-АЛБАН ТУШААЛТНУУД АЛТ, НҮҮРС, АВЛИГЫН МӨНГӨӨ БОГДХАН УУЛЫН АМАНД БЕТОНОН “ШИРЭНГЭ” БОЛГОЖ, МӨНГӨ УГААЖ БАЙНА-
Эргэлт.мн мэдээллийн сайт Дархан цаазат Богдхан уулын амны газрыг дамлаж зарсан газрын наймаачдыг, хувийн харш, хаус хотхон босгосон хууль завхруулагчдыг, хариуцлага тооцохгүй хамгаалж, хамтарч ирсэн эрхтэн, дархтнуудыг хөдөлшгүй баримтаар танилцуулж байна. Бид Богдхан уулын 28 амыг зүүнээс нь баруун тийш “самнаж”, тэдгээр аманд баригдсан 3.2 их наяд төгрөгийн үнэтэй, 2500 орчим хаус, харш, барилгын эздийг шүүж, хамгийн “том” эзэнтэй 40 хаус хотхон, 10 орон сууцны хотхон, 20 гаруй хувийн харшийг танилцуулахаар бэлтгэлээ. Дамаа, сүүлийн дөрвөн жил авлигачин албан тушаалтнууд, алт, нүүрснийхэн, оффшорчид, койнчид хэлэлцэж тохирсон юм шиг Богдхан уул руу хошуурцгааж, хаус, хотхонуудыг хаяа нийлүүлэн барьцгаасан байгааг онцлох нь зүйтэй байх.
ТӨРИЙН ӨМЧИТ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ О.ХУЛАНГИЙН 90 ТЭРБУМЫН 112 ХАУС

Баянзүрх дүүргийн XI хороо буюу Богд уулын зүүн хойд үзүүр, Налайх дүүрэг явах зам дагуу, Хонхорын хойно “Home garden” хотхон хэмээх 112 хаус бий. Тус хотхоныг 90 тэрбум төгрөгөөр барьсан гэдэг ч одоог хүртэл оршин суугчгүй, хаусууд нь цоожтой, хашаа нь гинжтэй байсаар байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа “Монголд хаус хотхон, хороолол барьж мөнгө угаадаг болсны анхны жишээ нь Хонхорын хойдох хаусууд” гэж байлаа. Тэгвэл тус хотхоны жинхэнэ эзэн хэн болохыг хөөж үзэхэд өнөөх л уул уурхайтай, улстөрчидтэй, алт, нүүрстэй холбогдож байна. Тодруулбал, “Home garden” хотхоны газар “Хонгрансфеко” ХХК-ийн эзэмшилд байдаг. “Хонгрансфеко” ХХК-ийг “Сфеко Монгол” ХХК 100 хувь эзэмшдэг. Харин “Сфеко Монгол” ХХК-ийг “Фандерболт” ХХК эзэмшдэг. “Фандерболт” ХХК-ийг Онхооны Хулан эзэмшдэг. Өөрөөр бол, эцсийн цэгт “Home garden” хотхоны нь “эзэн” нь О.Хулан болж таарч байна. Гэтэл Онхооны Хулан нь төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нэгэн ажээ. Ноцтой нь, О.Хуланг 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр урьж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар томилсон байдаг.
Тэгвэл “Home garden” хотхоны нь “эзэн” О.Хулангийн өмнө нь хаана ажиллаж байсан, хамаарал бүхий этгээдүүд нь хэн болохыг хөөж үзвэл маш ноцтой баримтууд гарч ирж байна. Тухайлбал, О.Хулан нь “Эрдэнэс Монгол” ХК-ийн тэргүүн дэд захирлаар томилогдохоосоо өмнө буюу 112 хаус баригдаж байх үед Соёлын сайд Ч.Номингийн хадам аав Т.Ганхуяг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нарын эзэмшдэг “Баянайраг эксплорэйшн” ХХК-ийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах Алтны уурхайн Төсөл хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Илүү ноцтой нь, О.Хулантай “Караван конвой” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн гэр бүлийн хамаарал бүхий этгээд Юрагийн Энхтүвшин нь одоо ч “Баянайраг эксплорэйшн” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, Хонхорын хойдох 112 хаус бүхий “Home garden” хотхон Соёлын сайд Ч.Номингийн хадам аав Т.Ганхуяг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нартай холбоотой байж болзошгүй сэжүүр гарч ирж байгаа юм.
ЗТХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛДООС ЭХЛЭЛТЭЙ “БУМБАТ” ХОТХОН

Богдхан уулын Бумбатын аманд “Рэска” ХХК 16 га газар эзэмшдэг.“Рэска” ХХК-ийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын хүү Б.Рэнжиндорж, эхнэр П.Мидриймаа нар 2013 онд үүсгэн байгуулсан. 2016 онд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, түүний хүү Б.Рэнжиндорж нар “Рэска” ХХК-ийнхаа нэр дээр 16 га газар авсан. Улмаар 2020 онд Шаравхоролын Эрдэнэбилэг, Гантөмөрийн Энхбаяр нарт “Рэска” ХХК-ийг шилжүүлж, тэд тус газар дээр 49 хаус бүхий “Бумбат вилла-1” хотхон, 20 хаус бүхий “Бумбат вилла-2” хотхоныг барьсан. Хамгийн ноцтой нь, “Реска” ХХК-ийг шилжүүлж авсан шинэ эзэд нь “Бумбат-1” хотхоныг барьсныхаа дараа ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, түүний хүү Б.Рэнжиндорж нарт 156 ам метр талбайтай хоёр хаус, 105м2 талбайтай нэг хаус буюу гурван хаус “бэлэглэсэн” байдаг. Улмаар АТГ-аас ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдыг Богдхан уулын Бумбатын аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авсан газраа бусдад худалдсан, хариуд нь хаус авсан хэргүүдээр нь шалгаж эхэлсэн байдаг ч өнөөг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй байгаа билээ.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА АСАН Ж.ДАМДИНЦЭРЭНГИЙН 30 ХАУС
Богдхан уулын Чулуутын амны дээд үзүүрт “Жанцанноров” сан 6.5 га газар эзэмшдэг. “Жанцанноров” санг Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн, охин Ж.Уугантуяа нар эзэмшдэг. Тэгвэл Ж.Дамдинцэрэнгийн “Жанцанноров” сан нь өнгөрөгч 2022 оны гуравдугаар сарын 24-нд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж, Чулуутын амны 6.5 га газар дээрээ “Аялагчдын түр буудаллах отог барина” гэж Архитектур төлөвлөлтийн даалгавар буюу “А” зөвшөөрлөө батлуулжээ. Гэтэл Ж.Дамдинцэрэн Чулуутын аманд “Аялагчдын отог” биш 30 ширхэг хаус барьж байна.
ЗГХЭГ-ЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Т.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮРГЭН Д.НАРАНБАТЫН “FOREST ISLAND VILLA” ХОТХОН

Богдхан уулын Хүрэлтогоотын амны дээд үзүүрт, “Одон орон судлалын төв”-ийн хашаатай хаяа залган “Түүболд” ХХК 1.6 га газар авч, тус бүр гурван давхар 20 хаус бүхий “Forest island villa” хотхоныг барьсан. “Forest island villa” хотхоны 20 хаус тус бүр 320-400 ам метр талбайтай, 3-4 тэрбум төгрөгийн үнэтэй буюу нийт 70 орчим тэрбум төгрөгөөр заржээ. Тэгвэл “Түүболд” ХХК-ийг Дэмчигсүрэнгийн Наранбат эзэмшдэг. Судалж үзвэл, Дэмчигсүрэнгийн Наранбатын хадам аав Б.Эрдэнэбилэг нь ЗГХЭГ-т газрын даргаар ажиллаж байсан, улс төрд нөлөө бүхий нэгэн ажээ. Цаашилбал, Дэмчигсүрэнгийн Наранбат нь “Шинэ сэгэ фүүд” ХХК, “Шинэ сэгэ буйлд групп” ХХК, “Шинэ сэгэ интернэйшнл групп” ХХК-ийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Цагаан-Өвгөний Жадамбаатай хамтран эзэмшдэг ажээ. “Шинэ сэгэ буйлд групп” ХХК нь Зайсангийн аманд F.I One residence гэх 400 айлын дөрвөн блок барилга бүхий орон сууцны хотхон барьж буй.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА АСАН Д.ГАНБОЛДЫН 47 ХАУС
Хүрэл тогоотын амны доод үзүүрт “Туул эко виллаж” ХХК 4.0 га газар эзэмшдэг. Энэ газар дээр өдгөө 47 хаус бүхий хотхон баригдаж байна. “Туул эко виллаж” ХХК-ийг Дамдиндоржийн Ганболд болон “Нандин бродерс” ХХК хамтран эзэмшдэг. Тэгвэл Дамдиндоржийн Ганболд нь Нийслэлийн аялал жуулчлалын газрын Захиргааны хэлтсийн даргаар 2020 он хүртэл ажилласан төрийн албан хаагч ажээ. Өөрөөр бол, албан тушаалаа ашиглан Хүрэл тогоотын амны 4.0 га газрын аялал жуулчлалын зориулалтаар өөрийн болгож, улмаар хууль бусаар хаус хороолол барьж байгаа. Харин “Нандин бродерс” ХХК-ийг Цэгмидийн Оюунтуяа гэх эмэгтэй эзэмшдэг. Цэгмидийн Оюунтуяа нь мөн “Глобал лайф технологи” ХК-ийн эзэмшдэг. Энэ компанийг үүсгэн байгуулагчид нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, түүний төрсөн ах Х.Гантулга, төрсөн эгч Х.Хасчимэг нар ажээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
СЭТЭРТНҮҮДЭД “СЭГЛҮҮЛСЭН” БОГДХАН УУЛ БУЮУ ХУУЛЬ ЗАВХРУУЛЖ, МӨНГӨ УГААСАН ЭЗДИЙН ХАУС, ХОТХОНУУД-I |
|