Хөвсгөл аймагт насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэгт холбогдож, ял эдэлж байгаа Н.Мөнх-Оргилын ээжтэй ярилцлаа. Хоригдол Н.Мөнх-Оргил нь хамар хашааны айлын найман настай охиныг хөнөөж, Улаанбаатар хотод байх хугацаандаа бага насны гурван охиныг зүй бусаар хүчиндсэн, хөнөөхийг завдсан гэх хэргээр цаазын ял сонссон ч Ерөнхийлөгчөөс өршөөл хүсэж, 25 жилийн ял авсан юм. Тэрбээр ялаа эдэлж, удахгүй суллагдах гэж байгаа билээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Мөнх-Оргил мэдүүлэхдээ “Миний бие энэ хэрэгт холбоогүй. Энэ хэргийн тухай хэргийн жинхэнэ эзнийг ярих ёстой. Энэ хэрэг одоо хүртэл эзэнгүй байгаа гэдгийг онцолж хэлэх ёстой. Эзэн нь олдохгүй байгаа хэргийг эзэнтэй болгохын тулд хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар, сэжигтэй санагдсан гэх надад хуурамчаар нотлох баримт бүрдүүлж, хилсдүүллээ. Бүх нотлох баримт хуурамч, зохион байгуулалттай болсон нь тодорхой. Миний бие ийм зүйл хийх хүн биш. Би адгуус мал биш. Ардаа амьдралтай хүн шүү гэдгийг дахин хэлмээр байна. Хэн нэгний хийсэн хэргийг миний бие өмнөөс нь үүрэх ёсгүй” гэж мэдүүлж байсан юм. Уншигч та энэ хэргийн хавтаст хэргийг энд https://ergelt.mn/news/71/single/1152 дарж уншина уу.
-Сайхан намаржиж байна уу, та. Таны бие давгүй юу?
-Нутагт маань эрт намар эхэлсэн. Сайхан болох шинжтэй л байна даа. Миний бие давгүй дээ. Сүүлийн хэдэн жил чилээрхэж, эмнэлгээс уяатай юм шиг л байдаг болсон. Толгой өвдөж, даралт ихсээд, зүрхний хэм алдагдаж, шигдээс болох нь холгүй байна. Хүүгээ иртэл амьд байж байх юм сан гээд хэрэндээ л хичээх юм. Заримдаа ч сэтгэл дийлэхгүй хэцүү юм аа. Хүний эх болсон хойно хичээж, гүрийж, сэтгэлээ барихаас өөр сонголтгүй л амьдарч байна даа.
-Хүүг тань удахгүй суллагдах талаар олон нийтийн сүлжээнд бичиж байгаа. Мөн төрийн сайд байсан хүн ч ингэж ярьсан байна лээ. Хэзээ суллагдахыг нь та мэдэж байгаа юу?
-Мэдэхгүй юм даа. Энэ хавар суллагдаад ирэх болов уу гэж их л хүлээлээ. Миний хүү ч ээжийгээ танагтай байгаа дээр ирэх сэн гэж яарч л байгаа байх. Өнөөдөр, маргааш, ирэх сард, дараа жил гэхэд хилсээр хэрэгт гүтгэгдсэн нь батлагдаж, хүү минь суллагдаад ирнэ, үнэн ялна гэж өөрийгөө хуурсаар нэг л мэдэхэд 15 жил өнгөрч дээ. Өнгөрсөн хавар хүүгээ хоногоор эргэж очсон. Миний хүү “Удахгүй суллагдах байх. Хүлээж байгаарай” л гэж байсан. Уг нь жил ирэх тусам ял нь буурч, хорих ангийнх нь дэглэж буурч байгаа. Анх ч уулзуулдаггүй байсан шүү дээ.
-Энэ намар эргэлтээр очих уу. Нөхцөл байдал нь ямархуу байдаг вэ?
-Хавартаа хоногийн эргэлтээр, зундаа түр уулзалтаар очдог юм. Харин энэ зун очиж чадсангүй ээ. Миний хүүг надаас өөр эргэх хүн бараг байхгүй. Хотод байдаг ганц, хоёр ах, дүү минь хаа нэг түр уулзалтаар очдог. Би л жилдээ нэг хоногийн уулзалтаар очиж, элгээ дэвтээдэг юм. Тахир соёотод хэдэн жил хоригдсон. Тэр үед уулзалтын ч эрх олгохгүй, нам хорьчихсон. Үнэндээ, гянданд л залуу, халуун насаа өнгөрүүллээ. Эрх чөлөөгөө хасуулж, гянданд хоригдсон хүн ямар л сайн байв гэж. Гэхдээ миний хүү сэтгэлийн хаттай байж, тэсэж, тэвчээд энэ бүгдийг туулаад дуусаж байна. Хорих ангидаа хамгийн цэвэрч, цэвэрхэн нь байдаг гэсэн. Угаасаа ч тийм хүүхэд байсан даа.
-Гурван шатны шүүх таныг хүүг буруутай гэдгийг тогтоосон. Харин та болон таны хүү одоог хүртэл үүнтэй эвлэрдэггүй бололтой?
-Нотлох баримтгүй хэрэг. Миний хүүд хэрэг тохож, хилсээр гүтгэсэн гэдэгт би одоо ч итгэдэг. 2008 оны дөрөвдүгээр сарын дундуур манай хамар хашааны хүүхэд алга болсон. Тэр үед телевиз, радиогоор хүүхдийн тухай мэдээлэл их явж байлаа. Тэндээс л бид охиныг алга болсныг мэдэж, бусадтай адил халаглаж, харамсаж, залбирч суулаа. Гэтэл нэг л өдөр энэ хэрэгт миний хүүг буруутгаад аваад явчихсан. Манайх Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд мал маллаж амьдардаг, жирийн л нэг гэр бүл байлаа. Хоёр хүүхэдтэй, том хүү маань энэ жигшүүрт хэрэгт холбогдож, хилсээр ял эдэлж байгаа Н.Мөнх-оргил, удаах нь охин. Н.Мөнх-Оргил багадаа өвчин ороодог, хоёрдугаар ангид байхдаа шарлаж, халдварт өвчнөөр өвдсөн. Гэтэл ээж маань Мөнх-Оргилыг сургуулиас нь гаргачихсан. Урьдны хүмүүс чинь хүүхдээ сургууль, соёлд явуулах дургүй байлаа шүү дээ. Тэгээд хүү минь сургууль завсардаж, охиноо сургуулийн бараа харуулсан. Хэрэв хүүгээ сургуулиас нь гаргаагүй байсан бол дээд боловсрол эзэмшиж, ийм жигшүүрт хэрэгт гүтгэгдэж, бусдыг элэг доог болохгүй байсан байх гэж боддог. Ядуу зүдрүү амьдралтай, боловсролгүй хүнийг яасан ч яадаг юм гэж боддог бололтой. Ингэж дээрэлхэж, араас нь хөөцөлдөх олигтой ар гэр байхгүй гэж бодоод хэрэг тохсон доо. Миний хүү энэ хэрэгт холбогдож, ял эдлээд 16 жил болж байна. Нэг ч удаа хэргээ хүлээж байгаагүй. Анхандаа ч хүүдээ итгэж, амьтан, хүнтэй их үзэлцдэг байлаа. Сүүлдээ шантарсан, арга ядаад хүүдээ “Чи хэрэг хийсэн бол хүлээ. Ийм бузартай хэрэг хийснийг чинь эх чинь нэг удаа уучилна. Ял эдлээд гарч ирэхдээ ухаарч, гэмшээд, олигтойхон амьдраарай. Дахиж л ийм жигшүүрт, хүний санаанд багтамгүй, аймшигт хэрэг хийв” гэлээ. Миний хүү маш тайван, үнэн олдоно гэсээр өнөөдөрт хүрсэн. Миний өөдөөс “Ээж минь дээ, би юу гэж ийм хэрэг хийх вэ дээ. Та бодоод үздээ” л гэж хэлдэг. Хэрэг хийсэн гээд байгаа хүн нь 10 гаруй жил өөрийгөө хэрэг хийгээгүй, нотлох баримт хангалттай биш байна” гээд байхад л дахин нягтлахгүйгээр 16 жил хорьж байна.
-Тухайн үед нотлох баримтаар тогтоогоогүй гэж үү. Иштэй чихэрний иш, цүнх, мэдүүлэг нь байдаг шүү дээ?
-Манайх аймгийн төвд нэг хашаа, байшин авсан юм. Хоёр хүүхэд сургууль, соёл бараадахад хэрэг болох болов уу гэж бодоод. Тэр айлын хамар хашааны айл байснаараа өнөөдөр хохирчихоод сууж байна. Хэдийгээр хамар хашааны нялх охины үхэлд харамсаж байгаа ч хүүгийнхээ амьдралыг бодохоор өрөвддөг. Хэрэг хийсэн гэмт хэрэгтэн сул чөлөөтэй байхад миний хүү эрх чөлөөгүй байна. Би гэдэг хүн амьдын тамд л амьдарч байна даа. Алуурчны ээж гэж хараалгаж, гүтгэгдэж, амьтны, хэл амнаас айхдаа нутгаасаа хүртэл нүүсэн. Нотлох баримт гээд байгаа зүйл нь үнэхээр инээдтэй. Тэр гэрт ч инь миний хүү хоёр ойтой хүү нь, хамаатны дүүгийн таван настай охин нь амьдардаг байсан шүү дээ. Тэр хүүхдүүд иштэй чихэр идэж болохгүй гэж үү. Гэрийнх нь булангаас чихэрний иш олоод, нотлох баримт болгонгуутаа хүнийг яллаж болдог л юм байна. Тэр цүнхний тухайд ч эргэлзээтэй асуудал олон бий. Адилхан цүнх, савыг алийг тэр гэх вэ дээ. Дахиад хэлэхэд миний хүү нэг ч удаа хэрэг хүлээж байгаагүй. Хэрэг хийсэн бол 10 гаруй жил тамлуулж, тарчилж байхдаа ам алдана биз дээ. Арга ядаад хэргээ хүлээгээд, ялаа багасгах талаар бодож үзнэ биз дээ. Нэг ч удаа тэгж байгаагүй, шүдээ зуугаад, үнэний төлөө л тэмцэж байгаа.
-Та хохирогч охины ар гэрийнхнийг таних уу. Хэрэг гарснаас хойш уулзсан уу?
-Хамар хашааны айлууд нэгийгээ танилгүй яах вэ. Мэндтэй, устай л өнгөрдөг байсан. Тэр жаахан охиныг хашааны цаанаас л харж байсан. Одоо ч харамсаж, хүний сайхан үрийг ямар араатан нь хөнөөчихөөд, нүгэлээ даахгүй яваа бол гэж боддог юм. Хэрэг гарснаас хойш хэдэн малаа зараад нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан. Тэрнээс уулзаж, учирч яваагүй. Миний хүү хэрэг хийсэн нь батлагдаад, тогтоогдсон бол тэдний өмнө ил гарах ч эрхгүй амьдрах байсан. Тийм аймшигт хэрэг, хилсээр гүтгүүлсний дараа бид тэр хашаа, байшингаа зараад тэндээс нүүсэн. Дөрвөн ч удаа нүүдэл, суудал хийгээд байна даа. Хэргээс болоод манайх хоосорсон. Хамаг эд хөрөнгө, хэдэн малаа зарж, өрнөөс гарсан. Шүүхийн шийдвэрийнхэн чинь гэрт очоод л даналзчихдаг юм байна лээ. Арга ядахдаа амьдралаа залгуулж байсан цөөн малаа зарсан. 10 гаруй жил амьтны нүднээс зугтаж, айл, айлын хашаа түрээслээд амьдарч байна. Ижий минь өндөр настай болж, хүүг минь хүлээж тэсэлгүй явчихсан. Охин минь айлын бэр болоод өөр аймаг руу шилжчихсэн. Би л ганцаараа бууриа сахиж үлдээд байна даа. Ганц зорилго минь хүүтэйгээ мэнд уулзах л болчихоод байна.
-Хүүгийн тань хүү хаана байдаг вэ. Том залуу болсон байх?
-Хоёр настай үлдсэн ач хүү минь ахлах сургуулийн сурагч болсон. Эмээгээ эргэж тойрно, аав руугаа хаа очдог том хүү болсон. Бэр маань хэрэг гарснаас хойш тусдаа амьдарч байгаа. Залуу хүн тэгэлгүй яах вэ. Цаазын ял, 25 жилийн ял сонссон хүнийг яаж хүлээгээд байж байх билээ дээ. Ач хүү минь л надад бараа, хань болж байна. Жилдээ нэг уулзах нь бидэнд ер бусын л сайхан байдаг даа.
-Өдийгөөс 16 жилийн өмнө таны хүүг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Баривчлах үед нь та хамт байсан уу?
-Байсан, байлгүй яах вэ. Мөнх-Оргил хашаа, байшинд барагтай л байгаагүй дээ. Гэр бүл зохиож, тусдаа гарсан байсан. Мөрөнгийн төвд орон сууц түрээсэлж, эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг байсан юм. Тэр үед бэр, ач хүү хоёр хотод байж, Мөнх-Оргил Мөрөндөө байсан. Би, манай эгч, хүүтэйгээ хамт Мөнх-Оргилтой цуг түрээсэлж байсан орон сууцанд нь байж байтал цагдаа нар ороод ирсэн. Хүүг минь үгийн зөрүүгүй л гавлаж, баривчлаад аваад гарсан. Би ч орилж, чарлаад, хийсэн хэргийг нь асуугаад байлаа. Байрны гадаа гараад иртэл хүү минь “Би янз бүрийн хэрэгт орооцолдоогүй, та тайван байж байгаарай” гэсэн. Тэгээд цагдаа нар буцаж гэр рүү ороод нэгжлэг хийж, хамаг юмыг нь онгичиж, сонин, сэтгүүл бүгдийг нь аваад явсан. Тэр үед хүүхдийн хэргээр Хөвсгөлийн залуучуудыг олонхыг нь байцааж, мэдүүлэг авсан шүү дээ. Эцэст нь, миний хүүд энэ аймшигт хэргээ тохчихсон. Миний хүүг тийм хэрэг хийх хүн биш гэдгийг Мөрөнгийнхөн гэрчилнэ. Хамар хашааны айл гэдгээрээ л буруутгагдсан юм болов уу даа. Дараа нь тэр гурван жаахан охиныг хүчирхийлсэн гэж мөн л хэрэг тохсон. Тэр үед цагдаа нар эзэн нь олдохгүй хэргээ л тохчихдог байсан юм шиг байна лээ.
-Тэрнээс хойш гэртээ ирээгүй юу?
-Тийм ээ, мод, малын хулгайчийн худал мэдүүлгээр л явчихсан. Биднээс мэдүүлэг авах гэж дарамталж, тулган шаардаж байсан шүү дээ. Шууд л тулгачихдаг, тэгээд үгийн зөрүүн дээр л биччихдэг юм байна лээ. Ийм л хууль хяналтын байгууллага арваад жилийн өмнө байсан. Одоо ч өөрчлөгдөөгүй байх аа. Үүнд л харамсах юм даа.
-Хүү тань удахгүй суллагдах юм байна. Та хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Хүмүүс янз бүрээр л бичдэг юм байна лээ. Тэр болгоныг унших, харах бидэнд хэцүү л байдаг юм. Тэглээ гээд хатуу тавиланг яах билээ дээ. Дахиад хэлэхэд хүний жаахан охин амиа алдаж, аймшигтайгаар хорвоогоос буцсанд туйлын харамсаж явдаг. Гэхдээ энэ бүгдийг миний хүү үүрч, хилсээр ял эдэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нотлох баримт, тогтоосон тогтоолыг нь харвал үнэхээр ичмээр шүү. Миний хүү энэ бүгдийг даваад удахгүй гарах байх. Та бүхнийг үнэн, зөвийг тунгааж үзээсэй л гэж хэлэх байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
НАЙМАН НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖ, ХӨНӨӨСӨН ГЭХ Н.МӨНХ-ОРГИЛЫН ЭЭЖ: ХАМАР ХАШААНЫ ОХИНЫ ҮХЭЛД ХАРАМСДАГ Ч ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, 16 ЖИЛИЙН АМЬДРАЛАА ГЯНДАНД ӨНГӨРҮҮЛЖ БАЙГАА ХҮҮГЭЭ ӨРӨВДДӨГ |
|
2025-02-18 17:37:11
2025-02-18 17:23:41
2025-02-18 17:09:40
2025-02-18 16:59:21
2025-02-18 16:45:27
2025-02-18 16:38:03
2025-02-18 16:18:00
2025-02-18 15:51:03
2025-02-18 14:30:29
2025-02-18 14:25:28
2025-02-18 13:45:51
2025-02-18 13:20:31
2025-02-18 13:19:22
2025-02-18 13:08:59
2025-02-18 12:23:11
2025-02-18 11:50:58
2025-02-18 11:47:28
2025-02-18 11:36:41
2025-02-18 11:35:35
2025-02-18 11:33:53
2025-02-18 11:33:03
2025-02-18 11:24:50
2025-02-18 11:21:48
2025-02-18 10:35:13
2025-02-18 09:52:45
2025-02-18 09:16:56
2025-02-18 09:12:39
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |