• Өнөөдөр 2026-02-12

З.ОЙДОВ: “Нөхөр минь чи олимпын шүүгчийн мэдэхгүй мэхийг хийсэн гэж байна. Ахиад чамайг хийвэл, хатуу арга хэмжээ авна шүү” гэсэн

2026-02-12,   191

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн 1974, 1975 оны дэлхийн хошой аварга, 1976 оны Монреалын олимпын мөнгөн медальт, “Зууны манлай тамирчин” Зэвэгийн Ойдов гуайтай ярилцлаа. Түүн шиг чөлөөт бөхийн дэлхий хошой аварга болж, олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн эрэгтэй тамирчин Монголд одоогоор алга байна. З.Ойдов гуай чөлөөт бөхийн спортод шинэ мэх санаачлан гаргаж, өөрийн нэрээр дэлхийд мөнхлөн үлдээсэн цорын ганц бөх билээ.

-Та багадаа барилддаг байв уу, чөлөөт бөхөөр хэдий үеэс барилдаж эхэлсэн бэ?

        -Хөдөөний хүүхдүүд хөлд орж, хэлд орох цагаасаа эхэлж, тугал, хурга, хонины бэлчээр дээр барилдаж өсдөг. Сургууль, соёлд ороход биеийн тамирын хичээл дээр байнга л барилдуулж, уралдуулдаг байсан даа. Чөлөөт цаг гарвал хоорондоо барилдаж, ноцолдоно, тэвэг тоглоно. Харин чөлөөт бөхийн секцэнд бол 16 настай байхдаа орсон юм. Баянхонгор аймгийн Барилгын “ТМС” гэж баруун таван аймгийг барилгын мэргэжилтэй ажилтнаар хангах зорилготой сургууль байв. Би Баянхонгор аймгийн Баянговь сумын Цанидын Бямбаа гэх будаг, шаврын  багшийн ангид оров.

      Ц.Бямбаа багш барилдах их дур сонирхолтой хүн болохоор “ТМС”-ийн оюутнуудын дунд чөлөөт бөхийн секц ажиллуулж эхэлсэн юм билээ. Одоо тэр үеийг бодохоор их хөгтэй. Эсгийн дээр бэлтгэл хийнэ. Ам, хамар руу хялгас орно. Хөлс гараад, нүүр, толгой, хувцас авах юмгүй нил хялгас болчихно. Дулаан цагт гадаа элсэн дээр гурав, гурваараа  барилдана. Нэг нь куртик бариад зогсож байна. Хоёр нь барилдаад хэвтээ барилдаанд шилжиж, мостлох  үед нь толгой дор нь куртикээ дэвсэж өгнө. Куртикнээс гараад явчихаар нь куртикны элсийг нэг сайн сэгсэрч, гөвчихөөд дахин дэвсэж өгнө. Ингэж л  бид чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн түүхтэй.

-Чөлөөт бөхийн анхны медалиа ямар тэмцээнээс хүртэж байсан бэ. Монголдоо та ялагдал хүлээж үзсэн үү?

    -1967 онд идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр улсын аваргад 18 аймгийн, дээд сургуулиуд, спорт нийгэмлэгийн 18 нас хүртэлх насны тамирчид барилдсан юм. Манай жинд 30 гаруй хүүхэд өрсөлдсөн. Би 60 кг-ын жинд есөн барилдаан хийсэн. Жингийнхээ найман бөхийг нь цэвэр дарж, үлдсэн нэг тамирчныг нь оноогоор  цэвэр ялж түрүүлсэн юм. Ингэж л анхны тэмцээндээ анхны алтан медалиа хүртсэн. Миний хувьд тэр үед бүх юм анхнынх байлаа. Анх удаа онгоцонд сууж үзсэн. Анх удаа хөдөөнөөс Улаанбаатарт ирж, анх удаа тэмцээнд орж, анх удаа алтан медаль хүртсэн нь тэр. Бүх юм анхнынх байсан болохоор сайхан байсан тэр өдрүүд.

       Яг үнэндээ тэр үед чөлөөт бөхийн барилдаанаа сайн мэдэхгүй жаахан хүүхэд байсан. Үндэсний бөхөөр барилдаж сурсан мэхээрээ л тонгочиж байхгүй юу. Хотод ирээд Монголын бүх ард түмний гуравдугаар спартакиадад барилдлаа. Тэгсэн ОУХМ Л.Сэргэлэнбаатарын аав, Олон улсын шүүгч Лувсан-Иштай таарав. Манайхан “Ойдовоо гараа өгч болохгүй шүү” гээд л хашхираад байх юм. Арай л гараа ардаа нуугаагүй байх даа. Яасныг нь ч мэдээгүй. Лувсан-Иш өмсөх мэхээр намайг цэвэр буулгадаг байгаа. Тэр үед өмсөх мэхийг огт мэдэхгүй. Мэл гайхаж үлдэж байсан даа.

      Дараагийн тойрогт, сүүлд миний багш болсон Д.Хашбатад ялагдсан. Түүний дараа 1972 оны улсын аваргад өөрийн найз М.Цэрэнбатад ялагдсан. Энэтхэгт болох Азийн аваргын сорилд Б.Намжин гуайд нэг оноо алдаж, хожигдсон. 1975 онд бүх ард түмний тавдугаар спартакиадад 68 кг-ын жинд барилдах гэсэн чинь Ц.Нацагдорж гуай “Би өөрийн жиндээ орно” гээд болдоггүй. Тэгэхээр жин өгсөж 74 кг-д барилдаад дүү З.Дүвчиндээ ялагдсан. Ингээд л Монголдоо энэ таван хүнд л ялагдсан түүхтэй.

-Манай чөлөөт бөхчүүд богино хугацаанд тив, дэлхийд амжилт гаргасан нь үндэсний бөхтэй холбоотой биз?

       -Ер нь манай чөлөөт бөхийн Улсын шигшээ багийн тамирчид богино хугацаанд тив, дэлхий, олимпод өндөр амжилт гаргасан. Монгол Улсад 1961 онд чөлөөт бөхийн секц, дугуйлан байгуулагдаад, 1962 онд Дэлхийн чөлөөт бөхийн холбооны гишүүн орон болсон байдаг. 1963 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд, 1964 онд Токиогийн олимпод оржээ. Тэгсэн хэрнээ Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээ хийж үзээгүй байсан. Харин 1965, 1966, 1967 онд дараалан УАШТ зохион байгуулж байсан түүхтэй юм шүү дээ.

     1967 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дархан аварга Ж.Мөнхбат багш анхны хүрэл медаль хүртжээ. 1968 оны олимпоос Ж.Мөнхбат аварга мөнгөн медаль, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав багш, Т.Артаг гуай гурав хүрэл медаль аваад, 2-3 бөх эхний зургаан байрт шалгарсан байдаг. Тухайн үед эхний зургаан байрт орсон тамирчин багтаа шагналын оноо авчирдаг байсан учраас онцлох нь чухал байгаа юм. Ингэж л манай чөлөөт бөхийн тамирчдын амжилт эхэлсэн түүхтэй.

    Яагаад ийм богино хугацаанд олимп, дэлхийн аваргад амжилт гаргасан бэ гэвэл манай үндэсний бөхийн гайхамшигтай уран гоё мэхтэй холбоотой. Тухайн үед Монгол үндэсний бөхийн зарим нэг мэх, техникийг дэлхийн бөхчүүд төдийлөн мэддэггүй байсантай холбоотой байх. Үндэсний бөхчүүд унахгүй байхын төлөө тэмцдэг. Учраа бөхийн тэнцвэрийг алдагдуулж унагадаг. Хүнд, хөнгөн жингийн ялгаа, зааг байдаггүй. Цаг хугацаа, орон зай хязгааргүй, зориулалтын дэвжээ байхгүй. Хамгийн том цолтой бөх, цолгүй бөхийг амлан авч барилддаг. Өрсөлдөгчийг унагаж давах ёстой гэсэн сэтгэхүйгээр барилдана.  Цолтой бөхийг давж, аваргыг унагаж, аварга болно гэсэн үндсэн философи ухагдахуун, ойлголттой.

      Тэр үед манай сумынхан зааны хаяж, заан болно гэж л ярьдаг байсан. Аймгийн арслан цол ер нь сүүлд үүссэн байж магадгүй. Тийм болохоор бөхчүүд сэтгэл зүйн хувьд өрсөлдөгчөөс айхгүй, зоригтой, шийдэмгий барилддаг байв. Том биетэй, хүчтэй бөхийн өмнө очоод бушуухан унаад өгье гэж бодохгүй. Харин түүнийг хэрхэн яаж давах вэ гэдэг дээр ур ухаан, арга мэхээ л боловсруулна. Өвдөг, тохой, толгой газар шүргэх төдийд л унасан болно. Жилд ганцхан наадмаар л цол өгнө. Тэхээр улсын цолтой, аварга бөхөд амлуулсан залуу бөх тэр бөхийг давахын тулд бэлтгэлээ сайн базаахын зэрэгцээ, судалгаа, дүгнэлийг тархиндаа боловсруулж сурна.

      Аварга бөхийг урагш гуд татах уу, арагш нь унагах уу, гишгэгдлийн ямар алдаа гаргаж байна вэ, аль мэхэнд тэнцвэрээ алдаж, унахаар байна гээд сул талыг нь олж харах чадвартай болдог. Тийм болохоор уран гоё мэхтэй, техник, тактикийн хувьд дэлхийд гайхагдах хэмжээний цорын ганц босоо бөх гэж боддог. Үндэсний бөхийн дугтрах, гуд татаж унагахаас бусад бүх мэх өрсөлдөгчийг дээш нь харуулж унадаг. Чөлөөт бөхийн дүрэмд таарч нийцсэн мэх, техниктэй бөхийн төрөл. Бидний үед үндэсний бөх барилддаггүй чөлөөт бөхийн тамирчин гэж байгаагүй юм. Шигшээ багийн 62 кг-аас дээш жингийн бөхчүүд бүгд л улсын цолтой бөхчүүд байсан. Хөнгөн жингийнхэн гэхэд аймаг, сумын цолтой бөхчүүд байлаа.

-Таныг үндэсний бөхийн мэхийг, чөлөөтийн мэх, техниктэй хослуулан барилддаг байсан гэдэг?

     -Тэгэлгүй яах вэ. Надаас өмнөх үеийн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид чинь жигтэйхэн мундаг бөхчүүд байсан. Ж.Мөнхбат аварга улсын наадамд тав түрүүлчихсэн. Х.Баянмөнх аварга дөнгөж улсын арслан цол авч байсан. “Том” Ц.Санжаа, Ө.Эрдэнэ-Очир гуай улсын заан, Д.Сэрээтэр гуай улсын начин цолтой гээд жин болгонд улс, аймгийн цолтой олон сайхан залуус байлаа. Ч.Лундаа, Д.Галдандавга начин, Д.Долгорсүрэн заан, С.Цэрэн аварга гээд мундагууд байв. Тэднээс доошхи жингийн бөхчүүд гэхээр Ц.Нацагдорж, М.Хойлогдорж, Б.Намжин гээд л бий. Тэд үндэсний бөхийн суурьтай байсан болохоор унаа хол, хэвтээ барилдаанд л оноо алддаг байсан даа.

        Намайг анх шигшээ багт ирэх үед миний жинд Б.Намжин гуай барилддаг байлаа. Тэр  200 кг жинтэй мотоциклийг мөрлөж гүйдэг, ачигч хийдэг их, бяр, тэнхээтэй залуу шигшээ багт ирж байсан гэдэг. Би бол 200 кг-ыг өргөөд гүйх нь битгий хэл, газраас ч хөндийрүүлж чадахгүй. 1967 онд манай нэг дарга шигшээгийн тамирчдад яриа хийв. Тэр дарга “АНУ-д чөлөөт бөхийн спорт 200 жил хөгжсөн. Оросод 60 жил хөгжиж өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Энэ хоёр том улсын бөхчүүдийг бид яагаад ч гүйцэж чадахгүй” гэлээ. Тэгэхээр нь би “Тэднийг гүйцэж түрүүлж чадахгүй юм бол бид энд бэлтгэл хийх хэрэг байгаа юм уу. Яах ёстой юм бол” гэж бодож байлаа.

-Та хэвтээ барилдааны мэхийг хэр сайн хийдэг байсан бэ?

      -Тэр үед би “Хэвтээ барилдааны мэх техник, хамгаалалтыг нь сайн сурч чаддаггүй юм гэхэд босоо барилдаанаас сайн барилдаж өрсөлдөгчийг ялах боломж байгаа юм биш үү” гэж их бодсон. Ерөөсөө хэвтэж өвдөглөх нь буруу юм байна” гээд л бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд л их олон жил чөлөөтөөр хичээллэсэн арвин туршлагатай, өөрөөсөө хүч, бяраар илүү бөхчүүдтэй бэлтгэлээ хийж эхэлсэн дээ. Тэр үеэс л босоо барилдаанд өөрөөсөө илүү бяр, тэнхээтэй хүнийг давах олон хувилбарт, угсраа мэх сурах, боловсруулж, олох  эхлэл тавигдсан юм шүү дээ.

       -Та өрсөлдөгч бөхдөө хөлөө өгч барилддаг байсан юм уу?

     -Би хөлөө өгч барилдаггүй байсан. Харин хөлөө алдсан үед яаж оноо алдахгүй, хамгаалж, өрсөлдөгчөөс оноо авч болох вэ гэж боддог байлаа. Тухайн үеэс  гаднын бөхийн мэргэжилтэн нар монгол бөхийн мэх, техникийг нарийн судалж эхэлсэн юм билээ. Байт харвааны гавьяат дасгалжуулагч Л.Жамъянсүрэн багшийг ЗХУ-д мэргэжил дээшлүүлээд сурч байхад Оросын дасгалжуулагч нар Монгол бөхчүүдийн мэх, техник дээр дүн шинжилгээ хийж ярилцдаг байсан гэсэн. Болгарын чөлөөт бөхийн нэрт мэргэжилтэн “З.Ойдов бол бөх биш. Түүнд бөх хүнд байх ёстой ямарч шинж, тэмдэг байдаггүй юм” гэж ярьсан байдаг.

     Олон улсын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын семинарт манай үндэсний бөх тайлбарлагч Соёлын гавьяат Агвааны Ганбаатар оролцсон юм билээ. Тэгсэн тэр семинарт гаднын нэг бөх судлаач, мэргэжилтэн “Монголын З.Ойдов аварга бол чөлөөт бөхийн тамирчин хүн биш. Тэр хүн чөлөөт бөхөд Монгол үндэсний мэхтэй ирээд, монгол үндэсний мэхээ аваад буцсан. Чөлөөт бөхийн спортод З.Ойдовоос юу ч үлдээгүй” гэж ярьж байсныг нь надад дуулгаж байсан. Тэгэхээр гадныхан тодорхой хэмжээнд Монгол үндэсний бөхийг судалдаг ч олон хувилбарт, угсраа мэхийг гүйцэд  сайн ойлгодоггүй, учрыг нь олдоггүй байсан юм шиг байгаа юм. 

-Одоо манайд  чөлөөт бөхөөр хичээллэдэг үндэсний бөхийн тамирчид цөөн байна уу?

     -Одоогийн залуучууд чөлөөт, үндэсний бөхийг хослуулан барилдах нь зөв. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат хоёр аварга чөлөөт бөхөөр барилдсаар байгаад үндэсний бөхийн тэр том цолонд хүрсэн юм шүү дээ. Масс, хүнд жингээр үндэсний бөхөд амжилт гаргана гэж ойлгох нь маш буруу. Хэт хүнд жин нь бөхийн хөдөлгөөний чадвар, хурдыг хязгаарладаг тал бий. Жин их болохоор хурдан шаламгай, хурц дайчин, ур гоё мэх, олон хувилбарт барилдааны техник, угсраа мэх байхгүй болдог. Мөн цуцаа ихтэй болно. Хүнд жинтэй бөхчүүд налж, тулж зогсдог боллоо. Шахааны барьц хүлээдэг, уяа бөхчүүд олширсон. Энэ байдал үндэсний бөхийн хөгжлийг хойш нь татаж байгаа.

        Бидний үеийн хүнд жингийн бөхчүүдийн хамгийн том нь 103-105 кг жинтэй л байсан. Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн гуай хоёр л жаахан зузаан өөх ихтэй. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёр илүү өөх, махгүй, булчинлаг байсан. Тэдний гэдэсний булчин нь хүртэл овойж, товойж ялгарч харагддаг байлаа шүү дээ.  Дарийн Дамдин аварга жингээ 88 кг-д хүрээд ирэхээр хасдаг байсан гэнэ лээ.  Д.Дамдин аварга “Би 85 кг-тай байхад сум шиг шунгинан дайрч чадна” гэж ярьж байсан гэдэг. Тэгээд л улсын наадамд тав түрүүлсэн юм билээ. Жин их болохоор хурд буурч, биеийн шилжилт хөдөлгөөн багасдаг тал бий. Тэгэхээр барилдаанд биеэ зөв бэлдэнэ гэдэг их чухал.

-Залуучууд чөлөөт, самбо, жүдо бөхийг сонгож хичээллээд явахаар үндэсний бөх хаягдах тал байна уу?

      -Ер нь бэлтгэл сургуулилалтаа зөв хийгээд явах юм бол заавал, чөлөөт бөх, самбо, жүдо гэлтгүй бүгд л үндэсний бөхийн улсын цолонд хүрч чадна. 1996 онд  Д.Долгорсүрэн заан, Д.Сумъяабазарыг наадмын бэлтгэлийн галд гаргана гээд хүрээд ирлээ. Би “За та улсын шигшээ багийн тамирчныг авч явахгүй шүү. Баг, хамт олон нь явуулахгүй. Зодог, шуудаг өмсүүлэхгүй, улсын заан цолтон болгоно. Харин та айраг, цагаагаа сайн бэлтгэх хэрэгтэй. Наадмын дараа танайд олон хүн цуглах биз. Наадмын өмнө ирээд Д.Сумъяабазарыг авч яваарай” гэж хэлсэн. Тэгээд л тэр жил Д.Сумъяабазар шууд л улсын заан цолтон болж байлаа.

         Шигшээ багийн дасгалжуулагчид хоёр Мөнхийг наадмын галд гаргадаггүй байсан. Наадмын өмнөх өдөр, долоон сарын 10-ны өглөө хар машин ирээд аваад явна. Багш тэдэнд гурав хоногийн чөлөө л олгоно. Тэгээд л тэр хоёр наадмын үзүүр, түрүүнд үлддэг л байсан. Наадамд нэг удаа дөрөв давсан бөхчүүдийг багш явуулахгүй. Тэр үед шигшээ багийн багш нар их хатуу байжээ. Ч.Лундаа, Т.Артаг хоёр үлдэж л байсан даа. П.Сүхбатыг А.Басхүү багш зодог өмсүүлэхгүй байж байгаад 90 жилийн ойгоор наадамд шууд барилдуулаад л үзүүрлүүлж байв. Тамирчны бэлтгэл сургуулилалтыг тэгж зөв тааруулдаг байлаа.

 -1974 онд та дэлхийн аварга болохдоо Туркийн бөх Вехби Акдаг дэвжээнд хэдэн минут дарсан гэдэг билээ?  

        -Намайг 1974 оны дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн үед Д.Сэрээтэр гуай  “За, ах нар нь 14 жил барилдаад дэлхийн аварга болж чадаагүй юм шүү. Миний дүү л өнөөдөр дэлхийн аваргын алтан медалийг авна даа. Бусад өрсөдөгчтэйгээ барилдана. Харин чи гурван  юмтай өрсөлдөнө. Нэгдүгээрт, Туркийн ард түмэнтэй. Хоёрдугаарт, шүүгчтэй нь барилдах гэж байна. Гуравдугаарт,  өрсөлдөгчтэйгээ барилдана. Өрсөлдөгч бол яах вэ гайгүй. Хамгийн хэцүү нь эхний хоёр нь байдаг юм шүү” гэж хэлээд амжилт хүссэн.

      Тэгсэн дэвжээнд гарахын өмнө Ж.Мөнхбат аварга Акдагийн талаар их олон юм ярьж байна. ”За, энэ Туркийн Акдаг чинь тарган хонины сүүл байгаа юм. Дундуур нь ганцхан огтлоод хоёр хуваагаад залгичих” гэдэг байгаа. “Ямар сонин юм ярьдаг юм бэ” гээд баахан инээлдэв. Тэгсэн толгой нэг л хөнгөн болчихсон шиг санагдлаа. Одоо бодоход Ж.Мөнхбат аваргын заль, сэтгэл зүйн тактик л байж дээ. Намайг барилдааны талаар бодож, сэтгэл зүйн дарамтад оруулахгүй гэж түр ч болтугай миний сэтгэлийг засаж, өргөх арга, сэтгэл зүйн тактик нь байсан байгаа юм.

        ДАШТ-ий дэвжээнд гарлаа. Акдаг тэр үед олимпоос медаль хүртчихсэн, нутгийн дэвжээндээ дэлхийн аварга болно гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан байх. Их л нам дор өрж байна. Би барьц авахын тулд хоёр хавсраад гараа явуулсан чинь түүний хонгонд гар хүрч байна шүү. Хонгодоод дайрсан чинь тэр дэвжээний гадна биш дотор талд дээш хараад уначихлаа. Би нэг гараараа дэвжээнд тулаад, нөгөө гараараа Акдаг дарчихсан. Цэвэр ялалт өгөхгүй байгаад л байлаа. Шүүгч цэвэр дарсан байхад ялалт өгөхгүй болохоор дургүй хүрээд дараад л байв. Шүүгч шүгэлдэж байна. Дараад л байлаа. Хүрч ирээд далан дээр цохиод бос гэж байна. Би босохгүй дараад л байсан. Тэгсэн манайхан “Одоо болсон. Чи ялсан. Бос, бос” гэж байна шүү. Би түүнийг барилдааны эхний 25-26 секундэд даралтанд оруулсан юм билээ. Ингээд 81 секунд дараад л цэвэр ялж байлаа.

-1975 онд Беларусийн Минск хотод болсон ДАШТ-д түрүүлж дэлхийн хошой аварга болсон. Тэр барилдааны талаар ярьж өгөхгүй юү?

       -1975 оны дэлхийн аварга хуучин ЗХУ-ын Минск хотод болсон. Тэр дэлхийн аваргад манайхан арван жинд өрсөлдсөн. Багаараа сайн барилдсан. Өмнөх жилийн Турк Улсад болсон дэлхийн аваргад би түрүүлчихсэн. Х.Баянмөнх аварга мөнгөн медаль, Ц.Нацагдорж гуай хүрэл медаль хүртчихсэн. Бусад тамирчин ДАШТ-ий 4-6 байрт орчихсон. 1974 оны ДАШТ-д багаараа дөрөвдүгээр байрт шалгарчихсан хүчирхэг баг Минскийн дэлхийн аваргад очсон. Бид багаараа 1975 оны ДАШТ-д гуравдугаар байрт орох зорилготой Минск хотыг зорьсон юм. Тэгээд Минскийн дэлхийн аваргад Х.Баянмөнх гуай бид хоёр түрүүлээд, Ц.Нацагдорж гуай  мөнгөн медаль хүртсэн. Манай баг 00,33 оноогоор Японы багийн ард орж, дахин дөрөвдүгээр байрт орсон.

      Би ДАШТ-ий нэгдүгээр тойрогт ЗХУ-ын Базаевтай таарсан. Тэр зургаан тэмцээнд ороод нэг ч ялагдалгүй, зургаа түрүүлчихсэн. Түүнийг дэлхийн аварга болно гэж олон хүн магтан, ярьж байв. Би арван килограмм жин хасчихсан. “Амьтай, амьгүйн завсар л явж байсан. Тэгсэн миний нуруу гэдийгээд татчихдаг байгаа. Нуруу өвдөөд, шилэн хүзүү татчихлаа. Яг л мостлох гэж байгаа юм шиг. Манай багийн эмч Ядмаа гуай, Румын Улсын болон Баруун Германы эмч нар намайг эмчилж эхэлсэн. Атга дүүрэн л эм өгнө. Зөв, буруу ямар эм ууж байгааг би мэдэхгүй. Ядмаа гуай руу л харна. Ядмаа эмч уу гэж толгой тохиж байна. Багийн эмчдээ итгэхээс өөр яах билээ. Сэргээш, допинг гэдэг зүйл тэр үед яригддаг байсан. Харин бид түүнийг нь ямар юм байдгийг нь мэдэхгүй. Тэд надад массаж хийж, тос түрхэж өглөө. Тэгсэн миний шил татчихсан байсан юм билээ. Эм ууж, тос түрхэж, массаж хийсний дараа өрөөсөн тал суларч гайгүй болсон ч нөгөө тал нь татсан хэвээр л байв. Манайхан “За энэ шил нь татчихсан хүн яадаг бол. Барилдаж чадахгүй л байх даа” гэж бодсон гэнэ лээ. Намайг дэвжээнд гарах гээд гэдийсэн амьтан явж байсан чинь Болгарын тамирчид хажуугаар мэндлээд өнгөрлөө. Би далийгаад татчихсан, болохоор толгой дохисон болов. Тэд “Энэ хүн дэлхийн аварга болоод биеэ их тоожээ” гэж хоорондоо ярьж байсан гэсэн. Сүүлд бид уулзаад тэр тухай  ярилцаад бөөн инээдэм болсон.

      ДАШТ-ий дэвжээ дээр бэлтгэл хийх санаатай хэвтэж байсан чинь манай улсад дасгалжуулагчаар ажиллаж байсан Орос багш Лосик ирлээ. Надад баяр хүргэж амжилт хүсээд “За чи заавал түрүүлж, дэлхийн хошой аварга болоорой. Чамаас дэлхийн бөхчүүд бүгд айж байгаа. Заавал түрүүлнэ шүү” гэж байна. “Багшаа би Оросын Базаевын барилдааныг мэдэхгүй. Тэр л хэцүү байна” гэлээ. Лосик багш ”Базаев сайн, сайн. Хөлд их ордог бөх байгаа юм. Гэхдээ чи түүнийг ялж чадна. Заавал ялах хэрэгтэй” гэж хэлээд явсан. Түүний араас манай жингийн олимп, дэлхийн аварга ЗХУ-ын бөх Авдулбеков ирлээ. Тэр “За, Ойдов чи заавал түрүүлнэ шүү. Капиталист орны бөхөд дэлхийн аваргыг алдаж болохгүй шүү. Би дэлхийн аварга цолыг капиталист орны бөхчүүдээс булааж авсан юм. Миний араас чи гарч ирсэн. Заавал түрүүлнэ шүү” гэчихээд яваад өглөө.        

       Дэлхийн аваргын барилдаан ч эхэллээ. Барилдааны цагийн сүүлийн гурван минутад бид 3:3 оноотой болж тэнцэв. Би олон килограмм хассан. Тэгээд эхний барилдаан болохоор бие зуураад олигтой хөдөлж чаддаггүй. Базаеваас ганц илүү юм нь гэвэл арай хашир, туршлагатай болчихсон үе байсан. Базаев олон ялагдаж үзээгүй, омголон залуу, хамаагүй дайраад л байв. Дайраад  ирэхээр толгойг нь уургалаад дугтрахаар дөрвөн хөллөөд байх юм. Тэгээд ард нь гарах гэхээр хурдыг нь гүйцэхгүй алдчихаад л байв. Шүүгчид намайг идэвхгүй барилдаж байна гээд  торгох гээд байдаг. Базаевыг дайраад ороод ирэх үед нь дугтраад, дөрвөн хөллөхөөс нь өмнө хажуу тийш нь эргүүлээд түлхтэл цаашаа хараад дөрвөн хөллөлөө шүү. Тэгж л арай чүү гэж араас нь тэвэрч нэг оноо авч 4:3-аар хожсон.  Тэгээд л дараагийн тойрогт Францын Тулот, Ардчилсан Германы Штурмер нарыг ялсан. Тэгсэн Болгарын Дончо Жеков модны сүүдэрт хэвтэж байгаад унтаад өгч, тэгээд барилдалгүй ялалт авсан. Зургадугаар тойрогт Өмнөд Солонгосын Ян Жү Мог 22:0-ээр ялж дэлхийн аварга болж байлаа.

-1976 оны Монреалийн олимпод танд түрүүлэх боломж байжээ ?

      -Монреалийн олимпоос өмнө 68 кг-д барилдах саналыг багш нартаа хэлсэн юм. “Би одоо 74 кг жинтэй болсон. Ц.Нацагдорж гуайгаас жингээр хүнд, нуруугаар өндөр” гэсэн. Би тэр үед Ц.Нацагдорж гуайтай 4-5 удаа барилдахдаа ганц ч ялагдаж үзээгүй байсан болохоор өөртөө итгэлтэй байв. Тэгсэн зөвшөөрдөггүй. Тэгээд л хуучин арван килограмм хасаж барилдаг байсан бол 12 килограмм хасах болчихлоо. Олимп болохоос 19 хоногийн өмнөөс жингээ хасаж эхэлсэн. Их ч ядарч, сульдсан. Эхний тав хоногт 67.5 кг болгож буулгаад, тэгээд тэрнээс доош ганц ч килограмм хасаж чадахгүй нам зогсчихлоо. Ахиад тав хонолоо буудаггүй дээ. Тэгсэн +100 кг-ын жингийн Д.Адъяатөмөр “За чи ч жиндээ орохгүй хүн байна даа. Хоёулаа хамтдаа хасаж, чадах, чадахгүйгээ үзье дээ.  Миний барилдах яах вэ. Тэр өнгөрсөн ажил” гэж байна. Тэгээд сүүлийн тав хоногийг Д.Адъяатөмөр надтай хамт байсан. Бэлтгэл хийх хугацаагаа уртасгаад, эрчмийг нь нэмлээ. Ууранд 120 хэмийн халуунд 4-5 цаг сууна. Тэгээд л тэмцээн эхлэх өдөр жиндээ арай чүү гэж тэнцлээ.

    Олимпын нэгийн даваанд АНУ-ын Жимми Дэвистэй таарлаа. Тэр над руу дайраад ирэхээр нь тэвэрч аваад шидсэн чинь надад хоёр оноо өгөөд торгосон. Дэвис дахиад л над руу дайрч ирээд тэврээд авахаар нь ширвээд эргэсэн чинь надад ахин хоёр оноо өгөөд бас л торгосон.  Ингээд л би дөрвөн оноотой, хоёр торгуультай болов. Минут 30 секунд барилдаж байхад яагаад намайг хоёр торгосныг ойлгосонгүй. “За, энэ шүүгч намайг гурван торгуулиар хасах гэж байгаа юм байна. Цэвэр ялахгүй бол болохгүй боллоо. Тийм болохоор барилдааны хэмнэлээ нэмэгдүүлье. Тулсан газар, хэрэгцээтэй цагт хийнэ гэж хадгалсан 7-8 нууц мэхнээсээ хийе” гэж бодов. Тэр мэхнүүд 3-4 угсарч хийгддэг мэхүүд байсан юм. Тэр мэхний нэгийг нь хийсэн чинь Дэвис  далаараа уначихлаа. Дараад хэвтчихлээ.

       Тэгсэн шүүгч цэвэр ялалт байхгүй гээд босгов. Дахиад л хоёр дахь хадгалсан мэхээ хийлээ. Ахиад л Дэвис хоёр далаараа унасан. Түүнийг мостлох боломжгүйгээр дараад суулаа. Шүүгч оноо өгөхгүй гээд босгов. Дахиад л барьц аваад өнөө хадгалсан  мэхийн гурав дахийг нь хийв. Тэгсэн нөгөө өмнөх хоёр цэвэр даралт дээр хөдлөхгүй байсан Дэвис чинь сэтгэл нь зовсон юм  байлгүй. Эсэргүүцэж, тийчигнэн, зүтгэж байгаад гараад явчихлаа. Бас л оноо байдаггүй. Цэвэр ялалт ч өгдөггүй. Олимпын дэвжээнд Дэвисийг гурван удаа цэвэр дарахад надад нэг ч оноо өгөөгүй. Ингэж намайг оноогоор хожигдуулсан юм. За яах вэ Дэвист цэвэр ялагдаагүй юм чинь учиртай. Цэвэр ялагдсан бол дөрвөн оноогоо хасуулах байсан. Оноогоор хожигдсон юм чинь дүрмийн дагуу гурван оноо хасуулна гэж бодоод л өнгөрсөн.

      Барилдааны дараа МҮОХ-ны дарга нарт хэллээ. Заргын бичиг бичээд маргаан үүсгэж шалгуулаад, ялалтаа авъя гэлээ. Тэр үед 25 ам.доллар төлөөд зарга үүсгэдэг байсан. Тэд чимээгүй л яваад өгөв. Маргааш нь намайг дарга нар дуудаж байна. Дарга нар “Нөхөр минь чи олимпын шүүгчийн мэдэхгүй мэхийг хийсэн гэж байна. Ахиад чамайг хийвэл, хатуу арга хэмжээ авна шүү” гэсэн. Тэр үед манай Ш.Магван гуай чинь ОУОХ-ны гишүүн болчихсон, том байсан. Зарга үүсгэвэл ялах боломжтой л байсан юм. Даанч дарга нар хүсэхгүй байгаа болохоор тамирчин би яах билээ. Тэгээд л би дараагийн таван тойрогт, өрсөлдөгч нараа тав цэвэр дарсан. Зургадугаар тойрогт Өмнөд Солонгосын Ян Жу Мотой барилдлаа. Тэр зургаан цэвэр ялалттай байв.

      Монреалийн олимпын миний зураг байдаг, Хоёр далны яс сөхөгдөж босчихсон, мах, булчин байхгүй, зүгээр нэг яс болчихсон харагддаг. Хэрэв би Ян Жү Мотой нэгийн даваанд таарсан бол ялагдана. Жин их хасахаар би нэгдүгээр  тойрогт зуураад тамир муутай барилддаг. Дараагийн тойргуудаас бие тавираад гайгүй болдог юм. Дэвжээн гараад би Ян Жү Мог 2-3 удаа дээш нь харуулаад цэвэр дарж чадахгүй алдлаа. Тэгээд ноцолдож байж, арай гэж 18:13-аар хожсон. Ингэж л би “Монреаль-1976” олимпоос мөнгөн медаль хүртсэн дээ. Ид явсан үеэ эргэж дурсах мөн ч сайхан байна. Тэр үедээ очсон мэт сэтгэл зүрх догдолчихлоо. Энэ спортоор хичээллэж байгаа залууст урам зориг, туршлага болох юм болов уу гэж ярьлаа шүү.

 


 

 


З.ОЙДОВ: “Нөхөр минь чи олимпын шүүгчийн мэдэхгүй мэхийг хийсэн гэж байна. Ахиад чамайг хийвэл, хатуу арга хэмжээ авна шүү” гэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188