“Товор, товор, товор алхлаад
Тоодог, тоодог гүйгээд
Тосоод урдаас ирэх юм
Том болж дээ, миний хүү” хэмээн аргадан, хайрлаж дуулдаг түүнийг Дашзэвэгийн Цэцэгээ гэдэг байв. Залуухан дуучин түүнийг гудамжаар явж байхад нь хүн бүр эргэж хардаг, дуулдаг дууг нь сонирхдог, хувцаслалтыг нь дуурайж, царайных нь сайханд дурласан нэгэн “Яаж ийм сайхан төрдөг байна аа” хэмээн шагширдаг, цагаахан атаархдаг байсан гэдэг. Тиймээс тэр социалист орнуудын дунд болсон дууны уралдаанд оролцож, Монголын анхны мисс өргөмжлөл хүртэж байв. Түүний бага хүү Г.Цэнгүүнтэй ээжийнх нь туулж өнгөрүүлсэн амьдралынх нь тухай ярилцсан юм.
-Монголын эстрадын дуучдын гол төлөөлөгчдийн нэг, их наадмын тэргүүн дууч хэмээн алдаршсан таны ээжийг “Том болж дээ, миний хүү” дуугаар нь сонсогчид андахгүй биз ээ. Харин та ээж шигээ дуучин болно гэж мөрөөддөг байв уу?
-Миний ээж ихэвчлэн орос дуу дуулдаг байсан. “Том болж дээ, миний хүү”, "Залуус наадамдаа" гэх дуунаас өөр монгол дуу дуулсан эсэхийг нь мэдэхгүй байна. Энэ дууг 1976-1977 оны үед дуулж, олны хүртээл болгож байсан юм. Тухайн үед ээжийн дуу хоолойг биширдэг хүн мөн ч олон байж дээ. Ээжийн минь дуу хоолой, царай зүсийг нь биширдэг, бүр эргэж хардаг байсан тухай ангийн найзууд, ээжийг таньж, мэддэг хүн бүхэн хожуу дурсан ярьдаг байсан. Одоо ч гэсэн ээжийг минь мэддэг, урлагт хайртай хүмүүс ямархан дуучин, ямар эмэгтэй байсныг нь надаас илүү мэддэг юм билээ. Би ээжийгээ дуулахыг сонсох маш дуртай, ээжээрээ бахархдаг, баярладаг хүүхэд байсан. Магадгүй тэр үедээ ээж шигээ сайхан дуулдаг, дуучин болох юм сан гэж мөрөөддөг байсан ч байж мэднэ. Харин одоо ээжийнхээ орос, монгол аль ч дууг нь сонсож чаддаггүй юм. Ээжийгээ баярлуулж чадаагүй дээ гэж өөртөө гомдоод заримдаа уйлчих гээд байдаг юм. Тэгээд үнэндээ дууг нь сэтгэл дүүрэн бүтэн сонсож чаддаггүй гэсэн үг. Харин хүүхдүүддээ “Том болж дээ, миний хүү” дууг нь сонсгодог. Тэд ч сонсох дуртай шүү дээ.
-Таны ээж орос хэлний багш мэргэжилтэй байсан юм билээ. Мэргэжлээрээ ажиллаж чадсан болов уу эсвэл урлагт амьдралынхаа бүх цаг хугацааг зориулсан уу?
-Ээж минь 10 гаруй жил орос хэлний багшаар ажилласан. Багшаар ажилласан цагаасаа хойш дуулахаа больсон. Ах бид хоёрыг хэнээс ч дутуугүй өсгөхийн тулд чадах бүхнээ хийсэн гэж боддог. Ээж минь тухайн үед ах бид хоёрыг тансаг, ганган өсгөсөн. Биднийг ганц багшийн цалингаар яаж тэгж ганган, юугаар ч дутаалгүй өсгөсөн юм бол доо гэж одоо хүртэл гайхдаг хэвээрээ. Хэрвээ ээж минь боломжтой байсан бол багшлахынхаа хажуугаар урлагаа орхилгүй олон сайхан дууг бидэнд төдийгүй монголчуудад үлдээх байсан байх гэж боддог юм.
-Таны ээжийг Улаанбаатар хотод төрсөн гэж сонссон. Таны ээж хэдүүлээ өссөн бэ. Гэр бүлийнхэнд нь урлагийн авьяастай хүн байсан уу?
-Ээж минь 1950 онд Улаанбаатарын хотын 40 мянгатад айлын том охин болж төрсөн юм билээ. Ээж минь гурван дүүтэй. Гэр бүлийнхэнд нь олны танил болсон, урлагийн хүн байгаагүй. Ээжийг тэр үеийн Хөгжим бүжгийн коллежийн дугуйланд явдаг байхад нь багш нь орос дууны тэмцээнд ор гэж шаардсаар байгаад оруулсан гэдэг. Тэр цагаас хойш ээж дуулдаг болж, гадаад руу тэмцээнд явдаг болсон юм билээ. Түүнээс өмнө дуулдаг гэдгээ бараг мэддэггүй байсан гэж ярьдаг юм.
-Гадаадын ямар уралдаан тэмцээнд орж байсан бэ. Ихэвчлэн орос дуу дуулдаг байсан гэлээ?
-Тийм ээ, ээж минь оросын эстрадын дууг ихэвчлэн дуулдаг байсан. 1969 онд Узбекстаны Ташкент хотод болсон Монгол зөвлөлтийн залуучууд-III фестивальд оролцохдоо “Манжерок”, “Эхо” зэрэг орос дуу, гала тоглолтод З.Хангал, Д.Дашдондог нарын “Аяны шувууд” дууг дуулж байсан гэдэг. Мөн 1973 онд БНХГУ-ын Берлин хотод болсон дэлхийн оюутан залуучуудын Х наадамд гоцлол дууны төрлөөр их наадмын алтан медаль хүртсэн Монголын анхны дуучин болж байсан түүхтэй. Хэрвээ биднийг бага байхад ээж минь дуулдаг, гадаад руу тэмцээнд явдаг байсан бол ямар сайхан бэ. Бидэнд юу авчирч өгөх байсан бол гэж хааяа төсөөлж, мөрөөддөг байсан шүү.
-Таны ээжийг үзэсгэлэн төгөлдөр эмэгтэйчүүдийн нэг, Монголын анхны мисс байсан гэж онцолж ярьдаг. Эстрадын дуучин байсан гэхээс гадна Монголын анхны мисс байсан гэхээр бахархам, сайхан санагдлаа?
-Үнэн. Ээж минь социалист орнуудын дунд болсон дууны уралдааны үеэр Монголын анхны мисс хэмээх шагналыг хүртэж байсан юм билээ. Тухайн үед ээж минь Монголын үзэсгэлэн төгөлдөр эмэгтэйчүүдийн нэг яах аргагүй мөн байсан. Ээжийг минь Монголын анхны мисс байсан гэдгийг одоо цөөхөн хүн мэддэг байх. Бид ч энэ талаар яриад байдаггүй юм. Зүгээр сэтгэл дотроо ээжээрээ үргэлж бахархаж, хайрлаж явдаг юм даа.
-Таны ээж “Хань” кинонд тоглож байсан тухайгаа гэрийнхэндээ ярьдаг байсан уу. Одоо киног нь үзэхэд танд ямар санагддаг вэ?
-Ээж минь 1975 онд “Хань” кинонд залуу сэтгүүлчийн дүрд тоглож, гоо үзэсгэлэн залуу насаа мөнхжүүлсэн байдаг. Тухайн үед ээжийг “Энэ кинонд тогло” гээд л шууд тулгаж байсан гэдэг. Ээж минь “Хань” кинонд өөрийнхөө мөн чанараас тэс өөр дүрд тоглосон байна лээ. Ээжийнхээ залуугийнх нь дүрийг үзэх сайхан байлгүй яах вэ. Телевизээр гарч байхад нь таарвал заавал үздэг.
-ЭЭЖ МИНЬ ҮЗЭСГЭЛЭН ТӨГӨЛДӨР, САЙХНААС ГАДНА ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙСАН-
-Ээжид нь кинонд тоглох өөр санал ирж байсан болов уу?
-Дараа нь өөр кинонд тоглох санал ирсэн боловч ээж жирэмсэлчихсэн байсан учир татгалзсан гэдэг юм.
-Таны ээж монгол дуунаас гадна Оросын хөгжмийн зохиолчдын хит дууг дуулж, монголчуудыг орос дуу, хөгжимд дуртай болгосон юм шиг санагддаг. Ээжийгээ оросоор дуулахыг сонсох танд ямар санагддаг байсан бэ?
-Ээж минь яах аргагүй орос дуу, хөгжмийг монголчуудад таниулсан хүн дээ. Тухайн үед найз нөхөд, гэр бүлийнхэн нь, таньдаг хүмүүс гээд бүгд л ээжийн дуулахыг хүсдэг байсан. Ээж минь баяр болгоноор бидэнд дуулж өгнө шүү дээ. Оросоор бүр ч сайхан дуулдаг байсан санагддаг шүү. Тэр л бидний жаргал байж дээ.
-Ээж бүхэн хүүхдэдээ хамгийн сайн, сайхан хүн нь байдаг шүү дээ. Та ээжийгээ ямар ээж, ямархан эмэгтэй байсан гэж дурсах дуртай вэ?
-Миний ээж гоо үзэсгэлэн төгөлдөр, сайхнаас гадна их цоглог, сайхан сэтгэлтэй, тайван, хошин шогийн мэдрэмжтэй эмэгтэй байсан. Багш мэргэжилтэй байсан болоод ч тэр үү биднийг загнаж, зандарч үзээгүй. Аливааг учирлаж хэлдэг байсан санагддаг. Мөн их сайхан хоол хийнэ. Биднийг ихэвчлэн орос хоолоор дайлдаг байсан. Бид ч ээжийнхээ борщ, гуляш, нарийн махан хуурганд нугасгүй гэж жигтэйхэн.
-Монгол Улсынхаа нэрийг дэлхийд таниулж явсан хүний хувьд чамин, тансаг хэрэглээг хэр үнэлдэг байв. Ээж нь гэртээ орос хэв маягийг бүрдүүлдэг байв уу?
-Манайх үнэндээ орос айл шиг л байсан. Бүх зүйлийг оросоор төсөөлдөг байлаа шүү дээ. Ээжийгээ төгөлдөр хуур, гитартай байсныг нь санагдаг юм. Намайг бага байхад төгөлдөр хуур тоглуулах гэж их үздэг байсан. Даанч би сураагүй юм. Ах бид хоёр хоёулаа солгой хоолойтой.
-Танайханд ээжийнх нь авьяасыг өвлөсөн, дуучин болох ирээдүйтэй хүүхэд бий юү?
-Миний бага охин дөрвөн настай. Их чанга хоолойтой болохоор нь дуучин болж магадгүй гэж горьддог. Гэхдээ өөрөө мэргэжлээ сонгоно шүү дээ. Тэр эрхэнд нь бид халдаж болохгүй.
-Таны ээжтэйгээ өнгөрүүлсэн хором бүхэн жаргалтай, сайхан байсан нь гарцаагүй. Гэхдээ та ээжтэйгээ өнгөрүүлсэн аль дурсамжаа онцолж ярих вэ?
-Олон сайхан дурсамж бий. Тэднээс алийг нь ярихаа сайн мэдэхгүй байна. Аав, ээж минь намайг хоёр, гуравдугаар ангид салж байсан юм. Тухайн үед байр олддоггүй хэцүү байлаа. Гэвч ээж минь хайсаар байгаад гурван өрөө байр олж, ах бид хоёр бөөн баяр болж байсан юм. Харин паар халдаг байсан ч цонхоор нь нэвт сийгдэг байсан. Тэгээд ээж, ах бид гурав орон дээрээ гурван давхар хөнжил нөмрөөд хэвтэж байсан үе санаанаас гардаггүй юм.
-Ээж нь хүүхдүүдээ юу захиж, сургадаг байв. Захиасыг нь та биелүүлсэн гэж боддог уу?
-Ээж минь "Бусдад битгий атаархаж бай" гэж хэлдэг байсан. Түүнээс өөр олон захиас хэлдэггүй байж дээ. Тийм учраас ээжийнхээ захиасыг биелүүлж яваа гэж боддог шүү.
-Ээжтэйгээ өнгөрүүлсэн дурсамжаа хуваалцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
ДУУЧИН Д.ЦЭЦЭГЭЭГИЙН ХҮҮ Г.ЦЭНГҮҮН: Ээжийг минь "Том болж дээ, миний хүү" дуугаар нь таних хүн олон ч Монголын анхны мисс гэдгийг нь мэдэх хүн цөөхөн |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |