Түүнийг Унгарын Будапештын дэвжээнээс дэлхийн аваргын гурав дахь хүрэл медалиа хүртэх тэр агшинд спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат “Дэлхийн аваргаас гурван дахь медалиа хүртэнэ гэдэг амаргүй их хөдөлмөр, олон жилийн уйгагүй хичээл зүтгэл, авьяас чадварын үр дүн мөн. Дэлхийн аваргаас медаль хүртэнэ гэдэг бөмбөрцгийн бөхчүүдийн хийдэг ажил” хэмээн дуу алдан тайлбар хийж байлаа.
Үнэхээр гавьяат тамирчин О.Насанбурмаа гайхамшигтай амжилт гаргасан бөх. Тэрбээр 2004, 2005, 2006 оны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Улмаар 2005-2008 онуудад залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, 2007, 2008 онд залуучуудын дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Тийм ч учраас түүнийг дэлхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтааж ОХУ-ын шигшээ багтай өрсөлдөх халз тулаанд орохыг хүссэн урилгыг “FILA” –аас илгээж байв.

Самбо, жүдо, чөлөөт бөхийн төрлөөс хүндийн өргөлт, фитнес, хүчний гурван төрөлтийн спорт руу шилжсэн шилдэг тамирчид нэлээдгүй байдаг. Харин хүндийн өргөлтийн спортоос чөлөөт бөх рүү шилжсэн цорын ганц гэж хэлж болох тамирчин бол О.Насанбурмаа юм. Спорт сонирхогчид гавьяат дасаглжуулагч Т.Сүхбаатар багшийн хоёр шавь Очирбатын Насанбурмаа, гавьяат тамирчин Очирбатын.Бурмаа нарыг төрсөн эгч, дүүс хэмээн андуурах нь бий . Тэднийг “Том Бурмаа”, “Жижиг Бурмаа” хэмээн ялган дуудах нь ч байдаг .
О.Насанбурмаагийн чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбосон түүх их сонин. Түүний төрсөн эгч О.Мягмарсүрэн чөлөөт бөхөөр хичээллэдэг байж. Харин О.Насанбурмаад хүндийн өргөлтийн спорт их сонирхолтой, сайхан санагддаг байсан гэдэг. Тэгээд өөрийн сонирхлын дагуу 13 настай байхдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлжээ. Хичээллээд нэг их удалгүй өсвөр үеийн УАШТ-нд оролцсон байна. Тэр тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж “Магнайгаа тэнийтэл” баярласан аж. Гэтэл гавьяат дасгалжуулагч С.Хөхөө багш нь баярласангүй. О.Насанбурмаагийн хүч, чадал, нөөц боломжийг мэдэрсэн С.Хөхөө багшид түүний гаргасан амжилт чамлалттай санагдсан бололтой. С.Хөхөө багш “Чи алтан медаль хүртэх боломжоо ашиглаж чадсангүй. Чамд чадал, хүч тэнхээ байсан үүнийгээ яагаад гаргасангүй вэ” гээд “Толгойг нь эргэтэл” загнажээ. Дасгалжуулагчаасаа урмын үг хүлээж байсан балчир охины сэтгэл зүйд энэ нь хүндээр туссан байна. Тэрбээр гэртээ тэмцээнээс медаль хүртэн баяр, хөөртэй ирсэнгүй. Харин сэтгэл гонсгор, уруу царайлан ирсэн аж.
Тэр үед түүний эгч О.Мягмарсүрэн дүүгээ хараад аргадан, эгч хүний халуун дулаан хайр, урмын үг хайрлажээ. Эгч нь “Миний дүү ямар их хүчтэй юм бэ. Ийм их хүч тэнхээтэй юм чинь чөлөөт бөхөөр хичээллэвэл илүү их том амжилт гаргана шүү дээ” хэмээн аргадан, ятгаж, зөвлөж л дээ. Тэгээд л О.Насанбурмаа эгчийнхээ үгэнд орж 2003 онд МУГД Т.Сүхбаатар, Т.Дамбарагчаа нарын шавь болжээ. Ийнхүү О.Насанбурмаа гавьяатын чөлөөт бөхийн спортод хөл тавин орж ирсэн түүх эхэлжээ.
О.Насанбурмаа “Эгч маань намайг өдий зэрэгтэй бөх болоход их хувь нэмэр болсон. Анх бөхийн секцэнд ороод эгчтэйгээ цуг бэлтгэл сургуулилалт хийдэг байлаа. Мэдэхгүй, чадахгүй байгаа бүхнийг эгч маань хажуугаас хараад зөвлөнө. Эгч маань өөрийнхөө бэлтгэлээ үл хайхран, хамаг анхаарлаа надад хандуулан алдаа дутагдал бүрийг минь засаж өгдөг байсан шүү” хэмээн дурсан ярьж байв. Тамирчин хүний амжилт гаргах гол тулгуур нь мэдээж багш байдаг. О.Насанбурмаагийн тив, дэлхийн хэмжээнд гаргасан эдгээр амжилтууд түүний багш МУГД Т.Сүхбаатар багштай салшгүй холбоотой. 2008 онд Токиогийн дэлхийн аваргаас анхны хүрэл медалиа хүртэж ирээд надад ярилцлага өгөхдөө “Т.Сүхбаатар багштайгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд цуг явсан учраас энэ медалийг хүртэж чадлаа. Дэвжээний хажуугаас багш ямар мэх хийх, яаж барилдах тактикийг хэлж өгч байв. Өөрийн анхны гарын багштайгаа яваа тамирчин бусдаас илүү давуу талтай байдаг юм билээ” гэж ярьж байсан билээ.

О.Насанбурмаа гавьяат дэлхийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа хүртээд дараагийн зорилгоо Лондонгийн олимпын наадам хэмээн тодорхойлж байв. Тэрбээр ДАШТ-д амжилттай барилдаж, “Лондон 2012” олимпод оролцох болзолыг хангасан. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд түүний оронд 59 кг-ын жингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэгийг жин өгсүүлэн, ямар ч сорилт тэмцээн хийхгүйгээр 63 кг-ын жинд Лондонгийн олимпын наадамд оролцуулах хачирхалтай нэгэн шийдвэр гаргаж байлаа.
Энэ шийдвэр О.Насанбурмаад маш хүнд туссан. Олон жилийн хүсэл мөрөөдөл, хөдөлмөр нь “Салхинд хийсэх” шиг л болжээ. Сэтгэл, санаагаар унасан. Эд амжилт гаргах боломжтой бэлтэлжилт нь жигдэрсэн оргил үед нь түүний урмыг хугалж, хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг нь МЧБА-ны удирдлагууд үгүй хийсэн юм.
Тамирчин бүхний мөрөөдөл, зорилго олимпын наадам байдаг. О.Насанбурмаагийн олимпод оролцох мөрөөдөл үгүй болсон нь түүнд хүнд цохилт болжээ. Монголын чөлөөт бөхийн холбоо “Урмыг нь нугалхаар ууцыг нь хугал “ зүйр үгийг умартаад л өнгөрөв. Энэ бүхнээс болоод О.Насанбурмаа гавьяат чөлөөт бөхөө орхих, зодог тайлахаар бодох болжээ. Энэ тухай бодлоо Т.Сүхбаатар багшдаа дуулгасан байна. Харин Т.Сүхбаатар багш ”За Ука минь, чи үнэхээр хүчээ шавхан байж ДАШТ-ээс Лондон 2012 олимпын эрхийг авсан. Чөлөөт бөхийн холбооны шийдвэрийг чи, бид хоёр өөрчилж чадахгүй. Ингэж зовж зүдэрч, амжилт гаргачихаад, ид амжилт гаргах оргил үе дээрээ спортоо орхиж, болих шиг амархан зүйл байхгүй. Уг нь чи эцсийн мөч хүртлээ энэ спортоороо хичээллэх ёстой. Олимп нэгээр дуусахгүй гэж хэлжээ. Яг үнэндээ бол олимпын дөрвөн жилд нэг удаа болдог. Их урт удаан хугацаа, дөрвөн жил оргил амжилтаа хадгалж барина гэж бараг л байхгүй, хэцүү зүйл. О.Насанбурмааг зодог тайлуулахгүйн тулд Т.Сүхбаатар багш тэгж хэлжээ.
Лондон 2012 олимпын өмнөх жилүүдийн УАШТ-ний 63 кг-ын жингийн аваргын төлөө дэлхийн аварга С.Батцэцэг, О.Насанбурмаа нар хоёр удаа тааран барилдсан юм. Тэд хоёр биенээ ээлжлэн ялсан байдаг. Тийм ч учраас тэнцүүхэн хоёр өрсөлдөгчийн хэнийг нь ч олимпод явуулсан ч ижил амжилт гаргах магадлал өндөр байв. Ингээд О.Насанбурмаа Лондонгийн олимпод өөрийн жинд, 59 кг-ын жингийн дэлхийн аварга С.Батцэцэгийг үдэн мордуулж “Дээлийн захыг нь мушгин” амжилт хүсэн хүлээж суухаас өөр аргагүй болсон юм. С.Батцэцэг гавьяат энэ итгэл найдварыг нь алдалгүй Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртсэн билээ.

Унгар Улсын Будапешт хотод 2013 онд болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд монголын эмэгтэй бөхчүүд түүхэн амжилт гаргасан юм. Манай эмэгтэй бөхчүүд дэлхийн аваргаас таван медаль хүртэж багийн дүнгээр дэлхийд хоёрдугаар байрт шалгарав. Тус дэлхийн аварга О.Насанбурмаа гавьяат жин өгсөн 67 кг-ын жинд дэлхийн аваргын гурав дахь хүрэл медалиа хүртсэн. Тэрбээр медалийн өнгөө хувиргах бүрэн боломжоо сүүлийн хэдхэн хоромд алдсан юм. Өрсөлдөгч бөхөө оноогоор хожиж яваад тактикийн алдаа гарган оноо алдаж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй үлдэж байлаа.
Харин хүрэл медалийн төлөө барилдаанд өмнө гаргасан алдаагаа давталгүй хянуур барилдан медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан юм. Ер нь О.Насанбурмаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй ч сэтгэлийн тэнхээтэй. Хортой, шартай, өөртөө итгэлтэй, сэтгэлийн хүсэл тэмүүлэлтэй байж чаддаг учраас энэ их амжилтуудыг гаргаж чадсан билээ. Бэртэл гэмтэл нь түүний амжилтыг хойш нь татсан. Түүний эгэм, хоёр хөл нь хугарсан ч тэр шанатарч мохолгүй дэвжээндээ эргэн ирсэн юм. Хүнд хагалгаанд орох үед нь олон хүн түүнийг “ Одоо барилдах ямар ч боломжгүй боллоо. Ийм хүнд хагалгааны дараах нөхөн сэргээлт удаан, бэлтгэл сургуулилалт хийх болохгүй” гэцгээж байлаа. Гэтэл О.Насанбурмаа тэр бүхнийг биеэрээ даван туулж бөхийн спортдоо эргэн ирсэн юм. Баргийн хүнээс тэр болгон гараад байхгүй тэсвэр, тэвчээр заан, хүнд бэрхшээлийг даван туулж 2018 онд ДАШТ-д 72 кг-ын жинд Унгарын Николетта Смольскаг 10:0-ээр, Туркийн Бусе Тосуныг 7:6-аар, БНХАУ-ын Хуан Вангийг 6:0-ээр ялж шигшээд үлдсэн юм. Тэрбээр Канадын Жустина Ренай Ди Стасиотой алтан медалийн төлөө барилдаж, мөнгөн медаль хүртэж байв. Дэлхийн аваргаас 63, 67, 72 кг гэсэн гурван өөр жинд дөрвөн медаль хүртсэн гэдэг бахархалтай. О.Насанбурмаа гавьяат монголын чөлөөт бөхийн болон дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд тод мөрөө гаргаж чадсан бөмбөрцгийн бөх яах аргагүй мөн билээ.
| БӨМБӨРЦГИЙН БӨХ О.НАСАНБУРМАА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |