• Өнөөдөр 2024-04-26

Б.Дөлгөөн: Шинэ Засгийн газар ийм зүйл хийх ёстой гэхээсээ илүү зарчмуудаа зөв тодорхойлох хэрэгтэй

2020-09-01,   474

Эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
 
-Коронавирусийн халдвар гарсантай холбоотой дэлхийн эдийн засаг хүндэрсэн. Энэ нь манай эдийн засагт ч нөлөөлж байгаа. Ер нь ийм нөхцөл үүсэхээс өмнө манай эдийн засаг ямар байв. Одоо ямар болчихсон байгаа юм бэ?
-Коронавирусийн халдвар гарахаас  өмнө манай эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайн байсан гэж хэлж болно. 2020 онд эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрнэ гэж таамаглаж байсан. Тухай үед уул уурхайн ашигт малтмалын үнэ өндөр байсан. Тухайлбал, зэс тонн нь 6000 ам.доллароос дээш байлаа. Харамсалтай нь, вирусийн халдвар гарч, үнэ унасан. Зэсийн үнэ 4612 ам.долларт хүрч, нефтийн үнэ 20 ам.доллар хүртэл буурсан. “Ковид-19”-ийн халдвар хурдан тархсан үе буюу хоёроос тавдугаар сарын хугацаанд түүхий эдийн үнэ уналттай байлаа.
 
Харин зургадугаар сар гараад харьцангуй сайн сэргэж байна. Олон улсын байгууллагуудын таамаглалаар 2020 онд манай эдийн засгийг уналттай гарна гэсэн. Тухайлбал, Дэлхийн банкнаас манай эдийн засгийг хасах 0.5 хувьтай гэх судалгаа гаргасан. Харин Монгол Улсын Засгийн газраас албан ёсны тоо гаргаагүй. Өмнөх оны төсөөллөөрөө 2020 онд эдийн засгийг зургаан хувиар өснө гээд л явж байгаа. Тэгэхээр эхнээсээ энэ өсөлтийн тоогоо бодитоор гаргаж, орлого, зарлагаа тодорхой болгох хэрэгтэй.
 
-Түүхий эдийн үнэ өсвөл манай эдийн засаг  дагаад өсөх үү?
-Энэ бол харьцангуй ойлголт. Одоо байгаагаас сайжрах уу гэвэл сайжирна. Гэхдээ өнгөрсөн жил шиг өсөлт үзүүлж чадахгүй. Монгол Улсын өнгөрсөн зургаан сарын хугацааны экспортыг 2019 онтой харьцуулахад 40 гаруй хувиар буурсан. Үүнийг дараагийн зургаан сард нөхөж чадахгүй. Уул уурхайгаас орох орлого буурч байгаа учраас төсвийн орлого тасарсан. Одоо эхний таван сарын байдлаар төсөв 1.6 их наядын алдагдалтай байна. Ийм байдалтай дараагийн зургаан сар явахад хүнд. Хэрэв цаг хугацаа алдахгүй гэвэл УИХ ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж, энэ асуудлыг шийдээд, бэлтгэл ажлаа хангаж эхэлмээр байна.
 
УИХ-н чуулганыг наймдугаар сар гарахыг хүлээж хуралдуулмааргүй байна. Эдийн засагт бодитой хүндрэл тулгараад байна шүү дээ. Сангийн сайд хэд хэдэн удаа төсөвт тодотгол хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэтэл сонгуулийн маргааш төсвөө тодотгоно гэлээ. Тэгэхээр төсвийг тодотгох зайлшгүй шаардлага  буйг тэр мэдэж байгаа гэсэн үг. 
Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээ авч байна гэж зарласан. Гэхдээ энэ ажил хийгдээгүй. Хийгдээгүй шалтгаан нь эх үүсвэр нь тодорхойгүй.
-Төсвийн тодотгол хийхдээ эхний ээлжинд зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээг эдийн засагч хүний хувьд тодорхойлбол?
-Анхнаасаа би төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Үргүй зардал их бий. Тухайлбал, аймаг, сумдад багийн төв барих, Чингис хааны музейн барилгын ажилд 53 тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээтэй.  Энэ нь яаралтай хийх, тулгамдсан асуудал мөн үү гэдгээ ялгаж, салгах хэрэгтэй байна. Миний харж байгаагаар Чингис хааны музейг байгуулах хэрэгтэй ч эдийн засаг хямарчихсан байгаа үед энэ ажлаа түр хойшлуулаад эм, эмнэлгийн хэрэгслээр хангах зэрэг ажлаа хиймээр байгаа юм. МАН дахиад дөрвөн жил Засгийн эрхийг барина. Тэгэхээр музейн барилгын ажлыг хэзээ ч эхлүүлж болно. Төсөвт энэ онд 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэчихсэн. Гэтэл энэ хөрөнгө оруулалтыг бүгдийг нь хийх боломжгүй.
 
Тэгвэл хамгийн түрүүнд алийг нь хийх вэ гэдгээ тодорхойлох шаардлагатай. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтын шударга бус хуваарилалтыг өөрчилж, хамгийн хүн ам шигүү суурьшсан, өндөр шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтууддаа анхаармаар байна. Хөдөө орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээг нийслэлд байгаа хүн амын тоотой харьцуулахад 2-3 дахин  их байгаа. Хүн амын 50 гаруй хувь нь нийслэлд амьдарч байхад л хөрөнгө оруулалтынхаа ихэнхийг нь хөдөө орон нутаг руу татчихдаг. Тиймээс ч ганц бороо орохоор Улаанбаатар хот ямар болж байгааг харж байгаа биздээ. 
 
-Засгийн газраас энэ хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээ авсан. Энэ нь  эдийн засгаа тогтвортой байлгах, иргэдийн амьжиргааг сайжруулахад үр дүнтэй байж чадав уу?
-Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээ авч байна гэж зарласан. Гэхдээ энэ ажил хийгдээгүй. Хийгдээгүй шалтгаан нь эх үүсвэр нь тодорхойгүй. Сонгуулиас өмнө ийм алхмууд хийнэ гэж ярьж байсан. Тухайн үедээ 5.1 их наядыг улсын төсөвт оруулсан хөрөнгө оруулалтаас гадна гэж хэлж байсан. Нэг ёсондоо шилний цаанаас  мөхөөлдөс долоолгосон гэсэн үг. Сонгууль болох гэж байсан учраас ямар ч хамаагүй байдлаар хүлээлгэж байгаад нэг сонгууль өнгөрөөчихье гэсэн байр суурьтайгаар судлаачдын амыг хааж байсан. Харин одоо эрх мэдлээ авчихлаа. Яг юуг нь хийх юм, юуг нь хийж чадахгүй вэ гэдгээ тодорхой болго. Үүнд дэвшүүлэх санал надад бас байгаа.
 
-МҮХААҮТ-аас олон аж ахуйн нэгж хаалга барьж, ажлын байраа хадгалж чадсангүй гэж байна. Хэр бодитой мэдээлэл вэ?
-Өнгөрсөн тавдугаар сард ажлын байрыг хадгалж үлдэх талаар жагсаал зохион байгуулсан. Тухайн үед 40 мянган хүн ажилгүй болсон гэх судалгаа гарсан. Энэ тоог өнгөрсөн жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байдлаар нь харьцуулж гаргасан байсан. Өнөөдөр Засгийн газар ажлаа эхлэхээс өмнө салбаруудад ямар асуудал үүсэж байгаа, хэчнээн хүн ажлын байргүй болсон, аль салбарт хамгийн их ажил хийж болохоор байна гэдэг дээр судалж байж хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Одоогоор ингэж гаргасан бодлого, судалгаа алга байна.
 
-Шинээр бүрэлдсэн Засгийн газар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах талаар хамгийн түрүүнд ямар ажил хийх шаардлагатай байна вэ?
-Шинээр байгуулж буй Засгийн газар ийм зүйл хийх ёстой гэхээсээ илүү зарчмуудаа зөв тодорхойлох хэрэгтэй байна. Нэгдүгээрт, үрэлгэн байж болохгүй. Санхүүгийн сахилга баттай мөнгө зарж байгаа бол ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ тооцоолох. Хоёрдугаарт, оновчтой бодлого. Нийгмийн аль бүлэгт дэмжлэг үзүүлэх гээд байгаа гэдгээ тодорхойлох. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогууд аль бүлэгт хүргэх нь тодорхойгүй байсан. Жишээлбэл, малчдыг дэмжиж, нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөг өгсөн. Үүнд бараг 200 тэрбум төгрөг зарцуулсан. Гэхдээ хамгийн олон ямаатай хүн хамгийн чинээлэг байгаа.
 
Тэгэхээр хамгийн баян хүнд нь мөнгө өгсөн байгаа юм. Ингээд л төрийн бодлого байгаа онохгүй байна. Төр бодлогоороо амьжиргааны баталгаажих түвшин нь доогуур орлоготой иргэдээ дэмжээд, тэдний орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаад явах ёстойгоос биш, хамгийн чинээлэг хүмүүст хамгийн их тэтгэмж татаас өгч болохгүй шүү дээ. Гуравдугаарт, аливаа ажил дээр авилга, хээл хахуулиас ангид байх. Эдгээр зарчмаар явбал бидэнд “Ковид-19”-ийн үеэр ч олон боломж бий. 
 
-Манайх уул уурхайн салбараас төсвийн орлогын ихэнх хувиа бүрдүүлдэг. Цаашид уул уурхайгаас өөр ямар салбарыг хөгжүүлбэл богино хугацаанд өгөөжөө өгөх бол?
-Эдийн засагт уул уурхайн салбар 20 гаруй хувийг, экспортын хувьд 90 хувийг эзэлдэг. Өнгөрсөн жил нийт төсвийн орлогын 24 хувийг уул уурхайн салбараас төвлөрүүлсэн. Үлдсэн нь татвар хураамжаас бүрдэж байгаа юм. Уул уурхай манай эдийн засагт цаашид ч том үүрэг гүйцэтгэнэ. Харин уул уурхайгаас орж ирсэн мөнгөөрөө бид ямар салбарыг илүү хөгжүүлэх ёстой вэ гэдэг дээрээ засаг ч тэр, эрдэмтэн судлаачид ч тэр бүгдээрээ биш юм гэхэд, олонх нь зөвшилцөлд хүрэх ёстой. Тэр нь мэдээлэл технологи уу, аялал жуулчлал уу, хөдөө аж ахуй юу. Нөгөөтэйгүүр эдийн засгаа солонгоруулах нь богино хугацааны ажил биш гэдгийг бид бүгд ойлгож, богино, дунд, урт хугацааны тухайн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж байж амжилтад хүрнэ.
 
Ингэхдээ тухайн салбарыг хөгжүүлэх ямар асуудлууд байна гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Өнөөдөр манай экспортын 90 хувийг яагаад уул уурхайн эзэлж байна вэ гэхээр энэ салбар Монголд илүү хөгжих нөхцөлүүд байсан, ийшээ ч хамгийн их хөрөнгө оруулалт орсон байгаа юм. Хэрэв ХАА-н салбарыг сонгосон бол одоогийн нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй байгаа. Бид ийм том газар нутагтай байж байж, хүнсний бүтээгдэхүүнээ яагаад их хэмжээгээр олон улсад гаргаж чадахгүй байна гэдэг шалтгаан нөхцөлөө тодорхойлох. Үнэхээр тийм бүтээгдэхүүн гарах боломжгүй байгаа юм уу, эсвэл компаниуд санхүүжилтээсээ болоод томорч чадахгүй байгаа эсэх, гадаад зах зээл дэх үнийн зохицуулалттай холбоотой юу гэх мэт. Бид 2015 онд Япон Улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулж, 9300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй гаргах боломжтой болсон.
 
Европын холбооны Улс руу GSP+  хөтөлбөрийн хүрээнд 7200 бүтээгдэхүүнийг ямар ч тарифгүй гаргах боломжтой. Гэтэл үүнийг яагаад ашиглахгүй байна вэ. Иймд шалтгаанаа тодорхойлж, бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Шалтгааныг нь тодруулалгүй зээлийн хүүг бууруулах гэх мэт арга хэмжээ авах нь нүдээ боож байгаад дардас шидэхтэй адилхан. Эдийн засгийг хүн гэж үзвэл одоо нэг хэсэг нь өвдчихсөн байгаа. Тухайн хүнийг эмч үзэж байж, юу нь өвдсөнийг тодорхойлдог. Эдийн засаг үүнтэй яг адилхан. Эхлээд бид болж бүтэхгүй байгаа зүйлдээ оношоо зөв тавьж байж, дараа нь шийдлээ хийхгүй бол цаг хугацаа, нөөц боломжоо ихээхэн алдна.
 
-Эдийн засгийн хүнд үеийг манайх эрсдэл байгаатай давах боломж байна уу?
-Боломж ямар ч үед байдаг. Эдийн засаг 10 хувиар буурна гэсэн бол боломжоо ашиглавал тэрийг яаж багасгаж, арай бага хувиар буулгах уу. Боломж байгаа гэдгийг тухай боломжийг эрэлхийлж, түүний ардаас тасралтгүй хөөцөлдөж, хэрэгжүүлж байж гэмээнэ тэр боломж бодитоор амьдрал дээр тусна. Энэ бол төр засгийн хувьд ч, өрх гэрийн хувьд ч адил. Жишээ нь, гэр хороололд амьдарч байгаа эсвэл зусландаа газартай хүн болгон хашаандаа ногоо тарьж, өрхийн хэрэгцээгээ хангах боломжтой. Өөр нэг жишээ гэвэл Засгийн зүгээс хүүхдийн мөнгийг 20 мянга байсныг 100 мянга болгож нэмсэн. Э нэ бол хүлээгээгүй орлого орж ирлээ л гэсэн үг. Тэгвэл энэ 80 мянга байхгүйгээр болоод байсан юм чинь, энийг хадгалж, мөнгөнөөсөө хуримтлал үүсгэж болно. Ирээдүйд ажилгүй болох ч юм уу, орлого тасалдсан үед ашиглаж болно доо.

Б.Дөлгөөн: Шинэ Засгийн газар ийм зүйл хийх ёстой гэхээсээ илүү зарчмуудаа зөв тодорхойлох хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188