• Өнөөдөр 2024-05-19

ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА БАРИАРАЙ ГЭЭД ХЭН НЭГНИЙГ ДУНД НЬ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ

2023-03-30,   24717

       Улстөрчид хэн нэгнийг нэг тахин шүтэхээрээ тэнгэрээс буулгахгүй, газар гишгүүлэхгүй өргөмжлөх мөртлөө нэг ад үзэхээрээ нийлж бөөрөлхөхөөс эхлээд орчлонгийн хамгийн муу хүнд байж болох бүх хэв шинжийг түүнд наангаа өөрсдийнхөө хийсэн гэмт хэрэг, хулгай зэлгий, буруу булхай бүхнийг түүний нэр дээр хадаж, ард иргэдэд түүгээрээ ойлгуулж, ойлгуулахын төлөөх бүхнийг гардан хийдэг жигшим зантай. Энэ үзэгдэл яг одоо нүүрсний гэх хэрэг дээр тодоос тод харагдаж байна.

     Бүр тодруулбал, МАН, АН гээд нам ялгаагүй, албан тушаал харгалзахгүй бүгд л том, жижиг тавантолгойн нүүрснээс их бага хэмжээгээр ашиг, хувь хүртсэн мөртлөө өдгөө УИХ-ын таван гишүүнийг өөрсдийнхөө төлөөлөл болгон цоллож, ард түмнээр ял тулгуулчихаад сууж байна. Тэр дундаас дээрхийн хамгийн тод жишээ нь Өмнөговь аймгаас УИХ-д суугаа Ажнай хочит Д.Бат-Эрдэнэ болоод байна.

      Өнгөрсөн жилүүдэд тэр үнэхээр МАН-ын томчуудын нүдэнд орсон хог, шүдэнд хавчуулагдсан мах байж ирсэн гэхэд хилсдэхгүй. Энэ ч үүднээс түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ түдгэлзүүлүүлэхдээ тулаад байна. Эрх баригч намынхны хорхойтой араанд зуугдсан шалтгаан нь ердөө л өмнөговьчуудын төлөө, орон нутгийн Тавантолгойгоос олборлож буй нүүрсийг эрх баригч намын эрх мэдэлтнүүдийн хөл, гар бологсдод зүгээр өгөхгүй, бүгдийг хууль журмын дагуу хий гэх шаардлага тавьсанд л байгааг учир мэдэх хүмүүс ярьсаар ирсэн.

      Өмнөговьчуудын тодорхой хэсгийн ажлын байрыг бусдад алдахгүйн төлөөх зүтгэл, Монголын баялгийг дуртайгаар нь дургиулахгүйн зарчим нь түүнийг өнөөдөр МАН, АН-ын нүүрсчид, нүүрсэнд шунагсдын бай болгоод байгаа гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ.

      Баялгийн эздийг эзэд шиг нь, өмнийн говийг говь шиг, Өмнөговь аймгийг аймаг шиг, Цогтцэций сумыг суурин шиг байлгахын төлөөх шийдвэрт их, бага хэмжээгээр оролцсон “Тавантолгой” ХК-ийн зарим хувьцаа эзэмшигч өөрсдөдөө мөн ч олон дайсан бэлдчихэж дээ.

      Аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, элдэв хөрөнгө оруулалт, ийм тийм худалдаа наймаа, үйлдвэр, техник хэрэгсэл гээд аль эрхэлж болох бүхнээр аймгийнхаа иргэдийг эрвийх дэрвийхээрээ бодлогоор дэмжиж, нөлөөллийн арга хэмжээнд хуруу, гараа даран тодорхой хэмжээнд оролцсон удирдлага, хувь эзэмшигчид өнөөдөр Монгол Улсад битгий хэл Өмнөговь аймгийнханд ч хэрэггүй болчихсон мэт дүр өрнөж байна.

     Өөрөөр хэлбэл, амтай, хөлтэй, амьтай болгон орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид рүү дайрч байна гэсэн үг л дээ. Тэднийг хагартлаа баяжаад, хамаг баялгийг нь цөлмөчихсөн гэх ойлголтын үндсэн дээр ийм ажиллагаа өрнөж байгаа бололтой. Гэхдээ хувьцаа эзэмшигчдээс “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг сугалж аваад, боргох компанит ажил зохион байгуулалттайгаар эхэлчихсэн юм уу даа. Ийм л зураг авалт энэ өдрүүдэд үргэлжилж байна.

     Золтой л “Тавантолгой” ХК ашигтай ажилласан нь, баялгийн эзэн болсон аймгийн иргэдэд ногдол ашиг тараасан нь, залуучуудыг бодлогоор дэмжиж боловсрол эзэмшүүлсэн нь, урд хязгаарт бүтээн байгуулалт сүндэрлүүлсэн нь, иргэдийг ажлын байраар хангасан нь, орон нутгийн төсвийг дангаараа үүрч өнөөдөрт хүрсэн нь хувьцаа эзэмшигчдийн буруу гэж хэлэх нь холгүй байна.

    Орон нутгийн “Тавантолгой” ХК-д алдаа байвал хувьцаа эзэмшигчид бүгдээрээ үүрэх ёстой. Оноо байвал ч бүгдээрээ үүрэх нь зүйн ёсны хэрэг. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хамтран гаргасан бүх буруутай шийдвэрийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэх ганц хувьцаа эзэмшигчид үүрүүлчихээд, “хэрэг” тохчихлоо. Өшөө ч хэрэг тохох гээд улайрч байна.

      Нүүрсний хулгайн хэргийг илчлэх жагсаал Төв талбайд эд өрнөж байхад Засгийн газар “Шүгэл үлээгчид нь бид шүү. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” ХХК бид БЭТ тавиагүй бол нүүрсний хулгай илрэхгүй байлаа” гэх агуулгыг олонд өгч, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хийсэн долоон оффтейк гэрээг ил болгож байлаа. Анх есөн оффтейк гэрээ гэж байсан ч долоон гэрээ л ил болсон байдаг. Сүүлд анхнаасаа долоон гэрээ байсан гэх тайлбар Засгийн газар өгсөн билээ. Энэ нь олны дунд өнөөдрийг хүртэл хардлага дагуулсаар буй.

     Оффтейк гэрээг асуудал нууцын зэрэглэлээс гарахад гэрээ байгуулсан компаниудын олонх нь өөрсдөдөө давуу байдал бий болгож, монголын нүүрсийг үнэгүй шахам худалдсан нь илт болсон ноцтой асуудал хөндөгдөж байв.

    Тэгвэл оффтейк гэрээг нууцын зэрэглэлд оруулах шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ-аар Төрийн гурван өндөрлөг санал нэгдэн гаргасан байдаг. Үндсэндээ манай улс оффтейк гэрээ буюу нүүрсээ урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулсан бөгөөд 2017 онд үүнийг нууцлалын зэрэглэл гэсэн том тамганы ард нууж, асар том эрх ашгийн зөрчил үүсгэсэн байв.

    Нүүрсний хулгайг илчилж, хариуцлага тооцохыг шаардаж байсан Төв талбайн жагсаалыг дарах гэж Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой компанийн оффтейк гэрээг ил болгож байсан нь гал намжаах арга  төдий байсан гэдэг нь хугацаа өнгөрөх тусам л илэрхий болж байна даа.

    Угтаа бол нүүрсний хулгайн хэргийг нэг мөр болгох гэж байгаа бол улсын нууцын зэрэглэлээс гаргачихсан энэ асуудлыг ул мухрыг нь олтол явах ёстой баймаар. Гэтэл өнөөдөр жижиг Тавантолгойн нүүрсний асуудлыг л ярьж, хэлж, хэрэлдэж уралдаж байгаагаас биш, нүүрсний жинхэнэ хулгай өрнөж байсан оффтейк гэрээний асуудлыг ярих нь битгий хэл, дурсах нэгэн ч байхаа больж.

     Ингээд харахад нэг дуулианыг нөгөөгөөр нь дардаг МАН-ын хуучин кампанит ажил нүүрсний хулгайн асуудал дээр ч өрнөж байгаа юм биш үү гэж хардаж болохоор байна. Аль нь ч байсан тэр хууль хяналтын байгууллагад нүүрстэй холбоотой бүх асуудлаар баримт нотолгоогоо гаргаж, үнэн мөнөө тогтоолгох биз ээ. Ардын намынхны зохион байгуулсан ард түмний “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” гэх жагсаал, шахалт юм шиг зохиолоор нэрээ зарлуулсан “нүүрсчид”-ийн хэн нь жинхэнэ хулгайч, хэн нь хэлмэгдэж байгаа нь удахгүй тодорхой болох биз ээ.


ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА БАРИАРАЙ ГЭЭД ХЭН НЭГНИЙГ ДУНД НЬ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188