• Өнөөдөр 2024-04-27

АВЛИГЫН ХЭРГЭЭР ШҮҮГДЭЖ БУЙ “БАГАНУУР” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Э.НОМИНЧУЛУУН УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИРЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОЖ ӨГЧЭЭ

2023-10-09,   1795

      Нийслэлийн цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун, Ерөнхий нягтлан бодогч асан П.Эрдэнэ нарын 14 албан тушаалтан “гурван тэрбумын” гэх авлигын хэрэгт холбогдож, өдгөө хэрэг нь шүүхэд шилжээд буй. Тэдний авлигын хэргийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард товлогдоод байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
 
Тэгвэл “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-очирт их хэмжээний авлига өгч, түүнээс хамгаалалт хүссэн байж болзошгүй баримтыг бид өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн. 
 
Харин энэ удаад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нар хэрхэн “халаас нэгтгэж” ирснийг танилцуулж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын эхнэр Г.Соёлмаа нь авлигын хэргээр шүүгдэж буй Э.Номинчулууны шууд удирдлага доор менежерээр нь ажиллаж байсан, Г.Соёлмаа, Э.Номинчулуун нар “Ирээдүйн зорилт” ХЗХ-г хамтран эзэмшдэг, Э.Номинчулуун “Багануур” ХК-ийн газар, хэлтсийн дарга нарынхаа хамт 2020 онд Ц.Сандаг-Очирын сонгуулийн санхүүжилтийг босгож өгсөн гээд олон сэжмээр холбогддог ажээ. 

 “БАГАНУУР” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Э.НОМИНЧУЛУУН, ДЭД ЗАХИРАЛ АСАН П.ЭРДЭНЭЦОГТ ТЭРГҮҮТЭЙ 11 АЛБАН ТУШААЛТАН 2020 ОНД Ц.САНДАГ-ОЧИРЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОЖ ӨГЧЭЭ 

     Ц.Сандаг-Очир Багануур дүүргийн Засаг даргын зөөлөн сэнтийд найман жил тухалсан нэгэн. Тиймдээ ч Ц.Сандаг-Очирыг 2020 онд УИХ-ын гишүүн болохын тулд “Багануур” ХК-ийн удирдлагууд болон Багануур дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд “аппарат”-аараа хөдөлж, халаасаа “сэгсэрчээ”. Тэр тусмаа өдгөө авлигын хэргээр шүүгдэж буй “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун Ц.Сандаг-Очирын сонгуулийн санхүүжилтийг босгоход гол үүрэг гүйцэтгэж, газар, хэлтсийн бүхий л дарга нараа “дайчилсан” байна. Ингэхдээ тэд Ц.Сандаг-Очирын данс руу нэг өдрийн дотор "Цалингийн орлогоос хандив" гэх утгаар шилжүүлж байжээ. 
 
2020 оны сонгуулиар Ц.Сандаг-Очирын санхүүжилтийг босголцсон “Багануур” ХК-ийн удирдлагуудын жагсаалт
 
- Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн- Ц.Сандаг-Очирыг 2008-2012 онд Багануур дүүргийн Засаг дарга байх үед орлогчоор ажиллаж байсан. 2020 оны УИХ-ын сонгуулиар Ц.Сандаг-Очирын Сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, улмаар Багануур дүүргийн Засаг дарга болсон. 
- “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун
- “Багануур” ХК-ийн Технологийн бодлого эрхэлсэн дэд захирал асан П.Эрдэнэцогт
- “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууны эхнэр, “Багануур” ХК-ийн нефть ангамжийн хэлтсийн дарга асан Х.Цэцэгмаа 
- “Багануур” ХХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга асан С.Сэргэлэн
- “Багануур” ХК-ийн Судалгаа хөгжлийн хэлтсийн дарга Ц.Энхбат
- “Багануур” ХК-ийн Хяналт шинжилгээний эдийн засагч Ч.Оюунтуяа 
- “Багануур” ХК-ийн Санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга асан Д.Болд
- “Багануур” ХК-ийн Захиргаа хүний нөөц удирдлагын хэлтсийн дарга Б.Батболд
- “Багануур” ХК-ийн харьяа “Багануур-сувилал”-ын захирал, ИТХ-ын төлөөлөгч О.Батмөнх
- “Багануур” ХК-ийн менежер Ц.Уранбилэг
- “Багануур” ХК-ийн инженер У.Өсөхбаатар
- “Багануур” ХК-ийн ХАБЭАХ-ийн дарга Ч.Ариунбаатар нарын “Багануур” ХК-ийн 12 албан тушаалтан Ц.Сандаг-Очирын сонгуулийн санхүүжилтийг босгож өгчээ.
 
Товчхондоо, Ц.Сандаг-Очирыг 2020 онд “Багануур” ХК-ийнхан "нүүрсний" мөнгөөр УИХ-ын гишүүн болгож өгсөн аж. 

Ц.САНДАГ-ОЧИРЫН ЭХНЭР Г.СОЁЛМАА АВЛИГЫН ХЭРГЭЭР ШҮҮГДЭЖ БУЙ “БАГАНУУР” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Э.НОМИНЧУЛУУН, ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ АСАН П.ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ “БАГАНУУР” ХК-ИЙН ДОЛООН АЛБАН ТУШААЛТАНТАЙ “ИРЭЭДҮЙН ЗОРИЛТ” ХЗХ-Г ХАМТРАН ЭЗЭМШДЭГ

 
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын эхнэр Г.Соёлмаа нь Э.Номинчулууныг “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал байх үед түүний шууд удирдлага доор нь буюу Хүний нөөц хариуцсан Менежерээр нь ажилладаг байжээ. Харин одоо Г.Соёлмаа “Багануур” ХК-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрыг хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байгаа аж. 
Тэгвэл Ц.Сандаг-Очирын эхнэр Г.Соёлмаа нь 2020 оны сонгуулийн өмнөхөн буюу 2020 оны гуравдугаар сард “Ирээдүйн зорилт” ХЗХ-ны хувь эзэмшигч болжээ. Хамгийн ноцтой нь, “Ирээдүйн зорилт” ХЗХ-г “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун болон “Багануур” ХК-ийн  удирдлагууд багийн зургаан албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүд хамтран эзэмшиж иржээ. 
 
Тодруулбал, “Ирээдүйн зорилт” ХЗХ-г 
 
- “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун
- “Багануур” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор 2021 оныг дуустал ажилласан П.Эрдэнэ 
- “Багануур” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор 2022 онд томилогдсон Т.Ариунболд 
- “Багануур” ХК-ийн Дэд захирал А.Энхболд
- “Багануур”ХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Х.Хашбат
- “Багануур” ХК-ийн Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга асан Ч.Очирлхам нар хувь эзэмшдэг ажээ. 
 
Мөн “Ирээдүйн зорилт” ХЗХ-нд дээр дурдсан албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд буюу “Багануур” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч асан П.Эрдэнийн хүү Э.Баярболд, “Багануур” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга А.Энхболдын ах буюу  “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон А.Энхбат нар хувь эзэмшдэг ажээ. 
 
Цаашилбал, “Ирээдүйн зорилт” ХЗХ-ны Гүйцэтгэх захирлаар Ц.Ганчимэг гэх эмэгтэй ажилладаг. Ц.Ганчимэг нь өнгөрсөн 2022 онд “Багануур” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон Т.Ариунболдын эхнэр ажээ. Харин Т.Ариунболдын аав Д.Түвшинтөгс нь 2017 он хүртэл “Багануур” ХК-ийн Дотоод хяналт шалгалтын албаны дарга, дотоод аудитороор ажиллаж байжээ.   
 
     Дээрх баримтуудаас харвал, авлигын хэргээр шүүгдэж буй "Багануур" ХК-ийн Э.Номинчулуун тэргүүтэй удирдлагууд Ц.Сандаг-Очирын сонгуулийн санхүүжилтийг босгож өгөөд зогсохгүй 2020 оноос хойш "Ирээдүйн зорилт" ХЗХ-г хамтран эзэмшиж буй ажээ. Товчхондоо, авлигын хэрэг нь шүүх дээр гацчихаад буй Э.Номинчулууны ард УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир байж болзошгүй ноцтой схем гарч ирж байна. АТГ-ынхан анхааралдаа авах нь зүйн хэрэг биз ээ. 
 
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир авлига, албан тушаалын хэргээр АТГ-т жил гаруй ээрэгдэж, улмаар торгох ял сонсож байсан нэгэн. Тодруулбал, Ц.Сандаг-Очир 2008-2012 онд Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа дүүргийнхээ Газрын албаны дарга Х.Хишигбадрах гэгчтэй хуйвалдаж, хууль бусаар бусдад их хэмжээний газар олгож, улсад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2013 онд шүүгдсэн. Улмаар Ц.Сандаг-Очир, Х.Хишигбадрах нарт төрийн албанд ажиллах эрхийг нэг жилээр хасах болон 7.7 сая төгрөгөөр торгох ял ногдуудсан байдаг. Хожим нь, 2016 онд С.Сандаг-Очир Багануур дүүргийн Засаг дарга болсон бол, хамт шүүгдэж асан Х.Хишигбадрах нь 2016 онд Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2021 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Орлогч даргаар томилогдож ирсэн аж.  
 

АВЛИГЫН ХЭРГЭЭР ШҮҮГДЭЖ БУЙ “БАГАНУУР” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Э.НОМИНЧУЛУУН УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИРЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОЖ ӨГЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-30 12:47:58
    Иргэн: Батхишиг гэж новшийн амьтан Багануурын уурхайд идэх гэж ирсэн. Зорилгоо биелүүлсэн дээ. ТӨХ-ны Сугартай нийлж баахан хэрэг хийсэн. Тэрийг сөхвөл ч баларна доо. Амташсан хэрээ 13 дахина гэж ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 07:39:35
    zochin: iim uchirtai yum bn l da vnen bh da Sandagochir zasag bhdaa haana ajild orno zaawal Sandagochir.n garii vzsegtei hvn l ajild awdag bsn tsewerlegch bsn Sandagochir.n gariin vseg uurhaid hvrtel shvv Nominchuluun Darga medkv Sandagochir l meddeg bsn da odoo Baganuurt gishvvnvvd irnw Sandagochir irne geheer l zaawal baiguulga naraas zaawal 10hvn hurald suu gej baiguulgiin darga nar ni ajilchidaa daramtalj shahdag gesen eniigeel bolichih
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 20:17:22
    нуур: багануурын хэдэн дарга нар хамаг мөнгөө энэ гишүүнд өгч гишүүн болгож их шударга гишүүн шиг л яриад байдаг хэнд нь итгэнээ одоо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188