• Өнөөдөр 2024-04-26

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад “гадуурхагдаж” эхэлсэн бололтой

2020-10-20,   951

Шударга ёсны сэлмээ сугалж, авлига, хээл хахууль, бузар булай бүхэнтэй тэмцэнэ гэж ам гарсан Ерөнхий сайд болон нэр бүхий таван  гишүүн сүүлийн үед сураг тасарч, өөр өөрсдийн карьераа хөөж эхэлжээ. Эрх мэдэл, албан тушаалд хүрсэн тэд хүслээ гүйцэлдүүлж, бахаа хангав. Өвлийн хүйтэнд хөлдүү цемент дээр гэр барьж, шударга ёсыг тогтоохыг хүсэж байсан иргэд ганзага хоосон буцлаа.

Мөнөөх гишүүдэд бусдын адил албан тушаалын мөнхийн ашиг сонирхол л байжээ. Одоо харин тэд хөнжил дотроо “жийлцэж” эхэлсэн бололтой. Хүзүү толгой нийлүүлсэн Хэнтий нутгийн ах дүүс ч “түнжин муудсан” гэх сураг мэр сэр дуулдах болжээ. Энэ ч үнэний ортой байж болох.

Сүүлийн үед Ерөнхий сайдын гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд ч үүнийг нотолж байна. Саяхан “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой ажлын хэсэгт өөрчлөлт оруулж, ажлын хэсгийн ахалж байсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа хүлээлгэж өгчээ. Энэ талаар тэрбээр “Сингапур Улс руу “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг шилжүүлэх гэж байсантай холбогдуулан ажлын хэсэг гарч, үүнийг нь би ахалсан. Онцгой дэглэм тогтоосон. УИХ-ын тогтоолын дагуу "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит компани болж, онцгой дэглэмийн хугацаа дууссан. Надад байсан "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой бүх материалыг би Шадар сайдад хүлээлгэж өгсөн” хэмээв.

Харин Шадар сайд Я.Содбаатар “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой ажлын хэсгийг би ахалж байгаа. “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас  худалдаж авсан гэх “Монголиан коппер корпорейшн”-тэй холбоотой асуудлыг сүүлийн таван жил ярьж байна. Энэ хугацаанд 4-5 ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэ хүрээнд 2017 онд УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс “Монголиан коппер корпорейшн” компанийн худалдаж авсан 400.27 сая ам.доллар ОХУ-аас шилжиж орж ирсэн байдаг. Ингээд УИХ-аас худалдан авалтыг суутган тооцох зарчмаар суутгаж дуусах ёстой хэмээн 27 дугаар тогтоолд тусгасан.Ажлын хэсгийн хүрээнд одоогоор “Монголиан коппер корпорейшн” компани болон холбогдох байгууллагуудтай хамтран тооцоо судалгаа хийж байна. Ингээд нэгдсэн нэг байртай суурьтай болсны дараа тухайн аж ахуйн нэгжтэй хэлцэл хийнэ” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлж байв.

Үүнээс харахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх багын найзаа дэргэдээ авч, нутгийн дүүгээ зарим албан тушаалаас нь холдуулж эхэлсэн бололтой. Үүнийг нь ч нэр бүхий таван гишүүдийн нэг болох Ж.Батзандан баталж  “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг болон 49 хувийг луйврыг зохион байгуулсан этгээдүүдтэй харилцан тохиролцож, луйвардаж авах гэж байна. Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр нараар толгойлуулсан хулхины ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. МАНАН дэглэмийн эсрэг  тэмцлийг удирдан зохион байгуулсан Л.Оюун-Эрдэнэ сайдыг энэ ажлаас хөөж гаргасан гэх мэдээ бидэнд ирж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдаа дэргэдээ байгаа шадар сайд, зөвлөх нэртэй МАНАН бүлэглэлийн нөхдүүдийн үгээр хөтлөгдөлгүй, Монголын баялгийг хулгай хийх явдлыг таслан зогсооно гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс харахад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад гадуурхагдаж эхэлсэн нь тодорхой бололтой.

Үүгээр ч зогсохгүй, саяхан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын томилгоог хийхэд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас өөр байр суурьтай байв. Энэ талаар тайлбарлахдаа тэрбээр “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлыг  нээлттэй сонгон шалгаруулах хүсэл надад байсан. Учир нь, энэ компани Үндэсний баялгийн санг арвижуулах учиртай. Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг тус компанийн хуулийн хэлтэс боловсруулсан. Иймд парламентын гишүүн байсан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан хүн энэ хуулийг батлах нь зөв гэж надад тайлбарласан” гэжээ. Арга ч үгүй Л.Оюун-Эрдэнэ хүчгүйдэж, Засгийн газраас гаргаж байгаа бодлого, шийдвэрүүдийг дагахаас өөр арагүйд хүрч байгаа бололтой. Нэг ёсондоо У.Хүрэлсүх намынхаа ахмад гишүүдийг эгнээндээ нэгтгэж, Л.Оюун-Эрдэнэ зэрэг гишүүдээ өөрийн хүрээллээс гаргаж эхэлсэн гэж харж болохоор байна.
 


Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад “гадуурхагдаж” эхэлсэн бололтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188