• Өнөөдөр 2026-02-28

Н.АЛТАНХУЯГИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭС ЦАГААТГАСАН ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН НЬ Х.БАТТУЛГЫН ЗАРЛИГААР ТОМИЛОГДСОН УВСЫН ШҮҮГЧ БАЙЖЭЭ

2026-02-28,   101

      Хөгжлийн банканд 36.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийнхээ шүүх хурлыг хүлээж буй Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдэв. Хөгжлийн банкны хэргээс ялгүй мултарна, ямбанд ч заларна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа ажээ. 
 
Шүүх хурал нь болохоос хэдхэн хоногийн өмнө “Би Ерөнхийлөгч болно” гэж зарлаж буй нь шүүгч нарыг айлгах тактик байж болно. Нөгөө талаас, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Ахлах зөвлөхөөр нь ажиллаж, шат шатны шүүхийн шүүгч нарын томилгоонд оролцож явсан учраас шүүхэд нөлөөтэй хэмээн бардаж, Хөгжлийн банкны хэргээс ялгүй мултарна хэмээн оодорч байх шиг. 
 
Бид өмнө нь Н.Алтанхуяг шүүхэд ямар нөлөөтэйг баримтаар дэлгэсэн. Жишээ нь, 2023 оны долдугаар сард СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч А.Мөнхсайхан нар Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэрэгт гэм буруугүй хэмээн цагаатгаж байлаа. Гэвч Улсын дээд шүүх цагаатгасан шийдвэрийг нь хүлээж авалгүй буцаасан. Гэтэл СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүг Ж.Болдбаатар дахиад цагаатгасан. Улсын дээд шүүхийн шийдвэрийг сөрж, Н.Алтанхуягийг хоёр удаа цагаатгаж улайрсан СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гэгч нь үнэндээ Н.Алтанхуягт ач санаж явдаг “цэрэг” нь. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 
 
      Тэгвэл СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатартай хамт Н.Алтанхуягийн Хөгжлийн банкны хэргийг шүүж, гэм буруугүй хэмээн цагаатгасан шүүгч А.Мөнхсайхан ч Н.Алтанхуягтай тун ойроор холбогддог нэгэн ажээ. Эхэнд нь дурдахад, Н.Алтанхуягийг цагаатгасан Ж.Болдбаатар, А.Мөнхсайхан хоёр хоёулаа Х.Баттулгын зарлигаар шүүгч болж томорцгоосон. Өөрөөр бол, Н.Алтанхуяг Х.Баттулгын хажууд байж, шүүгч нарын томилгоонд оролцож явсны “буян”-д л Хөгжлийн банкны хэргээс цагаадаад яваа нэгэн аж. 

Н.Алтанхуягийг цагаатгасан шүүгч А.Мөнхсайхан нь нөхөр Т.Баттөртэйгөө 2012 оноос эхлээд АН-ын сонгуулийн штабт ажилласан

        УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын даргаар сонгогдсон. Ингээд Н.Алтанхуяг 2012 оны УИХ-ын сонгуульд АН-ыг удирдаж оролцоод ялалт байгуулсан байдаг. Тэгвэл 2012 оны УИХ-ын сонгуулиар Дорнод аймаг дахь АН-ын сонгуулийн штабыг шүүгч А.Мөнхсайханы нөхөр Т.Баттөр хариуцан ажиллаж байжээ. Ингэхдээ нөхөр Т.Баттөр нь Дорнод аймагт АН-аас нэр дэвшсэн П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нарыг сонгогчидтой уулзах уулзалтыг зохион байгуулах, тайзыг нь засах, сурталчилгааны самбар хадах, туг лоозон хатгах, хөгжим техникийг нь тохируулах, ухуулагчдыг удирдах гээд бүх арын албыг нь хариуцаж байжээ. Өөрөөр хэлбэл, 2012 оны УИХ-ын сонгуулиар Н.Алтанхуягийн багт хүчин зүтгэсэн цэргүүдийнх нь нэг нь шүүгч А.Мөнхсайханы нөхөр Т.Баттөр байсан гэсэн үг. Ингээд сонгуулийн дараа АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, харин Т.Баттөр Гадаадын иргэн харьяатын газрын Дорнод аймаг дахь салбарт албан тушаалтай болж бялуу хүртсэн байгаа юм. Шүүгч А.Мөнхсайханы нөхөр Т.Баттөр нь АН-д зүгээр ч нэг жижиг гар биш гэдгийг доорх зургуудаас харж болно. 
 
Тайлбар: Дорнод аймаг дахь АН-ын сурталчилгаа, 2012 он. 
       Дараа нь, 2016 оны УИХ-ын сонгуулиар шүүгч А.Мөнхсайхан, нөхөр Т.Баттөртэйгөө мөн л Дорнод аймаг дахь АН-ын сонгуулийн штабт ажилласан. Шүүгч А.Мөнхсайхан АН-ын фудволк өмсөж, АН-ын туг бариад АН-аас нэр дэвшигч Б.Мөнхцэцэгийн ухуулагч хийж явсныг доорх зургаас харж болно. 
     Энэ мэтээр шүүгч А.Мөнхсайхан нь нөхөр Т.Баттөртэйгөө хамт АН-д хүчин зүтгэж ирсэн. Тиймдээ ч А.Мөнхсайхан АН-ын даргаар зургаан ажилласан, анх удаа АН-ыг УИХ-д олонх болгосон Н.Алтанхуяг даргынхаа ачийг хариулж, Хөгжлийн банкны хэргээс нь цагаатгасан байж болох юм. 

Н.Алтанхуягийг цагаатгасан А.Мөнхсайхан Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчээр Х.Баттулгын зарлигаар томилогдож байсан

        2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга анхны зарлигаараа өөрийн Ахлах зөвлөхөөр Н.Алтанхуягийг томилж байв. Улмаар Х.Баттулгыг Ахлах зөвлөх Н.Алтанхуягтайгаа хамтран хууль шүүхэд олон томилгоо хийж, өөрсдийн “хонгил”-ийг угсарсан. Жишээ нь, Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс хоёр удаа цагаатгаад буй Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гэхэд анх Хэнтийн сум дундын шүүхийн шүүгч хийж байгаад Х.Баттулгын зарлигаар СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдож байлаа. 
 
Тэгвэл Ерөнхий шүүгч Ж.Болдбаатартай хамт Н.Алтанхуягийг цагаатгасан шүүгч А.Мөнхсайхан мөн л Х.Баттулгын зарлигаар анх шүүгч болж байжээ. Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 21-нд Ерөнхийлөгч Х.Баттулга 42 тоот зарлиг гаргаж, өмгөөлөгчөөр ажиллаж байсан А.Мөнхсайханыг Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилж байжээ. Өөрөөр бол, АН-д хүчин зүтгэдэг жирийн нэг өмгөөлөгч байсан А.Мөнхсайхан 2020 онд Х.Баттулгын зарлигаар Н.Алтанхуягийн уугуул нутаг Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон очиж байжээ. 

Увсын шүүгчээр ажиллаж байсан А.Мөнхсайхан СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болж ирээд Н.Алтанхуягийг цагаатгаж, буцаад Увсын шүүх рүү томилогджээ

      Дээр дурдсанчлан 2020 онд Х.Баттулгын зарлигаар Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдож очоод ажиллаж байсан А.Мөнхсайхан Н.Алтанхуягийг Хөнжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдахтай зэрэгцээд буюу 2022 онд СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шилжиж иржээ. Ингээд 2022 оны арванхоёрдугаар сард НПГ-аас Н.Алтанхуяг нарын Хөгжлийн банкны хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар 2023 оны долдугаар сард СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэж, Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч А.Мөнхсайхан нар Н.Алтанхуягийг гэм буруугүй хэмээн цагаатгаж алх цохисон байдаг. 
 
Хачирхалтай нь, шүүгч А.Мөнхсайхан Н.Алтанхуягийг цагаатгасныхаа дараа буцаад Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болж шилжээд явжээ. Яг л хэн Н.Алтанхуягийг цагаатгах зорилготойгоор Увсын шүүхээс СБД-ийн шүүхэд шилжиж ирээд, зорилгоо бүтээчихээд буцаад явчихсан мэт. Эсвэл хэн нэгэн А.Мөнхсайханыг ийм даалгавартай авчраад, даалгавраа гүйцэтгэмэгц нь буцаагаад явуулсан мэт. Ямартай ч А.Мөнхсайхан өмгөөлөгчөөс шүүгч болгож суга дэвшүүлсэн Х.Баттулгын ачийг хариулж, хамгийн дотных нь хамтрагч Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс цагаатгасан байж болзошгүй ажээ.
 

Н.АЛТАНХУЯГИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭС ЦАГААТГАСАН ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН НЬ Х.БАТТУЛГЫН ЗАРЛИГААР ТОМИЛОГДСОН УВСЫН ШҮҮГЧ БАЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-28 08:43:11
    Амраа: Шал утгагүй юм бияиж байх юм.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188