайны сургалтаар явсан. Гэртээ хоёр жил хөл хорионд байсан нь хүүхдүүдийн сэтгэл зүйд  хэр өөрчлөлтөд орсон гэж бодож байна вэ? 

   -Сургуулийн, танхимын боловсрол хүүхдэд зөвхөн академик мэдлэг олгохоос гадна хүүхэд үе тэнгийнхэнтэй хамтдаа сурч, хөгжих, бусдаасаа суралцах, нийгэмших явцыг бий болгодог ач холбогдолтой.  Гэртээ нийгмээс тусгаарлагдсан олонх хүүхдийн  нийгмийн харилцааны чадвар сулардаг. Бусдын үгийг хүлээцтэй сонсохгүй, уур бухимдал, сэтгэл хөдлөлөө зөвөөр удирдах чадвар сул болдог.

   Тийм хүүхдүүд найз, нөхөд ойр тойрны хүн, аав, ээждээ өөрийгөө илэрхийлж ойлгуулах чадвар нь сул байх нь бий. Энэ бүхэн үе тэнгийн сурагчид болон эцэг эх, хүүхэд хоорондын харилцааны асуудлаас харагдана. Яагаад гэхээр, энэ чадварт суралцах боломж хомс байснаас хамаарсан хэрэг юм. Нийгэмших чадвар нийгмийн харилцаанд орж, бусадтай харилцах явц дунд бүрэлддэг. Харилцааны чадвар, бусадтай харьцах харилцаан дундаас бага багаар хөгжиж байдаг.

-Хүүхэд гэр бүлийн толь гэдэг. Эцэг, эхийн төлөвшлийг хүүхэд шууд тусгаж авдаг уу. Хүүхдийн төрөлх араншин төлөвшилд нь нөлөөлж байна уу?

    -Судалгаанаас үзэхэд хүүхдэд эцэг, эхийн генетик болон удамшил, амьдарч буй орчин нөлөө үзүүлдэг болохыг харуулсан. Хүүхэд аз жаргалыг мэдрэхэд юу нөлөөлж байна вэ гэдэгт саяхны судалгааг харахад 50 хувь нь генетикээр удамшин бий болдог. Харин 20 хувь нь амьдарч буй орчноос, үлдсэн  30 хувь тухайн хүүхдээс өөрөөс нь шалтгаалдаг болохыг харуулсан байсан.

   Гэр бүлийн амьдрал ямар хэвшилтэй байна. Ямар дадал зуршилтай гэр бүл байхаас хүүхдийн зан үйл хамаарах нь бий. Хүүхдийн сэтгэлийн хат, тэвчээр, өөдрөг үзэл, хандлага, хувь хүний зан чанар, амьдралыг харах өнцөг, өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүллээс шалтгаалдаг. Тэгэхээр генетик болон удамшил, орчин нөхцөл аль алин нь нөлөөлж байна. Мэдээж эцэг, эхчүүд хамгийн их цагийг хүүхэдтэйгээ өнгөрүүлж байгаа. Энэ нь хүүхдийн өдөр тутамд гаргаж буй зан араншин, харилцаанд нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ 100 хувь эцэг, эхийн шууд тусгал гэж харж болохгүй. Хүүхдэд нийгмийн, найз нөхдийн, бусдын үлгэр дуурайллын нөлөө, тухайн хүүхдийн тархины бүтэц гээд олон зүйл хүүхдийн төлөвшлийг бий болгодог.

-Гэр бүлийн таарамжгүй харилцаа хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх үү?

    -Гэр бүлийн хүчирхийлэл, харилцааны таарамжгүй байдал тухайн хүүхдийн төрөлх зан чанар, сэтгэл зүйн онцлогоос хамаарч харилцан адилгүй өөр, өөр нөлөө үзүүлдэг.  Гэр бүлийн тааламжгүй байдал нь мэдээж хүүхдэд айдас, түгшүүр үүсгэнэ. Жишээ нь, байнга үглүүлж, загнуулдаг бол хүүхдэд сэтгэлийн түгшүүр  үүснэ. Хүүхдийн тархи сэтгэхүйд түгшүүр бий болох нь тархины бусад оюун ухаанлаг хэсгүүдийг саармагжуулан, дарангуйлж эхэлнэ. Хүүхдийн өөртөө итгэх итгэл, танин мэдэхүйн чадвар, оюун ухаанаа ажиллуулах боломж нөхцөл нь буурдаг. Үүнээс болоод хүүхдийн найз нөхөд, бусадтай харилцах байдал, хичээлдээ анхаарах хандлаг саармагжиж эхэлнэ. Байнгын түгшүүр нь стресс, сэтгэл зүйн дарамтыг дагуулахаас гадна бие бялдар, эрүүл мэндийн хямралыг үүсгэх нь бий. Гэхдээ хүүхдийн төрөлх зан чанар болон стресст хариу үзүүлэх байдал нь өөр өөр байдаг нь мөн нөлөөлнө.

-Хүүхдийн сэтгэл зүй, төлөвшилд нийгмийн стресс, бухимдал муугаар нөлөө үзүүлж байна уу?

    -Мэдээж нөлөө үзүүлж байгаа. Бид нийгмээс тусгаарлагдаагүй. Хүн нийгмийн амьтан. Нийгмийн харилцаан дунд орж байж л хүн хөгжин, дэвшиж, төгөлдөржин хөгждөг. Өнөөдөр нийгмийн амьдрал стресс, бухимдалтай байна. Гэхдээ хүүхдийн төрөлх зан чанараас хамаарч ялгаатайгаар стресст хариу үзүүлдэг. Зарим  сэтгэл зүйн хувьд их мэдрэг хүүхдүүд  стресс бухимдалд амархан ордог. Харин төрөлхийн тайван, дөлгөөн хүүхдүүд бага стресс бухимдалд өртөх нь бий.

-Эцэг, эхчүүд хүүхдээ бусдаас дутахгүй байлгах гээд байнга чихэр, жимс авч өгөх, эрхлүүлэх, гар утас, компьютерээр олон цаг тоглуулах зэргээр өсгөж байгаа ажиглагддаг. Энэ үйлдлүүд хүүхдийн сэтгэл зүйд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

    -Төгс эцэг, эх гэж байхгүй. Харин хичээдэг эцэг, эхчүүд бий. Хүн бүр л хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэх, нийгэмд хэрэгтэй, өөртөө итгэлтэй, өөдрөг үзэл бодол, хүсэл тэмүүлэлтэй, хичээнгүй,  нинжин сэтгэлтэй энэрэнгүй хүн болгохын төлөө хичээж байгаа.  Хүүхдийг хүмүүжүүлэх хүн болгоны арга барил харилцан адилгүй өөр. Сэтгэл зүйн доктор, профессор Диана Баумриндын 1960-аад онд гаргасан онол байдаг. Тэр онолд  дөрвөн төрлийн эцэг, эхчүүдийн хэв шинж байна гэж үзсэн байдаг. 

   Нэгдүгээрт  хүлцэнгүй, номхон төрлийн эцэг, эхчүүд.  Тэд  амьдралын гол цөмийг хүүхэд гэж харна. Хүүхдийг тойроод тэдний амьдрал өрнөж байдаг. Хүүхэд бол бүхний эзэн, хэмжээлшгүй эрхтэй гэж үзнэ. Тэд хүүхдийн хэлсэн хүссэн бүхнийг хууль мэт мөрдлөг болгодог. Хүүхдийн бүх хэрэгцээ шаардлагыг хангахыг илүүд үздэг. 

    Харин хоёр дахь төрлийн эцэг , эхчүүд хатуу, ширүүн, зарчимч байдаг. Тэд бүх зүйлд өөрсдийн тогтоосон дүрэм, журмыг баримталдаг. Тогтоосон дүрэм журмыг зөрчиж болохгүй гэсэн байр суурьтай. Миний хэлсэн үг бол хууль гэж ярина. Хүүхдийг өөрийн нүдний харцаараа удирдахыг хичээдэг. 

     Гурав дахь төрөлд үл хайхарсан буюу хөндий, тоомжиргүй, анхаарал, халамж султай эцэг, эхчүүд хамаарна. Тэд хүүхдийн материаллаг хэрэгцээг хангахыг илүүд үзнэ. Хүүхдийн сэтгэл хөдлөл, хүсэл, тэмүүлэл, мөрөөдлийг үл тоомсорлодог. Магад ийм төрлийн эцэг, эхчүүд маш завгүй их ажилтай, гэртээ бараг үзэгдэггүй,  гэр бүл, хүүхэдтэй халамж, анхаарал хандуулах боломжгүй байх нь бий.  

    Дөрөв дэх төрлийн эцэг, эхчүүд хамгийн хүсэмжит, ардчилсан үзэл баримтлалтай. Тэд хүүхдэд сонголт өгдөг. Хүүхдээ сонсдог, хайрладаг. Ямар үед зарчимч байх ёстой вэ гэдгийг мэддэг. Эхний гурван төрлийн эцэг, эхчүүд  нь хэт зөөлөн, хэтэрхий хатуу байх, үл тоомсорлогч байх нь хүүхдэд хайрлагдаагүй, үл тоогдсон мэдрэмжийг бий болгоно. Эцэг, эхчүүдийн хэт, хатуу, хэтэрхий зөөлөн байх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг бөхөөдөг аюултай. 

   Хүүхдийн хүссэн бүх  зүйлийг нь авч өгөх тийм зөв зүйл биш. Хүүхэд ээж, аавтайгаа насан туршдаа хамт амьдрахгүй. Бүх хэрэгцээгээ аав, ээжээрээ хангуулж сурсан хүүхдийн амьдрах чадвар ямар байх вэ. Хүн бүхэн тэр хүүхдийн хүссэн хэрэгцээ шаардлагыг хангаж, биелүүлж чадахгүй. Ийм хүүхэд тэсвэр тэвчээргүй, хатуужилгүй, бусдыг хүндэлдэггүй буюу “би үзэл” өндөртэй, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх эмпати чадвар сул болж өсөх нь бий. Бусдаас өөрийгөө дээгүүр гэж боддог. Эрх тэгш байдлыг хүлцэн тэвчдэггүй байх нь бий. Бусдыг ээж, аав шигээ дарангуйлж дур зоргоороо байхыг хүснэ. Хэт өөр дээрээ төвлөрөх нь сэтгэл зүйн бухимдал стрессийн шалтгаан болдог.

 


 

 


Н.СУВД: Аз жаргалын 20 хувь нь амьдарч буй орчноос шалтгаалдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188