• Өнөөдөр 2024-04-25

ХӨГЖЛИЙН БАНКИЙГ СҮЙРҮҮЛСЭН ХЭДЭН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ХӨЛД ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН БИЗНЕСМЕНҮҮД ҮРЭГДЭЖ, ШОРОНД ХОРИГДОХ НЬ ЭЭ

2023-01-25,   1476

            Төрийн ордонд таван өдөр үргэлжилсэн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол” дээр өөрсдийн биеэр ирж, асуултад хариулж, зээлийн мөнгөөрөө төслөө хэрэгжүүлэн, зээлээ төлснөө ард түмний нүдэн дээр тайлагнасан компанийн захирлуудыг зөв харах ёстой юм байна. Цар тахалтай, дайнтай, хойд-урд хоёр хөрш хаалттай байсан энэ жилүүдэд тэд ямар ч байсан зээлийнхээ ард гарчээ. Харин сонсголд огт ирээгүй, зээлээ төлөөгүй, авсан зээлээ хэдэн сая долларын бэлэн мөнгө болгоод шилжүүлчихсэн, төсөлдөө оруулаагүй хүмүүсээс хуулийн хариуцлага нэхэх ёстой. Зээлдэгчдийг ийм хоёр бүлэг болгон, тэднийг ялгаж салгаж ойлгох цаг иржээ. Тэгэхгүй бол тэднийг нийгмийн сэтгэл зүй нийтээр нь зүхсээр байх нь.

            Ухаандаа өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан бүх л аж ахуйн нэгжүүд, зээлдэгч нар гэмт хэрэгтэн, улсын эдийн засгийг сүйрүүлэгч байсан мэтээр ойлгуулж ирсэн. Харин нийтийн сонсголын үеэр зээлээ хугацаандаа төлсөн, авсан зээлээ зориулалтын дагуу  хэрэгжүүлж, төсөл хөтөлбөрөө гарт баригдаж, нүдэнд харагдах ажил болгосон хүмүүс олон байгаа нь ил болов. Угтаа бол зээлдэгчдийн дунд авсан зээлээрээ казино тоглож, наргисан нэгэн байхад хөрөнгө мөнгөөрөө хохирсон ч төслөө яаж ийгээд дуусгасан, эдийн засгийн хүнд хэцүү амаргүй цаг үед Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлөхийн тулд чадлаараа зээлээ барагдуулсан, төслийнхөө үр дүнг үзсэн бизнес эрхлэгчид чамгүй олон байсныг энд дурдах нь зүйн хэрэг биз ээ.

        Мөн энд анхаарах асуудал ч байгааг сануулъя. Нийтийн сонсголын үеэр гэрч нарын өгч буй мэдүүлгээс харахад төслөө дуусгаж, зээлээ төлсөн компанийн захирлуудын олонх шүүхийн хаалга татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа юм байна. Гол нь уг сонсголыг нээлттэйгээр, нотлох баримттай ярина гэж Түр хорооны дарга нар шахаж, шаардаж байна лээ. Харамсалтай, гэрчээр дуудагдсан хүмүүс бүх мэдээллээ хуулийн дагуу нээлттэй нэгт нэггүй ярих боломжгүйгээс зөрчилтэй байдал нэлээд ажиглагдсан.

Хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа зээлдэгч нарын хэргийг ялгаж, салгаж, нэг тийш цэгцлэх, жинхэнэ хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, бизнес эрхлэгчдийг ажлаа хийх цаашдын боломжийг нь нээж өгөх ёстой л харагдлаа.

         Хөгжлийн банкны зээл тэр чигтэй “бай”-гаа оноогүй, үргүй зардал болоод дуусчихсан юм уу, гэвэл үгүй. Эндээс олон бизнес эрхлэгч том төслүүдээ урагшлуулж, улсын эдийн засгийг сэргээх, эргэлтэд оруулах, ард түмний амьдралд хэрэг болохуйц олон төсөл хэрэгжүүлсэн байгаа юм байна. Гол нь бүгд буруутан болчихсонд л учир байна л даа. Төслөө хэрэгжүүлж, яг  зээлээ төлөөд, үр ашгаа хүртдэгийн даваа дээр дэлхий нийтэд цар талын аюул нүүрлэж, хил хааснаар олон бизнес эрхлэгчийн боломж хаагджээ. Тэр чинээгээрээ Хөгжлийн банкны зээл найдваргүй зээл рүү хормын төдийд шилжсэн гэсэн үг.

Хүнд сорилттой цаг хугацаанд аль чадлаараа Хөгжлийн банкны зээл авч эхлүүлсэн төсөл хөтөлбөрийнхөө үр дүнг хүртэж байгаа төслүүдээс энд дурдъя

          Үүний хамгийн том жишээ бол “Ачлал трейд” ХХК буюу УИХ-ын гишүүн  М.Билэгтийн Хөгжлийн банкны зээл. Түүний хэрэгжүүлсэн 300 ортой эмнэлгийн барилгын төслийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж, Улсын IV эмнэлэг ашиглалтад орчихсон, өвчтөнүүдээ хүлээж аваад үүд хаалга аа нээчихсэн байна. Улсын эмнэлгийн ачаалал туйлдаа хүрч, өвчиндөө шаналж байгаа иргэд, тэвчихээс өөр сонголтгүй болтлоо дараалал, дугаар нь дүүрчихсэн энэ цаг үед хэрэгжих ёстой төсөл мөн байсан уу, гэвэл яах аргагүй тийм. Ёстой л М.Билэгт гишүүний хэлснээр “Хэрэгжүүлсэн төслөө би аваад үхэх биш. Ард түмэнд хэрэгтэй байна” гэдэг нь үнэн. Хэдий түүнийг УИХ-ын гишүүн байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас зээл авсан гэх хэрэгт буруутгаж байгаа ч авсан санхүүжилтэй зориулалтын дагуу ашиглаад, зээлээ бүрэн төлж дуусгасан гэдгээ ч сонсголын үеэр хэлж харагдана лээ.

       Монгол Улс 1990 оны өмнө үйлдвэрлэгч улс байлаа. Гэвч өнөөдөр бүх эд материалаа импортоор хангаж байна. Улсдаа үйлдвэртэй болох ажлыг уг нь хувийн аж ахуйн нэгжүүд дахин сэргээхээр Хөгжлийн банкнаас зээл авсан. Үүний нэг нь “Монполимент” ХХК.  Жилд нэг сая тонн хүчин чадалтай цементийн үйлдвэр байгуулах төслийн барилга байгууламж, тоног төхөөрөмж авах зориулалтаар Монполимет компани 2014 онд хөгжлийн банкнаас 230 сая ам.доллар хүссэн. Ингээд банкнаас тухайн үед 65 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан. Одоогоор тус компани нь үндсэн зээлийнхээ 33.4 сая ам.долларыг, хүүгийн төлбөрийнхөө 24.4 сая ам.долларыг төлсөн гэх мэдээлэл өгөөд буй.

     Түүнчлэн Шинэ яармаг төслийг хэрэгжүүлэгч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярыг гэрчээр дуудаж оролцуулсан. Уг төслийг ТОСК Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ хэрэгжүүлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж, зэлүүд  Яармаг эзэнтэй болсон.

       Х.Баттулгын зөвлөх байсан гэдгээрээ нийгмийн анхаарлыг татаж байгаа түүнийг хүн бүхэн сонирхов. Түүний компанид Хөгжлийн банкнаас орон сууцны цогцолбор хороолол барихад зориулж 29 сая ам.доллар зээл олгосон юм байна. Одоо бол тус компанийг 85,8 тэрбум төгрөгийн өрөнд тооцон зээлийг хаасан байна. Сонсгол дээр УИХ-ын гишүүн Т.Доржханд түүнээс асууж байна, “Уг зээлийг ТОСК авч, гүйцэтгэгчээр нь танай “Нью яармаг хаусинг прожект” ХХК орсон байна. Танайх ийм хэмжээний бүтээн байгуулалт барих барилгын салбарын туршлагатай байсан уу. Мөн та Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Сонгон шалгаруулалтаар ажилласан уу, гэрээгээр ажилласан уу” гэж. Асуултад гэрчээр дуудагдсан гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр “Бид зээлээ төлж дууссан. Бид ТОСК-ийн өмнөөс 24 тэрбум төгрөгийг төлсөн. Шүүхийн шийдвэр байхгүй. Өөрсдөө 61 тэрбум төгрөгийг төлөх ёстой байснаа ч төлсөн. Манай компани нийтдээ Хөгжлийн банкинд 85 тэрбум төрөгийг төлсөн. Энэ талаар Хөгжлийн банк дэлгэрэнгүй тайлбар өгнө байх. Хоёрдугаарт, миний зүгээс төрийн худалдан авах ажиллагаанд оролцоогүй. Тиймээс энэ нь сонгон шалгаруулалт хийх ёстой эсэхийг мэдэхгүй байна. Гуравдугаарт, залуу хүн болохоор туршлага байхгүй гэж хараад байх шиг байна. Миний хувьд аль 2012 онд БНХАУ-ын Экспорт-Импорт банкинд зээлийн хэлэлцээр, зээлийн гэрээ байгуулаад зээл авахаар хөөцөлдөж байсныг тухайн үед Сангийн яамны газрын дарга байсан Т.Доржханд гишүүн та сайн мэднэ. Тухайн үед би хувийн хэвшилд ажиллаж байхдаа хөөцөлдөж байж гэрээгээ байгуулаад одоог хүртэл Хятадын банкинд төлсөн шимтгэлийнхээ мөнгийг олж чадахгүй яваа. ТОСК өөрсдөө бидэнд санал тавьсан. Хятадын Экспорт-Импортын банктай манай компани аль хэдийн зээлийн гэрээгээ байгуулчихсан байсан болохоор ТОСК төслийг чинь хамтарч хэрэгжүүлье... гэж ярьсан. Бид хөөцөлдөж энэ зээлийг хамтаръя гэсэн зүйл байхгүй. Ер нь эдгээр бүх асуудлыг Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд ирээд тайлбар хийгээсэй гэж бодож байна” гэв.

         Юм хийсэн, хийх гэж зориглосон залуусыг Хөгжлийн банкны асуудлаар мохоож унтрааж болохгүй юм байна. Бүхэл бүтэн орон сууцны хороолол барихад тэдэнд хэн тусалсан юм. Олон зуун түрээсийн орон сууцыг барихад нь тэдэнд төр засаг тусалсан юм уу. Магадгүй Яармагт барьсан орон сууцанд нь өнөөдөр тав тухтай амьдарч байгаа иргэн хүртэл учрыг нь мэдэхгүй “Муу луйварчид” гээд тэднийг зүхэж мэдэх нь.

          Тээр жил, 2006 оны хавар Монголд Хадгаламж Зээлийн Хоршоод /ХЗХ/-ын дампуурал гэж айхавтар юм болсон. Юун өнөөдрийн нүүрсний хулгай. Хүний амь нас хүртэл эрсэдсэн юм. Тухайн үеийн Санхүүгийн зохицуулах хорооны дарга залууг, “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ын захирал залуу хөнөөсөн нь монголын нийгмийг цочоосон, С.Зоригийн хэргийн дараах хар өдөр болсон билээ. Үйл явдлын дунд сурвалжлагч явсан надад нэг харуусал тод үлдсэн. Давтагдаж болохгүй гашуун сургамж гэж үздэг. Тэр нь юу гэхээр ХЗХ-ны чадварлаг захирлууд, ямар ч хохиролгүй үлдэх 100 хувь боломжтой байсан иргэд, зээл авсан аж ахуй нэгжийн эзэд, улмаар Хадгаламж зээлийн хоршоодууд өөрсдөө хэлмэгдэж дампуурсан юм. Тэр дунд хийж бүтээх сэтгэлтэй олон сайхан залуус хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Ингэж л туйлширч болохгүй юм байна гэдгийг тэр үед олон хүн харсан, ойлгосон. Одоо энэ эмгэнэлт хэрэг явдал дахин давтагдах бий гэж түгшихээр байна.

        ХЗХ-ны дампуурлын гол дүрүүд болох залуусыг дараа нь харахад ямар их баялаг бүтээсэн, ямар их зүйлийг эхлүүлсэн, гэвч тэр их хөрөнгө мөнгө нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар /ШШГЕГ/-ын ажилтнуудын гарт мөхөж байгааг харахад гол харлаж билээ. Дүү нь шоронд орчихсон, үлдсэн жаахан аж ахуйг нь авч явах гэж зүдэрч яваа нэгэн компанийн захирал ахтай тухайн үед Хан-Уул дүүрэг дэх үйлдвэр дээр нь уулзаж билээ. Тэр ах, ашиглалтад ороход хэдхэн хоног дутуу байсан үйлдвэрийг нь үзүүлж “Ийм аюултай юм болоогүй бол энэ үйлдвэр өнөөдөр ажиллаж байх байлаа” гэсэн нь өнөөдөр бидний мөрөөддөг өндөр технологийн Арьс шир боловсруулах, гаднын хөрөнгө оруулалттай үйлдвэр байсан юм. Дүү нь ХЗХ-ноосоо хөрөнгө оруулалт хийж, улмаар гаднын хөрөнгө оруулагчидтай хамтарсан юм билээ. Дүү нь баривчлагдсанаар хөрөнгө оруулагчид нь царцсан. Тэрхүү Хан-Уул дүүрэг дэх арьс шир боловсруулах үйлдвэр ажиллаж эхэллээ гэж лав сонсоогүй. Дүү нь олон удаа “Надад бизнесээ үргэлжлүүлэх боломж олгочих, би нэг жилийн дотор бүх асуудлыг шийднэ” гэж ам өчиг өгсөөр байсан гэдэг. Тэр залуу чадах байсан. Гэвч түүнийг шоронд хийсэн нь харамсалтай, улс оронд хохиролтой.

          Учир нь яг өнөөдрийн Хөгжлийн банкны зээлдэгчид шиг тэднийг төр засаг, хууль хүчин, хэвлэл мэдээлэл, ард түмэн нийлж аван зүхсээр шоронд хийж, шонд дүүжилсэн. Өнөөдөр ШШГЕГ-ын агуулах гэж нэг онигооны газар дуулддаг. ХЗХ-доос хураасан бүх зүйл нь өнөөдөр ч агуулахад нь хураалттай хэвтдэг, хэнд ч хэрэггүй, зарж үрж борлуулж болдоггүй, моралийн элэгдэлд орсон, үхмэл хөрөнгүүд болсон гэж. Агуулахаа суллаж чадахаа байсан гэдэг юм билээ.

      Төрд очсон бизнес хэзээ амжилт олж байлаа. ХЗХ-доос хураагдсан өчнөөн байшин барилга, үйлдвэр үйлчилгээний газрууд хулгайчдын гараар орж, зарим нь балгас болсон шиг эмгэнэл давтагдах вий. Тэгэх юм бол Монголын эдийн засагт шинэ юм хийе гэсэн олон сайхан залуусын сэтгэл зүтгэл унтарна. Тэр хэрээрээ улс орон хохирдог юм билээ. Тэр жил ХЗХ-ын хэргийг тухайн үеийн төр засаг, Шүүх засаглал ухаалга шийдвэрлэсэн бол Монголын нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт авчрах хэмжээний санхүүгийн нөөц Хадгаламж Зээлийн Хоршоодод байсан юм шүү.

        Өнөөдөр Монголд бизнесийн нөхцөл байдал бүх шатандаа хүнд байна. Ийм нөхцөлд Хөгжлийн банкинд зээлээ бүрэн төлж, хаасан нийт 16 аж ахуй нэгж гарч ирлээ. “Кью эс си” ХХК, “МИАТ” ТӨХК, “Максрөүд”ХХК, “Монгол эм импекс” ХХК, “Вояжер минерал ресурсес” ХХК, “Ди Би Эм Лизинг” ХХК, “Эрд хул” ХХК, Капитал банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, “Нью яармаг хаусинг прожект” ХХК буюу ТОСК Буянт-Ухаа-Нэг, Хоёрдугаар хороолол... гэхчлэн. Эдгээр аж ахуйн нэгж, компаниуд  хэдийгээр хариуцлага алдаж, найдваргүй зээлдэгчийн эгнээнд шилжсэн байсан ч үүргээ ухамсарлаж, эрвийх дэрвийхээрээ зээлээ төлжээ. Нөгөө талд нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй, хаагаагүй, буцаалт хийгээгүй, нэг ч төгрөг төлөөгүй аж ахуй нэгжүүд байсаар байна. Энэ бүгдийг ялгаж салган нийгэмд ойлгуулъя. Тэгэхгүй бол болохгүй юм байна. Бүх зүйл муудах тусмаа сайжрах зам руугаа явдаг гэдэг. Энэ л замаар яваа, зээлээ төлсөн компаниудад, тэдгээрийн захирлуудад одоо сайнаар хандъя. Монголд л хэрэгтэй. Түүнээс биш нэг улстөрчийг намнах гээд улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа, эгэл жирийн бизнес эрхлэгч нарыг хэлмэгдүүлдэг харгис нийгэм яавч байж болохгүй.

       Үндсэндээ Хөгжлийн банкнаас зээл авсан бүгдийг хэрэгтэн гэж ялладаг нийгмийн ташаа ойлголтыг нэг мөр алга болгож, зээлээ төлсөн зээлдэгч нарыг хэргээс нь суллая. Тэднийг бизнесээ үргэлжлүүлэх дараагийн боломжийг нь боомилсон үйлдлээ таслан тогтоож, өршөөл үзүүлсэн ч болохоор байна. Монголын төр бизнес эрхлэгчдээ хийсэн бүтээснийх нь төлөө хийж бүтээгээгүй бусадтай нь харьцуулж, хэлмэгдүүлдэг байж болохгүй биз ээ. Тэгэхгүй бол Хөгжлийн банкийг сүйрүүлсэн хэдэн гэмт хэрэгтнүүдийн хөлд бизнесменүүд үрэгдэж, шоронд хоригдох нь ээ

       Зээл авсных нь төлөө нийгэмд ташаа ойлголт өгдөг, ажлыг нь гацаадаг энэ байдал даамжирсаар улсын эдийн засаг, бүтээн байгуулалтад сөрөг нөлөө үзүүлж байгааг энд анхааруулах нь зүйтэй. Хэрэв зээ энэ байдлаараа баялаг бүтээгчдээ ялалдаг байвал Монгол Улсад бүтээгч, үйлдвэрлэгч гэж үгүй болох нь. Үндсэндээ энэ мэтээр нэгнээ хэлмэгдүүлдэг, бүтээгчдээ, үгүйсгэдэг бизнес эрхлэгчдийнхээ боломжийг хулгайлдаг байвал Монгол Улсад хэн  эргэж улс орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулдаг болох вэ. Зорилготой эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдээ зоригтой дэмжиж, бүтээгчдийнхээ боломжийг хулгайлдаг бусдыг нь шийтгэдэг шударга нийгмийг бий болох нь энэ цаг үед юу юунаас илүү чухал байна даа.

       Хөгжлийн банкны хэргийг олонд хүргэж, нийтээрээ анхаарах болсон гол шалтгаан нь ердөө авсан зээлээ эргүүлэн төлөх, улсаа хохиролгүй болгох гэж ойлгож болно. Харамсалтай нь, өнөөдөр зээлдэгч нарын зээлийг төлүүлэхээс илүүтэй тэднийг яллах, шүүх ажил эрчимтэй өрнөж байгаа нь нууц биш юм. Хэдий зээлдэгч нар хугацаандаа зээлээ төлөөгүй, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой ч тэдний нэн тэргүүний асуудал нь авсан зээлээ эргүүлэн төлж, Хөгжлийг банкийг дампуурлын эрмэгээс аврах баймаар. Гэтэл зээлдэгч нарт хуулийн хариуцлага хүлээлгэж, барьж, хорих, ял шийтгэл оноох ажлаа нэн тэргүүнд тавьж байгаа нь өнөөгийн бодит байдал болоод байна. Тиймээс зээлдэгч нар зээлээ төлсөн ч, төлөөгүй ч хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой. Иймд зээлээ төлөхгүй байж болно гэх ойлголт нэгэнт бий болчихсон нь анзаарагдлаа. Хөгжлийн банкны зээлдэгч нарын зээлийг нэн яаралтай эргэн төлүүлж, Хөгжлийн банк, Монгол Улсыг хохиролгүй болгох нь нэн тэргүүний ажил болоод байна.


ХӨГЖЛИЙН БАНКИЙГ СҮЙРҮҮЛСЭН ХЭДЭН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ХӨЛД ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН БИЗНЕСМЕНҮҮД ҮРЭГДЭЖ, ШОРОНД ХОРИГДОХ НЬ ЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-04 22:53:43
    Z: Ойлгомжтой бичмээр юмдаа. Зээлээ төлсөн юм бол яагаад шоронд хийнэ гээд бгаа юм. Хэн тэгээд бгаан. Ямар хуулийн үндэслэлээр…
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 12:42:18
    Зөв: энэ үнэн шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188