• Өнөөдөр 2024-05-02

СЭТЭРТНҮҮДЭД “СЭГЛҮҮЛСЭН” БОГДХАН УУЛ БУЮУ ХУУЛЬ ЗАВХРУУЛЖ, МӨНГӨ УГААСАН ЭЗДИЙН ХАУС, ХОТХОНУУД-II

2023-06-28,   2169

-АЛБАН ТУШААЛТНУУД АЛТ, НҮҮРС, АВЛИГЫН МӨНГӨӨ БОГДХАН УУЛЫН АМАНД БЕТОНОН “ШИРЭНГЭ” БОЛГОЖ, МӨНГӨ УГААЖ БАЙНА-
 
     Эргэлт.мн мэдээллийн сайт Дархан цаазат Богдхан уулын амны газрыг дамлаж зарсан газрын наймаачдыг, хувийн харш, хаус хотхон босгосон хууль завхруулагчдыг, хариуцлага тооцохгүй хамгаалж, хамтарч ирсэн эрхтэн, дархтнуудыг хөдөлшгүй баримтаар танилцуулж байна. Бид Богдхан уулын 28 амыг зүүнээс нь баруун тийш “самнаж”, тэдгээр аманд баригдсан 3.2 их наяд төгрөгийн үнэтэй, 2500 орчим хаус, харш, барилгын эздийг шүүж, хамгийн “том” эзэнтэй 40 хаус хотхон, 10 орон сууцны хотхон, 20 гаруй хувийн харшийг танилцуулахаар бэлтгэлээ. Дамаа, сүүлийн дөрвөн жил авлигачин албан тушаалтнууд, алт, нүүрснийхэн, оффшорчид, койнчид хэлэлцэж тохирсон юм шиг Богдхан уул руу хошуурцгааж, хаус, хотхонуудыг хаяа нийлүүлэн барьцгаасан байгааг онцлох нь зүйтэй байх.
Өмнөх нийтлэлийг энд дарж уншаарай

“СU” СҮЛЖЭЭНИЙ БОСС А.ГАНХУЯГИЙН “LAPLAND VILLA” ХОТХОН

    Богдхан уулын Залаатын аманд “Аркадиа гарден” ХХК 3.1 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тансаг зэрэглэлийн 28 хаус бүхий “Lapland villa” нэртэй хотхоныг барьсан. “Аркадиа гарден” ХХК-ийг “Премиум групп” ХХК-аар дамжуулан Адилбишийн Ганболд, Адилбишийн Ганхуяг гэх ах дүү хоёр эзэмшдэг. “Премиум групп” ХХК нь Улаанбаатар хотод 228 салбартай “CU” сүлжээ дэлгүүрийг эзэмшдэг. Цаашилбал, “Премиум групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч А.Ганхуяг нь “М Си Эс” группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай хамт “М Си Эс” группийн хувьцааг эзэмшдэг байсан. Мөн “Премиум групп” ХХК-ийн охин компаниуд болох “Руссо моторс” ХХК, “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК-ийг УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хадам ах Р.Ганболд удирдаж байсан.

ТЕГ-ЫН ДАРГА АСАН Д.ГЭРЭЛИЙН ОХИН Г.ХУЛАНГИЙН ЗАЛААТЫН АМНЫ ХОТХОН

       Залаатын аманд “Эксорс” ХХК 3.9 га газар, хажууд нь “Мирайлайн” ХХК 9.0 га газар эзэмшдэг. Энэ газар дээр өдгөө тансаг зэрэглэлийн хаус хотхон баригдаж байгаа бөгөөд эхний таван хаус нь баригдаад буй. Энэ хоёр компани нэг гэр бүлийнх буюу “Мирайлайн” ХХК, “Эксорс” ХХК-иудыг “Буман сарт” ХХК-аар дамжуулан Гэрэлийн Хулан, Бадангийн Батбаатар нар эзэмшиж ирсэн.  Ноцтой нь, Г.Хулан нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийн охин. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин Г.Хулангийн Залаатын амны хаус хотхоны санхүүжилтийн эх үүсвэр нь алт, нүүрс, цаашлаад Хөгжлийн банкны зээл байж болзошгүй. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин Г.Хулан нь нүүрсний “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Г.Хулан “Шарын гол” ХК-аараа 2018 онд Хөгжлийн банкнаас 260 сая иенийн зээл авсан. Гэвч зээлээ зориулалтын бусаар зарцуулсан буюу Г.Хулан, Б.Батбаатар нар өөрсдийн “Хэрлэн онон туул” ББСБ руу 4.0 тэрбум төгрөгийг  шилжүүлж, улмаар “мөнгө угаасан”  гэж УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах Түр хорооноос тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ Залаатын амны хаус хотхоноо санхүүжүүлсэн байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм. Сонирхуулахад, Д.Гэрэлийн хүү Г.Аранзал, Б.Батбаатар нарын хамтран эзэмшдэг “Монгол Алтан минт”, “Пентатерра”, “Тайхаржин транс” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн гол гэх газарт алт ухаж байсан нь 2020 онд дуулиан болж байсан билээ.

С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРТАЙ ХАМТ ХОРИГДОЖ ЯВСАН “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.БЯМБАСАЙХАНЫ 40 ХАУС

Залаатын аманд “Смарт ливинг” ХХК 14.7 га газар эзэмшдэг. Тус газар дээрээ 40 хаус бүхий хотхон барьж байгаа. “Смарт ливинг” ХХК-ийг Баянжаргалын Бямбасайхан, Бямбажавын Баяраа нар эзэмшдэг. Б.Бямбасайхан нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймгаас нэр дэвшиж байхдаа баривчлагдаж, Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нартай хамт “Оюутолгой” төслийн гэрээтэй холбоотой хэргээр хоригдож байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр суллагдсан. Гэтэл өдгөө тансаг зэрэглэлийн хаус хотхон барьж буй.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.НОМТОЙБАЯРЫН ЭЭЖ Д.ХУЛАНГИЙН ТАВАН ХАРШ

    Богдхан уулын Залаатын баруун амыг өдгөө “МАК”-ийн ам гэх болцгоожээ. Учир нь энд “Монголын Алтан аялал” ХХК 11.3 га газар эзэмшдэг. “Монголын Алтан аялал” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Дамбын Хулан эзэмшдэг. Залаатын баруун амыг бүхлээр нь хашаалсан энэ газар дээр тус бүр нь гурван давхар дөрвөн барилга, зургаан давхар спорт цогцолборын нэг барилга баригдаж буй. Тус бүр гурван давхар дөрвөн барилгынх нь тухайд, нэг нь Б.Нямтайшир, Д.Хулан нарынх, үлдсэн гурван барилга нь хүүхдүүдийнх нь буюу Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн, Н.Мөнгөншагай нарынх ажээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

СЭТЭРТНҮҮДЭД “СЭГЛҮҮЛСЭН” БОГДХАН УУЛ БУЮУ ХУУЛЬ ЗАВХРУУЛЖ, МӨНГӨ УГААСАН ЭЗДИЙН ХАУС, ХОТХОНУУД-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-29 09:18:15
    Choijoogiin hothon: Choijoogiin buhel buten hothon bga bizdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-28 15:32:04
    зочин : ГАЗРЫГ ДАРХЛАХ ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙНА. ХУВЬ ХҮМҮҮСИЙГ Л ДАРХЛАХ НЬ ЗҮЙТЭЙ. ҮНДСЭН ХУУЛИНДАА ХЭН ХЭН ДАРХАН ЭРХТЭЙ БАЙНА ГЭЭД ЗААЧИХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-28 15:30:10
    зочин : БОГД УУЛЫН САВДАГ ГЭСГЭЭДГҮЙ ЮМ БАЙХДАА. МОНГОЛЫН ТӨР ЯАХ Ч ҮГҮЙ ЮМ БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-16 12:12:19
    Зочин: Оршуулгын газар болгох байсан юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-14 10:41:52
    Зочин: Бүгдийг нь газрын хөрстэйн тэгшлэх юмсаан, ата 5 тэнгэр минь ниргээд өгөөч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-14 07:42:38
    Иргэн: Номтойбаяр хувийн хөрөнгөө яах нь дур штэ. Гол нь газар олгосон, авилга авч хууль зөрчсөн албан тушаалтныг олж ял тооцож,хохирол төлүүлдэг бол л доо. Мөнгө бол бгаад боломж гарвал хэн ч газар аьая л гэж бодно. Төрд бга өлөн цөөврүүдээсээ намнамаар бна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188