“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, прокурорт шилжүүлсэн. Тэгвэл прокурорын байгууллагаас өчигдөр хэргийг хянаж, шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар тэнд холбогдох хэрэгт худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэсэн зүйл анги нэмжээ.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа манайхаас өнгөрсөн долдугаар сард прокурорт хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас өчигдөр буюу наймдугаар сарын 1-нд тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдээд шүүхэд хэргийг шилжүүлсэн байна лээ. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарыг гэмт бүлэг байгуулах түүнд элсэх, хахууль авах, өгөх, мөнгө, угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдүүлэг өгсөн, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэсэн зүйл ангиар татаж, шалгаж байна" гэлээ.
Т.Аюурсайхан Б.Ганхуяг нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ |
|