• Өнөөдөр 2025-04-23

“ПАРИС-2024” ПАРАЛИМПОД ЖҮДОГООР ХҮЧ СОРИХ Д.ГАНБАТ ГЭЖ ХЭН БЭ

2024-08-30,   337

        “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өчигдөр эхэлсэн.  Паралимпын наадамд таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцоно. Өчигдөр Монголын тамирчдын салхийг хагалж, таэквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав тулалдан алтан медаль хүртэж, паралимпын анхны эмэгтэй аварга тамирчин боллоо.

    Тус пара олимпод оролцож байгаа Монголын хамгийн ахмад, туршлагатай тамирчин, жүдо бөхийн ОУХМ Дашцэрэнгийн Ганбат гэж бэ.  Тэрбээр 1983 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Түүний жүдо бөхийн анхны багш нь МУГД Ч.Базарсүрэн, МУГТ самбо бөхийн дэлхийн аварга Г.Батсүх, ОУХМ Б.Нарантуяа нар юм.  Д.Ганбат нь 2006 онд Малайз Улсын Куала Лампур хотод болсон Ази тивийн пара спортын  IX их наадмаас хүрэл медаль хүртэж амжилтын гараагаа эхлүүлж байв. Тэрбээр МУБИС-ийн англи, монгол хэлний ангийг төгссөн. Хараагүй ч гэсэн бага наснаасаа адуу малтай ноцолдож, ах нартайгаа барилдаж өсчээ.

       Д.Ганбатыг анх жүдогийн татамид гарахад нь “Сохор хүн барилдуулах муу ёр” гэж зарим нэг жүдочид сэжиглэн дургүйцэн хүлээн авч байжээ.  Гэвч Д.Ганбат сэтгэл санаагаар унан, шантарч мохоогүй юм.  Д.Ганбат “Бид нар хэдий сохор жүдочин мөн ч гэсэн. Гадаадын улс орны тэнгэрт улсынхаа далбааг мандуулж, төрийнхөө дууллыг эгшиглүүлж чадсандаа баярлаж бахархаж явдаг. Тийм болохоор хараатай эрүүл жүдочдын нэгэн адил төр засгаас халамж анхаарал хүсэх, хүртэх бүрэн эрхтэй гэж хэлсэн нь бий. Д.Ганбат “Хүмүүс юм гарт орно гэж ярьдаг даа. Хараатай хүмүүст байдаг бүх мэдрэмж бидэнд бий болдог.  Өрсөлдөгчийн хөл хаана байгаа. Хүндийн төв нь аль хөлөн дээр шилжиж байна. Хаашаа мушгих, ямар мэх хийж болох вэ гэсэн мэдрэмжийг сэтгэлдээ дүрслэн хардаг” гэж ярьж байлаа.  Харин пара жүдочдын ахлах дасгалжуулагч агсан, МУГТ  Г.Батсүх “Манай Д.Ганбат их барилдаанч. Дотоод мэдрэмж, хариу мэх сайтай. Өрсөлдөгчөө сайн мэдэрч барилддаг. Мэхэнд үлдэцтэй. Байгалиас заяасан төрөлх авьяастай. Босоо барилдаанаас тонгорох өмсөх, хөмрөх, хэвтээгээс даралт авах, боох, өчих мэхийг сайн хийдэг” гэж байлаа.

     ОУХМ-ын Д.Ганбат 2010 онд Хятадын Гуанжоу хотод болсон Азийн X их наадмын 90 кг-ын жинд мөнгөн медаль, 2010 Турк Улсын Анталиа хотод болсон пара жүдо бөхийн ДАШТ-д хүрэл медалийн төлөө өрсөлдөж, шагналт тавдугаар байр, 2011 оны ДАШТ-д шигшээ наймд үлдэж, шагналт долдугаар байрт шалгарч байв. 2012 онд Герман Улсад болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс хүрэл медаль, “Лондон 2012”  паралимпын наадамд шагналт долдугаар байрт шалгарсан юм.  Мөн 2014 онд Бразилын гран при тэмцээнд -100 кг-ын жинд хүрэл медаль, 2014 онд Өмнөд Солонгосын Инчеон хотод болсон Азийн пара спортын наадмын -100 кг-ын жинд хүрэл медаль, 2023 онд Казахстаны Астана хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хувийн барилдааны +90 кг-ын жинд алтан медаль хүртэж Ази тивийн аварга болсон.  Харин багийн барилдаанаас хүрэл медаль авсан. 2023 онд “Ханжоу 2022” Азийн пара спортын IV их наадмын +90 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болсон. Харин 2024 онд Азербайжаны Бакугийн гран при, Германы Хетлбургийн гран при тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдаж тавдугаар байр, Туркийн  Анталиа, Японы Токиогийн гран при тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа.

 

 

 


 

 


“ПАРИС-2024” ПАРАЛИМПОД ЖҮДОГООР ХҮЧ СОРИХ Д.ГАНБАТ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188