• Өнөөдөр 2024-05-04

ОЙ МОДЫГ ХЯДАЖ, БУГАНТ ГОЛЫН ЭХИЙГ УЛААНААР НЬ ЭРГҮҮЛЭН АЛТ УХАЖ БАЙГАА Л.БЯМБАЦЭРЭНГЭЭС ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙНХАН АВЛИГА АВЧИХСАН ЮМ БИШ БИЗ, Х.НЯМБААТАР САЙД АА

2023-09-25,   5140

-ТАГНУУЛД АЖИЛЛАЖ БАЙСАН ГЭХ Л.БЯМБАЦЭРЭН ДУРААРАА АВИРЛАЖ БАЙГААГ ЦАГДАА НАР МЭДДЭГ. ГЭВЧ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА ТҮҮНИЙ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖ ЧАДДАГГҮЙ ГЭНЭ-

       Бугантыг ухах “дархан” зөвшөөрөлтэй дөрвөн алтны уурхай байдаг юм байна. “Ашиглалтын лицензтэй” хэмээн даналзаж, Ерөө, Бугант голыг бохирдуулж, Хэнтийн салбар уулсыг сүйтгэх “эрхтэй” дөрвөн компаниас гадна Бугантын алтанд эзэн суух компани, техникжсэн нинжа олон ажээ. Тэдний нэг нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан хурандаа Л.Бямбацэрэнгийн уурхай гэнэ. Сэлэнгэ, Ерөө, Бугантын хууль, хяналтынхан түүнийг цээжээрээ хамгаалж, хууль бусаар алт олборлож байгааг нь мэддэг ч халаасаа тэмтрээд, хараагүй юм шиг царайлдаг гэдгийг нь нутгийн иргэд ярьж байна.

Өнгөрсөн долоо хоногт шалгалт ирэх сургаар Бугантын алтны нинжа нар гэртээ “орогножээ”...“Урд шөнө буугаад ирлээ. Шалгалтынхан бужигнуулж байна. Нөгөө хэд чинь баригдаад баларсан сураг дуулдлаа. Тэд яах вэ, биднийг л торгоно биз. Гэхдээ Бямбаагийн уурхайд шалгалт хамаагүй гэсэн шиг ажиллаж л байна лээ. Саудын хэсгээс алт ахиу гарч байгаа сураг сонслоо. Нөгөөдрөөс тийшээ нүүдэг юм уу. 35-ын давааны доороос гайгүй хэдийг авлаа” гэх яриа Бугант тосгоны төв зам дээр хаазлах ЗИЛ-131 машинаас бүдэг бадаг сонсогдлоо. Эсрэг талын машинаас нь 40 орчим насны эрэгтэй толгойгоо цухуйлгаад “Түй, уржигдар тэндээс бид бууж ирсэн. Жаахан гүрийсэн бол хоосон ирэхгүй байжээ. Шалгалтынхныг явахаар Соёлоогийн газраар дамжаад Бямбаагийн уурхайн хажууд очно оо, яадаг юм” гэх яриатай зэрэгцээд бид Бугант голын гүүрээр хойш гарлаа.

Улаан, шар шороогоор урсах Бугант голыг дагаад өгсвөл тагнуулын байгууллагад ажиллаж байсан гэх Л.Бямбацэрэнгийн алтны уурхай байгаа гэнэ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй ч Монголын хууль үйлчилдэггүй хууль сахиулагч асан тэнд алт ухаад хоёр жил болж байгаа аж.

           Бидэнд зам зааж өгсөн Бугант тосгоны иргэн Л “Бямбаагийн уурхайд очвол алуулах юм биш үү. Тагнуулд ажиллаж байсан, Сэлэнгийн цагдаа нар түүнд багаддаг гэсэн шүү дээ. Анх ажиллаж эхлэхэд нь Экологийн цагдаагаас ганц, хоёр удаа уурхайг нь зогсоож байсан гэдэг. Аймгаас ч цагдаа нар очиж, техник хэрэгслийг нь лацдахдаа тулж байсан юм билээ. Гэхдээ нөгөөх нь цагдаа нартай уулзахгүй, Нийслэлийн цагдаагийн газар тэргүүтэй томчуудаар утас цохиулж, томордог гэсэн дээ. Аймаг, сумын цагдаа нар шалгалтаар хурааж авсан техникийнхээ эд зүйлийг бараг өөрсдөө буцааж авчирч өгсөн сураг дуулддаг. Тэгэхээр ер нь Бямбаа гэж хүнийг алтаа ухаж дуустал нь Сэлэнгэ, Ерөө, Бугант тосгоны цагдаагийнхан дийлэхгүй л гэсэн үг болов уу. “Шалгалт ирлээ” гэж сүржигнэлдээд, тосгоны ядарсан хэдэн нинжаг л элдэж хөөгөөд байхаас техникжсэн, хууль зөрчсөн, бүхэл бүтэн уурхай байгуулаад, байгаль орчныг жинхэнэ утгаар нь сүйдэлж байгаа хүнийг зогсоодоггүй нь хачин. Нэг талаар Монголын хууль мөнгөтэйд үйлчилдэггүй, ядууст хатуу харгис болсныг л харуулж байгаа хэрэг” гэсэн юм.

УЛСЫН ГАРДИ Б.ГАНТОГТОХЫН ХЯТАДУУДТАЙ НИЙЛЖ УХСАН АЛТНЫ НҮХЭНД БУГАНТЫНХНЫ МАЛ ОЛНООРОО УНАЖ ҮХЖЭЭ

        Бугант гол улаан шавраар урсаж, хүн, мал ундаалах нь битгий хэл хажууд нь ойртохоос ч нүд хальтрам болжээ. Чулуу, хайрга нь харагдахгүй, зунгааралдсан шавар урсах бөгөөд сайр нь үе үе үзэгдэж, хорь хүрэхгүй метрийн зайтай яваа бидэнд шаагих нь сонсогдоод байгаа ч урсгал нь харагдахгүй, улаанаараа эргэлдэх. Ерөөсөө л гол биш, зуурсан шаврын үлдэгдэл нүүж байна уу гэлтэй харагдана. Нутгийнхны яриагаар Бугант гол хэрэндээ үерлээд, эргээ хальж, өнгө нь шингэрээд байгаа нь энэ гэнэ. Бугантын төвөөс Хайгуулчин багаар дамжаад 35-ын даваа өгсдөг юм байна. Ширэнгэн ой модон дундуур машин зам зурайна. Замын хоёр талын судгаар өнөөх шавартай ус урсаж, Бугант гол руу нийлдэг юм байна.

Хамт яваа хүмүүс “Дөнгөж саяхан чулуу угаасан бохир ус урсаж байна. Дээгүүр нөхдүүд ажиллаж байхыг бодоход шалгалт явчихсан бололтой. Бямбаагийн уурхай хүртэл олон газар сэндийчсэн байгаа. Нинжа нар бол өмнө нь ухаад орхисон хуучин газарт л очиж ухдаг юм. Түүнээс эрүүл газарт ухна гэсэн ойлголт байхгүй, Эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Өнгөрсөн жил 16-гийн даваанд шинэ газар алтны нөөц илэрч, бужигнасан. Биднийг Хайгуулчин багаас гарахад хоёр нуур байсан даа. Тэр чинь улсын гарди Б.Гантогтохын хятадуудтай нийлж ухсан алтны нүх, 10 гаруй метрийн гүнтэй хиймэл нуур байгаа юм. Хайгуулчин багийн иргэдийн малыг дуусгаж байгаа газар даа. Ямар ч нөхөн сэргээлт байхгүй, алтыг нь авчихсан нүхэнд нуур үүсчихсэн гэсэн үг. Ерөө суманд ч, Бугант тосгонд ч олигтой бүтээн байгуулалт хийгээгүй, ашиглалтын хөрөнгө ч төлөөгүй явсан газар. Бодоход дарга нарын халаасанд хэдэн төгрөг хийсэн л байлгүй дээ. Бугантынхан мал үхэх тоолонд л улсын гарди Б.Гантогтохыг харааж байдаг юм. Хэдэн хятадтай нийлж өч төчнөөн га талбайг сүйтгэсэн хүнийг хуулийнхан яаж чадахгүй өнөөг хүрч байна. Уг нь анхандаа нутгийн иргэд эсэргүүцэж, хэл ам хийдэг байсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй болохоор больсон. Цагдаа нар уурхайг нь зогсоодог ч шөнө оройгоор ухаад, угаасан шороогоо ачаад, ажиллаад байдаг байсан. Тэгж авдгаа аваад явцгаасан даа” гэлээ.  

ХЭДЭН МЯНГАН МОД ДАЙРЧ, БУГАНТ ГОЛ ДУНДУУР УУРХАЙ РУУГАА ЯВАХ УСАН ЗАМ ГАРГАЖЭЭ

      Хэнтийн нурууны салбар уулсын ойн модыг хядаж, алт ухсан байгаль сүйтгэгчдийн жимээр 30 гаруй км яваад нутгийн иргэдийн дунд “Тагнуулын Бямбаагийн уурхай” болтлоо алдаршсан газарт ирлээ. Алтантүлхүүр уулын хойд салаа гэж нэрлэдэг юм байна, энэ хэсгийг. Бямбаагийн уурхайн ажилтнууд бусдад замаа мэдэгдүүлэхгүйн тулд зүсээ хувилгаж, замаа бууруулж, уурхай руугаа хулгайгаар орохын тулд хэдэн мянган мод хяджээ. Бугант голын урд эргийн модыг том том техникээрээ дайрч хаяад техник хэрэгсэл битгий хэл явган хүн ч явах аргагүй болгочихсон байна. Замаа мэдэгдүүлэхгүй гэж хаа сайгүй зам гарган давхиад, явж болох газар бүрд мод овоолж хаяжээ. Ингэж зам гаргасан, замыг нь хаасан хэд хэдэн газраар ороод бид мухардсан билээ.

      Нутгийн залуу У “Дээшээ уул руу ямар ч техник хэрэгсэл явж хүчрэхгүй. Эндээс дээшээ хоёр км орчим явбал Бугант гол дундуур усан зам гарган өгссөн байгаа. Энэ замаа дуустал яваад эрэгт тулна. Тэгээд голын усаа сайн анзаарвал алт угаасан бохир ус судаг дагаж урсаад, Бугант голд нийлж байгаа. Түүнийг дагаад өгсвөл Бямбаагийн уурхай руу очно. Гэхдээ гаднаас яваа та хэд битгий хэл нутгийн иргэд ч уурхайн хажууд нь очиж үзэж чадаагүй гэхэд болно. Их хэцүүгээс дөхөөд очихоор нь хүмүүс хүрч ирж дээрэлхээд уурхай руугаа ойртуулдаггүй юм. Аз нь таарч очоод шороо ухах гэхээр “Араа даавал ухаарай. Энэ амыг та нарыг ухсан гээд хэрэг тохож чадна шүү” гээд томордог гэнэ лээ. Тэгээд ч очих зам нь усан болохоор сайн машинтай л явахгүй бол живж үхэх эрсдэлтэй шүү. Тэд л өөрсдийнхөө дүрмээр зам гаргаж, хүчин чадал сайтай машинуудаараа уурхайдаа очдог. Болгоомжтой яваарай, аюултай хүмүүс шүү. Миний тухай тэдэнд хэлбэл намайг Бугант руугаа ороход л цагдаа бараг зогсооно. Тийм аймаар хүмүүс” хэмээн дахин дахин сануулаад тосгон руугаа давхилаа.  

Л.Бямбацэрэнгийн уурхай руугаа очдог зам. 

        Нутгийн залуугийн хэлсэн замаар бид өгсөж, Бугант гол дундуурх замаар 500 метр орчим явлаа. Гол доторх том том чулуунууд машины тэнхлэгт тулах нь холгүй, уулсын ширүүн урсгалтай гол биднийг урсгах нь холгүй шуугина. Улаанаараа эргэлдэж байсан Бугант гол тэр хэсгээс тунгалаг, догшин гэж жигтэйхэн урсаж эхэллээ. Голын урд талын эргийг тэгшилж, том оврын машин арай чүү багтах жим гаргажээ. Энүүхэн дээрээс алт угаасан бохир ус судаг даган урсаж, Бугант голд цутгаад, тунгалаг устай нь холилдон урсаж байв. Хууль бусаар Бугант голын тархинд, Хэнтийн нурууны салбар уулсын хэвлийд алт олборлож байгаа Л.Бямбацэрэнгийн гэх уурхай эндээс 500 орчим метрийн зайтай.

ТАГНУУЛЫН ХУРАНДАА АСАН Л.БЯМБАЦЭРЭН 10 ОРЧИМ ТОМ ТЕХНИКЭЭР ХЭНТИЙ НУРУУНЫ САЛБАР УУЛСЫГ СҮЙДЭЛЖ, АЛТ ОЛБОРЛОЖ БАЙНА

Л.Бямбацэрэнгийн уурхай зөвшөөрөлгүй ажиллаж байгаа нь. Модыг хядаж, 10 гаруй техникээр алт олборлож байна. 2023.09.15-ны 16:00 цаг. Бугант тосгон, Алтантүлхүүр уулын салаа 

         Гэвч бидний машин энд хүрээд дээшээ явах боломжгүй болов. Учир нь, голын чулууд үлэмж мэдэгдэхүйц том байх бөгөөд машинаа эвдээд эндээ үлдэж мэдэхээр байсан тул эргэн тойрноо сайтар шинжилж байж хөдлөхөөс аргагүй болсон юм. Гол дотроос эрэг рүү урагшаа эргэсэн зам байгаа хэрнээ дээшээ явсан жим байхгүй. Тиймээс бид дрон нисгэж, Л.Бямбацэрэнгийн уурхайг хэдэн километрийн цаана байгааг, хэчнээн техник хэрэгсэлтэйгээр хэрхэн ажиллаж байгааг харлаа.

       Бидний зогсож буйгаас ахиад хэдэн километр усаар яваад, тэндээсээ модны хяраар гаргасан жим хоёр уулын голд хүрэх ажээ. Тэнд арав орчим том оврын техник зогсоо зайгүй “тонгочиж”, хоёр уулын бэлийг дураараа онгичиж, Хэнтийн нурууны битүү ой моддын дунд номин ногоон зүлгийг хэсэг газарт нь онги татаад хаячихсан юм шиг уурхай үүсгэсэн байв. Өөрөөр хэлбэл, хүн битгий хэл мал, амьтны хөлөөс алс бөглүү битүү ширэнгийг техникээр тас татаж, тэгшлээд алт ухан улайрч байгааг нь газар дээр нь харлаа. Уулын гол хэсэгт хоёр том нуур үүсгэсэн нь алтаа угаадаг хэсэг нь аж. Уурхайнхаа тэрүүхэнд хоёр гэр барьжээ. Ухсан нүх, хиймэл нуурынх нь хажууд булгалж, хугалж унагаасан мод, бут хөглөрч байна лээ. Энэ гэхдээ энд үүсгэсэн уурхай, ийш зүглэсэн замын “золиосонд” булгалуулсан моддын нэг хувьд ч хүрэхгүй модод билээ. Л.Бямбацэрэнгийн уурхайг хажуугаас нь буюу Бугант голын эргээс, эсвэл төв замаас харах ямар ч боломжгүй. Зөвхөн чанх дээрээсээ тодорхой харагдах бөгөөд Бугант голыг улаанаар нь эргүүлэх хэмжээний шороог минут, секунт тутамд ухаж, угаана.

Алт угаасан бохир ус нь Бугант голд нийлж байгаа байдал. 

         Биднийг бичлэгээ үзэн нүдэндээ итгэхгүй халаглан зогсох зуур биднээс холгүйхэн, Алтантүлхүүр уулын хойд салаанд түс няс болоод явчихлаа. Энд, тэнд газар хөдөлж, тэсрэх бодис дэлбэрэв үү гэмээр дуу чимээ уурхайн тэндээс нүргэлэв.  Гэтэл тэд алтаа угаадаг том оврын буугаа ажиллуулж байгаа нь энэ гэнэ. Гарсан чимээ ямар ч амьд амьтныг үргээж, энэ хэсэгт байх аргагүй болгож байгаа нь илт. Ойн модыг хядаж, урсгал усыг лаг шавар болгохоос гадна ан амьтдыг дайжуулж байгаа нь энэ.

БАЙГАЛЬ СҮЙТГЭГЧ, ТЕХНИКЖСЭН АЛТ ОЛБОРЛОГЧ Л.БЯМБАЦЭРЭН ХУЛГАЙН ЗАМААР УУРХАЙ РУУГАА ЗУГТАВ

            Бид ийн явсаар шороон зам руу гардаг хэсэг дээр иртэл улсын дугааргүй, шинэ “Зил-131” машин биднийг амдан ирэв. Бүхээгнээс халзан толгойтой, 50 гаруй насны эрэгтэй яаран бууж ирээд “Дүү нар аль хүрээд буцаж байгаа юм. Энэ замаар хаашаа явдаг вэ. Самар, жимс ойр байна уу. Та хэд яг хаанаас ирсэн бэ. Манайхан энэ хавиар самар, жимс хайгаад ер олсонгүй” гэх зэргээр нухацтай асуув. Гэтэл тэрбээр бидний хайж яваа Хэнтийн нурууны салбар Алтантүлхүүр уулыг мод, ургамал, амьтан, гол, ус, булаг, рашаан юутай хээтэй нь онгичиж, хядаж буй уурхайн эзэн Л.Бямбацэрэн гэгч байж таарлаа. Тэрбээр бидний асуулт, камер, техник хэрэгслийг минь харангуутаа үгийн хариугүй машиндаа суугаад, ум хумгүй давхин биднээс холдов. Гэвч тэрбээр биднийг тус газраас яван явтал тэр хавиар эргэлдсэн бөгөөд биднийг Бугант тосгон руу зам чиглэхтэй зэрэгцэн ирсэн замаа өөрчлөн Бугант голоор уруудаж, машинаасаа буулгүй мод дайран хядаж, өөртөө зам гаргаад уурхай руугаа орсон нь дүрс бичлэгт үлдсэн билээ.

          Монгол Улсын гол, мөрний тухай, ойн хийгээд ашигт малтмалын тухай болон холбогдох бүх хууль, тогтоол, дүрэм, журам энэхүү хурандаа асан Л.Бямбацэрэн гэгчид ямар учраас үйлчлэхгүй байгааг тодруулахаар бид Бугант тосгоны Захирагчийн ажлын албыг зорилоо. Ойн санг хядаж, Бугант голын эхийг улаанаар нь эргүүлэн алт ухаж байгаа Л.Бямбацэрэнгийн тухай нутгийн иргэд “Уурхайнх нь тухай ам нээсэн иргэд битгий хэл хууль, хяналтынханд авлига, хахууль өгдөг болохоор өнөөдрийг хүртэл ийн дархан эрхтэй Хэнтийн салбар уулсыг голтой нь сүйтгэж байна шүү дээ” хэмээсэн билээ. ХЗДХйн сайд Х.Нямбаатар аа, БОАЖ-ын сайд Б.Батрдэнэ ээ албатууд чинь, Экологийн цагдаагийн газрынхан чинь амь шигээ хайрлан хамгаалж байх ёстой уулс, модод, гол, булаг рашаан, ховор ургамал бүхий ойн сан, онгон дагшин газрыг хайр найргүй сүйтгэхийг нь авлига авчихаад нүдэн балай, чихэн дүлий хараад байж байгаа юм биш биз дээ. Энэ тухай баттай эх сурвалжийн өгсөн мэдээллийг дараагийн дугаартаа хүргэх болно.

Үргэлжлэл бий.

 


ОЙ МОДЫГ ХЯДАЖ, БУГАНТ ГОЛЫН ЭХИЙГ УЛААНААР НЬ ЭРГҮҮЛЭН АЛТ УХАЖ БАЙГАА Л.БЯМБАЦЭРЭНГЭЭС ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙНХАН АВЛИГА АВЧИХСАН ЮМ БИШ БИЗ, Х.НЯМБААТАР САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 18
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-07 20:20:25
    У шү: Мань Бямбаа хятадуудын бөгс долоож амьдардаг муухан эр дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-06 22:43:04
    Отгоо: НОХОЙ БЯМБАА ГЭЖ ХОГ ШИГ ЭР ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 09:07:37
    ЦОГ: Экологийн цагдаагийн газзрын нэн ларуй татан буулга. Төрд байсан одоо байгаа хахуулчдын хэргийг нуух давуу байдал үүсгэх зорилгоор баыгуулагдсан энэ газарт олигархууд ажиллаж байна. Бүгдийг нь барьж хөхөнгийг хураагаад бүх насаар нь шоронд хий. Нэг л цагдаатай баых ёстой тэр нь ажлаа хийсэн шиг хий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-27 19:52:12
    Бат: Үхсэн ацных нь тагнуул байдагын цайзын ченж байсан нөхөр л байна...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-27 06:39:43
    Монгол : ЯС БЯМБАА ГЭЖ ТҮҮХИЙ ЭДИЙН ЧЕНЖ БАЙСАН ХӨГИЙН ГАР Л БАЙНА ШҮҮ ДЭЭ НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРНАА..ҮХСЭН АЦНЫ ТАГНУУЛЫН ХУРАНДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-27 06:37:56
    Монгол : ЯС БЯМБАА ГЭЖ ТҮҮХИЙ ЭДИЙН ЧЕНЖ БАЙСАН ХӨГИЙН ГАР Л БАЙНА ШҮҮ ДЭЭ НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРНАА..ҮХСЭН АЦНЫ ТАГНУУЛЫН ХУРАНДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-26 12:20:54
    Нэргүй : Хуулиар хамгаалагдсан!!!!!!!! Авилгаар амыг нь таглаж Уул Ус Гол Мөрөн бузарлаж сүйтгэж бгаа энэ мэт хулгайч,луйварчид хаа сайгүй бгаа шдээ... хуулийнхан ,тагнуул,эко цагдаа нь бүгд мэдэж бгаач яадаж ч чаддаггүй ХЗ САЙД өөрөөч бараг Жижигдэнэ дээ!!!!!!!!! манайд тийм болтлоо мафийн тогтолцоо хүчээ авсан нь үнэн шүү!!!!!! Сэлэнгэ бол бүрэн сөнөсөн газар ХУУЛИЙНХАН нь засаг захиргаа, ректтэйээ нийлээд ой мод, газар нутагаа бүрэн сүйтгэж бгаа газар...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-26 10:40:16
    зочин: Татварын төлөгчдийн мөнгөөр цалин авсан Экологийн цагдаа Бямбацэрэнд жижигдээд хууль үйлчилэхээ больсон уу. Хууль үйлчилэхгүй бол байгалийн хууль хатуу хариугаа авна даа. Нүд нь алтнаас өөр юм харахаа больсон уул ус ургамал амьтан сүйтгэгч байгалийн эсрэг гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээх цаг нь ирнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-25 23:39:08
    Tuya Sodontsetseg: Алтыг бол ухуулхыг бүр зогсоох хэрэгтэй хайран сайхан нутаг минь өрөвдмөөр шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-25 22:59:30
    иргэн: яг нүдэнд харагдтал бичжээ...байгалийг жинхэнэ дуусгаж бга газар даа....нүд халтирмаар шүү...олон жил тэрүүгээр явсаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-25 22:33:41
    Karra: Haa saigvi alf nvdend ni haragdsan tehniktei hulgaichuud bna iim saihan baigaliig hvi olnoor ni ustgaj bndaa bas boloogvi oin sangiin neriidleer uhaj bui lalruud ch bna nuhun sergeesen gazriig hvrtel vhen hatan uhaj bndaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-25 21:56:10
    Зочин: Зөвхөн бугант гол биш их ал голыг минь улаанаар эргүүлж бна ш дээ саудын рам ганц сауд ч биш нутгын нинжа нар эрүүл газраа сүйтгээд голоо самар ч бна дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-25 18:47:49
    Зочин: Зөвхөн. устгасан модыг нь л үнэлэхэд Өчнөөн. Тэрбум шүү дээ, экологийн цагдаа, нутгийн иргэд тооцоогий нь гаргах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-25 18:43:53
    Зочин: Нийслэлийнцагдаагийн. Ганбат гэсэн байна шалгаж өгөх шударга нэгэнбайна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-25 18:40:46
    Зочин: Аль л хориотой, үл бүтэх юм бүхний ард. Цагдаа, тагнуулынхан байдаг гэж ярьдаг. Новшнууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-25 16:42:41
    Хараал: Хараал хүрсэн юм шиг алттай газар даа ? Үр удам ч гудамжинд шүү ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-25 16:40:41
    Зочин: Наад алт ухагч нөхөр чинь гудамжинд үхэх болно ? Үеиин үед л тиим бсн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-25 10:33:04
    zochin: Niisleliin tsagdaagiin Ganbatiinh gesen
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188