• Өнөөдөр 2024-05-06

Б.ЖАРГАЛАН: АЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшигчийн жагсаалт гэж харахгүй байна

2023-09-28,   607

-АРДЧИЛСАН НАМ ИРЭХ СОНГУУЛЬД ЯЛНА ГЭСЭН БҮРЭН ИТГЭЛТЭЙ БАЙНА-

Ардчилсан намын АЭХ-ны Ерөнхийлөгч Б.Жаргалантай ярилцлаа.

-Ардчилсан намын дэрэгдэх АЭХ Ерөнхийлөгчийн сонгуулиа хийлээ. Өмнөх удаагийнхаас юугаараа онцлог байсан бэ?

-Ардчилсан нам дотоод ардчилалын дэмждэг. Тиймдээ ч дотоод сонгуулиуд өрсөлдөөнтэй болдог. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган ч ялгаагүй үеийн үед маш өрсөлдөөнтэй байсаар ирсэн. Энэ жилийн тухайд олон нэр дэвшигчид оролцлоо. Энэ бол маш том давуу тал. Олон хүн нэр дэвшихийн хэрээр эндээс шинэ санаа гарч, олон ургалч үзэлтэй бодлогын өрсөлдөөн өрнөж байгаа юм. Анх Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хүчин зүтгэсэн төлөөллөөс эхлээд хоёр сарын өмнө нэр дэвшсэн шинэ гишүүд маань ч энэ удаагийн сонгуульд өрсөлдлөө.

Эндээс гишүүддээ нээлттэй нам гэдэг нь илүү тодорхой харагдаж байгаа юм. Нэр дэвшигч тус бүр өөрийн гэсэн онцлогтой байлаа. Эндээс бид бие биенийхээ давуу тал дээр тулгуурлаад намын болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд хамтарч ажиллах нь зүйтэй юм байна. Маш чадварлаг баг бүрдэж байгаа юм байна гэсэн бодол төрсөн.

-Сонгуулийн ажлын үеэр 60 сая төгрөгийн дэнчин тавьж оролцож байгаа гэх асуудал өрнөж байсан. Энэ тухайд мэдээлэл өгөөч?

-АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Дээд чуулган зохион байгуулах зардлыг хувааж санхүүжилт гаргасан. Энэ дэнчингийн тухай ойлголт биш, зардал хуваах асуудал байсан. Энэ талаарх зардлын тайланг нээлттэй ил тод мэдээлнэ. Улс төрд дэх эмэгтэйчүүдийн оролцоонд мөнгө санхүүгийн асуудал хүндээр туссаар ирсэн. АЭХ-нд Улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих сан гэж байдаг. Тиймээс би мөрийн хөлбөртөө энэ сангаар дамжуулж аж ахуйн нэгж, хувь хүнээс хандив босгож, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг байя гэсэн санааг дэвшүүлсэн. Аливаа байгууллагын санхүүгийн асуудал нээлттэй байх ёстой. Тэгж байж улс төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. Мөн эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ гэж харж байна.

-АЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнийг шууд л намын жагсаалтаар Их хуралд орчих юм шиг ойлголтууд яваад байна. Энэ тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд АЭХ-ны үйл ажиллагаанд оролцоод бодлого тодорхойлох түвшинд оролцох сонголтыг эрт хийсэн. 2020 оны сонгуулийн дараагаас л би намын бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлох, бодлого боловсруулах ажилд оролцож ирсэн. Тиймээс би АЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгуульд орох жагсаалт гэж харахгүй байна. Энэ бол ардчилсан намын үйл ажиллагааг идэвхжүүлэх цөм байгууллага.

-Ардчилсан нам фракц байх нь зөв. Энэ бол бодлогын өрсөлдөөн гэж тайлбарладаг. Фракц байх нь зөв үү?

-Энэ бол хоёр талтай асуудал. Үзэл баримтлал нийлсэн бодлогын фракц гэж намд байдаг. Энэ бол байж болох асуудал. Манай нам олон ургалч үзэлтэй гэдгээрээ ийм ялгарал байх ёстой. Бид залуусын оролцоог нэмэгдүүлэхдээ ч ийм байдлаар бодлогын өрсөлдөөн явуулдаг. Энэ бол эрүүл үзэгдэл. Ингэж байж намын мөрийн хөтөлбөр, бодлого сайжирна. Нөгөө талаараа эрх ашгийн бүлэглэлийн төлөөлөл гэж хардаг. Энэ бол монголын улс төрийг гажуудуулж байна. Үүнээс салж, бодлогын фракциудыг олноор нь бий болгох хэрэгтэй

-Энэ холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний хувьд цаашид юуг хийхээр төлөвлөж байна вэ?

-Намын дотоод бүтэцдээ анхаарах шаардлага байна гэж харсан. Нэн ялангуяа орон нутгийн болон намын анхан дунд шат руугаа төвлөрч ажиллах нь зүйтэй юм байна. АЭХ нь 21 аймаг есөн дүүрэгт, сум хороодод салбар нэгжтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тиймээс энэ нэгж салбаруудаараа дамжуулан орон нутагт тулгамдаж байгаа асуудлууд руу анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Хөдөө орон нутагт тулгамдаж байгаа гол асуудал нь төрийн удирдах ёс алдагдсан байна. Үүнд хяналт тавихын тулд бид шат шатны байгууллагадаа хүрч ажиллах шаардлага үүсжээ. Тиймээс анхан дунд шатны байгууллагаа дэмжих, чадавхжуулах ажлыг даруй эхлүүлнэ. Ардчилсан намын гишүүн бүрд хүрч ажиллах бодлого баримтлана гэсэн үг. Намын гишүүдэд итгэл үнэмшил төрүүлэх, гишүүдээ идэвхжүүлэх шаардлага үүссэн байна.

Хоёрдугаарт, ирэх жилийн сонгууль эмэгтэйчүүдийн сонгууль болох юм байна гэж харж байгаа. Намуудаас мэдлэг тушрлагатай, нэр цэвэр, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг нэр дэвшүүлбэл ялалт байгуулах боломжтой эрх зүйн орчинг бүрдсэн. Нэр дэвшигчдээ нийгэмд таниулж, шудрага өрсөлдөөний зарчмаар тодруулах нь чухал юм байна. Энэ зөвхөн Их хуралд дэвшиж байгаа хүмүүсийн тухай ойлголт биш юм. Бүх шатанд нэр дэвшигчидтэй холбоотой. Би АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө жендэрийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийн квотын шийдвэр гаргах түвшинд нэмэх асуудлыг оруулсан. Сонгуулийн тухай хуульд заасан жендэрийн 30 хувийн квотыг зөвхөн босго гэж харж байгаа. Үүнээс олон хувийн эмэгтэйчүүдийг намаасаа нэр дэвшүүлэхийг зорино. Үүний тулд бид нэр дэвшигчдээ бэлтгэж, чадавхжуулах, олон нийтэд таниулах ажлыг хийх нь нэн тэргүүний ажил юм байна. Ингэснээр эмэгтэй нэр дэвшигчдийн өрсөлдөх чадвар ч нэмэгдэж байгаа юм.

-Залуу боловсон хүчнээ дэмжих тал дээр яаж ажиллах вэ?

-Залуусаа дэмжих ажлыг бид өнгөрсөн хавраас эхлүүлсэн. Олон улсын байгууллагатай хамтарч сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна. АЭХ-ны 30*300 хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд УИХ болон аймаг, нийслэл, дүүрэг, сум, баг хороонд нэр дэвших эмэгтэйчүүдээ бэлдэх хөтөлбөр боловсруулж, эхний ээлжийн сургалтууд явж байна. Мөн залуусаа гаднын төсөл хөтөлбөрүүдэд хамруулах зорилт тавьж байна. Бид дэлхийтэй хөл нийлүүлэх хэрэгтэй. Улс төрд орж байгаа хүн дэлхий даяар ярьж байгаа бодлогын талаар мэдээ мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тиймээс бид орон нутгийн 100 эмэгтэйг гаднын улсын сертификат олгодог сургалтад хамруулах зорилт дэвшүүлсэн. Удахгүй Ардчилсан залуучуудын холбооны сонгууль болно. Энд олон залуус бодлогоороо өрсөлдөнө.

-АЭХ-ны намдаа хэр нөлөөтэй байж чадаж байна вэ?


-Ардчилсан намын эмэгтэйчүүд намынхаа эв нэгдлийг хангах хүч болох ёстой гэж харж байна. Ийм байхын төлөө бид ажиллана. Ардчилсан намын ҮБХ-ны 30 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Цаашлаад анхан дунд шатны байгууллагадаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хүрч ажиллах шаардлага бий. Өнгөрсөн хугацаанд ч намын эврэлд манай эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байсан. Үр дүнд хүрсэн гэж харж байгаа. Бид намын эв нэгдлийг хангаад зогсохгүй бүх шатны сонгуульд намдаа ялалт байгуулахад чухал үүрэг оролцоотой ажиллана. Манай нам эмэгтэй лидер олонтой. Ардчилсан намд элсэх хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Энэ хүчийг бид маш сайн дэмжих хэрэгтэй.

-Сонгуулийн жил ойртож байна. Ардчилсан намыг энэ удаагийн сонгуульд хэр манлайлж оролцох вэ гэдэг дээр олон нийт анхаарлаа хандуулж байна. Хоёрдогч хүчний үүрэг гүйцэтгэж оролцож чадах болов уу?

-Ардчилсан нам сонгуулийн бэлтгэл ажилдаа орчихсон. Намын даргаа сонгож, дэд дарга нараа томилон, бүтэц бүрэлдэхүүнээ тодорхойлсон байна. Түүнчлэн Ардчилсан нам дэргэдээ Стратеги, бодлого судалгааны хүрээлэнг байгуулсан. АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа ахалж байгаа. Намын мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажлын хэсгүүдээ мөн байгуулсан.

Ардчилсан нам эрх баригчийн алдаа оноог засаж залруулах ажлыг  ард түмэнтэйгээ хамтдаа хийнэ. Ардчилсан нам АЭХ хамтраад ирэх сард “Төрийн дарамтгүй Монгол Улс” аяныг орон даяар эхлүүлнэ. Иргэдээ сонсох зорилготой. Иргэдийн саналыг сонсож, бодлого боловсруулж, санал авна. Нийгэмд эрх баригчид улс төрийн шахалт үзүүлэх ажлыг хийж байгаа ажиглагддаг. Үүний эсрэг бид ард түмэнтэйгээ хамтарч ажиллах юм. Ардчилсан нам ирэх сонгуульд ялна гэсэн бүрэн итгэлтэй байна

-Ардчилсан намын ҮБХ-ны гишүүнээр мөн та ажиллаж байгаа. Ерөнхий нарийн бичгийг сонгох асуудал яагаад удаашраад байгаа вэ гэх хүлээлт байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан намын дэд дарга нарыг томилоход олон талын төлөөллийг оролцуулсан.Тэгж байж намын эв нэгдлийг хангана. Харин Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын даргын шууд эрх мэдэлд хамааралтай. Тиймээс энд намын дарга өөрийн шийдвэрээ бие дааж гаргах нь зөв гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа

 


Б.ЖАРГАЛАН: АЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшигчийн жагсаалт гэж харахгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188