• Өнөөдөр 2024-04-26

Ц.МӨНХЦЭЦЭГ: Шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь шүүхийн шинэчлэлийн зорилго

2021-01-08,   2341

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа. 

-Шүүхийн тухай хуулиа шинэчлэх гээд УИХ-ын гишүүд өдөржин, шөнөжин хуралдаж байна. Энэ хуулийг хэлэлцэн баталснаараа бүрэн утгаараа Шүүхийн шинэчлэл хийгдэж чадах уу?

-2020 оны сонгуулиар бүрдсэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шинээр батлагдах хамгийн чухал хуулиудын нэг Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 17 цагийн турш тасралтгүй хуралдаж хийлээ. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуулиа шинэчлэн баталж Монгол улсад шударга ёс бий болгох, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах эрх зүйн зохицуулалтыг хийх ёстой. Ингэж чадвал бид шүүхийн шинэчлэл хийх болно.

-Шүүхийн шинэчлэл хийх ёстой гээд яриад байна. Яг хаана нь ямар шинэчлэл хийх тухай яриад байна вэ?

-Шүүхийн шинэчлэл бол тогтолцооны шинэчлэл. Тийм учраас Шүүхийн тухай хууль шүүх засаглалыг бүхэлд нь хөндөж байна. Тухайлбал, Шүүхтэй холбоотой, одоо үйлчилж буй дөрвөн хууль болох Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг өөрчлөн нэгтгэж Шүүхийн тухай хууль болгон хэлэлцэж байгаа юм.

Эрх зүйт төрийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал учраас Шүүхийн шинэчлэлийн үндсэн зорилго үүнд чиглэж байна. Тэгвэл энэ зорилгыг хангахад шүүхийн томилгоо чухал нөлөөтэй байдаг. Тийм учраас Шүүхийн тухай хуулинд бүх шатны шүүхийн томилгоонууд дахь тодорхой субьектийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, шүүхийг мерит зарчмаар томилон бүрдүүлж хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгохыг зорьж байна. Үүний тулд шүүх тогтолцооны гол институт болох Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр оруулж байгаа юм. 

Мөн шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийг олон улсын жишгээр мэдлэг, чадвар, хандлага, ёс зүй, туршлагад үндэслэн сонгон шалгаруулалтаар бүрдүүлнэ.

-ХАРААТ БУС ШҮҮХ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ ЧАДВАЛ ИРГЭДИЙН ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ СЭРГЭНЭ-

-Иргэдийн шүүхэд итгэх итгэл буурсан. Энэ хууль батлагдсанаар иргэд шударга шүүхэд бүрэн итгэж болох уу?

-Шүүхийн хараат бус байдлыг хангахад шүүхэд итгэх олон нийтийн итгэл чухал. Хараат бус, шударга, чадварлаг байх нь шүүх засаглалын олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх гол нөхцөл болдог. Тийм учраас хараат бус шүүх тогтолцоог бүрдүүлж чадвал иргэдийн шүүхэд итгэх итгэл сэргэнэ.

-Шүүх эрх мэдэл, улстөрчдөөс хамааралтай болсон гэх шүүмжлэл бий. Энэ байдлыг өөрчилж чадаж байгаа юу?

-Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах тухайд тогтолцооны шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг Шүүхийн тухай хуулиар хийж байгаа. Үүнээс би нэг асуудлыг онцлон дурдмаар байна. Шүүгчийн хараат бус байдлыг хангах, албан тушаалтан, ашиг сонирхлын нөлөөнд орохоос хамгаалахын тулд шүүгчдийн нөлөөллийн мэдүүлэг хөтлөх явдлыг заавал биелүүлэх үүрэг болгон хуульчилж байна. Шүүгчийг айлгах, дарамтлах, авлига өгөх, гүтгэх, доромжлох болон бусад байдлаар нөлөөлөх гэж оролдвол шүүгч өөрөө нөлөөллийн мэдүүлгээ хөтлөх ёстой. Мэдүүлгээ Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлэн, зөвлөл холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн шийдүүлнэ.

Хэдийгээр 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэж заасан байдаг ч мэдүүлэг хөтлөөгүй, ШЕЗ-д хүргүүлээгүй шүүгчид ямар нэг хариуцлага хүлээлгэдэггүй байсан. Нөлөөллийн мэдүүлгийг хөтлөх нь шүүгчийг улс төрийн нөлөөнөөс хамгаалах чухал зохицуулалт юм. “Оюуны-Инноваци” ТББ-аас өнгөрсөн жил шүүгчдээс судалгаа авахад 275 шүүгчийн 84 шүүгч сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэг, маргаан шийдвэрлэхэд нөлөөлөх оролдлоготой учирч байсан гэж хариулсан байсан. Нөлөөлөл хаанаас ирж байна вэ гэсэн асуултанд хэргийн оролцогч, өмгөөлөгч, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгуулага дээгүүр байр эзэлсэн бол үүний дараа бусад шүүгч, хамт ажилладаг шүүгч, Ерөнхий шүүгч, дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг субьектүүд орсон.

Нөлөөллийн хэлбэрийн тухайд “танил тал, найз нөхдийн журмаар гуйх, сүрдүүлэх, заналхийлэх, дарамт шахалт үзүүлэх” зэрэг хэлбэрийн нөлөөлөл хамгийн их байна гэсэн. 

Мөн Шүүхийн хүний нөөц удирдлага, бодлого зохицуулалтын газраас Азийн сантай хамтран 2019 оны арваннэгдүгээр сард хийсэн судалгааны хүрээнд 2013-2019 онд шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хөтлөн ирүүлсэн 51 нөлөөллийн мэдүүлэгт дүн шинжилгээ хийсэн байдаг. Энэ судалгаанаас харахад улс төрд нөлөө бүхийн этгээдийн нөлөөлөх оролдлогод шүүгчид нөлөөллийн мэдүүлэг огт хөтөлдөггүй болох нь гарч ирсэн. Тийм учраас Шүүхийн тухай хуулийн 46.1-д “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөх гэж оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө” гэж заагаад 46.10 дахь зүйлээр “...энэ үүргээ биелүүлээгүй нь шүүгчид хариуцлагын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж оруулсан. 

-Хэлэлцүүлгийн үеэр шүүгчдийн цалин урамшуулал, гавъяа шагналын тухай нилээд хөндөгдөж байсан. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа вэ. Уг нь авлигын болоод улстөрчдийн нөлөөнд автуулахгүй гэж шүүгчдийн цалинг нэмэгдүүлж байсан шүү дээ?

-Шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч хэн нэгний нөлөөнд авталгүй бие даан шийдвэр гаргадаг байхын тулд хууль зүйн болон эдийн засгийн баталгааг төрөөс хангаж өгсөн байх учиртай. Шүүхийн тухай хуулийн 43-51 дүгээр зүйлд шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох, шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах, шүүгчийн халдашгүй байдлыг хангах зохицуулалтыг оруулж өгч байна. 

Ер нь шүүгч бол бусад ажил мэргэжилтэй харьцуулахад бусдын хардалт, шахалт дарамт, хараа хяналт дунд шүүн таслах ажиллагааг бие даан хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн онцгой мэргэжил. Хэрэг хянан шийдвэрлэхэд маш их цаг хугацаа, оюуны ачаалал шаардагддаг, амь насаа ч эрсдэлд оруулах нөхцөл байдалтай тулгарч байдаг.

Ийм учраас Шүүхийн тухай хуулинд шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй, шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцах, албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирсан, нас барсан бол даатгалын төлбөрийг гэр бүлд нь олгох, нөхөн олговор олгох гэх мэт тодорхой заалтуудыг оруулж байгаа. 

Шүүгчийн хараат бус байдалтай холбоотой дараагийн нэг асуудал бол шүүгчид шагнал урамшуулал олгох эсэх асуудал. Төслийн 43.4-д “Шүүгчийг олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал олгохыг хориглоно” гэсэн заалт орж байгаа. Энэ нь шүүгчид албан тушаалтны зүгээс нөлөөлөх байдлыг хязгаарлаж буй нэг зохицуулалт болж байгаа юм. Шүүгчийн ажлын урамшуулал бол эмч, багш гэх мэт нийгмийн бусад ажил мэргэжлийн салбараас ялгаатай байдаг. Олон улсын жишгээр шүүгчийг хэн нэгний нөлөөнд авталгүй хараат бусаар ажиллуулах нөхцөл бол өндөр эрх ямба эдлүүлж, баталгаа өгдөг. Тэгвэл энэ баталгаа нь тухайн шүүгчийн урамшуулал болдог юм. Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, мэргэжлийн холбоод зэрэг бусад байгууллагуудаас шүүгчийг шагнаж урамшуулах явдал байж болохгүй гэсэн үндэслэлээр 43.4 дэх заалтыг оруулсан.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг “булааж” байна гэх яриа байна. Энэ хуулийн зохицуулалтаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгасан зүйл бий юү?

-Булаана гэж хэлбэл өрөөсгөл ойлголт. Хэтийдсэн буюу Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээс нь давсан эрх мэдлийг нь хязгаарласан гэж ойлгож болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн томилгоонуудад онцгой үүрэгтэй байгаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан бөгөөд Үндсэн хуулийн 33.4-д заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд нь л Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгох юм.

-Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Шүүхийн хуулиа эгүүлэн татсан. Түүний өргөн мэдүүлсэн хуулиас одоо хэлэлцэж байгаа хуульд орсон заалт бий юү?

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэх үед хууль санаачлагчид зөвшилцөж зөвшөөрсөн тохиолдолд хуулийн төслүүдийг нийлүүлээд хэлэлцэж явж болно гэж ярьсан. Харин Ерөнхийлөгч дараа нь УИХ-ын чуулган дээр өргөн мэдүүлсэн Шүүхийн хуулиа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдсэн. Хэдий тийм боловч Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн үзэл баримтлал, тодорхой зохицуулалтууд Шүүхийн тухай хуулийн төсөлд нэлээд орсон байна. Тухайлбал, ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг сонгох, шүүгчийн сахилгын зөрчил, ялангуяа шүүгчийн наад захын мэдлэг, чадвар, хичээл зүтгэлгүйг илтгэсэн сахилгын зөрчил, хяналтын шатны шүүх буюу Дээд шүүхийг бүрдүүлэхэд шүүгчийн ажлын туршлагатай хуульчид бүрдүүлэхийн зэрэгцээ өмгөөлөгч, прокурор, хууль зүйн сургуулийн багш зэрэг хууль зүйн ажлын тал талын туршлагатай хуульчдыг оруулах боломжтой байх зэрэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн зохицуулалт хуулийн төсөлд суусан байгаа. 

-Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эрх мэдэл нэмэгдэж байгаа гэсэн үг үү?

-Шүүхийн тухай хуулиар ШЕЗ-ийн эрх мэдэл нэмэгдсэн гэхээс илүү хараат бус байдал, төлөөлөх чадавх нь бэхжиж байгаа гэж ойлгох нь зөв юм. ШЕЗ нь 2012 оны Шүүхийн захиргааны тухай хуулиар таван гишүүнтэй байсан бол Шүүхийн тухай хуулийн төслөөр арван гишүүнтэй болон өргөжиж байгаа. Энэ арван гишүүний тавыг шүүгчид өөрсдөөсөө шууд сонгож бүрдүүлэхээр зааж өгсөн нь уг зөвлөлд ирэх зүй бус нөлөөллийг сааруулна гэж үзэж байна. Мөн даргаа дотроосоо сонгож байгаа нь ч бас ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас өөрөө мөн бие даасан байх ёстой юм.

-ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ УТГААР НЬ ХИЙЖ, “ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ” ГЭЭЧИЙН ЭРСДЛИЙГ АРИЛГАХ БОЛНО-

-Шүүгч нарт хариуцлага тооцох асуудлыг хэрхэн тусгаж байгаа вэ. Шүүгч нартай холбоотой ёс зүйн зөрчил их яригддаг. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Энэ бол Шүүхийн тухай хуулийн томоохон шинэчлэлийн нэг юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 49.6-д “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж зааснаар шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг шийдвэрлэдэг шүүхээс гадуур бие даасан байгууллагын загварыг сонгож, улмаар Шүүхийн сахилгын хороо хэмээх байгууллагыг анх удаа Үндсэн хуульд хуульчилсан билээ. Тийм учраас Үндсэн хуулийн энэ үзэл баримтлалаар Шүүхийн тухай хуулинд Сахилгын хороог бие даан ажиллуулах, сахилгын хэргийг хянан шийдвэрлэх, шүүгчийн сахилгын болон мэргэжлийн хариуцлагын зөрчлүүдийг ялган зааж, ногдуулах хариуцлагыг тодорхой болгож байгаа юм. 

Тухайлбал, шүүгчид хориглох зүйл гэдэгт хуульд заасан өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглах, хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах гэх мэт 40 гаруй төрлийн үйл ажиллагааг оруулж, шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт, шүүгчийн сахилгын зөрчил, оногдуулах сахилгын шийтгэлийг нэмэгдүүлсэн. нь ихээхэн анхаарал татсан асуудал болж Хууль зүйн байнгын хорооны Шүүхийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр сахилгын зөрчилтэй холбоотой хоёр заалтыг тойрон мэтгэлцээн өрнөсөн. 

Хэлэлцүүлгийн явцад зарим гишүүн болон ажлын дэд хэсгийн зарим гишүүнээс шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдох 52.1.23 дахь “Хуулийн илт, тодорхой, маргаангүй заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 52.1.27 дахь “шүүхийн шийдвэрт зайлшгүй шаардлагатай үндэслэлийг огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” хэмээх заалтуудыг хасахаар санал гаргасан юм. 

Миний хувьд энэхүү хоёр заалтыг сахилгын зөрчил гэдгээс хасахыг эсэргүүцэж байгаа юм. Учир нь шүүгчээс өдөр тутамд хэрэг, маргаан болгоны хувьд хийдэг, хэнд ч ойлгомжтой, тодорхой, мэргэжлийн ур чадвар, туршлага шаардахааргүй үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож шийтгэдэг бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлээгүй хууль хэрэглээний алдаанд тооцдоггүй нь олон улсын жишиг юм.

Ер нь шүүгчийн сахилгын зөрчлийг олон улсын жишигт нийцүүлэн тодорхой, дэлгэрэнгүй хуульчлаагүй явж ирсэн нь хариуцлагатай шүүхийг бий болгоход сөргөөр байсан. Тийм учраас шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхой, дэлгэрэнгүй хуульчлах нь нэг талаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн үзэмжээрээ, субъектив хандах байдлыг хязгаарлах, нөгөө талаар юу хориглогдож, ямар үүрэг хүлээж буйг шүүгчид урьдчилан мэдэх, сахин биелүүлэх, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

-Хэрэг хуваарилах дээр Ерөнхий шүүгч өөрийн үзэмжээр хандлаа гэх асуудал гардаг. Үүнийг хуулиар зохицуулж байгаа юу?

-Хэрэг хуваарилах асуудал нь үнэхээр ноцтой зүйл. Эдийн засаг, улс төрийн томоохон сонирхол бүхий тал хэргийг хүссэн шүүгчдээ хуваарилуулахын тулд ерөнхий шүүгчид нөлөөлөх явдал гардаг гэсэн хардлага ямагт байж ирсэн. Ерөнхий шүүгч давуу эрхээ урвуулан ашиглаж ийм зүй бус хуваарилалт хийгээгүй байсан ч тухайн хэргийн оролцогч талуудын аль нэг нь ийм хардлагатай үлдэх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сулруулах аюултай. Тийм учраас энэ удаагийн Шүүхийн тухай хуулийн 19.3, 19.4 дэх зүйлд “...хэрэг маргааныг хуваарилах журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцлийг хангасан цахим програм хангамжийг ашиглана, энэ журам нь олон нийтэд нээлттэй байна” гэж заасан. Ингэж хэргийг хүний оролцоогүйгээр хуваарилж, хэн гэдэг шүүгч, шүүхийн ямар бүрэлдэхүүн шүүх гэж байгааг олон нийтэд ил болгож байгаа нь шүүх үйл явц дахь аливаа хардлагыг арилгаж, шүүхэд итгэх олны итгэлийг сэргээхэд том дэвшил болж байгаа юм.

-Шүүхийн тухай хуулиар “Шударга бусын хонгил” гээд яриад байдаг зүйлээ нурааж чадах уу?

-Ер нь бол сүүлийн 30 гаруй жилд нэг субьектэд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн алдаа гаргаж ирсэн нь өнөөдрийн “Шударга бусын хонгил” гэдгийг бий болгосон гэдэгт улстөрчид, эрдэмтэн судлаачид санал нэгтэй байдаг.

Эрх мэдэл хэт төвлөрсөн субьект гэдэг бол УИХ болон Ерөнхийлөгчийн институтууд юм. Ялангуяа шүүх засаглалд нөлөөлөх маш олон эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгож ирсэн.

Жишээ нь, 1993 онд шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн. Сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болсон. 2006 онд АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь мөн л Үндсэн хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнээс хальсан явдал болсон. Ингээд зогсохгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч шүүгчдийг томилоод зогсохгүй тэдгээрийг хуульчдаас шилж олох чиг үүрэгтэй ШЕЗ-ийг томилдог болсон нь шүүгчийн томилгоонд түүний зүгээс хэт нөлөөтэй болсон. Бас нэг ноцтой зүйл бол 2019 онд ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах бүрэн эрхийг өгөөд байгаа. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг ч ямар ч үндэслэл дурдахгүйгээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр цуцалдаг болсон. Тийм учраас хараат бус шүүхийг бий болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид олгосон дээрх хэт эрх мэдлийг хязгаарлаж “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн УИХ-ын Хоёрдугаар тогтоолд Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхийг өгч болохгүй гэж тодотгон оруулсан.

УИХ-ын нэр бүхий 13 гишүүн бидний зүгээс өргөн барьсан хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг чөлөөлдөг явдлыг арилгаж, шүүхийн шинэчлэлийг утгаар нь хийж, “шударга бусын хонгил” гээчийн эрсдлийг арилгах болно.

-Ярилцсанд баярлалаа. 

 


Ц.МӨНХЦЭЦЭГ: Шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь шүүхийн шинэчлэлийн зорилго
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-11 18:46:30
    Иргэн: Ерөнхийлөгч Шүүхийн аливаа томилгоонд оролцох, үйл ажиллагаанд нөлөөлөх цоорхойг нөхөөгүй цагт ШУДАРГА, ХАРААТ БУС ШҮҮХИЙН ТУХАЙ ЗҮҮДЛЭХ Ч ХЭРЭГГҮЙ !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-11 10:58:21
    Ажиглагч.: Шалтгаан, үр дагаврын байрыг сольж ярьж бна. "Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахад иргэдийн итгэл чухал". Бишээ. Иргэдийн итгэлийг олж авахын тулд хараат бус, бие дааж ажиллах нь чухал. Энэ бол хүнд ажил гэдэг нь тодорхой. Хүнээ олж шүүгч болгох. Хүүхдийг ажиглаж, олж бэлтгэх!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-08 15:25:58
    Зочин: Зүйтэй, шүүхийн хуулиа батлуулах хэрэгтэй шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188