• Өнөөдөр 2024-05-04

ОЙ МОДЫГ ХЯДАЖ, БУГАНТ ГОЛЫН ЭХИЙГ УЛААНААР НЬ ЭРГҮҮЛЭН АЛТ УХАЖ БАЙГАА Л.БЯМБАЦЭРЭНГИЙН АРД ГУТАЙН ДАВААНД АЛТ ОЛБОРЛОГЧ “ПЕГМАТИТ МАЙНИНГ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.БАТЦЭНГЭЛ БАЙДАГ

2023-10-01,   2386

-ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭР НӨЛӨӨ БҮХИЙ ХУРАНДАА Л.БЯМБАЦЭРЭНГИЙН АРЫГ ХАМГААЛДАГ ГЭВ ҮҮ-

...Хан Хэнтийн салбар уулсын хойд хэсэгт эзэн сууж, ойн модыг хэдэн мянгаар нь хядаж, Ерөө, Бугант голыг улаанаар нь эргэлдүүлэн алт ухаж байгаа байгаль сүйтгэгчдийн талаарх сурвалжилгыг бид газар дээрээс нь цувралаар хүргэж байгаа билээ. Ойн гүнд “ноёрхол”-оо тогтоож, Монголын хууль сахиулагчдаар уурхайгаа “хамгаалуулж”, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй ч алт ухаж байгаа хэд хэдэн уурхай байгааг бид баримттайгаар хүргэнэ.

Өмнөх нийтлэлийг https://ergelt.mn/news/66/single/37125 энд дарж уншина уу.

         Алтантүлхүүр уулын хойд салаанд хууль сахиулагч асан Л.Бямбацэрэнгийн алтны уурхай өдөр, шөнөгүй ажиллаж, байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж байгааг бидний дэлгэсэн баримтаас гадна Бугантынхан гэрчилнэ. Уулын гүнд том том техник ажиллуулж, алт угаасан бохироо Бугант голд цутгаж, олборлосон алтаа Бугантын замаар зогсоо зайгүй зөөж байгаа Л.Бямбацэрэнгийн уурхайг иргэд л мэдээд байхаас хууль сахиулагчид мэдэхгүй. Олны дунд “Бямбаагийн уурхай” болтлоо нүдлэгдсэн уг уурхайд хууль хяналтын байгууллага, сум, тосгоны хамтарсан шалгалтын баг очдоггүй нь тун хачирхалтай.

Нутгийн иргэд “Л.Бямбацэрэнгийн уурхайг Бугантын нинжа нар андахгүй. Ер нь манай сум, захиргааныхан ч мэднэ. Гэхдээ мэдэхгүй царайлж, хамгаалдаг. Хоёр жилийн өмнө хамтарсан шалгалтын баг гарч, нинжа нарыг зогсоо зайгүй хөөх шийдвэр гаргаж байлаа. Тэр шалгалтын ачаар энэ, тэндээс ирсэн алт ухагчид явцгаасан нь сайн. Харин хачирхалтай нь, Л.Бямбацэрэн нарын техник хэрэгслээр “нүдсэн”, хууль бус уурхай ирээд эзэн суучихсан. Өөрөөр хэлбэл, манай эрх бүхий албан тушаалтнууд иргэдийг хөөж гаргаад, өөрсдийн хамаарал бүхий этгээдийгээ техниктэй нь эзэн суулгачихсан гэсэн үг. Ямар ч ашиглалтын зөвшөөрөлгүй уурхай ажиллаж, алт угаасан шороогоо голд цутгаад байгааг нутгийн хүмүүс харахаас биш шийдвэр гаргах, хариуцлага тооцох албаныхан харахгүй. Тэднийг ишалгалтаар очихоор өнөөх техник нь ууландаа байхгүй, угаасаа байгаагүй мэт л дүгнэлт гардаг. Хууль сахиулагчдад харагдах хүн, харагдахгүй хүн гэж байдаг болоод олон жил өнгөрч байна. Тэр бүүр хэл алтны компаниуд драг гээд машинаа голын усанд оруулаад ажиллуулаад байхад хүртэл албаныхан хардаггүй шүү дээ” гээд халаглаж, толгой сэгсэрч байна лээ.  

Л.БЯМБАЦЭРЭНГИЙН УУРХАЙ ОЛБОРЛОСОН ШОРООГОО УГААЖ, АЛТАА УГААЖ БАЙГАА НЬ. 2023.09.15

БУГАНТ ТОСГОНЫ ЗАХИРАГЧ Д.ЭРДЭНЭБУЛГАН: АЛТАНТҮЛХҮҮР УУЛАНД НЭГ Ч УУРХАЙ АЖИЛЛААГҮЙ. Л.БЯМБАЦЭРЭН ГЭЖ ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ, ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ. БИД ОЧИЖ ШАЛГАНА

Ойн гүнд уурхай байгуулж, 10 гаруй техникээр алт ухаж байгаа Л.Бямбацэрэнгийн уурхайгаас бид хөдөлж, Бугант тосгоны төвд орж ирлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзахаар ирсэн гэнэ. Бугант тосгоны захирагч Д.Эрдэнэбулган  Сэлэнгэ аймгийн төв рүү хөдөлж байхтай таарсан юм.

Д.Эрдэнэбулган захирагч “Та бүгдийн хэлээд байгаа Алтантүлхүүр ууланд нэг ч уурхай ажиллаагүй. Тус газарт ажиллах, олборлолт хийх уурхайн зөвшөөрөл байхгүй. Бугантын хэмжээнд ашиглалтын лицензтэй, сум орон нутагтай гэрээ байгуулаад ажиллаж байгаа зөвшөөрөлтэй дөрвөн компани бий. Гэхдээ уг дөрвөн компанийн нэг нь тодорхой хугацаагаар олборлолт хийхгүй, ажиллахгүй байгаа. Л.Бямбацэрэн гэж хүний нэрийг би нэг ч удаа сонсоогүй, танихгүй. Шалгалтын хэсгийнхэн байнга эргүүл, хяналтыг хийж байгаа ч Алтантүлхүүр ууланд уурхай илрээгүй. Тэгэхээр мэдээгүй л болж таарах нь. Хоёр жил болж байхад мэдэхгүй яах вэ.Ам дамжсан худлаа хугацаа байж магадгүй. Бид Алтантүлхүүр уул руу Ажлын хэсэг явуулж, шалгах болно” гэв.

УЛААНААРАА ЭРГЭЛДЭЖ БАЙГАА БУГАНТ ГОЛЫН УС ШИНЖИЛГЭЭГЭЭР БАГА ЗЭРГИЙН БОХИРДОЛТОЙ ГЭЖ ГАРЧЭЭ  

Л.БЯМБАЦЭРЭНГИЙН УУРХАЙН БОХИР БУГАНТ ГОЛД НИЙЛЖ БАЙГАА НЬ. 

         Тосгоны захирагч Д.Эрдэнэбулган хууль сахиулагч асан Л.Бямбацэрэнгийн уурхайн талаар мэдэхгүй гэнэ. Зөвшөөрөл байхгүй, хэрэв ажиллаж байвал хууль бус гэдгийг нь тодотгов. Харин “Бугант гол улаанаараа эргэлдэж, алт угааж байгаа бохироо цутгаж байна шүү дээ” гэх асуултад “Учиргүй гол руу бохир усаа оруулаад, гол дотор алтаа угаагаад байгаа юм байхгүй. Шалгалтаар тийм зөрчил илэрдэггүй. Ерөө, Бугант голын ус бохирдолтой байгаа талаар иргэдээс мэдээлэл ирдэг. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж, уснаас дээж авч, шинжилгээ хийдэг. Энэ ажлыг тогтмол хийдэг гэж хэлж болно. Харин шинжилгээний хариугаар Ерөө гол бохирдолгүй, Бугант бол бага зэргийн бохирдолтой гэж гардаг. Харин Бугант голын дээд хэсэгт байрлах Гозон шар гэдэг газарт дээр үед улсын алтны үйлдвэр ажиллаж байсан. Гозон шарын шар шавар Бугант гол руу байнга урсаж байгаа. Шар шаврыг бид зогсоох ямар ч боломж, нөөц байхгүй. Үүнээс болоод Бугант голын өнгө шар өнгөтэй байдаг” гэсэн юм.

        Албаны хүний хэлж буйгаар Бугант голын бохирдолд байгалийн шар шавар нөлөөлж байгаа гэнэ. Ингээд зогсохгүй шинжилгээгээр Бугант гол бага зэргийн бохирдолтой, аюулгүй гэж гардаг ажээ. Хачирхалтай нь, улаанаараа эргэлдэж, хүн уух нь бүү хэл мал ч ундаалах аргагүй Бугант голын ус тосгоны төвөөс ердөө хоёр, гурван км урсаад Ерөө голд нийлдэг. Шинжилгээгээр бага зэргийн бохирдолтой гэж гарсан ч улаанаараа эргэлдэн урсах Бугант гол Ерөө голд нийлэхээрээ цэвэр болчихдог ажээ. Угтаа Ерөө голын ус ч алт угаасан бохир усаар урсаж байна лээ. Үүнийг нь асуувал албаныхан мөн л “Энэ цэвэр урсаж байна. Ямар ч бохирдолгүй” л гэж хариулах аж.  

БУГАНТЫН ИРГЭДЭД БИЧИЛ УУРХАЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО ГЭЖ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙГААД Л.БЯМБАЦЭРЭНГИЙН УУРХАЙГ УХУУЛЖ БАЙНА

ХУУЛЬ БУСААР АЛТ УХАГЧ Л.БЯМБАЦЭРЭНГИЙН УУРХАЙ ХЭДЭН МЯНГАН МОДЫГ ХЯДАЖ, ОЙН ЦООРХОЙ ҮҮСГЭЭД АЛТ ОЛБОРЛОЖ БАЙЛАА

Бугантын иргэдийг сумын төвдөө “уяж” байгаад Л.Бямбацэрэн нарын хууль бус уурхайг дураар нь ухуулж байгааг иргэдийн яриагаар хүргэж байна.

         Бугант тосгоны иргэд “Бугант голын өнгөөр шалгалтынхан ууланд ажиллаж байгаа эсэхийг мэдэж болдог шүү дээ. Өнөөдөр шав шар, зунгааралдсан бохирдол ихтэй урсаж байгаа нь шалгалт байхгүй, Бугант голын дээгүүр уурхай ажиллаж байна гэсэн үг. Харин хоёр, гурав хоноод өнгө нь арай цайраад, зунгааралдсан улаан шар өнгө нь шингэрээд ирдэг юм. Тэгэхээр нь шалгалтынхан ирээд ууланд ажиллаж байна даа л гэж бодох хэрэгтэй. Энэ бол нутгийн иргэдийн бичигдээгүй хуулийн дүрэм байгаа юм. Том, том техниктэй уурхайнхан шалгалтынхныг ирэхээр ажиллахаа больчихдог. Шалгалтын багаас нь мэдээлэл нь дамждаг юм уу даа. Бүүр Бугант тосгоны захирагч нь, экологийн цагдаа нь мэдээгүй байхад л уурхайн эзэд шалгалт ирэхийг мэдчихсэн, зогсоочихдог. Тэгээд хуучин идэгдсэн, эвдэгдсэн талбайг мэрж байгаа нутгийн иргэд л баригддаг, торгуулдаг болоод удаж байна. Ер нь манай Бугантад алтны мафийн сүлжээ үүсээд удаж байгаа. Энэ шат дамжлага явсаар байгаад нутгийн иргэд хууль бусаар алт олборлохоо болино. Иргэдийг зогсоо зайгүй торгоод, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа энэ үед хэн гэмт хэрэгтэн болохыг хүсэх вэ дээ. Уг нь энэ жил хуулиндаа өөрчлөлт оруулж, Бугантын иргэдэд Бичил уурхайн зориулалтаар зөвшөөрөл олгох сураг дуулдсан. Энэ сургаар нутгийн иргэд нөхөрлөл байгуулж, бичиг баримтаа бүрдүүлээд, ууланд гарахгүй хүлээсэн ч талаар боллоо. Энэ бол гөлөг төөрүүлэх ажиллагаа байжээ. Худлаа амлалт, хүлээлтээр техникжсэн хууль бус уурхайнхан л хожлоо. Тэд нутгийн иргэдийн нүднээс далд дураараа алтаа ухлаа шүү дээ. Бид энд зөвшөөрөл хүлээгээд байдаг, тэд ууланд зөвшөөрөлгүй ухаад байна. Л.Бямбацэрэнгийн уурхайн хажууд манай нутгийн иргэд очих нь “хориотой” шүү дээ. Хэл амнаас нь айгаад очиж чадаггүй. Алтантүлхүүр ууланд ганцаараа дургиж байгаа уурхайдаа” гэв.

ТАГНУУЛД АЖИЛЛАЖ БАЙСАН ГЭХ Л.БЯМБАЦЭРЭНГИЙН ХУУЛЬ БУСААР АЛТ УХАЖ, СҮЙТГЭСЭН ТАЛБАЙ 

БУГАНТ ТОСГОНЫ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ Т.ГАНСҮХ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА З.ТҮВШИНТӨГС МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭСЭН

        Бугант тосгоны ширхэг мод, дусал усыг ч амь шигээ хайрлан хамгаалж, уулс, модод, гол, булаг рашаан, ховор ургамал бүхий ойн сан, онгон дагшин газрыг бүрэн бүтнээр нь байлгах хариуцлага хүлээсэн хүмүүсийн нэг бол тус тосгоны байгааль хамгаалагчид. Бид Л.Бямбацэрэн гэх хууль сахиулагч асангийн хууль бус уурхайн бүсэд хэчнээн төрлийн ан амьтан нутаглаж, ямар, ямар төрлийн ховор ургамал ургаж, хэчнээн үнэ цэнтэй байгалийг сүйтгэж байгааг Бугант тосгоны байгаль хамгаалагч Т.Гансүх, М.Лхамжав нараас тодруулахаар өрөөнд очсон юм. Харамсалтай нь, тэд мэдээлэл өгөхөөс, өөрсдийнхөө хамгаалж байгаа байгалийн үнэ цэнийг, байгалиа хамгаалахын тулд хэрхэн ажиллаж, байгаль сүйтгэгчидтэй хэрхэн тэмцэж байгаагаа ярихаас татгалзлаа. Учир нь, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс мэдээлэл өгч болохгүй гэсэн гэв. Бугант тосгоны байгаль хамгаалагч Т.Гансүх “Би аймаг руу ярьж, газрын даргаас асуулаа. Мэдээлэл өгч болохгүй юм байна. Ерөө сумын байгаль хамгаалагчаас очоод асуугаарай” хэмээн албан өрөөгөө цоожлоод гараад явчихлаа.

ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОГЧДЫН БОХИР УС БУГАНТ ГОЛД НИЙЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ

        Харин нутгийн иргэдийн хэлж буйгаар сүйтгэгдээд байгаа Хан Хэнтийн салбар уулсын хойд хэсэг баавгайн гол нутаг гэнэ. Мөн анагаах увьдастай халуун, хүйтэн рашаан урсаж, Ерөө голд цутгадаг ажээ. Түүгээр ч зогсохгүй таван төрдийн шилжүүст мод, алдарт тайгын хар нэрсний өлгий нутаг гэнэ.  Энэ талаар Хан Хэнтий тусгай хамгаалалттай газраас тодруулахад “Манай хамгаалалтын бүс нутагт ордоггүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөн манай дархан цаазат газрын дарга болон Бугант тосгоны байгаль хамгаалагч уулын гүн рүү шалгалтаар явсан учраас мэдэхгүй” гэсэн юм.

Үнэндээ, Бугант тосгоны Захирагчийн албанд Л.Бямбацэрэнгийн уурхайн талаар мэдээлэл өгөх хүн алга. Бүүр хууль бусаар уурхай ажиллуулж байгааг нь мэдэх ч үгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Ухаж байгаа баримт нь энэ байна гээд зураг, бичлэг үзүүлэхийг хүссэн ч байгаль хамгалаагчид нь автомашинаа унаад зугтааж байна лээ.

Л.БЯМБАЦЭРЭН ГЭЖ ХЭН БЭ

Тэгвэл бид Бугант Вант улс байгуулчихсан Л.Бямбацэрэн гэгч нь хэн болох, түүнд яагаад Монголын хууль үйлчилдэггүй, ард хэн байгаа вэ гэдгийг доорх баримтаар хүргэж байна.

Л.Бямбацэрэн Говь-Алтай аймгаас гаралтай, ээж Лхамсүрэнгээрээ овоглодог. Эхнэр Даваажавын Оюунчимэг Булган аймгаас гаралтай. Л.Бямбацэрэн, Д.Оюунчимэг нар “Афичионадо” ХХК-ийг 2021 онд Баянхонгор аймгийн иргэн Д.Чүлтэмээс худалдаж авсан ажээ.

-Л.Бямбацэрэн “Сувраахад” ХХК-ийг Нэргүйн Батцэнгэлтэй хамтран эзэмшдэг. Н.Батцэнгэл нь “Алс манхан прогресс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Пегматит майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. “Пегматит майнинг” ХХК нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Хэнтий нурууны салбар Гутайн даваанд MV-019023 дугаартай, 779.3 га талбайтай Шургадагийн гол хэмээх алтны орд эзэмшдэг.

-Мөн Л.Бямбацэрэн, түүний эхнэр Д.Оюунчимэг нар Улсын харцага Г.Ганхуяг, “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү, “Глобал бридж”-ийн Ц.Отгонбаатар нартай гэр бүлийн дотно найзууд ажээ.

- Л.Бямбацэрэн 1400-УНЯ улсын дугаартай Ланд-105 унадаг. Энэ машин 2011 онд Е гэх төрийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан. Улмаар 2016 онд Н.Т-д, 2017 онд Л.Бямбацэрэнд шилжиж ирсэн байна.

-Л.Бямбацэрэн нь 2023 оны тавдугаар сарын 1-нд  Сэлэнгэ, Ерөө, гуравдугаар баг, Бугант, төв, 40 тоотод хаягийн бүртгэлтэй “Гоё сироп” нөхөрлөлийн дарга болжээ. Тус нөхөрлөлийг 2018 онд Эрдэнэбаатар Номин-Од, Юрахүү Батцэцэг, Ганбаатар Баярцогт, Ганзориг Ойгонбаян, Касеймсейт Арланбек, Буянтогтох Амарбаясгалан, Ганбаатар Баярбаатар, Нямжав Ламуу, Юрахүү Отгонбат нар Хүнсний ногоо тариалах чиглэлээр үүсгэн байгуулж байжээ. Угтаа үүсгэн байгуулагдсан цагаасаа Юрахүү Отгонбат нь тус нөхөрлөлийн даргаар ажиллаж байсан ч 2023 оны тавдугаар сарын 1-нд Лхамсүрэнгийн Бямбацэрэнд шилжүүлж, эцсийн өмчлөгч, даргаар нь томилжээ.

Мөн сонируулахад, Говь-Алтай аймгийн уугуул Л.Бямбацэрэнг Бугант тосгоны уугуул иргэн Гандөшийн Сайнбаяр авчирч, газар зааж өгсөн гэж нутгийн иргэд ярьдаг юм байна лээ. Бид Г.Сайнбаяр гэж хэн болохыг цухас судлахад дараах мэдээлэл гарч ирсэн байдаг.

- Г.Сайнбаяр Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны уугуул. Түүний аав Лодойн Гандөш нь амьд ахуйдаа Сэлэнгэ аймгийн ойн нөхөн сэргээлт, ойжуулалт, ойн цэвэрлэгээг хариуцдаг “Бугант групп” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг байсан.

- Г.Сайханбаярын өрсөн дүү Г.Содбаяр нь аавынхаа үүсгэн байгуулсан “Бугант групп” ХХК-ийг одоо “Сэлэнгэ бугат” ХХК нэртэйгээр эзэмшиж буй. Мөн Г.Содбаяр нь Довчингийн Батзоригтой “Тулгат гурван загал” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан. “Тулгат гурван загал” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт “Хайч” хэмээн жоншны орд эзэмшдэг. Д.Батзориг нь МАН-ын гишүүн, 2018-2012, 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн Г.Содбаяр “Би Би Энд Эс” ХХК-ийг Норинпэлийн Батаахүү, Дашдэлэгийн Дэлгэрсайхан нартай хамтран эзэмшдэг. Н.Батаахүү нь Өвөрхангай аймгийн уугуул.

- Харин Г.Сайханбаярын төрсөн ах Г.Сонинбаяр нь Дотоод хэргийн их сургуульд тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Цагдаагийн хурандаа цолтой аж.

Дээрх Л.Бямбацэрэнгийн судалгааны баримтаас харвал алтны том мафи түүний ард байдаг бололтой. Хэдхэн жилийн өмнө Гутайн давааны алтанд санаархаж, Онон голын эхэнд алт олборлож “Пегматит майнинг” ХХК-ийн захирал Н.Батцэнгэл байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, Гутайн давааны ордны бүлэглэл хоёр жилийн өмнө Сэлэнгийн Бугант руу нүүдэлж, хууль бусаар алт олборлож эхэлсэн байж болзошгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар аа, Бугантад үүссэн, хууль үйлчилдэггүй алтны уурхайн бүлэглэлээс экологийн цагдаагийнхан тань мөнгө авчихсан юм биш биз. Эсвэл удирдах албан тушаалтангууд нь сум, тосгоны албан хаагчдыг дарамталж, хууль бусаар алт ухуулаад байна уу.

Бид эндээс Бугант тосгоноос 10 гаруй километрийн зайтай орших хятадуудын уурхайг зорилоо. Хууль бусаар ажиллах хятадуудын уурхай өдөр 2-4 кг алт олборлож байна. 

Үргэлжлэл бий.

 


ОЙ МОДЫГ ХЯДАЖ, БУГАНТ ГОЛЫН ЭХИЙГ УЛААНААР НЬ ЭРГҮҮЛЭН АЛТ УХАЖ БАЙГАА Л.БЯМБАЦЭРЭНГИЙН АРД ГУТАЙН ДАВААНД АЛТ ОЛБОРЛОГЧ “ПЕГМАТИТ МАЙНИНГ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.БАТЦЭНГЭЛ БАЙДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-27 18:30:46
    Иргэн: За даа байгаль сүйрүүлсэн л бол горыг нь мөн адилхан хүртдэг гдг Мөн чиг сохор шунал бно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-27 16:41:49
    mm: udurt 4 kg gardag bol udiid mongoliin bvh ninja nar ochino doo gazriig ni zaagaad uguuch ochie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-27 14:40:47
    о: Хууль бусаар алт олборлогчид Цагдаагийн хамгаалалтад байдгийг энэ нь нотолж байна. Үүнийг үтэр түргэн зогсоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-27 03:54:40
    Hen negen: Ene unen shuu suuliin jiluuded bugant gol bainga sharaar ursaj bgaa haa neg shalgalt irsen geh surgaar tsewershdeg shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-26 18:49:29
    SEKSY: Z AWN XUSNEE SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-26 18:48:05
    SEKSY: XALYYXN SHAALGN80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188