• Өнөөдөр 2024-05-19

М.БАТ-ЭРДЭНЭ: “Шан-Чи” кинонд үүргээ бүрэн биелүүлж чадаагүйдээ “шар гозойгоод” нутаг буцаж байлаа

2021-09-13,   927

-БИ ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН ШИЛДЭГ ОРЛОН ТОГЛОГЧДЫН БАГИЙН ГИШҮҮН-

Монгол Улсад кино урлагийн орлон тоглолтын салбар идэвхтэй өсөж, хөгжиж байна. Үүний нэгэн тод жишээ нь Монголын мэргэжлийн орлон тоглогчид Холливудын “Мулан”, Марвелын “Шан-Чи болон 10 бөгжний домог” кинонд орлон тоглолт хийсэн юм. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч та бүхэнтэй “Мулан” болон “Шан-Чи болон 10 бөгжний домог” кинонд орлон тоглогчийн дүр бүтээсэн “Action crew” багийн гишүүн, жүжигчин М.Бат-Эрдэнийг “уулзуулж” байна.

-Марвел продакшны анхны Ази супер баатрын түүхийг өгүүлсэн “Шан-Чи болон 10 бөгжний домог” кинонд орлон тоглогчийн дүр бүтээсэнд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

          -Марвелын “Шан-Чи болон 10 бөгжний домог” кинонд орлон тоглогчийн дүр бүтээх саналд манай мэргэжлийн орлон тоглогчдын “Action crew” багийн нэг хүн байсан. Харин сүүлд нь манай багийнхан 10-уулаа явахаар болж, 2020 оны нэгдүгээр сард явж, 10 сарын хугацаанд үүргээ гүйцэтгэж, ажилласан.

          Манай багийнхан Австрали Улсад очоод Сидней хотын Ваверли дүүрэг байрлаж, ажилласан. Австралийн зураг авалтад ажиллахдаа тус улсад байрлах “Fox” студийн бүхий л томоохон объект дээр нь ажиллаж үзсэн.

-“Шан-Чи болон 10 бөгжний домог” кинонд ямар зохион байгуулалттай, хэрхэн оролцов?

          -“Шан-Чи болон 10 бөгжний домог” киноны эсрэг талын дүрийн морин дээрх орлон тоглолт, Бенедикт Вонгийн дүрийн тулааны орлон тоглолт, гол дүр болох Шан-Чигийн орлон тоглогчийг ч манай монголчууд хийж чадсан. Зураг авалтын үеэр жүжигчдийн дэргэд мэргэжлийн орлон тоглогчид л зогсохгүй бол жүжигчнээ гэмтээж, бэртээх эрсдэлтэй байдаг. Зураг авалтын ихэнх тохиолдолд л манай “Action crew”-ийн залуус жүжигчидтэй хамгийн ойр байлаа.

          Эхэндээ манай “Action crew” багийнхан “Шан-Чи болон 10 бөгжний домог” киноны эхлэл хэсэг дээрх морьтой тулааны хэсэгт оролцохоор очсон. Морьтой тулааны хэсэг дуусмагц кино багийнхан “Өө энэ монголчууд чинь том биетэй, царай төрх нь ч болж байна” гээд биднээс шалгалт авч, тэнцсэнийг нь үргэлжлүүлэн орлон тоглогчоор ажиллуулахаар болсон.

-Орлон тоглогчдоос ямар шалгалт авсан юм бэ?

-Skyfall гэдэг байшингийн урд барилгын карказан дээр зодолддог хэсэгт биднээс шалгалт авсан. Шалгалтын дараа манай “Action crew” багийн тав нь царай төрх, ур чадвараараа тэнцэж, үлдсэн тав нь нутаг буцахаар болсон юм. Харамсалтай нь би шалгалтдаа тэнцэлгүй нутаг буцахаар болсон.

-Эх орноосоо түүх бүтээхээр хамт гарсан ч бүгдээрээ хамт байж чадахгүй болоод нутаг буцах мэдрэмж хэцүү байсан уу?

          -Өөрийнхөө гаргасан бүх алдаанд дүгнэлт хийсэн. “Шан-Чи болон 10 бөгжний домог” кинонд орлон тоглогчийн үүргээ бүрэн гүйцэтгэж чадаагүйдээ “шар гозойгоод” нутаг буцаж байлаа.  Тухайн үед “Тэнд байхын тулд яг л гаднынхан шиг Холливуд, дэлхийн хэмжээний ур чадвар, туршлага хэрэгтэй юм байна” гэж бодсон юм. Харин эх орондоо ирээд “Энэ алдаагаа санаж, дараа дараагийн уран бүтээлдээ илүү их хичээх болно” гэж өөртөө хэлж, өөрийн гэсэн зорилгоо тодорхойлж чадсан.

-Австралиас эх орондоо ирээд өөртөө тавьсан гол зорилго чинь юу юм бэ?

-Би дэлхийд үнэлэгдсэн шилдэг орлон тоглогчдын багийн гишүүн. Харин цаашид орлон тоглолтоосоо гадна тив, дэлхийн, цаашлаад бүр Холливудын хэмжээний жүжигчин болох зорилго өөртөө тавьсан.

-Монгол Улсаас анх удаа мэргэжлийн орлон тоглогчдоороо дэлхийд үнэлэгдсэн багийнхаа талаар ярьж өгөхгүй юү. Анх хэрхэн “Action crew” багийн нэг хэсэг бол байв?

          -Би КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Оюутан байх цагаасаа л орлон тоглогчийн мэргэжилд дуртай байсан. Гэсэн хэдий ч анх “Action crew” баг маань шалгаруулалт зохион байгуулаагүй байсан болохоор багийнхаа нэг хэсэг болж чадаагүй юм.

          Харин намайг их сургуулиа төгссөний дараа “Action crew” багийн шалгаруулалт болсон. Шалгуулагчид бүгд ижил техник, ур чадвараар гурван сар хүртэлх хугацаанд бэлдэж, түүний дараа шалгаруулалтдаа байлаа. Тухайн үед би шалгуулагчид дундаас нийт оноогоороо гуравт шалгарсан. Харин “Action crew” баг шалгаруулалтын эхний гурван байрыг багтаа элсүүлдэг байсан нь энэ гэр бүлийн нэг хэсэг болоход хүргэсэн юм. Багтаа орсноос хойш хамгийн анхны орлон тоглолт маань “Эможи” киноноос эхлэлтэй. Түүнээс хойш хэдий нь 20 орчим бүтээлд орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэжээ.

-Орлон тоглогчоор дүрээ мөнхөлсөн бүтээл бүхэн тань “Action crew” багтай салшгүй холбоотой байх. Анх хүсэл, зорилго нэгтэй орлон тоглогчдын нэгдэж, нийлсэн “Action crew” гэр бүлийнхээ талаар ярьж өгөөч?

          -Би багийнхандаа маш их хайртай. Манай багийнхан яг л нэг бүр шиг байдаг. Ихэнх цагийг хамт бэлтгэлээ хийх, хамт байх зэргээр нэгэндээ зориулж чаддаг. Орлон тоглолт багийн систем, удирдлагаар явдаг. Нэг л гишүүн нь байхгүй байх юм бол багийн систем, баг ч тэр бүхэлдээ нурж, унах болно. Бидний хэн нэгэн нь маш хүнд үзүүлбэр хийж байх үед түүний амь бусдынх нь л гарт байна гэсэн үг. Тийм ч учраас л нэгнээ илүү хайрлаж, нэгэн жигд, нэг хүн шиг ажиллаж чаддаг байх.

-Монголын орлон тоглогчдын баг гадаад очихоор гаднын кино багийнхан, бусад орлон тоглогчид хэрхэн хүлээж авдаг вэ?

          -Манай “Action crew” багийн зорилго бол дэлхийн стандартын түвшинд ажиллах. Тийм ч учраас хаана ч очсон бүх хүнтэй найрсаг байхыг хичээдэг. Гаднын оронд байх хугацаандаа маш олон найзтай болдог шүү. Гаднынхны хоорондоо ярьдаг шуумыг нь сонсох нь ээ “Монголчууд хүчтэй, идэвхтэй, маш найрсаг залуучууд байна” гэдэг юм билээ.

-Гадаадад орлон тоглолт хийх үед цаг уурын өөрчлөлт, цагийн бүсийн ялгаанаас үүдэлтэй хүндрэлтэй нөхцөл байдал хэр их гардаг вэ?

-Олон улсын кино багууд Монголынхоос ялгаатай нь ямар ч жүжигчин, орлон тоглогчийнхоо аюулгүй байдлыг хамгаалдаг. Манайхан Монголд эд өвөл болж байхад өөр оронд очиж, зураг авалтад орох гэтэл өнөөх газарт нь 30 градус хүрч, халж байдаг. Энэ мэтчилэн цаг уур, цагийн бүсийн өөрчлөлтөөс үүдэж, ажлын дундуур нойр хүрэх, унтлагын цагаар нойргүйдэх зэрэг асуудал учирна.

-Орлон тоглогчдын мэргэжлийн “дайсан” нь бэртэл, гэмтэл гэдэг. Харин танд бэртэл, гэмтлийн улмаас орлон тоглолтоо гүйцэтгэж чадахгүй болсон үе таарч байв уу?

          -Орлон тоглогчид шагайгаа далий гишгэх, цуулах, өвдгөө хойш нь тулгах гэх зэрэг бэртлүүд цаг үргэлж тулгардаг. Би 2018 онд Шинэ Зеландад “Мулан” киноны төсөлд ажиллаж байхдаа амралтын үеэр бусадтайгаа барилдаж байгаад гараа хугалчихсан юм. Эмнэлэг дээр очтол “Хоёр сарын хугацаанд гартаа гипстэй байна. Гипсээ авч болохгүй” гэсэн. Хэрэв миний хувьд хоёр сарын турш тийм байдалтай байвал ажлаа гүйцэтгэж чадалгүй Монгол руугаа буцах байсан. Тэгээд эмчээсээ гуйж байгаад хоёр сар биш долоо хоног болгосон юм. Азаар хугараагүй тохойгоороо мултарсан байж таараад долоо хоногийн дараа гипсээ авч, ажилдаа орж байлаа. Гэсэн ч мултарсан тохой чинь долоо хоногийн дотор бүрэн эдгэчихгүй шүү дээ. Аль чадахаараа л гараа хүчтэй боож, уяад шүдээ зуугаад л ажилдаа орсон доо.

 

 

 


М.БАТ-ЭРДЭНЭ: “Шан-Чи” кинонд үүргээ бүрэн биелүүлж чадаагүйдээ “шар гозойгоод” нутаг буцаж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-12 20:49:23
    Zochin: eoooe aimr ih tesver tevcheertei mundag zaluu yumaa amjilt husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-13 17:08:27
    zochin: bas l changa umaa, bie anchaaraarai, amjilt chusei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-13 17:08:26
    zochin: bas l changa umaa, bie anchaaraarai, amjilt chusei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-13 17:08:26
    zochin: bas l changa umaa, bie anchaaraarai, amjilt chusei
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188