• Өнөөдөр 2025-02-26

Э.АРИУНБОЛД: Такато аварга долоон жилийн өмнө хамт бэлтгэл хийж байснаа мартаагүй байна лээ

2023-06-13,   2230

Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жингийн мөнгөн медальт “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболдтой ярилцлаа. Тэрбээр “Бага дэлхийн аварга” хэмээх Парис 2021 гранд слам тэмцээний хүрэл, 2021 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2019 оны Загребын гран пригийн хүрэл медальтай. Э.Ариунболд Эргэлт.мн сайт, “Монголын жүдо академи”-аас хамтран хүргэж байгаа “JUDO TALK” подкастын дугаарын зочноор уригдан оролцсон юм.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Энхтайваны Ариунболд гэдэг.Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн. Багаасаа жүдо бөхийн спортоор хичээллэж өдий зэрэгтэй яваа. Жүдо бөхийн спортоор хичээллээд 14 жил болж байгаа.

-Узбекистанд болсон өнгөрсөн 2022 оны ДАШТ-ээс медаль хүртэнэ гэдэгтэй итгэлтэй байсан уу. Сэтгэл зүйн болон дэлхийн аваргын  бэлтгэлжилт хэр байв?

-Дэлхийн аваргад оролцож байгаа бүх л бөхчүүд медаль хүртэхийн төлөө барилдаж байгаа шүү дээ. Тийм болохоор хичээж барилдахыг бодсон. Бидний ДАШТ-ий бэлтгэлжилт маш сайхан таарсан. Манай багийнхан нийтээрээ бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, бэлтгэл их сайхан тохирч, хангагдсан. Бидний бэлтгэлийн үр дүн гарч ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Миний хувьд дэлхийн аваргад анх удаагаа оролцож үзсэн тэмцээн байлаа. Дэлхийн аварга эхлэх өглөө сэтгэл зүйн хувь их тогтвортой тайван байв. Сандарч, догдлох зүйлгүй, сэтгэл тогтуун, төвлөрөөд их гоё байсан. Сугалаа ч их сайхан таарсан.

-Дэлхийн аваргын шийдвэрлэх барилдааныг эргээд нэг дурсахгүй юу?

-2022 оны ДАШТ-ий шийдвэрлэх гол барилдааныг Итали, Узбекистаны тамирчидтай хийсэн. Тэр барилдаан л хамгийн ширүүн өрсөлдөөнтэй болсон. Италийн бөхтэй тайван, төвлөрч барилдаж чадсан болохоор ялалтыг авч чадсан. Эхлээд би түүнээс вазари үнэлгээ авсан юм. Цаг дуусахын өмнө өрсөлдөгч Италийн бөхийн өмнөх жилийн дэлхийн шилдэг “Бест иппон” шагнал хүртсэн мэхэнд нь орж үнэлгээ алдсан. Тэр их сонин онцлогтой хийдэг мэх байна лээ. Тэр мэхэнд нь унаад үнэлгээ тэнцэж цаг сунгасан. Нэмэлт цагийн барилдаанд би түүнийг тайван ажиглаад хянаж байв. Гэтэл Италийн бөх одоо үүнийг гүйцээж ялах ёстой гэсэн байдалтайгаар дайраад ирсэн. Тэр хэтэрхий хяналтаа алдаж дайрсан л даа. Барьц авах гээд дайраад ирэх үед нь би дагуулаад үүрч вазари үнэлгээ авч ялсан байгаа. Бэлтгэл дээр судалгаа сайн хийж, бэлтгэл хангагчтайгаа үүрэх мэхийг бэлдэж байсны үр дүн гарсан.

Узбекистаны бөх нутгийн дэвжээн дээрээ барилдаж байгаа болохоор илүү давуу талтай байлаа. Нутгийнхаа бөхийг дэмжсэн хөгжөөн дэмжигчдийн тэр их шуугиан чимээн дундаас би дасгалжуулагчийнхаа зөвлөгөөг ялган сонсож чадаад байсан л даа. Дэвжээнд намайг дэлхийн аварга Г.Болдбаатар багш маань авч гарсан. Бид хоёрын гар нийлж их сайн хамтарч ажиллаж чаддаг юм. Узбекийн бөхтэй их хүнд барилдаан хийсэн шүү. Би түүнийг хөмрөх мэх хийхэд нь хий хөмрүүлж вазари үнэлгээ авсан юм. Тэгсэн шинэ дүрмийн дагуу гээд тэр үнэлгээг өгөөгүй. Тэгээд цаг  сунгасан. Тэр нь харин надад ашигтай байдлыг бий болгосон. Миний бэлтгэл сайн байсан болохоор ажиллах чадвар түүнээс арай илүү байсан. Харин Узбекийн бөх үндсэн цагт их ажилласан болохоор цуцах шинжтэй болсон.

-Жүдо бөхийн спортыг чухам яагаад сонгож хичээллэх болов?

-Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Аав уяач хүн. Тийм болохоор дүү бид хоёр багаасаа хурдан морь унасан. Аавын найз Энхболд ах намайг жүдо бөхөөр хичээллэхэд гол түлхэц үзүүлсэн. 2008 онд Түвшээ ах олимпын аварга болоод олон хүүхэд жүдочин болохыг хүсэж мөрөөдөөд жүдогийн секцүүдийг дүүргэсэн. Тэдний нэгэн адил мөрөөдөлдөө хөтлөгдөн “Жүдо академи”-ийг анх байгуулагдах үед нь бүртгүүлэн орж байлаа. Энхболд ах “Жүдо академид япон сургалтаар жүдо бөхийг заадаг гэнэ. Хамгийн сайн сургалттай секц гэсэн. Чи тийшээ ор” гэж зөвлөсөн юм. Тэр үед “Жүдо академи”-д ОУХМ Эрдэнэбаатар, Батсайхан багш болон Япон багш Ура Дайки дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Сүүлд О.Чинбат ах багшаар орж ирсэн.

Тухайн үед би секцэнд яваад  л хурдан тэмцээнд орж медаль авах юм бодоод байв. Гэтэл жүдо бөхийн сургалт, ухагдахуун миний бодож байснаас тэс өөр, шинжлэн ухааны үндэстэй, ёс суртахууны том хүмүүжлийг төлөвшүүлэн, хүнийг зөв хүн болгон хөгжүүлдэг спорт байлаа. Тэгээд хамгийн түрүүнд дорно дахины японы ард түмний мэндлэх, хүндлэх ёс, ёслогоог заагаад эхэлсэн. Түүний дараа зөв унах уналтыг заасан. Тэгээд өрсөлдөгчийн тэнцвэр алдуулах хөдөлгөөн, жүдогийн сонгомол дасгалуудыг заалаа. Мэх, техник, хөдөлгөөнөөс гадна ёс суртахуун, хүмүүжлийн сургалт олгож эхэлсэн. Гэтэл би мэх хурдан сурах гээд л яараад байдаг.

-Жүдо бөхийн секцэнд яваад хэр хугацааны дараа тэмцээнд оров?

-Миний хувьд бол хурдхан тэмцээнд орох хүсэлтэй. Тэгсэн тэмцээнд оруулахгүй, та нар болоогүй байгаа гээд явуулаад л байлаа. Бүтэн жилийн дараа сая нэг анхны тэмцээндээ орсон. Тэр анхны тэмцээн өсвөр үеийн УАШТ байв. Спортын төв ордны “А” зааланд УАШТ болсон. Би сууж үүрэх мэхийг сурсан. Тэр мэхээрээ эхний тойрогт сууж үүрээд цэвэр ялчихлаа. Түүндээ урам орж, онгирч хөөрөөд, сэтгэлийн хөдөлгөөнөө дарж чадахгүй хоёрдугаар тойрогт гарч барилдаад ялагдсан.

Хожигдсондоо хор шар хөдлөөд өөрийн эрхгүй нулимс урссан. Түүний дараа, дараагийн тэмцээнд шөвгийн наймд үлдээд хүрэл медалийн төлөөх барилдаанд л хожигдоод байв. Бараг хагас жил хэрээтэй хугацаанд тэгэж ялагдаж, медалиас мултарсан. Түүндээ улам хор шар буцлаад байв. Тэгэж явж байгаад Атлантын олимпын хүрэл медальт, МУГТ Д.Нармандах ахын нэрэмжит тэмцээнээс анхны хүрэл медалиа хүртсэн. Их удаан хүлээж байж хүртсэн тэр анхны хүрэл медаль их үнэ цэнтэй санагддаг. Хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээсэн. Тэр тэмцээний зооны аваргын барилдаанд дэлхийн аварга Ц.Цогтбаатарт ялагдаж байсан юм. Хүрэл медаль хүртсэн чинь цээж огшоод дуугарч чадахгүй, уйлчих гээд их сонин мэдрэмж төрсөн. Бүтэн зургаан сарын урт хугацаанд авч чадахгүй хүлээсэн медаль байсан болохоор тэгсэн байх. Харин дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэхэд тийм сонин мэдрэмж төрөөгүй шүү.

-Японд сургалтад хамрагдахдаа Нагаяаматай техник давтдаг байсан гэв үү?

-Тийм ээ. Нагаяаматай бэлтгэл болгон дээр мэх, техник цуг давтдаг байсан. Барилдаан хийе гэхээр Нагаяама татгалздаг байв. Такато аварга барилдаан хийе гэхээр дуртай зөвшөөрч барилддаг байсан. Такато аварга их энгийн марзан, яриасаг, дотно харьцаатай, нөхөрсөг зантай юм билээ. Бусад япон бөхчүүдээс тэс өөр шүү. Такато аваргад олон унаж, ялагдсан ч сүүлдээ ганц нэг үнэлгээ салгадаг болж ирсэн. Түүнээс би ямарч том аваргыг хазайлгаж, унагаж болох юм байна. Аваргуудтай барилдаж болох юм байна шүү гэсэн итгэл, үнэмшлийг олж авсан. 2022 оны дэлхийн аваргын медалийн тавцанд  гарах гээд хүлээж суух үед би Такатогоос асуусан. “Чи намайг санаж байна уу. Би японд чамтай барилдаж байсан” гэсэн. Такато “Саналгүй яах вэ. Чамайг таниж байна. Манай сургууль дээр Гэндэн багштай ирж бэлтгэл хийж байсан шүү дээ” гэсэн. Би түүнийг санахгүй байх гэж бодсон юм. Тэгсэн Такато аварга долоон жилийн өмнө нэг дэвжээн дээр нэг сар хамт бэлтгэл хийж байснаа мартаагүй байна лээ.

-Хүсэл мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Тамирчин бидний хүсэл, мөрөөдлийн оргил нь олимп, дэлхийн аваргаас медаль хүртэх шүү дээ. Тийм болохоор олимп, дэлхийгээс медаль хүртэх, дэлхийд нэрээ данслуулах, аварга болох зорилготой. Тэр зорилгын захад нь хүрч дэлхийн медальтан болж чадсандаа баяртай байгаа. Энэ бол зөвхөн эхлэл, өшөө цаашаа илүү өндөр амжилт гаргахыг хүсэж байна. Дэлхийн аваргын медалиа баталгаажуулж, олимп, дэлхийн хос медаль болохын төлөө хичээж зүтгэнэ.

 

 

 

 

 


 

 


Э.АРИУНБОЛД: Такато аварга долоон жилийн өмнө хамт бэлтгэл хийж байснаа мартаагүй байна лээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 18:32:38
    сонирхогч: амжилт эрч хүч гэгээлэг сайханг хүснэ; сэтгэл зүй , ,мэхийн үргэлжилэл, хэвтээ барилдаанд аа дүгнэлт хийнэ биз. ирээдүй өнгөлөг байгаа шүү .
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188