• Өнөөдөр 2024-04-27

ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: Хирошима

2023-05-03,   1652

          НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 онд жил бүрийн эл өдөр буюу тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, 1994 оноос дэлхий нийтээр тэмдэглэсээр иржээ.

          Эргэлт.мн мэдээллийн сайтаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж, 1946 оны наймдугаар сарын 31-нд “The Guardian” сонинд хэвлэгдсэн АНУ-ын сэтгүүлч Жон Хершийн “Хирошима” нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. Сэтгүүлч Жон Херши Хирошимагийн атомын бөмбөгдөлтийн дараа тус газарт очиж, бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Хирошимагийн зургаан оршин суугчдын амьдрал болон атомын бөмбөгдөлт эхэлсэн өдрийн тухай, хүн гээч амьтны үхэл, төгсгөл, тэсвэр тэвчээрийн тухай үнэнийг сонины нүүрэндээ мөнхөлжээ. Хожим сэтгүүлч Жон Хершийн “Хирошима” нийтлэлийг дэлхийн дахинд “Олон арван жил өнгөрсөн ч итгэмгүй гашуун үнэнийг дахин гэрчлэх хамгийн шилдэг нийтлэл” хэмээсээр ирсэн аж.

1.ХИРОШИМАГИЙН ТӨГСГӨЛӨӨС АМЬД ҮЛДЭГСЭД

       1945 оны наймдугаар сарын 6. Японы цагаар өглөөний 08:15 минутад Хирошимагийн дээр атомын бөмбөг дэлбэрэх мөчид Зүүн Азийн цагаан тугалганы үйлдвэрүүдийн нэгдсэн хүчний хэлтсийн ажилтан Тошико Сасаки ургамлын оффистоо байрлаж, охинтойгоо ярихаар сууж байв. Мөн цагт доктор Масаказу Фүжи хувийн эмнэлгийнхээ үүдний танхимд хөлөө жийж тухлаад, Осакагийн “Осака Асахи” сониныг “үнгэж” байсан аж. Харин оёдолчин Хацүёо Накамура гал тогооны цонхоор үнэнийг харж, Христийн нийгэмлэгийн Германы санваартан, эцэг Вильгельм Клейноржес сүмийнхээ гурван давхарт “Стиммен дер Цейт” гэх герман номоо уншиж байв. Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн, мэс заслын эмч, доктор Терүфүми Сасаки гартаа Вассерманны шинжилгээнд хамруулах цусны сорьцыг барин эмнэлгийн коридороор алхаж, Методист сүмийн пастор Киёоши Танимото Японы хойд захын Койгоос дөнгөж гэртээ эргэн ирж, гар тээшээ цэгцэлж байсан юм.

       Тэдний хэн нь ч хар буруу санаагүй, санамсаргүй байхад нь нэг л мэдэхэд олон сая америкчуудын муу зүйлийг хүсэж, Хирошима хотын иргэдийг зовоохыг хүссэн аймшигт атомын бөмбөгдөлт эхэлжээ. Атомын бөмбөгийн улмаас 100 мянга гаруй хүн үрэгдсэн ч миний дээр дурдсан зургаан хүн тус хотоос амьд үлдэгсэд юм. Тэр зургаатай анх уулзаж байхад л бүгдээрээ “Яагаад одоог хүртэл амьд байгаагаа гайхдаг” гэж хэлж байв. Хүн бүр амьд үлдэх, амьдрахын тулд олон арван амьдралыг сонгож, сольж байдаг. Харин энэ зургаа л бидний төсөөлснөөс ч олон үхлийг өөрсдийн нүдээр харж, амьд үлдсэн. Гэвч бөмбөгдөлтөөс өмнө тэдний хэн нь ч амьдралын үнэ цэнийн талаар боддоггүй, ойлгодоггүй байсан гэнэ.

КИЁОШИ ТАНИМОТО

      Ноён Киёоши Танимото тэр өглөө 05:00 цагт босов. Тэрээр хэсэг эхнэр нялх хүүхэд хоёртоо цаг өгч, хэсэг хугацаанд ч болов хол байхаар Ушида хот руу эхнэр хүүхдээ явуулж, гэртээ ганцаараа байжээ. Атомын бөмбөгдөлт эхлэх өдөр Танимото бусдын л адил айж, түгшсэн байдалтай байсан аж. Учир нь Күрэ, Ивакүни, Токүяама зэрэг ойролцоох хотууд хэдий нь бөмбөгдөлтөд өртөж, зөвхөн Кёото, Хирошима хотыг л бөмбөгдөлт “дайраагүй” байсан юм. Харин өнгөрсөн шөнө нь хэд хэдэн удаа холбоогоор агаарын дайралтаас сэрэмжлэхийг анхааруулж байсан тул нойр дутуу хонож, өглөөний 05:00 цагт боссон хэрэг. Хирошима хотод агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио долоо хоногийн хугацаанд бараг өдөр болгон шахуу ирдэг байж. Энэ үеэр гадуур олон янзын “явган яриа” тарж, энд тэндгүй айж, мэгдсэн улс “Америкчууд хотод маш нууц зүйл хадгалж байгаа” гэсэн цуурхал ч иргэдийн дунд тархаад байсан аж.

       Киёоши Танимото жижиг биетэй, түргэн алхдаг, хурдан яриатай нэгэн. Инээхдээ инээж, уйлахдаа уйлж, сэтгэл хөдлөлөө ямар ч үед гаргаж чаддаг. Тэрээр урт хар үсээ голоор нь хувааж, ам, эрүүний сахлаа ургуулсан нь өөрийг нь настай харагдуулах боловч залуухан харцтай. Гал, цогтой харц, түргэн байдал нь түүний ахимаг насны нэгэн болохыг нь “далдлах” мэт. Тэрээр АНУ-ын Атланта дахь “Эмори” коллежид технологийн чиглэлээр сурч, 1940 онд төгссөн гэнэ. Тийм ч учраас англиар төвөггүй ярьдаг. Өнөөх хар өдрийн өнгөрсөн шөнө нь ачаа, тээш зөөж, буулгах ажил хийж ихэд ядарсан аж. Гэсэн хэдий ч маргааш өглөө нь найзынхаа охины тээшийг зөөвөрлөж өгөхөөр амласан тул шөнө нойр дутуу байсан ч эрт боссон юм. Өглөөний цайгаа уучихаад 06:00 цагт найзынх руугаа хөдөлжээ. Найзынхаа ачаа, тээшийг нь янзалж байх зуур онгоц ойртож байгааг цагаан хоолойгоор сануулсны дараа төд удалгүй энд тэндгүй тэсрэх бөмбөг дуугарч эхлэв. Хирошима хот нь далайн эргээ дагаж суурьшсан хэлбэртэй төвийн орон сууцуудад нь хүн амынх нь дөрөвний гурав байдаг. Дэлхий дайны оргил үеэр тус хотын иргэдийн нүүлгэн шилжүүлж байжээ. Гэтэл 380 мянган гаруй хүн амтай байсан Хирошима хот 245 мянган хүн амтай болсон байв. Дайны үеэр иргэд хотын төвийн орон сууцад бус хотын захын хорооллоор суурьшин нягтарсан аж.

       Бөмбөгдөх дуу гарч эхэлсний дараа Киёоши Танимото найз Мацүогийнхоо хамтаар захын худалдааны төвүүдийг сүлжиж, Кой голын дэргэдэх налуу гудамжаар өгсөж, уулын бэл рүү зугтжээ. Тэд энэ үеэр хол хоцорсон байшингуудаас аврал эрсэн, маш аймшигтай чанга хашхирааныг сонсжээ. Түүний дараа гэнэт тэнгэр маш их гэрэл гэгээтэй болж байгааг харсан гэнэ. Гэвч айж, сандарсан Танимото, Мацүо хоёр юу болж байгааг ч ухаарах сөхөөгүй зугтсаар байсан аж. Тэд дэлбэрэлтийн төвөөс хоёр милийн зайтай зугтжээ. Зугтсаар уулын бэл дэх байшин олж, Мацүо байшингийн урд гишгүүрийг нурааж, ор хөнжлөөр хучин доош орсон байна. Харин Танимото гүйсээр цэцэрлэгийн хоёр том чулууны завсар орж хэвтжээ. Том чулуу нүүрийг нь хааж байсан учир дэлбэрэлтийг бүрэн харж чадаагүй. Тэрээр энэ талаараа “Юу ч сонсоогүй” гэсэн юм.

Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн гэрчүүд дэлбэрэлтийн талаарх дуу чимээний талаар юу ч хэлдэггүй. Энэ талаар хэн ч дурсдаггүй нь хачин.

       Удалгүй Танимото толгойгоо өндийлгөж, ойролцоох дүүргийн байшингууд цөмөөрөө нурж, унасныг харжээ. Асар их тоос, шорооноос үүдэн эргэн тойрон нь харанхуйлсан гэнэ. Найз Мацүогоо байшингийн үүдний гишгүүрийн дор орсныг сандарсандаа мартаж, гудамж руу гарч гүйжээ. Киёоши Танимото амь тавьж буй цэргүүд, сүйрсэн Хирошимаг харж зогсоход нүд нь харанхуйлж, Хирошима хотын суурь байсан газар тэр чигтээ харанхуй дунд “живжээ”.

ХАЦУЁО НАКАМУРА

       Хирошимагийн атомын бөмбөгдөлт эхлэхийн өмнөх шөнө хотын радиогоор B-29 онгоц Хоншюгийн өмнөд хэсэгт дөхөж байгааг анхааруулж, Хирошима хотын оршин суугчдын аюулгүй газар руу нүүхийг зөвлөсөн гэнэ. Ийн анхааруулахад нь оёдолчин эмэгтэй Хацуёо Накамура 10 настай хүү Тошио, найман настай охин Яэко, таван настай охин Мико гэх гурван хүүхдээ хувцаслаж, хотын зүүн эргийн цэргийн бааз руу явав. Шөнө дунд цэргийн баазад очиж, хүүхдүүдээ унтуулсны дараа л гурван хүүхэдтэй бэлэвсэн ээж Накамура өдийг хүртэл босгосон амьдралаа сүйрвэл дахин яаж босгох талаар санаа зовсоор унтжээ. Бөмбөгдөлт эхлэх болоогүй байв.

       Өглөө нь Накамура босож, хүүхдүүдийнхээ хамтаар Хөршийн холбоонд очсон ч түүнийг нь гэртээ харихыг зөвлөжээ. Гэр рүүгээ харихаар гудамжаар алхаж байх үед атомын бөмбөгнөөс урьтаж, золтой л амиа алдчихаагүй гэнэ. Учир нь, Хирошима хотыг сүйрлийг хүлээж байсан зарим хүн алх, хүрз, жоотуу, хутгаар зэргээр зэвсэглэж, гэмт хэрэг үйлдэж, томоохон газруудыг дээрэмдэж байв. Тэднээс зугтсаар Хацуёо Накамура хүүхдүүдийн хамт аюулгүй гэртээ иржээ. Түүний нөхөр Исаава нь гурав дахь хүүхэд Миеко нь төрсний дараа цэрэгт татагдаж, түүнээс хойш сураггүй болсон аж. Накамура тийм ч сайн оёдолчин биш ч амьдрахын тулд энэ ажилд шамдахаас өөр сонголтгүй байж. Учир нь, дайны үеийн Япон Улсад ажил хийж, мөнгө олно гэдэг маш хэцүү байв. Оёдлын машинаар оёдол хийхдээ дасаж, ганц хоёр захиалгын дараагаар хатагтай Накамура дахин итгэл олж, бие даан амьдралаа босгожээ.

       Хацуёо Накамураг гал тогооны өрөөнд байхад бүх зүйл итгэмээр тод, гэрэлтэй болж эхэлжээ. Накамура юу болж байгааг сайтар анзаарч чадаагүй ч байгалийн хуулиараа хүүхдүүд рүүгээ чиглэн гүйв. Түүний гэр Хирошимагийн бөмбөгдөлтийн төвөөс гурван миллийн зайд байсан ч байшингийн эд хогшил хэдэн тийш “үсчиж”, түүнийг цохижээ. Газарт савж унахад нь байшин нь бага багаар нурж түүний дээрээс унаж, тэнгэр харанхуйлж, тэрээр байшингийн эд хогшил дунд дарагджээ. Энэ үеэр “Ээж ээ, надад туслаач” хэмээн хүүхдийн уйлж, аврал эрж байхыг сонссон байна. Үүнийг сонссон Накамура ойрт баймгүй хүч гаргаж, өөрийг нь дарсан байшингийн ханыг түлхэж, дээш гараад гурван хүүхдийнх нь хамгийн отгон нь буюу таван настай Мэйко охин мөр хүртлээ булуулж, чулуунд даруулсан байхыг харжээ. Гэвч Хацуёо Накамура ууган хүү, охиноо олж хараагүй юм.

МАСАКАЗУ ФҮЖИЙ

      Бөмбөгдөлт эхлэхээс өмнөхөн доктор Масаказу Фүжий томилолтын ажлаа дуусгаж, гал тэргээр Хирошимад иржээ. Өглөөний 06:00 цагийн үед тэрээр галт тэрэгний өртөөнөөс холдож, гол даган алхсаар 07:00 цаг орчимд хувийн эмнэлэгтээ очив. Тухайн өдөр өглөө эрт байсан ч халуун байсан тул Фүжий хувцсаа нимгэлж, сонин уншихаар үүдний танхимыг зүглэсэн аж. Хамгийн хачирхалтай нь доктор Масаказу Фүжийгийн хувийн эмнэлэг нь ганцхан ажилтантай. Асрах, сувилахаас эхлээд мэс засал, гэрээ, даргын эрх үүргийн тэр ганцаараа хийдэг байж. Доктор өөрт хадгалсан хамаг л мөнгөө рентген, диатерми, нарийн ширхэгтэй плитан лабораторийн аппаратуудад зориулсан тул эмнэлэг дотор нь сүрлэн орнууд “сүндэрлэнэ”. Түүний эмнэлэгт голын эрэгтэй ойролцоо байсан учир үүдний танхимд илүү сэрүүн. Тийм ч учраас сэрүүцэхээр үүдний танхимаа зорьсон хэрэг л дээ.

       Хирошимагийн бөмбөгдөлт эхлэхийн өмнөх сард буюу 1945 оны долдугаар сард Японы олон хот бөмбөгдөлтөд өртөж байсан учир Хирошимагийн ээлж ирэхийг доктор Масаказу Фүжий зөнгөөрөө мэдэрсэн аж. Тэрээр гэнэтийн дайралтын үед нүүлгэн шилжүүлж чадахгүй болохоор эмнэлгийнхээ өвчтөнүүдийг хэдэн өдрийн өмнөөс гэр гэр рүү нь буцаагаад байж. Тухайн өдөр тэрээр хоёрхон өвчтөний хамтаар эмнэлэг дээрээ байв.

       Доктор Масаказу Фүжий нэг хөлөөрөө үүдний танхимын сүрлэн дэвсгэр дээр хөндөлдөж, нүдний шилээ хамар дээрээ “тохож”, “Осака Асахи” сонинг гарчиглаж байжээ. Эхнэр хүүхдүүд нь Осакад суурьшиж байгаа тул голцуу л тухайн сониныг унших дуртай байсан аж. Дээш харж хэвтээд сониноо харахад эгээ л сонины нүүр шарлаж, туяарч, гялалзаж байгаа юм шиг харагдсан гэнэ. Фүжий сандран босож ирэхэд голын эрэг дэх эмнэлгийн барилга нь гол руу шидэгдэж, аймшигтай урагдаж, эвдэрч байгаа чимээ гарч байсан аж. Хөл дээрээ тогтон ядан босох гэсэн ч түүнийг эмнэлгийн барилга дотор хэдэн тийш “шидэж” байв. Эцэст нь, нэг юмнаас барьж авахад эмнэлгийн барилга хэдий нь гол руу живж эхэлжээ.

       Саваа модоор эргэн тойрноо холдуулж, голоос дээш цухуйхад барилгын балгас, энд тэндгүй тарсан модон материал, өвчин намдаах эмнээс өөр юу ч харагдсангүй. Түүнтэй хамт байсан хоёр өвчтөн ч үгүй. Хэдий нүдний шилгүй байсан ч “чөтгөр залгисан” мэт улангасан ассан Хирошима хот, хар дарсан зүүднээс л харж болох тас харанхуй тэнгэрийг харжээ.

ВИЛЬГЕЛЬМ КЛЕЙНСОРЖ

       Хирошимагийн бөмбөгдөлтийн өглөө Есүсийн нийгэмлэг дахь Герман санваартан, эцэг Вильгельм Клейнсоржийн бие ихэд таагүй байсан гэнэ. Дайны үеийн Японд хоол хүнсний хүрэлцээ дутмаг. Ялангуяа шашны байгууллагууд бусдад хоол ундаа бэлэглэх тул тэднээс илүү өлсөж, ангасан эцэг Клейнсоржийн бие муудсан байх. Эцэг Клейнсорж туранхай нүүр, хөндий цээж, унжсан том гар, хөлтэй 38 настай. Үргэлж үл ялиг урагш бөхийж алхах бөгөөд төд удалгүй л ядарчихдаг нэгэн.

       Бөмбөгдөлт болсон өдөр даваа гараг. Даваа гараг нь сүмийнхний номлолын өдөр. Гэвч эцэг Клейнсоржийн бие муу байсан тул төв танхим руу буулгүй гурван давхрын өрөөнөөсөө номлолоо уншихаар зэхэж байв. Номлолын төгсгөлд түүнийг талархлын залбирал уншиж байх үеэр гамшгийн дохио дуугарчээ. Сүмийн төв танхим үймж байх хооронд эцэг Клейнсорж доод давхар руу бууж, агаарын дайралтаас хамгаалах цэргийн дүрэмт хувцас олж өмссөн аж.

       Вильгельм Клейнсорж гамшгийн дохио бүрийн дараа сүмийн дээвэр рүү гарч, тэнгэр хардаг. Гэвч тэр үед түүнийг дээш харахад ямар ч дайралтын онгоц байгаагүй гэнэ. Улмаар эцэг Клейнсорж доош бууж бусад санваартны хамтаар өглөөний цайгаа уужээ. Бөмбөгдөлт эхлэхээс 15 минутын өмнө буюу өглөөний 08:00 цагийн үед санваартнууд эцэг Клейнсоржтой цаг үеийн талаар зөвлөлджээ. Айж, сандарсан олон санваартан, номлогчдын харсан эцэг Клейнсорж тэднийг дагуулж, сүмийн гуравдугаар давхар руу гарч, Германы Христын “Стиммен дер Цейт” номоо уншиж байв.

      “Стиммен дер Цейт”-ийг уншиж байх үед маш том солир дэлхийтэй мөргөлдөж байгаа мэт маш аймшигтай гялбаа гарч, эцэг Клейнсоржийн толгой эргэж, ухаан балартжээ. Вильгельм Клейнсорж яаж, хэрхэн сүмээс гарч, гадагш гарч гүйснээ огт санадаггүй гэнэ. Ухаан нь балартсан үед юу болсноо санадаггүй ч зүүн нүдний нь дор шалбарч, цус гарч байсан бөгөөд тэрээр сүмийн цэцэрлэгийн даган гүйж, зэргэлдээх түлээний жижиг байшинд орж нуугджээ. Төд удалгүй тэнгэр харанхуйлж, юу ч харагдахаа больсон аж. Харин эцэг Вильгельм Клейнсорж нэг л мэдэхэд нулимс унагаж, “Shu Jesusu, awaremi tamai” буюу “Бидний эзэн Есүс минь, биднийг жоохон ч болов өрөвдөөрэй” хэмээж байсан аж.

ТЕРҮФҮМИ САСАКИ

      Улаан загалмайн нийгэмлэгийн эмнэлгийн мэс заслын эмч Терүфүми Сасакигийн бие “тэр өдөр” ихэд тавгүйрхэж, халуурч байжээ. Тэрээр 25 настай бөгөөд дөнгөж л Хятадын Цинтао дахь Дорнодын анагаах ухааны их сургуулийг дүүргээд байв. Тухайн үеийн Японд мэс заслын эмчийг Улаан загалмайн нийгэмлэгт сайн дураар ажиллахыг хориглодог байсан бөгөөд Терүфүми Сасаки хориглодог ажил хийж байгаа учир ихэд санаа зовж, урьд шөнө нь хар даржээ. Зүүдэнд нь түүнийг бусад эмнэлгийн эмч, цагдаа нар ирж, чирч гарган үхтэл зодож байгааг түүнд харуулсан гэнэ.

       Тэр өдөр хэдий бие нь тавгүйрхэж, халуурч байсан ч 07:40 цагт Сасаки эмнэлэгтээ очиж, Ерөнхий мэс засалчид мэдэгдэв. Түүний дараа өвчтөнөөс Вассерманы шинжилгээ авахаар эмнэлгийн нэг давхрын өрөөнд орж, өвчтөнөөс цусыг нь авчээ. Туршилтын инкубатор лаборатори эмнэлгийн гурван давхарт байдаг тул Сасаки буцаад л дээш алхахаар хонгилын шатаар өгсөв. Бөмбөгдөлтийн дүр зураг эмнэлгийн хонгилын шатанд ч хүрч байгааг тэрээр харж өвдөг дээрээ сөхрөх унасан байна. Яг тэр үед эмнэлгийн барилга бөмбөгдөлтийн төвөөс 1650 ярдын зайтай байсан бөгөөд Терүфүми Сасаки өөрийгөө зоригжуулан боссон гэнэ.

       Сасакиг босож, эмнэлгийн Ерөнхий мэс засалчийг нэрээр нь дуудсаар өрөөнд орохдоо урьд өмнө нь харж байгаагүй аймшигтай дүр зургаа олж үзжээ. Мэс засалчид ч харж байгаагүй аймшигт дүр зураг байж. Түүнийг ороход барилгын цонхнууд хагарч, эмнэлгийн Ерөнхий мэс засалчийн дээрээс унаж, түүний цогцсыг хэдэн хэсэг тастаж, эрэмдэг болгосон байжээ. Терүфүми Сасаки үүний дараа эмнэлгийг бүхэлд нь нэгжсэн ч маш олон хүн амь эрсдэж, амьд үлдсэн цөөн хүн нь маш хүндээр бэртжээ. Хэдхэн хормын өмнө түүний цус авсан өвчтөн нь хүртэл нас барсан бөгөөд Сасаки л эмнэлэг доторх ганц бэртээгүй нэгэн нь байв. Гэвч эмч хүнд амрах сөхөө байхгүй. Терүфүми Сасаки эргэн эмчийн ажилдаа орж, эмнэлэгт амьд үлдсэн хүмүүст тусалж эхэлжээ. Гэвч зөвхөн эмнэлэгт байсан хүмүүс бус Хирошима даяар амь үрэгдэж, тахир дутуу болж, хүнд бэртсэн хүмүүс байсан юм.

ТОШИКО САСАКИ

       Зүүн Азийн цагаан тугалгын нэгдсэн үйлдвэрийн ажилтан Тошико Сасаки бөмбөгдөлт болсон өдөр өглөөний 03:00 цагт босжээ. Хэдий өглөө эрт боссон ч Сасаки үйлдвэрийн ажилдаа 45 минутаар хоцорч очсон аж. Гэвч түүнийг ажил дээрээ очиход нь түүнийг хоцролтыг анхаарах хүнгүй байв. Учир нь урьд шөнө нь үйлдвэрийн ургамлын төвийн хэд хэдэн ажилтан ажлын байран дээрээ амиа хорлосон байсан гэнэ. Түүнийг очсоноос хойш ажилчдын амиа хорлолтын шуугиан 20 минут орчим үргэлжилсний дараа тэрээр оффис руугаа оржээ. Ажлын ширээн дээрх цаасан цэгцэлж суутал нүдийг нь анивчуулсан маш тод гялбаа гарсан байна. Ургамлын төв Хирошимагийн бөмбөгдөлтийн төвөөс 1600 ярд зайтай байсан ч айж, мэгдсэн Сасаки хэсэг хугацаанд сандлаасаа босож чадаагүй гэнэ.

     Удалгүй ажлынх нь барилга нурж, хэдэн талаас юм унаж, түүнийг цохиход Тошико Сасаки ухаан алджээ. Ухаан ороход нь барилгын дээвэр нурж, гарах гарц гарсан байсан ч дээрээс нь унасан номын тавиурыг холдуулж чадалгүй Сасаки тэр дороо хүлээхээр шийдсэн байна.

2.ГАЛ ДУНД

       -Киёоши Танимото нуугдаж байсан том чулууныхаа дундаас гарсны дараа гудамж руу гарч гүйсэн. Тэгж явахдаа тэрээр эмгэн болон эмгэний дөрвөн настай ачийг нь олж, аварчээ. Харин түүний найз Мацүо нь гишгүүрийн доор орж нуугдсан амьд гарсан бөгөөд Танимотогийн араас ирсэн аж. Гэвч Танимотод анзаарах сөхөөгүй байсангүй. Бүхэлдээ галд автсан Хирошимагаас сөнөөгч онгоцны дуу тэр цагт ч “тасраагүй” байсан аж. Танимото тэр үед амьдралд бууж өгмөөр санагдсан ч эхнэр, хүүхэд, танилуудаа бодож, цэх зогсох зоригтой болжээ. Улмаар Кио голын дээгүүр Каннон гүүрийг давж, эхнэр, хүүхдийнхээ байгаа газрын зорьсон байна. Азаар Танимотогийн эхнэр, аюулгүй байсан учир тэднийгээ авч Асано цэцэрлэгт хүрээлэнг зорьжээ.

       -Оёдолчин Хацүёо Накамура байшингынхаа балгас дунд дүүгийнхээ орон дор орж нуугдсан Яэко охиныг олж, эгч Миеког нь чулуун дороос гаргажээ. Түүний дараа доргилтын улмаас өөр өрөө рүү шидэгдсэн том хүү Тошиогоо олсон аж. Накамура хүүхдүүдээ дагуулан гадагш гарахад түүнтэй таарсан нэгэн эмэгтэй Асано цэцэрлэгт хүрээлэн рүү зугтахыг зөвлөж. Улмаар Накамура гурван хүүхдээ дагуулж Асано цэцэрлэгт хүрээлэн рүү очиж, жижиг номлолын байшинд орж нуугдсан байна. Тэр үеэр л Хацүёо Накамура анх удаа эцэг Клейноржийг харсан гэнэ.

       -Эцэг Вильгельм Клейнорж бөмбөгдөлтийн дараа ногооны цэцэрлэг даган гүйж, бусад номлогч, санваартнуудын Вильгельм Клейнорж эрэлд гарчээ. Харин сүмийн санваартан Шиффер цус алдаж, үхлийг ирмэгт ирсэн байв. Эцэг Клейноржид зөвхөн зэргэлдээх гудамжинд аж төрдөг Канда эмчид хандах, зургаан гудамжны цаана орших Фүжий эмчийнд л очих сонголт бий. Гэвч Канда эмчийн гэр нурсан байхыг Вильгельм Клейнорж олж үзжээ. Түүнд зөвхөн Фүжий эмчийн эмнэлэгт л очих сонголт үлдээд байв. Гэвч Фүжийгийн эмнэлэгт зургаан гудамжны цаана, Кио голын эрэгт.

       -Масаказу Фүжий эмчийн эмнэлэгт Кио голын эрэгт оршихоо больсон. Эмнэлэгт бөмбөгдөлтийн улмаас голын эргээс шидэгдэж, Кио голд живсэн. Фүжий эмч уснаас гарсныхаа дараа зөвхөн хоёрхон түймэр л харж байсан гэнэ. Нэг нь голын нөгөө эрэгт, нөгөө нь урд зүгт их хол/Хирошимагийн бөмбөгдөлтийн төв/. Гэвч төд удалгүй түймэр улам их нэмэгдсэн тул Масаказу Фүжий эргэн гол руу үсэрч, түймэр намжихыг хүлээв.

       -Хирошимагийн бөмбөгдөлтийн үеэр тус хотод байсан 1780 эмч, сувилагчийн 1654 нь амь эрсэдсэн байдаг. Харин амь үлдсэнийх нь олонх хувь нь маш хүнд бэртэл, гэмтсэн авсан. Миний таарсан цор ганц, аль эсвэл үнэхээр тэр аймшигт бөмбөгдөлтөөс бэртээгүй үлдсэн цор ганц эмч нь Улаан загалмайн нийгэмлэгийн эмнэлгийн мэс заслын эмч Терүфүми Сасаки. Тэрээр үргэлжлүүлэн бэртэж, гэмтсэн иргэдэд тусалж байв. Гэвч маш олон бэртэл гэмтэлтэй хүн байсан тул үхлийн хэмжээний бэртэл авсан иргэдэд тусламж үзүүлэх гэж оролдон өөрт олдсон цөөхөн цагаа “алахгүй” байхыг хүсэж байсан гэнэ. Тиймээс тэрээр маш хүнд бэртэлтэй иргэдийг “хаяж” байжээ.

       -Зүүн Азийн цагаан тугалганы нэгдсэн үйлдвэрүүдийн ажлын албаны ажилтан Тошико Сасаки номын шүүгээнд дарагдсаар гурван цагийг өнгөрөөсөн гэнэ. Гэсэн хэдий ч гарч чадахгүй хэвээр дэмий л тусламж эрж, цагаа үрж байсан юм. Түүнээс хойш дахин хэдэн цагийн дараа аврах багийнхан Тошико Сасаки дээр иржээ. Гэвч түүнийг дарсан номын шүүгээг холдуулсан ч түүний хол барилгын нурангид дарагдсан байж. Тухайн үед зарим аврагч хөлийг нь тайрахаас өөр аргагүй гэж ярьж байхыг нь Сасаки сонссон гэнэ. Харин аврагчид ярилцсаны эцэст хөлийг нь тайралгүйгээр хугалж, Тошико Сасакиг гарган авсан аж.

Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд гарсан хүмүүс эхлээд Масаказу Фүжий эмчийн эмнэлэг байсан Кио голыг зорьж байсан ч түймэр гол руу хүртэл орж байсан юм. Улмаар бүхий л хүмүүс Асано цэцэрлэгт хүрээлэнг зорьжээ. Асано цэцэрлэгт хүрээлэнд эцэг Вильгельм Клейнорж тэргүүтэй санваартнууд ажиллаж, ирсэн хүмүүсийг идэш, түлээний саравчинд нууж, заримыг нь цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа дагуулан хэвтүүлсэн гэнэ.

Тухайн үед тэд “Америкчууд эргэж ирвэл зөвхөн барилгуудыг л бөмбөгдөх болно” гэж итгэсэн байна.

Хүн бүр л эцэг Вильгельм Клейноржоос аврал эрж байжээ. Тэр үед л Вильгельм Клейнорж анх удаа “Юу ч мэдэхгүй, юуг, хэнийг ч хэнээс ч аварч чадахгүйгээ ухаарсан” юм. Орой болж атомын бөмбөгт арчигдсан Хирошимад бороо орж эхэлжээ. Гэтэл бороог хэн ч бороо гэж бодоогүй.

Тэд “Америкчууд бензин асгаж, одоо биднийг шатаах гэж байна” гэцгээж байсан талаар хэлсэн юм.

Түймэр нэмэгдэж байсан учир Асано цэцэрлэгт хүрээлэнд байсан цөөн хэдэн модон завинд хүүхэд, хөгшдийг суулган далай руу явуулжээ. Харин бороо ширүүсэж эхлэхэд зарим газарт түймэр багасаж, Хирошимагаас амьд үлдэгсэд түр ч атугай амьсгал авах эрхтэй болсон. Гэвч хэнд нь тайвшрах, сөхөө авах боломж байсангүй. Тэр байдлаараа амьд үлдэгсэд өлсгөлөнд нэрвэгдэх дөхжээ. Улаан загалмайн нийгэмлэгийн байр болон Христийн сүмийн агуулахаас хоол хүнсний зүйл олсон ч ердөө 200 орчим хүн хүрэлцээтэй л байв.

3.ХИРОШИМАГИЙН БӨМБӨГДӨЛТИЙН ҮНЭН

       Хирошимагийн бөмбөгдөлтийн өглөө эрт Япон тэнгисийн цэргийн шумбагч онгоцнууд Хирошимагийн долоон голоор доош шумбасан байжээ. Бөмбөгдөлтийн дараа тэнгисийн цэргийн шумбагч онгоцнууд Асано цэцэрлэгт хүрээлэнгийн эсрэг талаас гарч ирэн амьд үлдэгсдэд тусламж үзүүлж эхэлсэн аж. Шөнө нь гал түймрийн улмаас агаар нь бохирдсон, маш халуун байж. Зарим хүн халууны улмаас амьсгал нь боогдож амь алдсан бол үлдсэн хүмүүс нь гол руу шумбаж, тэндээ шөнийг өнгөрөөхийг сонгожээ. Амьсгал боогдохгүй, мөн Америкийн сөнөөгч онгоцнууд эргэн ирсэн ч аюулгүй байна гэж үзсэн байх. Гэсэн ч голын усанд бие нь ядарсны улмаас хөдөлгөөнгүй болж, живж, зарим нь осгож нас барж байжээ. Хирошимагийн бөмбөгдөлт дууссан ч хүний амь үрэгдсэн гай зовлон дуусах болоогүй байв.

       Хирошимагийн бөмбөгдөлтийн дараагийн өдөр буюу 1945 оны наймдугаар сарын 7-ны өглөө болоход шөнийн дотор дахин 10 мянган хүн амиа алджээ. Бөмбөгдөлтөөс Хирошимагийн хотын дарга Фүкай амьд үлдсэн байсан ч өнгөрсөн шөнө нь өөрийгөө амьдаар нь шатааж, амиа егүүтгэсэн байна. Тухайн өдөр ойролцоох Ямагүчи хотоос эмч, эмнэлгийн байгууллагын нэмэлт хүч ирж, Чугоку мужийн армийн цэргүүд ирж бэхлэлтэд нэмэгджээ. Хэдий нэмэлт хүч нэмэгдэж байсан ч гэмтлийн хүндрэл, бэртэл, өвдөлтөө дийлэлгүй амиа алдсан байгаа хүмүүсийн тоог зогсоосонгүй. Мөн зөвхөн бэртэл гэмтлээс гадна Хирошимагаас амьд үлдэгсэд нэгэн төрлийн ханиад байж болзошгүй өвчин тусаж, цусаар ханиалгасаар амиа алдаж байжээ. Үүнийг хор гэж үзээд байх үед радиогоор мэдэгдэл хийжээ.

1945 оны наймдугаар сарын 7-ны Японы радиогоор

“Хирошима хот бөмбөгдөлтөд өртөж, маш их хэмжээний хохирол үүсэж, нийт хүн амынх нь цөөн хувь амьд үлдсэн. Уг бөмбөгдөлтийг Америкийн B-29 онгоц, үйлдсэн бөгөөд 20 мянган тонноос илүү хүчтэй, шинэ төрлийн бөмбөг ашигласан гэж үзсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг шалгаж байна” хэмээжээ.

Япон Улсын Хирошима хот нь Америкийн зохион бүтээсэн анхны атомын хүчний туршилт болж таарсан юм. Мөн энэ үетэй зэрэгцэн Хирошима хотод Америкийн туршуул байж болзошгүй баян, чинээлэг гэр бүлийн гишүүдийг ээлжлэн хөнөөж буй хэрэг дэгдэв. Хэргийн хажуугаар “Америкийн шүхэрчид буусан” гэх цуурхал тарж, энд тэндгүй дагжин, чичирч байлаа. Сүүлд нь эмч нар нь эмчлэх биш цогцос зөөх ажилд дайчлагдсан юм. Хирошимагийн бөмбөгдөлтөд амь үрэгдсэн иргэдийн бүртгэлийг өнөөг хүртэл бүрэн хийж чадаагүй.

       1945 оны наймдугаар сарын 9-ний 11:00 цаг орчимд хоёр дахь атомын бөмбөг Нагасаки дээр унажээ. Тэгэхэд л Америкийн ашиглаж байгаа бөмбөг нь жирийн бөмбөг биш болохыг мэдсэн аж. Тэрхүү бөмбөг нь нэг сөнөөгч онгоцоор бүтэн хотыг тойруулан цацсан магнийн нарийн нунтаг байсан юм. Анхны атомын бөмбөгдөлтөөс хойш есөн хоногийн дараа буюу 1945 оны наймдугаар сарын 15-ны өглөө Америкийн B-29 сөнөөгч онгоц Хирошима хот дээгүүр эргэлдэж, хотыг бүхэлд нь шалгасан гэнэ. Харин үүний дараа “Дайн дууссан” гэж гарчигласан сонины нүүр Япон даяар тархжээ.

4.ХИРОШИМАД “ДЭЛБЭЭЛСЭН” ХОР

       -Эцэг Вильгельм Клейнорж номлогч, санваартнуудыг тусгаарлан эмчилж байсан Йокохама дахь сүмд 10 хоног суурьшжээ. Түүний дараа эргэн Хирошимад очихоор зүглэсэн юм.

       -Хацуёо Накамура гурван хүүхдийн хамтаар Кабэ хот руу дүрвэж, эгчийндээ амьдарч байгаа юм. Гэсэн хэдий ч нуранги дор дарагдсан бага охин Миекогийн бие илааршихгүй хэвээр байв.

       -Киёоши Танимото хотын захын нурсан байшингийнхаа балгаст хоног төрүүлсээр амьдарч байсан гэнэ. Гэвч түүнээс ядрах, халуурах зэрэг өвчин салсангүй.

       -Тошико Сасаки Хацукайчи дахь Дарь эхийн бага сургуульд байрлаж, католик эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Түүний хөл нь хавантай, зүүн хөлний шилбэ нь хугарсан.

       -Терүфүми Сасакиг мөн Хацукайчи руу явуулж, эмнэлгийн ажилд дайчилсан аж. Хэдий өөрөө эмнэлгийн хараа хяналт, асрамжид байгаа ч эмчийн ажлаа үргэлжлүүлсээр байжээ. Хирошимагийн бөмбөгдөлтөөс хойш түүний хараа нь муудаж, харааны шил зүүдэг болсон байв.

       -Масаказу Фүжий эмч Фукава дахь зуслан руугаа нүүж, зусландаа Хирошимагийн дүрвэгсдийг хүлээн авч, эмчилж эхэлжээ.

Гэвч дээр дурдсан зургаан хүн болон Накамурагийн гурван хүүхэд бүгдээрээ цацраг идэвхт өвчин гэж зүйлээр өвдөж, өвчиндөө шаналсаар байв. Атомын хүчээр тэднийг хордуулсан энэ өвчин насан туршид нь үргэлжлэх гэнэ.

1945 оны есдүгээр сарын эхээр Хирошимад хүчтэй бороо орж, 17-ны үеэр улам ширүүсэж, олон газар их хэмжээний ус тогтоов. Гэсэн ч атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод нар тусахгүй, тэнгэр харанхуйлсан хэвээр байжээ.

Атомын бөмбөг Хирошимад долоон жилийн турш үхлийн хортой цацраг идэвх ялгаруулсан байжээ. Америкууд атомын бөмбөгийн бүтцийг олон нийтэд дэлгэсний дараа Японы физикчид, судлаачид хамтран 1946 оны наймдугаар сарын дундуур судалгаа хийхээр Хирошимад очжээ. Судлаачид очмогцоо шатсан шонгийн модны эсрэг зүгээ чиг авч, бөмбөгдөлтийн төвийг илрүүлэх ажилд орсон гэнэ. Шонгийн модны дэргэд бета, гамма туяа ихээр ялгарч, долгионы алдагдал нь бусад газраас 4.2 дахин их байжээ. Улмаар ойролцоох өндөр газруудаас долгионыг нь судалж, Хирошимагийн атомын бөмбөгдөлтийн төвийг олж тогтоосон юм.

       Атомын бөмбөгөөс үүдэлтэй цацраг идэвхт өвчнийг гурван үе шаттай хэмээн оношилжээ. Өвчний эхний үе шатанд нейтрон, бета тоосонцор, гамма туяа биед ялгарч, эсийг устгадаг. Хоёр дахь шатанд буюу бөмбөгдөлтөөс хойших 10-15 хоногийн дараа цусаар бөөлжих, үс унаж, халцрах шинжүүд илэрчээ. Харин гурав дахь шатанд нь цацраг идэвхт өвчин нь биеийн эсэргүүцлийн эсрэг хариу эсэргүүцэл үзүүлсэн байна. Энэ нь биеийн дархлааг маш их хэмжээгээр унагадаг аж. Цацраг идэвхт өвчнөөр өвдсөн олонх хүн хоёр долоо хоног хүртэлх хугацаанд амьд байсан ч удалгүй нас барж байжээ. Харин зарим өвчтөн долоо хоногийн дотор эдгэсэн. Үүнд хэдэн сарын турш өвдсөөр эдгэсэн хүн байгаа бол насан туршдаа энэ өвчнөөр ч шаналж яваа хүн байгаа юм. Эмч нар эхлээд уг өвчний эсрэг элэгний ханд, цус сэлбэх, амин дэмээр дэмжих хэрэгтэй гэсэн ч сүүлд нь сийвэн болон пенициллинийг маш үр дүнтэй гэж үзсэн байна.

Атомын бөмбөг дэх гамма туяа нь хүний ясан дахь фосфорыг цацраг идэвхт бодис болгон хувиргаж, улмаар бета тоосонцор ялгаруулж, хүний биеийн дотроос нь сүйрүүлдэг аж. Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдэгсдийн эрэгтэйчүүд нь үргүй болж, эмэгтэйчүүд нь зулбаж, сарын тэмдэг нь зогссон зэрэг нөхөн үржихүйн гажиг үүссэн байна.

       Хирошимагийн бөмбөгдөлтийн улмаас 78150 хүн амиа алдаж, 13983 хүн сураггүй болж, 37425 хүн шархалсан тухай мэдээлэл гарав. Японы эрдэмтэн, судлаачид Хирошимад хийсэн судалгааны үр дүнг олон нийтэд дэлгэлгүй, олон улсын дипломат харилцааг бодолцон АНУ-ын Засгийн газар руу ном болгон хэвлүүлж явуулсан гэдэг. Хирошимагийн “хар дарсан зүүд” буюу атомын бөмбөгдөлтөөс хойш жил гаруй хугацааны дараа 1946 оны арваннэгдүгээр сараас Хирошима хотод хуаран байгуулж, хотыг сэргээн засах ажлыг эхлүүлжээ. Харин Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдэгсдийг хөдөлмөр эрхлэхгүй байхыг зөвлөж байсан ч амьдралын боломжгүй болсон амьд үлдэгсэд хүнд, хүчир хөдөлмөр эрхэлж, дахиад л амиа алдаж байсан юм.

Хирошимагийн бөмбөгдөлтийн дараа Тошико Сасаки тахир дутуу болж, Хацуёо Накамура гурван хүүхдийн хамт ядуурч, эцэг Вильгельм Клейнсорж эмнэлгийн хамааралтай, Терүфүми Сасаки эмчийн ажлаа хийх чадваргүй болж, доктор Масаказу Фүжий олон жилийн турш хөдөлмөрлөж барьсан эмнэлгээ алдаж, Киёоши Танимото орох оронгүй болж эхнэр, хүүхдийн хамт гудамж дамжин хоног төөрүүлэх болжээ.

Тэд Хирошимагийн атомын бөмбөгдөлттэй холбогдсон амьдралынхаа талаар

Киёоши Танимото: Хирошимад амиа алдсан бүхий л хүмүүс эх орныхоо төлөө шүд зуун үхэж байлаа. Тэдний хэнд нь ч Америкаас аврал гуйх хүсэл байхгүй байсан.

Масаказу Фүжий: Амиа алдсан хүмүүс бол эзэн хааныхаа төлөө үхэхийг сонгосон маш гайхамшигтай зоригтой хүмүүс

Тошико Сасаки: Хирошимагийн атомын бөмбөгдөлтөд хүмүүс эзэн хаандаа итгэж, бүгд эр хүний, самурайн ёсоор үхсэн

Хацуёо Накамура: Хэдий маш олон амьдрал үгүй болсон ч дайны үе байсан. Бид үнэнтэй эвлэрэх ёстой

Терүфүми Сасаки: Олон мянган хүний нулимсыг “идсэн” атомын бөмбөгийн унагахаар шийдсэн хүмүүсийг бүгдийг нь дүүжлэх ёстой гэж би боддог

Вильгельм Клейнсорж: Хирошимагийн бөмбөгдөлтөөс хойш ч амьд үлдэгсдийг үхлийн хортой гэж ад үзэн, ялгаварлан гадуурхах болсон. Тэр аймшигт өдөр хүн бүрийн дотор чөтгөрийг сэрээсэн муу өдөр байсан

       Хирошимагийн бөмбөгдөлтөөс хойш хүүхдүүдийн оюун санаанд ямар аймшигтай зүйлс шингэснийг хэлэх боломжгүй байх. Тэр өдрөөс хойш нэг жилийн дараа бөмбөгдөлтөөс амьд үлдсэн нэгэн охин бага сургуульдаа сурч, нэгэн зохион бичлэг бичжээ. Эсээнд:

“Бөмбөг дэлбэрэхийн өмнөх өдөр би усанд сэлэхээр явсан. Харин бөмбөг дэлбэрдэг өдөр самар идэж суутал маш тод гэрэл гарсан. Гэтэл ээж маань ирээд намайг тэвэрч аваад гэр рүү орсон юм. Дараа нь бид юмаа бэлдэж эхэлсэн. Нэг мэдэхэд би ухаан алдаж, сэрэхдээ байшингийн гадаа байсан. Ээж маань байгаагүй. Эргэн тойронд түлэгдсэн, цус алдсан хүмүүс байлаа. Харин манай хөрш Хатая эгч намайг өөртэйгээ хамт зугтаарай гэсэн. Би ээжийгээ хүлээж байгаагаа хэлсэн ч тэр сонсоогүй намайг дагуулж явсан. Түүний дараа бид цэцэрлэгт хүрээлэнд очиж байрласан. Шөнө нь би голын дэргэд хоноглосон. Харин маргааш нь Тайко гүүрэн дээр очиж Кикүки, Мүраками гэх хоёр найзтайгаа уулзсан. Тэд ээж нарыгаа хайж байлаа. Кикүкигийн ээж маш хүнд шархдаж, Мүракамигийн ээж харамсалтай нь нас баржээ” гэсэн юм.

 

“The Guardian” сонины 1946 оны наймдугаар сарын 31-ний дугаарт хэвлэгдэв

 


ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: Хирошима
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-04 23:44:09
    зочин: АМЕРИК ГЭЖ НЭГ ИЙМЭРХҮҮ АВИР ГАРГАДАГ УЛС ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-03 11:24:37
    hun: hun gdg ch ih muuhai amitan shu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188