Өчигдөр буюу өмнөх дугаартаа бид Ж.Алдаржавхлангийн “цүнхчин” намтар, цаашлаад төрсөн ах, эгч хоёрынх нь төсвийн тендерийн түүхтэй 23 компанийн жагсаалтыг танилцуулсан. Харин өнөөдөр Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүрэгт энэ онд баригдах сургууль, цэцэрлэгүүдийн тендерийн “цавчаа”-гаар сонгуулийн санхүүжилтээ босгож байж болзошгүй маш ноцтой сэжүүрийг танилцуулахаар бэлтгэлээ.
Өмнөх нийтлэлийг энд дарж уншаарай
Өмнөх дугаарт дурдсанчлан, Хан-Уулын Засаг дарга Ж.Алдаржавхлан амьдрах байргүй, шөлний малгүй, үнэт эдлэлгүй, компанигүй, ерөөс зургаан жил дансандаа хав дарсан 60 сая төгрөгнөөс өөр өөрийн гэх өмч хөрөнгүй гэж ХОМ-тээ мэдүүлдэг. Гэтэл СЕХ-ноос энэ сонгуульд нэг нэр дэвшигч багадаа 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргах тооцоо гаргасан. Амьдрах байр ч үгүй Ж.Алдаржавхлангийн хувьд 1.5 тэрбум төгрөг “тэнгэрийн тоо” баймаар. Атал Ж.Алдаржавхлан ер гашилж, гасалсан янзгүй тойргоороо таваргаж яваа харагдах. Иймд, Ж.Алдаржавхлангийн санхүүжилтдээ санаа зовохгүй байгаагийн цаад шалтгаан юу байж болохыг судалж үзлээ.
Өнгөрсөн намар НИТХ-аас нийслэлийн 2024 оны төсвийг батлахад Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн 23-р хороо буюу Яармагийн дэнжид 960 хүүхдийн сургууль бариулахаар 18 тэрбум төгрөг төсөвт суулгуулж чадсан. Тухайн үед нэр бүхий төлөөлөгчид “Төсөв хүнд байхад 18 тэрбум төгрөгөөр сургууль барих хэрэгтэй юү, хойшлуулсан дээр биш үү” гэж хасах санал гаргахад Ж.Алдаржавхлан “Энэ сургуулийн төсвийг хасна гэж байхгүй шүү” гэж цээжээрээ хамгаалан авч үлдэж байлаа. Сонирхуулахад, Хан-Уул дүүргийн 23-р хороонд баригдах 960 хүүхдийн сургуулийн төсвийг 18 тэрбум төгрөгөөр баталж өгсөн мөртөө Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд баригдах 960 хүүхдийн сургуулийн төсвийг 16.7 тэрбум төгрөг буюу 1.3 тэрбум төгрөгөөр багаар баталж өгсөн байдаг. Магад, засаг ноёдын тендерийн “цавчаа” энэ мэтээр төсөв батлах үеэс эхэлдэг ч байж болох.
Тэгвэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас өнгөрөгч гуравдугаар сарын 15-нд “Сургуулийн барилга, 960 суудал(Хан-Уул дүүрэг, 23-р хороо)” нэртэй 18.0 тэрбум төгрөгийн төсөвтэй тендер зарлажээ. Улмаар уг тендерт ганцхан “Хуягт харш” ХХК оролцож, өрсөлдөгчгүйгээр шалгарсан байна. Барилгын сезон эхэлчихээд байхад 18 тэрбум төгрөгийн тендерийг “Хуягт харш” ХХК-аас өөр нэг ч компани сонирхоогүй нь гайхмаар. Дээрээс нь, “Хуягт харш” ХХК өмнө нь төсвийн нэг ч тендерт оролцож байгаагүй, сошиал хуудасгүй, хийж гүйцэтгэсэн ажлын тайлангүй, цав цагаан түүхтэй компани атлаа 18 тэрбум төгрөгийн тендер “халаасалж” чадсан нь бүр ч гайхмаар. Лавшруулан судалж үзвэл ардаа асар том сэжүүр нууж байх аж.

Тодруулбал, “Хуягт харш” ХХК-ийг 2017 онд Нямжавын Гантөр, Нямжавын Төрмөнх гэх төрсөн ах, дүү хоёр хамтран байгуулжээ. Улмаар тэд “Хуягт харш” ХХК-аараа 2018 оноос хойш Яармагийн дэнж дэх “Ханбогд”, “Арцат”, “Хангарьд сити” зэрэг хотхон, хороооллуудын барилга угсралт, дотор засалд туслан гүйцэтгэгчээр оролцжээ. Тэгвэл “Ханбогд” хорооллыг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы “Тэнгэрийн шонхор” ХХК, түүний төрсөн ах Т.Батмөнхийн “Эрин инвестмент” ХХК, Улсын заан Ч.Батзоригийн “Эрин говь” ХХК тус тус хамтарч бариулсан. Харин “Арцат” хотхоныг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы төрсөн ах Т.Батмөнхийн “Батмөнх констракшн” ХХК болон Т.Батмөнх, Улсын заан Ч.Батзориг хоёрын хамтран эзэмшдэг “Арцат вилла” ХХК хамтарч бариулсан. “Хангарьд сити” хотхоныг Т.Батмөнх, Ч.Батзориг хоёртой “Эрин инвестмент” ХХК, “Арцат вилла” ХХК-уудыг хамтран эзэмшдэг Ж.Лхагвадорж гэгч “Сити палас” ХХК-аараа бариулсан байдаг. Товч танилцуулахад, Т.Мөнхсайханы төрсөн ах Т.Батмөнхийн тухайд 2018-2021 онд ХНХЯ-ны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Харин одоо Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж буй. Өнгөрсөн хугацаанд Т.Батмөнх “Батмөнх констракшн” ХХК, “Арцат вилла” ХХК, "Эрин инвестмент" ХХК-уудыг ХОМ-тээ дурдаж ирснийг баримт болгож доор хавсаргав.


Товчхондоо, Яармагийн шил, шилээ хотхон, хорооллуудын бүгдийнх нь шахуу ард Улсын заан Ч.Батзориг, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, түүний төрсөн ах Т.Батмөнх гурав байдаг. Харин Н.Гантөр, Н.Төрмөнх гэх ах дүү хоёр “Хуягт харш” ХХК-аараа Ч.Батзориг, Т.Мөнхсайхан, түүний төрсөн ах Т.Батмөнх гуравт хүчин зүтгэж иржээ гэсэн үг.
Хамгийн ноцтой нь, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан энэ сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт Ж.Алдаржавхлантай хоршиж, ханьсаж нэр дэвшихээр бэлтгэл хангаж буй. Дээрх баримтуудаас харвал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хоёр хуйвалдаж, Хан-Уул дүүргийн 23-р хороонд баригдах 960 хүүхдийн сургуулийн 18 тэрбум төгрөгөөс сонгуулийн санхүүжилтээ босгохын тулд тендерт нь “Хуягт харш” ХХК-ийг өрсөлдөгчгүйгээр шалгаруулсан байж болзошгүй сэжүүр гарч ирж байгаа юм. Хууль хяналтын байгууллагууд энэхүү 18 тэрбум төгрөгийн тендерийг нэн даруй шалгах нь зөв биз ээ.
Сонирхуулахад, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы аав Б.Тогтмол Дэнжийн мянгын махны зах буюу “Хүчит шонхор” захын эзэн гэдгийг нь олон нийт мэднэ. Тэгвэл Ж.Алдаржавхлангийн аав Л.Жуков нь 1989-1996 онд Дэнжийн мянгын захын Конторын даргаар ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, Т.Мөнхсайхан, Ж.Алдаржавхлан хоёрын амьдралын түүх аавуудаараа Дэнжийн мянга захаас эхэлжээ гэсэн үг.
Хоржоонтой бас нэг баримт байна. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, түүний төрсөн ах Т.Батмөнх хоёрын захиалж бариулсан Яармагийн дэнж дэх “Ханбогд” хороолол, “Арцат апартмент” хотхоны айлуудын крантнаас өнгөрсөн жилээс зэвтэй ус гоожиж эхэлсэн. Оршин суугчид нь Хотын захиргаанд гомдол гаргаж, сошиал ертөнц, сонин хэвлэлээр бөөн асуудал дэгдсэнийг санаж буй байх. Хотын захиргаанаас Ажлын хэсэг гарч шалгаад, "Яармагийн дэнжид хотхон, хороолол барьсан компаниуд халуун, хүйтний шугам татахдаа хямд, чанаргүй шугам хоолой тавьсан байна” гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар өнгөрсөн намар НИТХ-аар нийслэлийн 2024 оны төсвийг батлахдаа Яармагийн хотхон, хорооллуудын халуун, хүйтний шугам хоолойг бүхэлд нь шинэчлэхэд зориулж 6.0 тэрбум төгрөг суулгасан. Тухайн үед Ж.Алдаржавхлан “Яармагийн хотхон, хорооллуупын зэвтэй шугамыг тавьсан компаниудад хатуу хариуцлага тооцох шаардлагатай байна. Би Хотын даргад энэ асуудлаар хандсан байгаа. Тэднээс болж татвар төлөгчид 6.0 тэрбум төгрөгөөр хохирох болчихлоо. Хотхон, хороолол бариад, чанаргүй, хямд зэвтэй шугам тавьчихаад яваад өгдөг байж болохгүй. Хэрвээ одоо л хатуу хариуцлага тооцохгүй бол дараа нь дахиад ийм компаниуд гараад ирнэ” гэж байлаа. Гэтэл өдгөө Ж.Алдаржавхлан өнөөх зэвтэй шугам хоолойтой “Ханбогд”, “Арцат" тэргүүтэй хотхон, хорооллыг барилцсан “Хуягт харш” ХХК-аар 960 хүүхдийн сургууль бариулахаар тендерт шалгаруулчихсан сууж байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТЕНДЕРИЙН “ЦАВЧАА”-ГААР СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭ БОСГОЖ БАЙНА ГЭВ ҮҮ |
|