• Өнөөдөр 2024-05-14

НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ БАГТСАН С.ГАНБААТАРЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛЖ БУЙ БАРИМТ

2023-06-19,   886

       Нүүрсний хулгайн асуудлаар Их хурал сонсгол зохион байгуулна гэх амлалт өгөөд хагас жил болсон. Гэвч өнөөдрийг хүртэл нүүрсний сонсголыг УИХ явуулахаас цааргалж, мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой асуудлаар хойшилсон гэх тайлбар өгч байв. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороог татан буулгаж, шинээр байгуулах захирамж гаргаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан  Түр хороонд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байсан учир татан буулгах шийдвэр гаргасан гэх мэдээлэл бий.
 
    Нүүрсний сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтаад байна. Түр хорооны Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын талаар баримтыг хүргэж байна.
 
      УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон түүний туслахыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн гэдэг. Мөн Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнуудыг тэдэнтэй хамтатган шалгаж эхэлсэн гэнэ.  Дээрх хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдээсээ авлига авч, “Улсын аварга малчин” цол олгосон байж болзошгүй өргөдөл, гомдол АТГ-т иржээ.
 
         Тодруулбал, Баянхонгор аймгийн малчид болон тодорхой албан тушаалтнуудаас “Улсын аварга малчин өрх шалгаруулах ажлын хүрээнд Баянхонгор аймгаас журмын дагуу аймгийн ХХААГ дээр шалгаруулалт хийж, хамгийн өндөр үнэлгээ авсан С.Бямбасүрэн нарын  найман малчны материалыг ХХААЯ-нд хүргүүлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон түүний туслах нар нь Засгийн газрын зарим албан тушаалтнуудтай хувилдаж, өөрийн хамаарал бүхий этгээдүүдээ шалгаруулж, Улсын аварга малчин болголоо. Энэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, малчдыг хохироосон хэрэг юм. Баянхонгор аймгийн ЗДТГ-аас малчин Д.Ринчиноров нарын найман хүний нэрийг ХХААЯ-нд хүргүүлсэн. Гэвч явуулсан нэрсээс хоёр хүнийг нэрийг хассан байна. Угтаа бол аймагтаа хамгийн өндөр оноо авсан хүмүүс байсан. Гэтэл ЗДТГ-ын хурлаас нэр нь хасагдсан Баацагаан сум, Галуут сумын хоёр малчныг нэрийг оруулж, тодорхойлолт, бичиг баримтгүйгээр Улсын аварга малчин болгожээ. Иймд эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, бусдыг хохироосон УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын хууль зөрчсөн үйлдлийг шалгаж өгнө үү” гэх утга бүхий гомдол АТГ-т ирсэн байна. Иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
 
          Зарим эх сурвалжийн мэдээлснээр “УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өвөө нь Баянхонгор аймгийнх учраас өөрийн хамаарал бүхий ах, дүү нараа Улсын аварга малчин болгосон байж болзошгүй. Мөн тэрбээр Баянхонгор аймагт ирж, хариуцлагагүй уул уурхайтай тэмцэнэ нэрийдлээр хүмүүстэй танилцаж, иргэдийг турхируулдаг байж болзошгүй учраас шагнал, урамшуулал наймаалцсан байх магадлалтай гэж хардаж байгаа. Малчдыг хохироосон асуудал жил бүр гардаг. Ар, өврийн хаалгаар Улсын аварга малчин болсон хүмүүс харамсалтай байна. Хөдөлмөрөө үнэлүүлэх гээд хүлээж байсан олон малчныг ууцыг нь хугалсан асуудал боллоо. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж, үнэнээр тогтоогоосой гэж хүсэж байна. С.Ганбаатар Баянхонгор аймгаас нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байж болзошгүй. Ийм учраас хүмүүст амласан амлалтдаа хүрч, хүмүүсийг хүчээр Улсын аварга малчин болгосон байж болзошгүй” гэлээ.
 
Баянхонгор аймгаас дараах  малчдыг Улсын аварга малчнаар тодруулжээ.
 
• Баян-Овоо сумын малчин Бандихүүгийн Бямбасүрэн,
 
• Өлзийт сумын малчин  Пүрэвийн  Лхагва,
 
• Шинэжинст сумын малчин Хүүхэндуламын Түмэнжаргал,
 
• Баянцагаан сумын малчин Цэрэндоржийн Эрдэнэбаяр,
 
• Галуут сумын малчин  Тэрбишийн Баярсайхан, Цэгмидийн Батбаатар,
 
• Баянбулаг сумын малчин  Нанжидзэвгийн Эрдэнэбилэг,
 
• Жинст сумын малчин Нэргүйн Батболд,
 
• Баянхонгор сумын малчин Дамдинсүрэнгийн Батням болон
 
Улсын аварга саальчин
 
• Баянлиг сумын саальчин Рэндоогийн Нансал нар тодорчээ.
 

БААЦАГААН СУМЫН ЗАСАГ ДАРГА Ш.ЭНХТӨР: МАНАЙ СУМААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГА МАЛЧНЫГ БИД ТОДОРХОЙЛЖ ЯВУУЛСАН

            Бид энэ талаар Баацагаан сумын Засаг дарга Ш.Энхтөртэй холбогдож, тодрууллаа. Учир нь, Баацагаан сумаас тодорсон Улсын аварга малчныг УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон холбогдох албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлига авч, хууль бусаар тодруулсан гэх мэдээлэл байгаа юм.
 
            Ш.Энхтөр “Баацагаан сумын нэгдүгээр багийн малчин Улсын аварга малчин болсон. Сумын Засаг даргын хурлаар хэлэлцэж, Улсын аварга малчинд тодорхойлж, аймаг руу материалыг нь тодорхойлттой нь явуулсан. Аймгийн Засаг даргын хурлаар хэлэлцэж, шийдвэрээр дэмжиж, улсад явуулсан байна лээ. Тэгээд зохих ёсных нь дагуу тодорсон” гэв.
 
          Баянхонгор аймгийн Галуут сумаас “Улсын аварга малчин”-аар  хоёр хүн тодорчээ. Тодруулбал, Галуут сумын малчин Тэрбишийн Баярсайхан, Цэгмидийн Батбаатар нар Улсын аварга малчин болсон байна. Харин эл хоёр хүний нэг нь материалаа ирүүлээгүй, өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй байхад Улсын аварга малчин болжээ. Бид энэ талаар Галуут сумын Засаг даргатай холбогдож, тодруулах гэсэн боловч утас нь унтраатай байсан юм.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН: БААЦАГААН, ГАЛУУТ СУМЫН ХОЁР МАЛЧНЫ МАТЕРИАЛЫГ ХОЦОРЧ ЯВУУЛСАН

Бид Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай холбогдож эл асуудлаар тодрууллаа.
 
           Тэрбээр “Манай аймгийн хэмжээнд есөн хүн Улсын аварга малчин болсон. Сар шинийн өдрүүдэд шагналаа гардан авсан. Бид зохих ёсны хурлаа хийж, шаардлагатай бичиг баримт, шалгуур үзүүлэлтийг хэлэлцэж, 10 хүнийг нэрийг ХХААХҮЯ-нд хүргүүлсэн. Үүнээс есийг нь шалгаруулж, Улсын аварга малчнаар тодруулсан байна лээ. Улсын аварга малчнаар тодорсон бүх хүний бичиг баримтыг бид явуулсан. Харин Галуут, Баацагаан сумын хоёр хүний материалыг төрийн албан хаагчдын буруугаас болж, хожимдож хүргүүлсэн. Тодруулбал, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд эл хоёр сумын малчны материал ирж амжаагүй. Энэ нь төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж хоцорсон байсан. Ийм учраас бид дахин хуралдаж, хоёр хүний материалыг хүргүүлсэн” гэв.
 
Галуут сумаас хоёр хүн Улсын аварга малчин болжээ. Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болох үед нэг хүнийх нь материал ирж, нөгөө хүнийх нь ирээгүй байсан бололтой.

НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ БАГТСАН С.ГАНБААТАРЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛЖ БУЙ БАРИМТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-23 07:27:09
    Б. Монгол: Эх оронч бус нийтлэл байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-19 18:28:37
    Ч.Лхагва: Бас л хятадын хүнийг цэвэрхэн гүтгэлэг коммунист хэлмэгдүүлэлт.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-19 18:28:17
    Ч.Лхагва: Бас л хятадын хүнийг цэвэрхэн гүтгэлэг коммунист хэлмэгдүүлэлт.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188