Эргэлт.мн мэдээллийн сайтын “эрэн сурвалжлах нэгдэл”-ээс “элитүүд” гэгдэх болсон элчин сайдууд, ерөнхий болон дэд консулуудын хулгай луйвар, хууль дэвсэлсэн хэргүүд, хураасан хөрөнгүүдийг нь цувралаар илчилж эхлээд байгаа билээ. Өмнөх дугаартаа бид хамгийн хөрөнгөлөг гурван элчин сайдыг танилцуулсан. Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.
Тэгвэл энэ удаад одоогоос таван жилийн өмнө Германыг цочоож, Монголыг ичээсэн дипломатуудын 70 кг хар тамхины хэргийг эргэн сануулж байна. Ингэхийн учир нь, дипломат дугаартай автомашин, дипломат ногоон паспортаараа 70кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр хоёр Германд 11 жилийн ял сонссон ч Гадаад харилцааны яамнаас өөр хэн ч хариуцлага хүлээгүйгээр хэргийг мартуулсан. Тухайн үед Турк дэх Элчин сайдаар ТЕГ-ын дарга асан Р.Болд, Истанбул дахь Ерөнхий консулаар УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ГХЯ-ны Хяналт, шалгалт, дотоод аудитын газрын захирлаар одоогийн Беларусь дахь Элчин сайд Б.Баярсайхан ажиллаж байлаа. Хэн нь ч Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр хоёрыг хар тамхины сүлжээнд элссэнийг, дипломат дугаартай автомашиндаа онц их хэмжээний хар тамхи аччихаад, Туркээсээ хаа байсан Чех, Герман дамжаад явж байгааг мэдээгүй, хараагүй болоод мартагдсан. Хэн нь ч хариуцлага хүлээгээгүй, харин ч цаашаа дэвшицгээсэн.
Илүү ноцтой нь, хар тамхины тээвэрлэгч Б.Баттүшиг нь Улсын дээд шүүгчийн шүүгч асан Б.Бат-Эрдэнэ агсны хүү, хуульч, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайн хадам дүү, хуульч, Беларусь дахь Элчин сайд Б.Баярсайханы худ, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хуульч, Сү.Батболдын үеэлүүдийн нүүрсний хулгайн хэргийн өмгөөлөгч Б.Баатарсайханы худ болж таарч байна.
Эхлээд хэргийг тун товчоор эргэн сануулъя.
ДИПЛОМАТ АЛБАНЫ НЭР ХҮНДИЙГ ШОРООТОЙ ХУТГАЖ, ШОРОНД ХӨТӨЛСӨН 70 КГ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ
2019 оны тавдугаар сарын 3. Туркийн Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар дипломат дугаартай суудлын саарал бенз, ногоон паспортаараа Чехээс Герман руу нэвтэрч, хилээс холгүйхэн байх Германы Дрезден хотын хяналтын пост дээр саатуулагдсан. Ингээд Дрезден хотын цагдаа нар Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр хоёрын бензний багажийг нь нэгжихэд тус бүрийг нь 500 граммаар боосон 140 боодол буюу 70 кг героин гарч ирснээр жинхэнэ дуулиант хэрэг мандсан. Европын хар зах дээр 70 кг хар тамхи 3.0 сая евро буюу манайхаар 10 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгддэг. “Мафи”-ийнханд л байх боломжтой онц их хэмжээний хар тамхийг нэг машины “багаж”-наас илрүүлсэн тохиолдол Германд сүүлийн 10-аад жил бүртгэгдээгүй гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тэр тусмаа дипломат ажилтнууд тээвэрлэж явсан нь Германы хууль хяналтынхныг бүр ч цочирдуулсан. Манайд ч ялгаагүй, Төрийн ордонд хаалттай хурлууд болж, Гадаад харилцааны яам даяар үймж, Тагнуулынхан ч хөдөлгөөнд орсон.
2020 оны зургадугаар сарын 11. Дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр хоёрын 70кг хар тамхины хэрэгт бүтэн жил мөрдөн байцаалт явуулсны эцэст Германы Дрезден хотын шүүхээс тус бүрд нь 11 жилийн хорих ял оноосон байдаг. Гэвч тэд тэнд ял сонссоноор энд бүх хэрэг мартагдсан.
Тайлбар: 2020 оны зургадугаар сар. Герман улс, Дрезден хотын шүүх- Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарын шүүх хурал
ХУУЛЬЧ 1: Б.БАТТҮШИГИЙН ААВ Б.БАТ-ЭРДЭНЭ НЬ ДЭЭД ШҮҮГЧИЙН ШҮҮГЧ АСАН, ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР, ПРОФЕССОР БАЙСАН
Б.Баттүшиг нь Тагнуулын дээд сургууль буюу одоогийн Үндэсний тагнуулын академи төгссөн, Тайланд, Оросод консулаар ажиллаж байсан, улмаар 2018 онд Туркэд томилогдож очсон нэгэн. Ноцтой нь, Б.Баттүшигийн аав Б.Бат-Эрдэнэ нь Тагнуулын дээд сургуулийн дэд захирал, Цагдаагийн академийн дэд захирлаар ажиллаж байсан. Сүүлд 2005-2016 онд 11 жил Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаад тэтгэвэртээ гарч, охин Б.Баттуулынхаа “Өмгөөллийн Эф Өү Эм партнерс” ХХН-ийн Зөвлөхөөр ажиллаж байгаад 2021 онд бурхан болсон. Тэгэхээр Дээд шүүгчийн хүү гэдгээр нь Б.Баттүшигийг Тагнуулынхан ч, Гадаад харилцааны үе үеийн сайдууд ч хэтэрхий эрхлүүлж байсан байж болзошгүй дүр зураг харагдана.
ХУУЛЬЧ 2: Б.БАТТҮШИГИЙН ТӨРСӨН ЭГЧ Б.БАТТУУЛ НЬ ХУУЛЬЧ, ХҮРГЭН АХ Б.БАЯРМАГНАЙ НЬ ХУУЛЬЧ, БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД
Б.Баттүшигийн төрсөн эгч Б.Баттуул нь хуульч мэргэжилтэй, одоо “Өмгөөллийн Эф Өү Эм партнерс” ХХН-ийн захирлаар ажилладаг. Харин Б.Баттуулын нөхөр Б.Баярмагнай нь Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж буй. Мөн л хуульч мэргэжилтэй, МАН-ын буянаар 2004-2016 он хүртэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч зэрэг албыг хашсан. 2016 оноос хойш төрсөн ах Б.Баатарсайханыхаа “Өмгөөллийн Соёмбо партнерс” ХХН-т хуульчаар ажиллаж байгаад 2020 онд Ж.Энхбаяртай хамт У.Хүрэлсүхийн зөвлөх болж, улмаар жил ч бололгүй У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр хоёрын дэмжлэгээр Батлан хамгаалахын дэд сайдын сэнтийд тухалсан.
Тайлбар: Б.Баярмагнайгийн ах Б.Баярсайхан, Ж.Энхбаяр
Тайлбар: Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, төрсөн ах Б.Баярсайхан
Ж.Энхбаярын дэмжлэгээр гэхийн учир нь, Б.Баярмагнайгийн төрсөн ах Б.Баярсайхан нь Ж.Энхбаяртай хэдхэн насны зөрүүтэй ч үй зайгүй найз, бас Ж.Энхбаярыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсгөсөн багш нь. Мөн тэд Говь-Алтайн уугуул буюу нэг нутгийнхан. Тэгэхээр цэргийн алба ч хаагаагүй Б.Баярмагнай Батлан хамгаалахын дэд сайд болсны учир ойлгомжтой биз. Хилийн чанадад онц их хэмжээний хар тамхи тээвэрлэж, улсынхаа дипломат албаны нэр хүндийг уландаа гишгэсэн хүний хүргэн ахыг нь Батлан хамгаалын дэд сайдаар томилох нь ёс зүйн хувьд хэр нийцэхийг уншигч та тунгаах биз.
Хадам дүүгийнх нь хийсэн хэрэгт хүргэн ахыг нь хамаатуулах хэрэг юун гэж бодож магад. Учир нь, дээр дурдсан Б.Баярмагнайгийн төрсөн ах Б.Баярсайхан нь 2019 онд ГХЯ-ны Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Б.Баярсайхан ажлын чиг үүргээрээ худ Б.Баттүшигийнхээ гишгэгдэл бүрийг хянаж байх ёстой байсан юм.
ХУУЛЬЧ 3: Б.БАТТҮШИГИЙН ХУД НЬ ГХЯ-НЫ ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ АСАН, ХУУЛЬЧ ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН
Дээр дурдсанчлан, Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр хоёрыг хуулийн дагуу ажиллаж байгаа эсэхийг, өөрөөр бол хар тамхины сүлжээнд элссэн эсэхийг хянах, илрүүлэх ёстой байсан хүн нь тухайн үеийн Гадаад харилцааны яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан. Чиг үүргийнхээ хувьд элчин сайд ч бай, ерөнхий болон дэд консул ч бай, яамныхаа дотоод, гадаадад байгаа бүх ажилтнуудын үйл ажиллагааг хянаж байх нь Б.Баярсайханы үндсэн ажил байсан. Гэвч Б.Баярсайхан нь Б.Баттүшигийн худ учраас ч тэр үү, эсвэл ажлаа хийдүүлснээс ч тэр үү, Б.Баттүшигийг хянаж чадаагүй. Энэ ноцтой хэрэгт Б.Баярсайхан хариуцлага тооцуулах бүү хэл, өдгөө Беларусьд Элчин сайд болчихсон тухалж суугаа.
Б.Баярсайханаас цааш Сү.Батболд, Д.Цогтбаатар хоёр дээр тулж очно. Б.Баярсайхан 1995 оноос хойш МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилсан, хууль зүйн ухааны доктор, профессор цолтой. Гэхдээ багш гэдэг нь түүний халхавч бөгөөд Сү.Батболд, Д.Цогтбаатар хоёрыг сүүдэр шиг дагаж, төрийн бүх л өндөр албан тушаалуудыг хашсан.
Тодруулбал, Б.Баярсайхан 2004-2008 онд УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан гэх намтартай. Хэн гэдэг гишүүний зөвлөх байсныг нь хайгаад олсонгүй. Гэхдээ 2008 онд Сү.Батболд Гадаад харилцааны сайд болмогцоо Б.Баярсайханыг яамныхаа Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилж, дэргэдээ татсан байдаг. Тэгэхээр тэр биз. Тухайн үед Д.Цогтбаатар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байлаа. Ингээд 2009 онд Сү.Батболд сайдын ажлаа өгсөн ч Б.Баярсайхан, Д.Цогтбаатар хоёр ГХЯ-ндаа 2012 хүртэл хамт ажилласан. Тэр цагаас Б.Баярсайхан Д.Цогтбаатарыг хаа ч явсан дагадаг болсон. Тухайлбал, 2014-2015 онд Д.Цогтбаатар Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллахдаа Б.Баярсайханыг яамныхаа Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллуулсан. Дараа нь 2017 онд Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайд болмогцоо мөн л Б.Баярсайханыг Гадаад харилцааны яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал болгосон байдаг. Ингээд Б.Баярсайхан 2021 онд Беларусьд суух Элчин сайдаар томилогдож одсон.

Тайлбар: Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, Элчин сайд Б.Баярсайхан\2015 онд БХБЯ-нд хамт ажиллаж байсан үе\
ХУУЛЬЧ 4: Б.БАТТҮШИГИЙН ХУД ХУУЛЬЧ Б.БААТАРСАЙХАН НЬ СҮ.БАТБОЛДЫН ҮЕЭЛИЙН НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ ӨМГӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАЖ БАЙГАА
Сү.Батболд Д.Цогтбаатарт Гадаад харилцааны яамыг “бэлэглэж”, харин Д.Цогтбаатар Б.Баярсайханыг Гадаад харилцааны яаманд дураар нь дургиулж, сүүлд нь Элчин сайд болгосныг дээр дурдлаа. Тэгвэл Батлах хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгийн ах, Элчин сайд Б.Баярсайханы дүү нь Б.Баатарсайхан гэж бий. Мөн л анхны “үүсгэл” Сү.Батболд дээр хөтөлж очно. Өдгөө УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатарын хуульчаар ажилладаг. Б.Баатарсайхан мөн л хуульч мэргэжилтэй, Л.Мөнхбаатарыг 2009-2011 онд УБЕГ-ын дарга байх үед Б.Баатарсайхан Тамгын газрын даргаар нь ажиллаж дотноссон. Ингээд 2012 онд Б.Баатарсайхан өөрийн "Өмгөөллийн соёмбо партнерс” ХНН-ийг байгуулж, тэр цагаас Л.Мөнхбаатарыг хуулийн талын асуудлыг хариуцаж, өдийг хүрч буй.
Хоржоонтой нь, Л.Мөнхбаатар 2011 онд тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөхөөр ажиллаж, улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөлд нэр дэвших мандат өвөртлөж байв. Гэвч тухайн үед Л.Мөнхбаатар танигдаж чадаагүй байсан тул өвдөг шороодсон түүхтэй. Тэгвэл төрсөн ах Б.Баярсайханыг нь Гадаад харилцааны яаманд газрын дарга болгож, хожим элчин сайд болгосонд нь ач санаж гэх үү, найз Л.Мөнхбаатарыг нь улс төрд хөтөлсөнд нь ач санаж гэх үү, ямартай ч өнгөрсөн арванхоёрдугаар сард Төрийн ордонд болсон нүүрсний хулгайн нээлттэй сонсголд Б.Баатарсайхан Сү.Батболдын үеэл Т.Цэрэнпүрэвийн охин Ц.Амгалангийн 5.2 сая тонн нүүрсний асуудлыг өмгөөлж оролцсон.
Тайлбар: УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуульч Б.Баатарсайхан
Хоржоонтой, бас харамсалтай биш гэж үү. Хууль зохиодог, хууль хэрэгжүүлдэг энэ олон хуульчдын дундаас хар тамхины тээвэрлэгч “төрсөн” гэхээр. Хажууд байгаа хүүдээ, дүүдээ, хадамдаа, худдаа хууль заагаагүй хуульчдад яаж итгэх вэ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
ГЕРМАНЫГ ЦОЧООЖ, МОНГОЛЫГ ИЧЭЭСЭН 70КГ ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙН ХЭРЭГТНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ХУУЛЬЧИД ХУУЛЬ ЯРИХ ЭРХТЭЙ ЮҮ |
|