-АЛБАН ТУШААЛТНУУД АЛТ, НҮҮРС, АВЛИГЫН МӨНГӨӨ БОГДХАН УУЛЫН АМАНД БЕТОНОН “ШИРЭНГЭ” БОЛГОЖ, МӨНГӨ УГААЖ БАЙНА-
Эргэлт.мн мэдээллийн сайт Дархан цаазат Богдхан уулын амны газрыг дамлаж зарсан газрын наймаачдыг, хувийн харш, хаус хотхон босгосон хууль завхруулагчдыг, хариуцлага тооцохгүй хамгаалж, хамтарч ирсэн эрхтэн, дархтнуудыг хөдөлшгүй баримтаар танилцуулж байна. Бид Богдхан уулын 28 амыг зүүнээс нь баруун тийш “самнаж”, тэдгээр аманд баригдсан 3.2 их наяд төгрөгийн үнэтэй, 2500 орчим хаус, харш, барилгын эздийг шүүж, хамгийн “том” эзэнтэй 40 хаус хотхон, 10 орон сууцны хотхон, 20 гаруй хувийн харшийг танилцуулахаар бэлтгэлээ. Дамаа, сүүлийн дөрвөн жил авлигачин албан тушаалтнууд, алт, нүүрснийхэн, оффшорчид, койнчид хэлэлцэж тохирсон юм шиг Богдхан уул руу хошуурцгааж, хаус, хотхонуудыг хаяа нийлүүлэн барьцгаасан байгааг онцлох нь зүйтэй байх.
Өмнөх дугаарыг энд дарж уншаарай
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ЭТҮГЭН” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ С.НЯМЗАГДЫН 10 ХАУС

Зайсангийн аманд “Тауэр констракшн” ХХК 1.1 га газар эзэмшдэг бөгөөд тансаг зэрэглэлийн 10 хаус барьж худалдсан. “Тауэр констракшн” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан, “Этүгэн” их сургуулийг үүсгэн байгуулагч, “Этүгэн” группийн Ерөнхийлөгч С.Нямзагдын хүү Н.Эрдэмсайхан эзэмшдэг. УИХ-ын гишүүн асан С.Нямзагд нь Д.Оюунхоролыг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд байх үед хамгийн ойр байсан. Учир нь, С.Нямзагд, Д.Оюунхорол хоёр Завхан аймгаас төрсөн улстөрчид бөгөөд Д.Оюунхоролыг Завханд ажиллах үед С.Нямзагд байнга хамт явдаг байсан гэгддэг. Мөн Д.Оюунхорол “Отгонтэнгэр” их сургуулийн ерөнхийлөгч, С.Нямзагд “Этүгэн” их сургуулийн ерөнхийлөгч гэдгээрээ тун ойр ажилладаг байв. Тиймдээ ч С.Нямзагд Д.Оюунхоролыг БОАЖ-ын сайд байх үед хүү Н.Эрдэмсайханыхаа “Тауэр констракшн” ХХК-ийн нэр дээр газар авч, 10 хаус барьсан байж болзошгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
Зайсангийн аманд “Сипоко” ХХК 2.8 га газар эзэмшдэг. Тус газар дээрээ 14 хаус, зургаан блок орон сууц бүхий “Энхжин” хотхоныг барьж худалдсан. “Сипоко” ХХК-ийг Пүрэвдоржийн Хурц эзэмшдэг. Мөн Пүрэвдоржийн Хурц нь “Жинхэнэ уянга” ХХК-ийнхаа нэр дээр “Бурхантай цэцэрлэгт хүрээлэн”-гийн урд, Зайсангийн хөшөөний баруун доор 1.9 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тансаг зэрэглэлийн 10 хаус бүхий 100 айлын “Гэрэлт” хотхон болон “Golden Buddha-Zaisan central” гэх 16 давхар орон сууц, үйлчилгээний цогцолбор бүхий барилга барьж, худалдсан. Мөн Пүрэвдоржийн Хурцын төрсөн ах Пүрэвдоржийн Хангал нь “Ханхур холдинг” ХХК-аараа Зайсан толгойн зүүн хойно 16 давхар, зургаан блок шилэн барилга бүхий “Seven star residence & shopping mall” гэх орон сууцны хороолол, үйлчилгээний цогцолбор барьж байгаа.
Тэгвэл П.Хурц, П.Хангал нарын аав Л.Пүрэвдорж нь Татварын ерөнхий газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан, улс төрд нөлөө бүхий этгээд. Монголбанкны ерөнхийлөгчөөр Л.Пүрэвдоржийг ажиллаж байх үед тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нь одоогийн Сангийн сайд Б.Жавхлан ажиллаж байсан. Эргэн сануулахад, Л.Пүрэвдорж нь “Анод” банкны дампуурлыг зарлаж, тухайн үедээ л дуулиан болж байв. Мөн Л.Пүрэвдорж нь Байгаль орчны сайд байсан У.Барсболд агсантай үеэлүүд бөгөөд тэд Зайсангийн аманд хууль бусаар газар авсан, Ховдын “Хөшөөт”-ийн уурхайг хууль бусаар зарсан, “Эрдэнэт үйлдвэр”-ээс авлига авсан хэргүүдэд нэр холбогдож явсан. Тухайн үед Л.Пүрэвдоржийн хууль бусаар авсан гэгдэж байсан Зайсангийн газрууд дээр нь өдгөө төрсөн хүү П.Хурц, П.Хангал нар нь дээр дурдсан хаус хотхон, орон сууцны хорооллууд, үйлчилгээний цогцолборуудыг босгоод байгаа юм.
Түүнчлэн, П.Хангал нь 2011 онд Н.Энхбаярын баруун гар болж, МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн МАН-аас НИТХ-д сонгогдон ажиллаж, Ховд аймгаас УИХ-ын сонгуульд хоёр удаа нэр дэвшиж байсан ч унасан байдаг. Хоржоонтой бас нэг баримт дурдахад, сүүлийн үед нийгмийн шүүмжлэлд өртөөд буй Боловсролын зээлийн сангийн асуудалд П.Хангал холбогдож явсан. Тэрбээр Нидерландын Маастрихын их сургуульд магистрт сурахаар 6000 ам.долларын зээл авсан ч эргэж төлөөгүй гэдэг. Зайсангийн амыг хаус хотхон, орон сууцны хорооллоор дүүргэж байгаа мөртөө 6000 ам.долларын зээлээ одоог хүртэл төлөөгүй гэхээр Боловсролын зээлийн сан нь улстөрчдийн хүүхдүүдэд зориулсан “буяны сан” гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм.
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ЗАЙСАНГИЙН АМАНД ДАХИАД НЭГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ, НЭГ ХАУС ХОТХОН БАРИНА
Зайсан толгойн хойд хэсгийг бүхэлд нь УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, түүний төрсөн ах С.Ганбат “Собттрейд” ХХК-ийнхаа нэр дээр эзэмшдэг. Өдгөө тэнд “Зайсан хилл” цогцолбор, “Зайсан скуэр” үйлчилгээний цогцолбор, “Зайсан виста” орон сууцны хотхоныг тус тус барьсан. Мөн “Зайсан скуэр” цогцолборынхоо хажууд “Z residence” гэх тансаг зэрэглэлийн 16 давхар, 125 айлын хоёр блок барилга бүхий хотхон барихаар захиалгаа авч эхлээд буй. Мөн Зайсангийн амаар Дугуй цагаан өгсөх зам дагуу С.Амарсайханы “ЮКО” ХХК нь 4.9 га газартай. Энэ газрын зүүн урд буланд нь Шадар сайд С.Амарсайханы хувийн харш бий. Харин үлдсэн газар дээрээ энэ хавраас 2-6 давхар, 10 блок бүхий хаус хотхон барихаар сууриа ухаад эхэлж буй.
Зайсангийн амыг орон сууц, оффисын барилга, үйлчилгээний цогцолбороор дүүргэсэн С.Амарсайхан Хотын даргаар ажиллах хугацаандаа ч хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр хууль бусаар газар олгосон баримтууд бий. Харамсалтай нь, Шадар сайд С.Амарсайхан болон түүний ах нарт хэн ч хариуцлага тооцож чадахгүй байсаар өнөөг хүрч байна.
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.АРИУНБОЛД НАРЫН ХАМТРАГЧ Н.БАЯРЦЭЦЭГИЙН “DREAM LAND” ХОТХОН

Зайсангийн аманд буюу ХААИС-ийн чанх ард “Мапекс” ХХК 0.9 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ “Dream land” гэх найман блок 22 айлын хаус барьсан. “Мапекс” ХХК-ийг Нямрагчаагийн Баярсайхан, Нямрагчаагийн Баярцэцэг нар эзэмшдэг. Н.Баярсайхан, Н.Баярцэцэг нарын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж буй Д.Ариунболд, Ерөнхий сайд асан С.Баяр нартай шууд холбогдоно. Тухайлбал, Н.Баярсайхан, Н.Баярцэцэг нарын эзэмшдэг “Цаст констракшн” ХХК нь “Грийн ресурс констракшн” ХХК-тай хамтран “Нүхт Эс Пи Эс” ХХК-ийг эзэмшдэг. “Грийн ресурс констракшн” ХХК-ийн толгой компани болох “Грийн ресурс” ХХК-ийг Ерөнхий сайд асан С.Баярын охин Б.Бадамханд, эхнэр Э.Сувд нар нь эзэмшдэг. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд “Буянпэл” ХХК-аараа Н.Баярсайхан, Н.Баярцэцэг нартай “Люксерюм” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Люксерюм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдын хүү А.Жигүүр ажилладаг. Товчхондоо, Н.Баярсайхан, Н.Баярцэцэг нар том артай, том хүрээлэлтэй гэсэн үг л дээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Д.ЗОРИГТЫН ТУУЛ ГОЛД БОХИРОО ЦУТГАДАГ ХОС ОРОН СУУЦ
Зайсангийн гүүрний баруун талд Туул голын эрэг дээр “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК 0.1 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тус бүр долоон давхар хос орон сууц барьсан. Хамгийн ноцтой нь, энэ хоёр орон сууц Туул голын эргээс тавхан алхмын зайтай баригдсан бөгөөд Туул гол руу бохироо цутгадаг гэж цаг үргэлж асуудал дагуулдаг. Гэвч тус хос орон сууцны эздэд хэн ч хариуцлага тооцож чаддаггүй. Учир нь, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийг өнөөх л УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан Дашзэвэгийн Зоригт, УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Сүхбаатарын Дэмчиг нар эзэмшдэг.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
СЭТЭРТНҮҮДЭД “СЭГЛҮҮЛСЭН” БОГДХАН УУЛ БУЮУ ХУУЛЬ ЗАВХРУУЛЖ, МӨНГӨ УГААСАН ЭЗДИЙН ХАУС, ХОТХОНУУД-IV |
|