Шүүмжлэгч - Уран зохиол шинжээч С.Батзориг
Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” зохиол орчуулагдаж, хэвлэгдсэн цагаасаа манай номын дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номын жагсаалтын тэргүүн эгнээнд байсаар ирсэн. Маш олон хүн уншсан. Басхүү Хятадын алдарт найруулагч Жан Имоу уг зохиолоос сэдэвлэн, ижил нэрт кино бүтээсэн нь үзэгчдийн таашаалд сайтар нийцдэг. Тийм ч учраас “Амьдрахуй”-г тайзны бүтээл болгон хувиргана гэдэг бол “эрсдэлтэй” үйлдэл мөн. Хүн гадарладаг юмандаа маш эрдүү байдаг шүү дээ.
“Orfey” театрын зургаа дахь том бүтээл, Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харьцаа тогтсоны 75 жилийн ойд зориулсан “Амьдрахуй” драмын жүжгийн тухай 2024 оны намар “манайхан” нэлээн шуугилаа, шуурлаа. Уг театрын жүжгийг ийм шуугиан дагаж л байдаг нь “Гэм зэм” жүжгээс хойш тогтсон таалал болов уу? “Амьдрахуй” жүжиг ч гэсэн энэ тааллаас зөрөөгүй билээ. Монгол Улсын Ардын багш С.Дулам, эрдэмтэн, судлаач Г.Батсуурь, Д.Даваасүрэн, Б.Өлзийсайхан, Д.Мөнхтөр, зохиолч, яруу найрагч Д.Нямаа, Б.Номинчимэд, Б.Шүүдэрцэцэг, Р.Эмүжин, Б.Батзаяа, хэвлэл мэдээллийн сэтгүүлчдээс гадна өргөн олон үзэгчид санал, сэтгэгдэл, шүүмжээ жүжигт нэмэрлэв.
Эдгээрийг нэг бүрчлэн дурдах нь нөр их ажил болох учир цөөн хэдийг, тэр тусмаа албан ёсны хэвлэлд нийтлэгдсэн бичвэрүүдээс (Orfey театр цахим хуудсаараа-facebook page хуваалцсан хувийн хаяг-facebook account дээрх зарим бичвэрүүдийг энд ашигласан учир тэдгээр эрхмээс хүлцэл өчиж байна) товч тэмдэглэвээс,
Нийтлэлч Трамп Төмөрөө “Амьдралын утгыг алдуулсан Амьдрахуй”[1] хэмээх бичвэр нийтлүүлж, “Амьдрахуй”-гаас монголчууд ижилхэн амьдрал үзэх гэж очоогүй, бусдын зовлонт амьдралыг гайхаж, цочирдох гэж л очсон. Яагаад гэж үү? Яагаад гэвэл монгол хүний амьдралын философи, хятад хүнийхээс тэс өөр. Амьдралд тэсэх, амьд л үлдэх гэсэн аргаа барсан, үгширтэл зууралдах гэдэг агуулга монголчуудын тархи оюун, цусны улаан, цагаан эсэд байхгүй. Бид ядруухан амьдрал дээр дэнжигнэж яваа нэгнээ “Муу амьд явахаар сайн үх” гээд шууд л хэлдэг” гэсэн үндэстний сэтгэлгээний онцлогт шүтэлцүүлсэн дүгнэлт бичихдээ зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн өөрийн цахим хуудаснаа бичсэн постыг дурдсан байх ба түүнийг сурвалжлан үзэхэд, “Зохиолчийг, бүтээлийг бол шүүмжлэхгүй, жүжгийг ч бас магтахгүй, угаасаа худлаа яримааргүй байна, урлаг талаасаа Батболдын уналт...зүгээр л хэзээ бид ийм болчихов ооо, соёлын тархи угаалт солиотой хурдтай өрнөж байгаа нь өөрөө амьдрахуй байлаа гэж”[2] гэх зэргээр ширүүхэн шүүмжилсэн сэтгэгдэл бичсэн байна
Мөн сэтгүүлч М.Тэнгис “Тоглолт бүрд чамбайрахгүй бол эрхэм найруулагчийн хамгийн муу нь”[3] хэмээх нэлээд уртхан ревьюдээ агуулга, хэлбэрийн талаас олон зүйлийг анзааран бичиж, “Гэхдээ дээр дурдсан шалтгаануудын улмаас би хувьдаа жүжиг “Хүлцэхүй юм” гэсэн санаагаа илэрхийлж чадсангүй хэмээн үзэж байна. Зовоод л, зовлонд нь үзэгч эмгэнээд л, тэгтэл дахин зовоод л, үзэгч дахин эмгэнэхдээ тэсгэл алдаад л. Ингээд тайлалдаа хүрмээр ерөнхий шугам төсөөлөгдөнө. Харин цаг хугацааны дараалал энд тэндээ орох тусам Фу Гүйн туулсан бүгдийн буулга суларч ирээд, дундуур нь асар формаль шинжтэй коммунизмыг зориудаар дүрсэлсэн хэсгүүд уур амьсгал тасалж авч яваад, үхэл бүрд эмгэнэх боломжийг ихэд багасгажээ” гэж багагүй шүүмжилж, Үй Хуагийн эх зохиолтой уяж бичсэн байна. Сэтгүүлч М.Тэнгисийн рэвьютэй сэтгүүлч Б.Азбаярын “Хүлцэхүй жүжиг үзсэнээс “Амьдрахуй” ном уншсан нь дээр”[4] хэмээх нийтлэл төстэй. “Жүжгийн эхлэл, өрнөл, төгсгөл сайхан байлаа. Сарниулсан “хачин” үзэгдэл ч олон байв. Үргэлжилсэн үгийн зохиолоос сэдэвлэсэн жүжиг атал үзэгдлүүдийг хаа хамаагүй л энд тэндээс “тасчиж” урд хойно оруулж, холион бантан хутгажээ. Зохиолын дарааллаар бус эх зохиолоос сэдэвлэсэн жүжгийн зохиол гэдгийн бататгал энэ аж” гэж мөн л эх зохиолд хандсан сэтгэгдэл илэрхийлжээ.
Монсудар хэвлэлийн газрын редактор, Э.Доржсүрэн “Уйлах эрхгүй жүжиг байсан юм биш биз дээ”[5] нэртэй шүүмждээ энэ зохиолын гол зорилго нь улс төрийн шийдвэр хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйг үзүүлэх явдал гэж үзээд, “Тухайлбал, ганц ширхэг гуанаас болоод амиа тавьж буй хэсэг зохиолд гардаг. Улс орныхоо эдийн засгийг хурдан өсгөж, хөгжингүй орнуудтай өрсөлдөх хэмжээнд хүргэхийг зорьж, ган болон төмөрлөгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго тавьсан Мао Зэдуны Их үсрэлтийн бодлогын үрээр ийн цусаа шүүртэл зодолдохоо хүрсэн нь тэр. Жүжигт энэ мэт үзэгдэл гарч буй, гэхдээ л яагаад ингэж буйн учир шалтгааны холбоос нэг л тодорч өгөхгүй байв” гэж шүүмжилжээ.
Дээрх эш татсан бичвэрүүд “Амьдрахуй” жүжгийн талаарх шүүмжилсэн бичвэрүүдийг төлөөлж байна.
Сэтгүүлч Б.Энхцэцэг, “Баттөмөр дүрээ бүтээсэн. Түүний амьдрахуй цөхрөл болсон, амьдрах ухаан болсон. Д.Ганцэцэг “Амьдрахуй”-н дорнын аязыг удирдаж, энэ жүжигт гол дүрийг бүтээлээ. Амьдрах гэдэг чинь хайрлах л юм байна. гэж түүний дүр ойлгуулаад үхсэн. Эмэгтэй хүний амьдрахуй гэж эсвэл ийм тусдаа байна уу? Хайрлахгүйгээр тэвчиж амьдрах, тэвчээртэйгээр хайрлах гэж л лав байдаггүй. Хайр сохор ч гэлээ амьдралын нүд нь байна, яая гэх вэ дээ” хэмээн жүжигчний уран чадварыг бахдан биширснээ, дүрээс олсон ухаарлаа бичсэн байна. Мөн зохиолч Б.Номинчимэд “Мө-гийн жүжиг болгон хувиргаж, Батболдын тайзнаа дэглэсэн "Амьдрахуй" жүжгийг үзэж байхад "Амьдрахуй бол хайрлахуй юм байна" гэж тархинд, зүрхэнд харваж байв. Ингэж зүрхэнд яг онон харваж чадсан хүн бол жүжигчин Ганцэцэг” гэж яг ижил ухаарсан нь сонирхолтой. Ингэж бичихдээ зохиолч, найруулагчдыг “субьектив хандлагаа хавчуулсан” гэж шүүмжлэв.
Стокхолмын Их Сургуулийн багш Б.Өлзийсайхан жүжгийн талаар бичихдээ шүүмжилсэн бичвэрүүдэд байсан үндэстний сэтгэлгээний тухай санааг нөгөө талаас нь харжээ. “3. Хятад хүн зөвхөн өөрийгөө чухалчлан, өөрийн асуудлыг өрөөл шийдэх ёстой мэт хандана. Тиймд бурууг бусдаас хайна, шийдлийг ч бас бусад зохицуулах ёстой гэх хүлээлттэй байна. Хувь хүний асуудалд нийгэм буруутай тул нийгэм нь шийдэх мэт хандах тул хүлцэнгүй байдал нь хэмжээлшгүй. Эхлэл хувь хүнд, харин төгсгөл бусдад. 4. Монгол хүн "хүний юм бүтвэл өөрийн юм бүтнэ" гэж бүл саахалт, олноо тойрсон чанартай. Энэ утгаараа, эхлэл нь бусдад харин төгсгөл нь хувь хүнд. Орчин цагт гэтэл үндсэн чанараа гээсэн мэт эхлэл нь өөрөөсөө харин төгсгөл нь бусдаас хамааралтай мэт болсон шиг санагдах” гэснийг уншихад Монгол, Хятад хоёрын сэтгэлгээний хэв шинж, схем, ахуй адил болсон гэсэн санаа дэвшүүлсэн нь шүүмжлэлт сэтгэгдлүүд дэх үндэстний тухай асуудлыг яг хөнтөрч тавьсан харагдана. Энэ тун гярхай ажиглалт болжээ. Үүнийг дараагийн хэсэгт дэлгэрүүлэн хэлэлцэх учир түр орхиё.
СУИС-ийн ТУС-ийн захирал Д.Даваасүрэн « “Амьдрахуй”-г үзлээ 1, 2, 3 » хэмээх сэтгэгдэлдээ жүжгийн тайз заслын минималист байдлыг, « “Амьдрахуй"-н тайз хоосон, ...үгүй ээ бүр ч хоосон биш шүү дээ гэвэл, тайзан дээр харагдсан цөөхөн зүйлийг ямар нэг юмны тусгал мэт шийдсэн нь ХОРВООГИЙН МӨН ЧАНАР-ын талаар бодолхийлэхэд надад тусалж байв. Хорвоо дээр байгаа юм гэж үнэндээ байхгүй. Төсөөлөл, хүсэл шуналын л тусгал » гэж дүгнэсэн байна. Хорвоог, амьдралыг ХООСОН л гэж "Амьдрахуй"-н тайз надад хэлэв” гэж дүгнээд, жүжигчин Д.Баттөмөр, жүжгийн нээлтийн үеийн арын ажлын алдаа дутагдлын талаар шүүмжит санаа хэлж, өөрийн сэтгэгдлийг илэрхийлжээ.
Монгол Улсын Ардын багш Сэндэнжавын Дулам “Ширээний уншлага эхлэх цагаасаа лаборатори театрын системээр уран бүтээлчдийнхээ санаа оноог сонсож ажилладаг, найруулагчаас ийм бүтээл төрж байх шиг” хэмээн үнэлэв.
Эдгээрээс гадна “Зууны мэдээ” сонин, Polit.mn сайтад «“Амьдрахуй”-г тойрсон амьд хэлэлцүүлэг»[6] Өнөөдөр сонин, unuudur.mn сайтад сэтгүүлч Д.Хүслэнгийн нийтэлсэн «Зовлон хэмээх амь зуулга буюу “Амьдрахуй”-аар амьсгалахуй»[7], ergelt.mn сайтад сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн нийтэлсэн «“Амьдрахуй”-г үзлээ»[8], «“Амьдрахуй”-г үзэх гурван шалтгаан»[9] зэрэг нийтлэлүүдэд жүжгийн агуулга, дүр, найруулагчийн ашигласан аргыг тайлбарлахыг оролдож, мэдрэмж сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлснийг уншиж болно.
Тун дөтөөр тоймлон үзэхэд ийм. Одоо хамгийн их давтагдаж буй санааг хоёр талын байр суурийн үүднээс хүснэгтээр харуулъя.
Асуудал |
Шүүмжит сэтгэгдэл |
Эерэг сэтгэгдэл |
Драматург[10] |
Муу ажилласан, хэл найруулга сул байсан. |
Сайн ажилласан, эх зохиолын орчуулагч учир давуу талтай |
Жүжгийн зохиолын өгүүлэмж (сюжет) |
Эх зохиолын шугаман хүүрнэлийг эвдэж, үйл явдлын дарааллыг өөрчилсөн нь маш буруу. Ойлгомжгүй болсон. |
Эх зохиолыг задалж, үйл явдлын дарааллыг эвдэж, олны танил зохиол (үзэгчдийн хүртээл болсон кино)-ыг шинэлэг маягаар зориг гаргаж найруулсан. |
Жүжигчин |
Гол дүрд Д.Баттөмөр огт зохицсонгүй. Махлаг, хошин шогоор танигдсан, драмын жүжигт буухгүй байна, чадахгүй байна. Маш буруу сонголт. |
Гол дүрд Д.Баттөмөр сайн тоглолоо. Фу Гүйн гадаад, дотоод зөрчлийг гаргахын тулд маш их хичээсэн. Ихэнх тохиолдолд амжилттай болсон. |
Зөрчил (Агуулга) |
Зөрчил тодорхойгүй, ойлгомжгүй. Дүрүүдийн үзэл санаа, зан чанар бүдэг. |
Зөрчил тодорхой, ойлгомжтой. Дүрүүдийн үзэл санаа, зан чанарыг сайн илэрхийлсэн. |
Тайз засал, бөмбөлгүүд |
Өнгө зохицолгүй, хов хоосон. Өмнөх жүжгүүдийн тайз заслаа давтсан. Бөмбөлгүүд эмх цэгцгүй, чухал бус. |
Жүжгийн агуулгатай нийцсэн. Орчин үеийн шийдэлтэй. Бөмбөлгүүд бэлгэдэл харуулсан. |
Найруулагчийн санаа |
Үндэстний сэтгэлгээний онцлогийг үгүйсгэсэн, зөөлөн хүчний бодлогод үйлчилсэн, субьектив хандсан. |
Цаг үеэ олсон сэдэв хөндсөн, театрын орчинд шинэ уур амьсгал оруулж ирсэн, өөрсдийгөө олж харах боломж олгосон. |
Театр, СТӨ |
Тун тааруу орчин. |
|
Жүжигчин |
Д.Ганцэцэг дүрээ гайхалтай сайн бүтээсэн. |
Багцаалбал зургаан зүйл дээр санал идэвхтэй зөрөлдөж, СТӨ муу, МУГЖ Д.Ганцэцэг мундаг хоёр дээр эвийн гэрээ байгуулжээ. Эндээс ажиглах нь ээ бүх бичигч “үзэл бодлоо илэрхийлсэн” хэв шинжийн бичвэр “Амьдрахуй” жүжиг лүгээ илгээсэн байна. Бичвэрүүдээс бичигчийн бие хүн нь тов тод харагдаж, нийтлэлийн хэлбэр давамгайлан, жүжгийн тухай гэхээсээ илүү бодит амьдралын тухай яриа голлож байна. Ерөнхийдөө бол “Өөрийн бодол өөртөө зөв”.
ШҮҮМЖ: ҮЗЭЛ САНААНЫ БҮТЭЭЛ “АМЬДРАХУЙ” |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |