• Өнөөдөр 2025-04-18

Ч.Ундрам: Бидэнд алдах эрх байхгүй. Эрч хүчтэй ажиллах цаг ирсэн

2020-08-30,   455

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.
 
-УИХ-ын ээлжит сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж, иргэд танд итгэл хүлээлгэснээр дөрвөн жил сэлэнгэчүүдийг  төрд төлөөлөхөөр боллоо. Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн талаар ярилцлагаа эхлүүлье?
-Би ОХУ-д төрсөн. Ээж минь тус улсын Свердловск мужид оюутан байхдаа намайг төрүүлсэн юм. Оюутны дотуур байрны хүүхэд гэж хэлж болно (инээв). Намайг төрөөд 21 хонож байхад ээж, аав минь Монголд ирсэн гэдэг. Аав минь тухайн үед сургуулиа дөнгөж төгсөөд Сэлэнгэ аймгийн төвд Усны аж ахуйн байгууллагад инженерээр ажилд орсон. Миний бага нас Сэлэнгэ аймагт өнгөрсөн. Аав Усны аж ахуйд ажилладаг учраас байнга л сумдаар явна. Тухайн үед аав минь шаахай-71 гэдэг мотоциклтой, би хажууд нь суугаад явдаг байлаа. Аавыгаа дагаад олон суманд очсон доо.
 
Дараа нь аав ШУТИС-ийн политехникийн коллежид багшаар ажиллахаар болж, Улаанбаатар хот руу манайх шилжсэн. Үүнээс хойш би нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцаж, ахлах сургуулиа АНУ-д төгссөн. Зуныхаа амралтаар байнга л Сэлэнгэ рүүгээ явна. Авга ах нар маань Сэлэнгэ аймгийн Баруунхараа, Зүүнхараагаар нутаглаж, газар тариалан эрхэлдэг. Тэднийдээ очиж, гахай, тахиа хооллох, ногоо услах зэрэг ажилд нь тусалдаг байв.
 
-Та эхээс хэдүүлээ вэ. Айлын том хүүхэд дүү нараа асрах, ээж, аавдаа туслах гээд ажил их байдаг байсан биз?
-Би таван дүүтэй. Миний туслах гэж юу байх вэ. Гэхдээ намайг багаас ажилд сургах гэж ойр зуурын ажил хийлгэдэг байсан. Эцэг, эх минь аж ахуйч хүмүүс л дээ. Хамаатны эгч нараа дагаад ногоо услахаар хоёр литрийн бидон бариад явдаг байлаа.
 
-Та ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байв?
-Хүүхэд байхдаа бүжигчин, балетчин болох юм сан гэж боддог байлаа. Сүүлд зураач болохоор шийдчихсэн байхад эцэг, эх минь болиулж, бизнесийн чиглэлээр суралцах болсон. Тухайн үед манайх зах зээлийн нийгэмд шилжээд, урлаг уран сайхны үнэлэмж буурчихсан учраас ийм шийдвэрт хүрсэн. Би бизнесийн чиглэлээр суралцсандаа харамсдаггүй.
 
-Та одоо зураг зурдаг уу?
-Гэртээ чөлөөт цагаараа зурна. Би өөрөө сюрреалист зурагт илүү дуртай. АНУ-д суралцаж байхдаа илүү сайн зурдаг болсон. Үүнээс өмнө монгол зураг зурдаг байсан. Тухайн үед Т.Нурмаажав зураач надтай хамт амьдардаг, түүнээс  монгол зургийн техникийг сурч байлаа. Одоо харин зургийн техникээ сэргээх зорилгоор натурал зураг зурдаг.
 
-Зурахаас өөр авьяас бий юү?
-Би бүжиглэдэг байсан. Ээж минь тухайн үеийн Музейн удирдах газрын дэд даргаар ажилладаг байв. Ээжтэй хамт балет, жүжиг, дуурь үзнэ. Мөн хүүхдийн ордонд Ч.Жаргалсайхан багшийн удирдлага дор бүжгийн дугуйланд явж, монгол, латин америк бүжиг сурсан. Харшийн сүлд модны наадамд оролцдог, шүлэг бичих дуртай, урлагт хайртай хүүхэд байлаа.
 
-Урлагийн мэргэжилтэн болох сонирхолтой хүүхэд бизнесийн чиглэлээр суралцахад хүнд байсан биз?
-Зах зээлийн дараа бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн хүн ховор. Ихэнх нь ганзагын наймаанаас бизнесээ эхлүүлсэн учраас бизнесийн салбарт мэргэжлийн хүн хэрэгтэй гэж бодсон. Би багадаа математикийн хичээлдээ сайн байсан учраас нэг их хүнд байгаагүй. Англи Улсын Лондон хотод бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Анх энэ чиглэлээр суралцахад маш сонирхолтой байсан. Менежментийн шинжлэх ухаан хүний амьдралын нэг хэсэг. Гэр бүл төлөвлөлт хүртэл үүнтэй холбогддог болсон байна. Менежмент гэдэг шинжлэх ухаан, нөгөө талдаа урлаг гэж тодорхойлж болно.  
 
-АНУ руу та сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцсан гэсэн. Орчин нөхцөлдөө хэр хурдан дассан бол?
-АНУ-ын Хойд Каролина муж улсын  ахлах сургуульд сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцсан. Тухайн үед 15 настай байсан. Монгол одоогийнх шиг нээлттэй байгаагүй учраас бүх зүйл маш шинэ, содон санагдаж байв. Ялангуяа арван жилийн боловсролын систем, хүүхдүүдийн төлөвшсөн байдал нь анхаарал татаж байлаа. Одоо ч гэсэн би боловсролын салбарт шинэчлэл хийх олон зүйл бий гэж боддог. Тэр үед сурагч солилцоогоор явахад хамгийн чухал шалгуур нь хэлний чадвар байсан. Надтай хамт арваад хүүхэд явж байсан санагдаж байна.
 
Нийслэлийн 23 дугаар сургуульд суралцдаг байхад Бямбын Ринчен гуайн гуч н.Хатантуул ширээний минь найз байлаа. н.Хатантуул англи хэлний хичээлдээ маш сайн. Ингээд надад тусалж, хамт гэрийн даалгавраа хийдэг, англи хэл зааж өгдөг байсан. Үүний хүчинд би англи хэлний хичээлдээ дуртай болж, сайн суралцсан. Америкт очоод хэлний чадвар улам сайжирсан. Тэнд очиход америкийн түүх, уран зохиол, байгалийн шинжлэх ухаан, зургийн хичээл нь сонирхолтой санагддаг байв. Мөн хувь хүний манлайллын хичээлүүд ордог, клубт харьяалагддаг байсан. Тэнд би өөрийгөө задалж, нээж өгсөн гэж боддог. Үүний дараа Англид их сургуулиа дүүргэсэн. Англи Улс эртний түүх соёлтой, европын олон үндэстэн ястан цугларсан орон. Мөн хатан хаан одоог хүртэл байдаг нь сонирхол татаж байлаа.
 
-Таныг маш залуу доктор гэдэг?
-2010 онд Япон Улсын Нагоя хотын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, зочин судлаачаар ажиллан, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба симмуляц дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 26 настайдаа докторын зэрэг хамгаалж байв. 2015 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор дэд профессор цол хүртсэн. Сүүлийн арав гаруй жил МУИС-д багшаас нь эхлээд дэд захирал хүртэлх албан тушаал хашсан.
 
Энд ажиллах хугацаандаа дээд боловсролын шинэчлэлийн асуудал, шинжлэх ухааны хөгжлийн чиглэлд анхаарч ажиллалаа. Аливаа ажил ганц хүний зүтгэлээр бүтдэггүй. Багийн ажил байдаг. Миний өнгөрсөн  хугацаанд хийж бүтээсэн бүхэн баг хамт олны минь зүтгэл. Харин одоо надад нэг байгууллага бус Монгол Улсынхаа боловсролын салбарт дуу хоолой болж ажиллах том үүрэг ногдлоо.
 
-Залуу боловсон хүчин энэ удаагийн сонгуульд олноороо сонгогдлоо. Үүний нэг нь та. УИХ-д яагаад нэр дэвших болов?
-Боловсролын салбарт өөрийн мэддэг чаддаг, үзсэн харсан бүхнээ зориулах, багш нартайгаа хамтран зүтгэж, тэднийхээ дуу хоолой болъё гэж шийдсэн. Би багш, ээж хүн. Тиймээс ирээдүй хойчдоо сайхан ирээдүйг бүтээхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах юм сан гэсэн үүднээс УИХ-д нэр дэвшсэн.
 
-Иргэдээс та ямар захиас даалгавартай ирсэн бэ?
-Хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ. Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгоноор явж, иргэддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр бүх хүчээ дайчлан ажиллана. Маш хариуцлагатай цаг үед УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Коронавирусийн халдвар гарсантай холбоотой эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал сайнгүй байна. Тиймээс эдийн засгийн асуудалд анхаарал хандуулна.
 
Мөн шүүх засаглалд анхаарч, шударга ёсыг тогтоохын төлөө зоригтой, зарчимтай ажиллана. Намын мөрийн хөтөлбөрт монголын нийт ард түмний амьдралыг сайжруулах, улс орны хөгжлийн асуудлыг бүхэлд нь харсан бодлого дэвшүүлсэн. Тиймээс УИХ-ын гишүүнээр сонгогдсоны хувьд нийт ард түмэн рүүгээ чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн. Мөн Сэлэнгэ аймгийг төлөөлж сонгогдсоныхоо хувьд аймаг, нутаг  орон руугаа чиглэсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллана.
 
-Та боловсролын салбарт ажиллаж байсан хүний хувьд энэ салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлсэн, технологийн шилжилтийн эрин үед бид амьдарч байна. Дэлхий тэр чигтээ өөрчлөгдөж байна. Хүүхдүүдийн сэтгэл зүй, суралцах арга барил, анхаарлаа төвлөрүүлэх гээд бүх зүйл өөрчлөгдсөн. Энэ үед хүүхдээ өрсөлдөх чадвартай, ажлын байртай, амьдралын баталгаатай орчныг нь бэлдэх ёстой. Тиймээс боловсролын салбарт бид шинэчлэл хийх цаг болсон.
 
Боловсролын салбарын багц хуулийг судалгаа шинжилгээнд үндэслэн салбарын бүх түвшиний төлөөллийг оролцуулж, шинэчлэн боловсруулах шаардлагатай. Гэхдээ үүнийг богино хугацаанд хийж болохгүй. Боловсролын салбарт сургуулийн өмнөх боловсролоос эхлээд ерөнхий боловсрол, МСҮТ, их, дээд сургууль гээд маш өргөн хүрээг хамардаг. Энэ том тогтолцоог ул суурьтай судалж, шинжилж, хэлэлцэж байж, шинэчлэл хийх нь зүйтэй.
 
-Эдийн засаг, нийгмийн амаргүй цаг үед МАН олонх болж сонгогдсон. Хамгийн түрүүнд ямар ажил хийж хэрэгжүүлэх ёстой гэж харж байна вэ?
-Өнгөрсөн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнтэй уялдуулан 30 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Тэгэхээр эдгээр хуулийг эхний ээлжинд шинэчлэн батлах нь зүйтэй. Хоёрдугаарт, эдийн засгийг тогтвортой байлгах. Үүний тулд экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа солонгоруулах, өрхийн аж ахуйг хэрхэн дэмжих вэ гэдэгт анхаарах ёстой гэж үзэж байна.
 
-Иргэд сонгогчидтой уулзаад явж байхад тэнд тулгамдаж байгаа асуудал нь юу байв?
-Хамгийн анхаарах ёстой зүйл нь ажлын байрны асуудал. Хөдөө орон нутагт ажлын байр хомс байна. Мэдээж тодорхой хувь нь багш, эмч, төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа. Гэхдээ дийлэнх нь ажилгүй, орлогогүй байгаа нь ажиглагдлаа. Иймд ажын байр бий болгож, өрхүүдийг орлоготой болгосноор дараагийн асуудлаа ярих хэрэгтэй. Мөн хөдөө орон нутагт тулгамдаж буй нэг асуудал нь иргэдийн эрүүл мэнд.
 
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд манайх сайн ажиллаж байгаа нь коронавирусийн үед ажиглагдлаа. Гэхдээ хавдар, элэг, зүрх судасны өвчний тоо өдөр бүр нэмэгдэж байна. Тэгэхээр үүнд анхаарах цаг болжээ.
 
-Ирэх дөрвөн жил эдийн засгийн хувьд хүнд байх нь. Үүнийг эрсдэл багатай туулах боломж байна уу. Та эдийн засагч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?
-Энэ удаагийн парламентад 19 эдийн засагч сонгогдсон байна. Бид эхний ээлжид банк санхүүгийн байгууллагад шинэчлэл хийж, санхүүгийн тогтолцоог сайжруулах ёстой. Зээлийн хүү, инфляцыг бууруулах талаар анхаарах. Харин микро түвшинд аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй. 2016 онд МАН маш хүнд эдийн засгийг хүлээж авсан. Өр зээл ихтэй, эдийн засгийн өсөлт хасах руу орчихсон байв. Иймд үед эдийн засгаа өсөлттэй болгох чиглэлээр ажиллаж, тодорхой хэмжээний өр зээлээ төлж барагдуулсан. Цаашид бидэнд  алдах эрх байхгүй. Эрч хүчтэй ажиллах цаг үе ирсэн.

Ч.Ундрам: Бидэнд алдах эрх байхгүй. Эрч хүчтэй ажиллах цаг ирсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188