• Өнөөдөр 2025-11-07

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮХНӨ-ийн төсөлд нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа

2023-05-05,   670

     УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
 
   Тэрбээр “Ардчилсан Үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн цогцлоон хөгжүүлснээс хойш 30 жилийн хугацаа өнгөрчээ. Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрхийн төлөөллийн байгууллагаараа энэ эрхээ эдэлнэ гэж заасан байдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх гадаад, дотоод гурван нөхцөл байна. 
  
    Нэгдүгээрт, геополитикийн нөхцөл байдал. Дэлхийн улс орнууд үнэт зүйлийн хувьд хуваагдаж, шинэ хүйтэн дайн үүсэх бодит эрсдэл бий боллоо. Геополитикийн нөхцөл байдал цаашдаа 5-10 жил, 50-100 жил ч үргэлжлэх төлөвтэй байгааг судлаачид анхааруулж байна. Их гүрнүүдийн геополитикийн нөхцөл байдалд хөгжиж буй орнууд хамгийн их хохирол амсдаг. Энэ цаг үед та биднээс хөрвөх чадвар, ур ухаан, улс төрийн манлайллыг шаардаж байна. УИХ-ын төлөөллийн чадамжийг сайжруулж, нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно гэж үзэж байна.
 
   Хоёрдугаарт, нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмын тухай.1992 онд АИХ-аар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүний тоо 75-200 хүртэл байх хувилбар яригдаж, эрх мэдлийн төвлөрөл, төлөөлөх чадамжийн тухай яригдаж байсан түүхэн баримтууд, хурлын протоколд байдаг. Нэг үгээр хэлбэл, иргэдийг төлөөлөх парламентын тооны мэтгэлцээн бол шинэ зүйл биш юм.  1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа УИХ-ын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, УИХ-ын гишүүн дунджаар 45 мянган иргэнийг төлөөлж байна.
 
     УИХ-ын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр Улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд өнгөрсөн хугацаанд давамгайлсан. Энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа. Улс төрийн хүчин МАН-ын хувьд бусад улс төрийн намуудыг төрийн бодлогод оролцуулах боломжийг нээж байгаа нь олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламентын засаглалын хөгжилд оруулж буй эрхэм үүрэг гэж үзэж байна. Бид ганцаар хурдан явахаас илүү олуулаа хол явахыг, дотоод өрсөлдөөнөөс илүү дэлхийн улс орнуудтай Монгол Улс хөгжлөөрөө өрсөлдөхийг илүүд үзнэ. 
 
    Гуравдугаарт, эдийн засгийн их үсрэлтийн тухай, Өнгөрсөн хугацаанд бид эхлүүлсэн төсөл олон ч дуусгаж чадсан нь цөөхөн. Дэлхийн их гүрнүүд их өгөгдөлд тулгуурлаж, хиймэл оюун ухаанаар хөгжлийн бодлого, хөгжлийн загвараа урт хугацаанд тодорхойлж байна. Тойрог бүрд гишүүн бүхэн төлөвлөлт хийх гэж хичээж, техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургийн оронд сонгуулийн амлалт, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, гоёмсог танилцуулгаар бие биенээ хуурсаар 30 жилийг ардаа үджээ. Нийслэлд 2016 оноос өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг хоёр бүтэн тойрох хэмжээний урттай 1200 орчим км автозам баригдсан боловч дүүрэг дүүрэгт тавигдсан хоорондоо холбогдоогүй мухар замууд бий болжээ. Тойрог тойргийн эрх ашиг улсын хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийн энгийн жишээ энэ юм. Монгол Улсын иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, НД, цалин тэтгэврийн нэгдсэн бодлого, боомт тээвэр логистик, аж үйлдвэр, эрчим хүч, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр зэрэг эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд хязгаарлах хүчин зүйл болсныг хүлээн зөвшөөрөх ёстой. 
 

   Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй төрийн бодлогоос шалтгаалж, хэчнээн хэмжээний боломжийг алдсаныг, ямар хэмжээний сорилттой нүүр тулсныг тоочоод баршгүй. Өнөөдөр би зөвхөн өнгөрснийг шүүхийг хүсэхгүй байна. Харин өчигдрөөс илүү маргаашийн төлөө энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байна. 

     Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, уул уурхайн далд эдийн засаг ил болж эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт цар тахлын оргил үед -4.6 хувь хүртэл агшсан бол 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7.6 хувийн өсөлтөд хүрлээ. Экспортын орлого 9.2 тэрбумаас 12.5 тэрбум ам.долларт хүрч, ДНБ 43.5 их наядаас 52.9 их наяд төгрөгт хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ анх удаа энэ оны эцэс гэхэд 5000 ам.долларт хүрэхээр төлөвлөж байна. 
 
       Олон улсын туршлагаас харвал нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрч байж, амьдралын чанар бодитоор сайжирч, ажлын үнэт зүйлс жинхэнэ утгаараа хөгждийг харуулж байна. Тойрогжсон тогтолцоогоо халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяанд нэн чухал юм. Засгийн газраас УИХ-ын гишүүнийг 76:76 хувь тэнцүүлэн сонгох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг өргөн барихдаа өмнөх онуудад гаргасан саналуудад тусгасан хүн амын тоонд зохицуулан УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал, УИХ-ын 2019 оны 72-р тогтоолоор батлагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг, хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах тухай Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 1, 2-р тогтоол зэргийг үндэслэсэн болно” гэлээ.
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮХНӨ-ийн төсөлд нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188