• Өнөөдөр 2025-05-10

ЭДГАР ПОГИЙН “ШҮЛГИЙН АМИН СҮНС” НОМЫГ СОНГОЖ УНШИХ ТАВАН ШАЛТГААН

2024-10-27,   432

Америкийн нэрт зохиолч, яруу найрагч, утга зохиол шүүмжлэгч, урлагийн онолч Эдгар Аллан Погийн “Шүлгийн амин сүнс” ном орчуулагч Ц.Цэнгэлийн орчуулгаар уншигчдын хүртээл болоход бэлэн болжээ. Тус номын орчуулагчийн хувьд Мишима Юкиогийн "Алтан асрын сүм", "Нобелийн шагналт өгүүллэгүүд"(Альбер Камюгийн "Үнэнч биш эхнэр", Сартрын "Хана"), Абэ Кобогийн "Элсний хүүхэн", Уильям Фолкнерийн "Эмилид барих сарнай", "Хар инээд", Владимир Набоковын "Утга зохиолын лекцүүд", Самуэл Бэккэтийн "Годоог хүлээх зуур" жүжиг тэргүүт дэлхийн сонгодог зохиол, жүжгүүдийн хөрвүүлэн уншигчдын хүртээл болгосон орчуулагч Ц.Цэнгэл орчуулсан бөгөөд редактораар нь СУИС-ийн хүндэт профессор, зохиолч, яруу найрагч О.Содномпил ажиллаж, “Утга зохиол судлал, шинжлэл” цувралын 55 дахь боть болгон гаргаж байгаа аж.

“Детектив зохиолын эцэг” гэгддэг нэрт зохиолч Эдгар Аллан Погийн “Шүлгийн амин сүнс” ном нь шүлэг, яруу найргийн мөн чанар, утга зохиол үүрэг болон тэдний үнэлэмжийн талаарх шүүмжлэлт эсээнүүдээс бүрдсэн ном. Гадаад, дотоодын судлаач, шүүмжлэгчид Эдгар Аллан Погийн номондоо бичсэн шүлэг урлах гоо зүйн зарчмууд, ёс суртахууны зааварчилгаа, гүн ухааны асуудлууд нь уншигчид төдийгүй зохиолчдод ч олон талаараа хэрэгтэй, уншвал зохих эсээнүүд гэж үздэг. Тэгвэл “Шүлгийн амин сүнс” ном монгол хэлнээ хөрвүүлэгдэж, уншигчдын гарт хүрэхэд бэлэн болоод байгаатай холбогдуулан нэрт зохиолч Эдгар Аллан Погийн шүлэг, яруу найргийн мөн чанарын талаар бичсэн эсээнүүдээс бичсэн номыг унших таван шалтгааныг танилцуулъя.

1.УТГА ЗОХИОЛЫН ГОО ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Америкийн зохиолч, яруу найрагч, шүүмжлэгч Эдгар По “Шүлгийн амин сүнс” номондоо “Яруу найраг болон утга зохиолын үндсэн зорилго нь гоо сайхныг мэдрүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байдаг. Үүний нэгэн адилаар дэлхийн олон үеийн хэдэн мянган судлаач, шүүмжлэгчид утга зохиолын гоо зүйн тухай асуудал, ойлголтын талаар хөндөж ирсэн. Тэгвэл дээрх номонд Эдгар По шүлгийг зөвхөн ухаалаг бодол, ёс суртахууны сургаал биш гэдгийг тайлбарлан шүүмжилж, утга зохиолын хамгийн том хэсэг болох гоо зүйн чухал элементүүдийг дэлхийн нэрт яруу найрагчдын шүлгээс жишин харьцуулсан байдаг. Тийм ч учраас “Шүлгийн амин сүнс” номоос утга зохиол дахь гоо зүйн тухай ойлголт, элементүүдийг хэрхэн ашиглах талаар энгийн жишээнүүдээс амархан ойлгож авч болох юм.

2.ШҮЛГИЙН ХЭМНЭЛ, ХЭЛБЭР, БҮТЭЦ

“Шүлгийн амин сүнс” номонд гоо зүйн асуудлаас гадна шүлгийн хэмнэл, хэлбэр, бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй бичжээ. Номоос шүлэгч, яруу найрагчид өөрийн шүлгийн бүтцээ хэрхэн бий болгож, түүндээ хэмнэл, хэлбэр хэрхэн бий болгох талаар зөвлөсөн мэргэжлийн эсээнүүдийг уншиж болно. Бичих дадлын анхны мэдэгдэхүүнүүдийн нэг шүлгийн хэмнэл, хэлбэр, бүтцийг олон зохиолч, яруу найрагч мэргэжлийн түвшинд хүргэж чаддаггүй гэх шүүмжлэл байдаг. Харин “Шүлгийн амин сүнс” номноос эхлэн бичээч, залуу яруу найрагчид өөрийн хэмнэл, хэлбэрээ олоход нь туслах бол уншигчдад аливаа шүлэг, яруу найргийн гүнд нь орж, илүү мэдэрч уншихад туслах гэнэ.

3.СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ШҮЛЭГ, ЯРУУ НАЙРАГТ

Зохиолч Эдгар По богино өгүүллэгүүдээрээ алдартай боловч чамгүй шүлэг бичсэн яруу найрагч гэдэг. Тэрээр шүлгэндээ хүний сэтгэл хөдлөлийг тодорхойлохыг эрэлхийлдэг байсан бөгөөд “Шүлгийн амин сүнс” номондоо ч шүлэг, яруу найраг дахь хүний сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн талаар онцлон бичжээ. Ингэснээр түүний шүлгэн дэх сэтгэл хөдлөлийн талаар бичсэн эсээнүүдийг уншвал хувь бичээч шүлгэн дэх “дүрийн сэтгэл зүй”-г урлах, уншигчид сэтгэл зүйг илүү нарийн, бараг мэргэжлийн түвшинд ойлгож унших суурь тавигдах аж.

4.УРАН ЗОХИОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУДААС ЗАЙЛСХИЙХ

Зарим судлаач, шүүмжлэгч уран зохиол, яруу найргийг хоёр өөр бичих урлаг гэж дүгнэсэн байдаг. Тэгвэл энэ талаар ч Эдгар По онцолж, шүлгийг уран зохиолын ёс суртахуун, философийн зааварчилгаанаас ангид авч үзэж бичихийг зөвлөжээ. Тэрээр эсээнүүддээ зохиолчдод хандан “Бүтээлээ бичихдээ сургаалын шинж чанараас илүү гоо сайхныг нь анхаарч” бичихийг зөвлөсөн байна. Түүнчлэн уран зохиолоос шүлэгт зөвхөн гоо зүй, сэтгэл зүй хоёр хамаатай байж болох тухай бичжээ.

5.ЯРУУ НАЙРГИЙН ДАЛД УТГА АГУУЛГЫГ ЭНГИЙНЭЭР ОЙЛГОХ АРГА

Дээрх дөрвөн шалтгаанд Эдгар Погийн шүлгийн эгэл гоо сайхан, сэтгэд хөдлөлийг ойлгож, хэт гүн ухаан, философийн санаатай хутгалдахгүй байхыг зөвлөж байсан. Тэгвэл зохиолч Эдгар По “Шүлгийн амин сүнс” номоороо эхний хуудсаас эхлэн төгсгөл хүртлээ эхлэн бичээчид, яруу найрагч, мэргэжлийнхэн, уншигчдад ч шүлгийн бүтэц, хэлбэрээс эхлээд далд утга санаа хүртэлх мэргэжлийн мэдлэгийг өгнө. Улмаар “Шүлгийн амин сүнс” номоос зохиолч, яруу найрагч, уншигчид утга зохиолын уламжлалт ойлголтуудаа эвдэх санааг олж, шүлэг, яруу найраг гэхээр хэт гүн ухааны гэж хүлээж авахаасаа илүүтэй хэн нэгэн хүний, яруу найрагчийн сэтгэл хөдлөлийг мэдрэх, мэдрүүлэхэд чухал зөвлөмжүүдийг авах юм.

 

ЗОХИОЛЧ ЭДГАР АЛЛАН ПОГИЙН ТУХАЙ:

Америкийн нэрт зохиолч, яруу найрагч, утга зохиол шүүмжлэгч, урлагийн онолч Эдгар Аллан По 1809 оны нэгдүгээр сарын 19-нд хуульчийн гэр бүлд төрсөн. Тухайн үед аав нь хуульч мэргэжилтэй, ээж нь алдар цуутай авьяаслаг жүжигчин байсан ч аав нь Эдгар Пог бага байхад нас барсны улмаас түүнийг үйлдвэрийн баян эзэнд үрчлүүлсэн гэдэг.

Эдгар По Шотланд, Англид бага дунд боловсрол сурч нутагтаа ирэн 1826 оноос Виржиниагийн их сургуульд суралцсан боловч ердөө жилийн хугацаанд сураад мөрийтэй тоглоом тоглосон хэргээр сургуулиасаа хөөгдсөн байдаг. Улмаас сургуулиасаа хөөгдсөн Эдгар По төрөлх Ричмонд хотдоо эргэн очиж, Елмаир Роустер гэх эмэгтэйтэй амьдралаа холбосон түүхтэй.

Тэрээр хөгжим, уран зураг сонирхдог, түүх, одон орон, хими, биологи, анагаах ухаан судалсан, цагтаа боловсролтой, олон төрлийн авьяастай хүн байсан гэдэг. Эдгар По гэр бүл зохиосноосоо хойш цэргийн алба хааж ирээд 1830-аад оны үеэс сэтгүүлч болж, ажлынхаа хажуугаар яруу найраг, богино өгүүллэг бичих болжээ. Гэсэн ч яруу найрагт дуртай түүнд үрчилж авсан баян хойт эцэг нь хөрөнгөө өвлүүлэхээс татгалзсан гэдэг. Улмаар Эдгар По мөнгө, санхүүгийн гачигдалд орж, амьдрал ахуйгаа ч анхаараа больж, архинд донтсоор 1849 оны аравдугаар сарын 7-нд зуурдаар нас барсан байдаг.

Хувийн амьдралын хувьд асуудалтай байсан ч Эдгар Погийн утга зохиолд үлдээсэн өв их. Тэрээр “Артур Гордон Пимийн түүх”, “Мальстремад болсон сүйрэл” зэрэг шинжлэх ухааны зөгнөлт зохиол, “Алтан цох”, “Морг гудамжинд гарсан хүн амины хэрэг” зэрэг детектив зохиол, “Хар үхлийн сүг”, “Хар муур”, “Хулгайлагдсан захидал” туурь, “Хэрээ”, “Хонх” тэргүүтэй олон шүлэг бичсэн нь өдгөө ч дэлхийн утга зохиолд өндөр байр суурь эзэлдэг. Түүний зохиол, бүтээлүүд нас барснаас нь хойш дэлхий дахинаа дэлгэрсэн бөгөөд XIX зууны эцсээр Европын уран зохиолд гарсан декадент чиглэлийн эхийг тавьж, Франц, Оросын символист зохиолчдод асар том нөлөө үзүүлсэн гэж үздэг.

 

 

 


ЭДГАР ПОГИЙН “ШҮЛГИЙН АМИН СҮНС” НОМЫГ СОНГОЖ УНШИХ ТАВАН ШАЛТГААН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-27 15:05:09
    Зочин: Ц.Цэнгэл орчуулагч бол Орос хэлний мастер мэргэжилтэн. Монголд ховордсон гайхалтай орчуулагч даа. Сонгож унших дуртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-22 20:02:52
    Баатар: Цэнгэл бол мундаг орчуулагч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-22 19:57:35
    Зочин: Хүнийг аль болох үндсэн мөн чанараас нь холтговол гуйрамч боолын сэтгэхүйтэй болж дуугүй зарцлагдахад амар хялбар болно.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188