Үндсэн хуульд өөрчлөлт хийж, санасандаа хүрсэн МАН-ынхан сонгуулийн компанид ажилдаа ил, далдаар ороод эхэлжээ. Ингэхдээ төрийн байгууллагын чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлж, данхар төрийн бүтцийг цомхтгоно гэх том халхавчийн доор төрийн алба хаагчдыг өөрсдийн харъяа намын байгууллагууд руу шилжүүлж, төр санхүүжилт олгох гэдэг нэрээр намын төв байгууллагуудаа төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх далд ухуулгууд хийж эхэлсэн байх.
Үүний хамгийн сонгодог жишээ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн газрыг салгаж ТББ-т шилжүүлэхээр болсон гэх асуудал юм. Тодруулбал, Монголын залуучуудын холбоонд Залуучуудын хөгжлийн газрын шилжүүлэх гэж байгаа талаар Засгийн газраас мэдэгдсэн. Уг ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй МАН-ын залуу улстөрчид ахалж, хэрэгжүүлэхээр болсон гэдэг.
Үндсэндээ МАН сонгуульд ялах мөнгө босгохын тулд Монголын залуучуудын холбоонд төрийн эрх мэдлийг хууль бусаар өгөхөөр тохиролцсон нь энэ бололтой. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Төр аль болох олон төрийн чиг үүргүүдийг төрийн бус байгууллага болон мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх буюу хувийн хэвшлүүдээ дэмжих гэж оролдож байгаа. Монголын залуучуудын холбоо бол хотын төвд өөрийн гэсэн байртай, залуучуудын оролцоог хангасан том байгууллага. Ийм байдлаар бид Залуучуудын хөгжлийн төвийг нэгтгэж, залуучуудын асуудлыг хариуцуулаад аваад явчихвал яасан юм бэ, гэсэн санаачлага гаргаж байгаа юм. Үндсэндээ бид бодлогоо гаргаад хэрэгжүүлэлтэд дээр байгууллагууд ажиллана. Ганцхан Монголын залуучуудын холбоо ч гэлтгүй олон залуучуудын байгууллагыг нэгтгээд аваад явах боломжтой гэж бид харж” байгаа гэх тайлбар өгч харагдсан.
Хэдийгээр Монголын залуучуудын холбоо нь ямар ч намын харъяалалгүй, зөвхөн залуусын итгэл үнэмшлээр гишүүдээ бүртгэж, үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын статустай ч начир дээрээ МАН-ын дэргэдэх залуусын холбоо болсон гээд хэлчихэд буруудахгүй.
Өөрөөр хэлбэл, үе үеийн Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчид МАН-ын угшилтай залуус томилогдож, намын дэргэдэх төрийн бус байгууллагын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэдэгтэй олон нийт хэдийнээ эвлэрчихээд байгаа юм. Тухайлбал, одоогийн Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар нь Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд мөн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөлгчөөр ажиллаж буй нэгэн. Түүний өмнөх Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч асан Б.Дэмбэрэлийн зөвлөхөөр ажиллаж байгаад томилогдож байсан. Энэ мэтээр МАН-ын угшилтай Залуучуудын холбооны Ерөнхийлөгчдийн цуваа үргэлжилнэ.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь залуучуудын асуудал хариуцахаар ачаалал нь ихдээд хүүхдийн хүчирхийлэл нэмэгдээд байна гэх үндэслэлийг хүүхдийн байгууллагын гурван үеийн төлөөлөл, төр болон төрийн бус байгууллагынхантай уулзсан уулзалтын үеэр гаргаж тавьжээ. Тухайн үед хүүхдийн байгууллагын ахмадын төлөөлөл гэх Ч.Цэрэндулам санал хэлж бусад оролцогчид дэмжсэн хэрэг.
Хүүхдийн байгууллага нь ажиллах чиг үүргээ тодорхойлж чадаагүй, салбар бүрийн ажилруу үсчээд явж байгаагаа хүүхдийн төлөө маш их ажлыг хийж байна гэж андуураад байдаг талтай. Ерөнхий сайдтай уулзсан уулзалт дээрээ залуучуудын байгууллагыг төрөөс тусгаарлачихвал хүүхдийн хүчирхийллийг бууруулж чадна гэсэн юм байх.
Иймд залуучуудын салбарыг татан буулгаад хүүхдийн хүчирхийлэл буурах уу гэдгийг нийгэм даяараа харах эсвэл бүтэц зохион байгуулалтын талаар дахин судалж, нягтлах уу гэдэг нь Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны шийдэх асуудал болоод байна. Монголын ирээдүй болсон залуучуудаа дэмжих төрийн байгууллагаа татан буулгаж, намын дэргэдэх улс төрийн байгууллага гэдгээрээ нийгэмд ойлгогддог МЗХ -нд шилжүүлэх нь Монголын ирээдүйд ямар хор хохирол авч ирэхийг эрх биш бодох хэрэгтэй. Монгол Улс залуучуудын орон, гурван хүн тутмын нэг нь залуу хүн. Нийт залуучуудын эрх ашгийг хэн хамгаалж, хэн асрамж халамжийн төвөөс гарч байгаа болон засан хүмүүжүүлэх ангиас суллагдаж байгаа залуугийн нийгмийн асуудалд анхаарах вэ, хэн нийт залуучуудынхаа төлөө төрийн бодлогыг хэрэгжүүлэх вэ? Харин ч бүр эсрэгээрээ залуучуудын салбараа өөд татмаар байгаа юм. Хэдий болтол монгол залуусын мөрөөдөл байр байх вэ. Тэднийг дөнгөж ажил амьдралд хөл тавих гээд тэнцэж ядаж байхад хэн гар сунгах юм. Тэр үед дэмжлэг хэрэгтэй байдаг учраас олон улс орон залуучуудын асуудлыг дангаар хариуцах төрийн байгууллагатай, хуультай байна. Харин манай улсад залуучууд төрийн бодлогын гадна үлдсээр байтал ид ажил хийж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах насны залуучууд нь гадагшаа дайжсаар л байна. Нэг мэдэхэд салбар бүр хүний нөөцийн дутагдалтай залуучуудгүй орон болох вий.
Түүгээр ч зогсохгүй Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн газрыг татан буулгалаа гэхэд тэнд ажиллаж буй 100 гаруй алба хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал ч энд сөхөгдөнө. Угтаа бол 100 гаруй алба хаагчдын ард төдий чинээ гэр бүлийн амьдрал ахуй бий гэдгийг энд сануулах нь зүйн хэрэг биз. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Агентлагаас алба хаагчид халагдах гээд байна гэхээс илүүтэй чиг үүргийг нь зөв болгох нь зүйтэй” гэх тайлбар хийж харагдсан. Гэвч үнэн хэрэг дээрээ 2016 оноос эхлэн амжилттай хөгжиж, иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж эхлээд буй Залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны үйл ажиллагааг тэр чигт нь үгүйсгэж, хийсэн ажлыг нь баллуурдаж байгаагаас ялгарахааргүй л үйлдэл болж байна даа.
Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангаас 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Монгол Улсын залуучуудын хөгжлийн газрыг дэмжиж, олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тэр чинээгээрээ санхүү, эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ бүх хөдөлмөр, олны хичээл зүтгэлийг үгүй хийж байгаагаас ялгарсангүй энэ удаагийн шийдвэр.
Төрийн данхар бүтцийг арилгах нэрийдлээр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа энэ мэт төрийн байгууллагын өөрт ашигтайгаар нам дэргэдээ авах нь яав ч зүйд нийцэхгүй нь.
Үнэхээр л төр данхар бүтцээ хумиж, бодлогын түвшинд ажиллах гэж байгаа бол “бай”-гаа оносон шийдвэр гаргаж, бүтээмжтэй ажиллах бодлого баримтламаар байна. Начир дээрээ Залуучуудын хөгжлийг дэмжиж хэвийн үйл ажиллагаагаа эрхлэж байгаа төрийн жинхэнэ алба хаагчдын цомхтгохоос илүүтэй яам, тамгын газарт чиг үүрэг нь давхардсан дарга нарын суудлыг цөөлвөл яасан юм бэ, Л.Оюун-Эрдэнэ сайд аа.
МАН СОНГУУЛЬД ЯЛАХ МӨНГӨӨ БОСГОХЫН ТУЛД МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНД ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛЬ БУСААР ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦЖЭЭ |
|
2025-07-17 13:25:18
2025-07-17 12:40:33
2025-07-17 11:54:12
2025-07-17 11:45:34
2025-07-17 11:29:06
2025-07-17 10:33:15
2025-07-17 09:17:46
2025-07-17 08:26:52
2025-07-17 08:07:59
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |