• Өнөөдөр 2024-04-26

Ж.Батзандан маш ноцтой мэдэгдэл хийснээ мэдэж байгаа болов уу

УИХ-ын сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг албан тушаалтнууд хакердаж, иргэдийн саналыг луйварддаг гэх мэдээлэл сонгууль болгоноор сөхөгддөг. Үнэхээр хар машинд “но” байна уу, эсвэл улстөрчдийн хийрхэл үү гэдэг нь одоогоор батлагдаагүй. Магадгүй төрийн байгууллагуудын хяналт, шалгалт чангахан шиг байсан бол өдийд учир начрыг нь олчих хугацаа хэдийн өнгөрлөө. Энэ жилийн тухайд УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг танилцуулах явцад дэлгэцэнд цэг, таслалтай тоонууд гарсан нь хардлага түрүүлэх том шалтгаан болов.

УИХ-ын сонгуулийн дараа нэр бүхий хэд хэдэн нэр дэвшигч “Сонгуулийн саналд луйвар орсон” хэмээн хэвлэлийн хурал зарлаж, сүр дуулиантай мэдэгдэл хийсэн. Ээлж дараалан мэдээлэл хийж байсан тэд удалгүй амаа үдүүлсэн аятай гэнэт л чимээгүй болцгоосон. Үнэхээр булхай луйвар орсон гэж хардаж байвал эцсийг нь үзэж, үнэн мөнийг нь олох хүртлээ явах хэрэгтэй  баймаар. Гэвч тухайн цаг үедээ шуурч, иргэдийн дунд хэрүүлийн алим шидчихээд алга болдог жишиг тогтчихлоо.

Харин өнгөрсөн мягмар гарагт ШИНЭН-ын удирдлагууд мэдээлэл хийж, намын дарга Ж.Батзандан “УИХ-ын сонгуулиар хөндлөнгийн этгээдүүд санал тоолох төхөөрөмжийг хакердаж, 30 нэр дэвшигчийн саналд нөлөөлсөн болохыг Канадын “Dominion Voting” компани тогтоосон” хэмээн мэдэгдэв. Энэ мэдээлэл үнэн бол ноцтой асуудал мөнөөсөө мөн. Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүн иргэдийг гайхшируулж, урмыг нь хугалсан нь үнэн. Сонгогчдын олонх нь “Хүсээгүй сонголт байлаа” гэхчлэн санаа бодлоо илэрхийлж харагдсан. Хар машиныг хакердаж, сонгогчдын саналыг хулгайлсан нь үнэн гэдгийг баталгаа нотолгоотой гаргаад ирвэл иргэд танд алга ташин баяр хүргэхээр байна, Батзандан гишүүн ээ. 

Улс орныг ирээдүйг бичилцэх, төрд түмнээ төлөөлөх гишүүдийг сонгох явцад “но” гарсан бол үүнд нухацтай анхаарал хандуулах ёстой. Энэ мэдэгдэл улстөрчийн хийрхэл, попрол бус, иргэдийн сонголтыг хүндэтгэсэн хариуцлагатай мэдэгдэл байгаасай. ШИНЭН-ын даргын хэлж буйгаар санал тоолох төхөөрөмжид гуравдагч этгээдийн вэб үйлчилгээний программыг ашиглан, эксел программ дээрх өгөгдлийг цуглуулж, дэлгэцэнд харуулсан. Мөн хакердсан вэб үйлчилгээний программ 30 минут орчим ажиллаж, тодорхой тооны нэр дэвшигчдийн саналыг зассан. Тухайн үед Сонгуулийн ерөнхий хороо программд асуудал гарсныг мэдэж, алдааг нь засах гэж оролдсон гэж тус компаниас мэдээлсэн байгаа юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн ажлаа үгүйсгэхгүй нь тодорхой. Хар машинаа хамгаалсан, өмгөөлсөн мэдэгдэл хийгээд өнгөрөв. Хэрэвзээ 30 нэр дэвшигчийн саналд нөлөөлсөн нь үнэн бол ямар арга замаар, яаж нөлөөлсөн, түүнийг нь хэн, яаж хянасан гэхчлэн бүх зүйлийг буух эзэн буцах хаягтай нь тодорхой зарлах  хэрэгтэй. Иргэдийн итгэлийг хүлээж дөрвөн жил төрд төлөөлсөн гишүүний хувьд ийм мэдэгдэл хийснийхээ төлөө үнэн мөнийг нь олж, булхай луйврыг нь баталж өгмөөр байна. Хэрэв үнэхээр санал тоолох төхөөрөмжинд асуудал үсээгүй, Сонгуулийн ерөнхий хороо хууль дүрмийнхээ дагуу ажилласан бол Ж.Батзандан гишүүн асан ч хариуцлагаа хүлээх ёстой. Гэхдээ маш ноцтой мэдэгдэл хийсэн гэдгээ манай хүн мэдэж байдаг болов уу.
 


Ж.Батзандан маш ноцтой мэдэгдэл хийснээ мэдэж байгаа болов уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188