• Өнөөдөр 2024-04-30

ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН Ч ХИЛИЙН ЗААГ НЬ ТОГТООГДООГҮЙ ГАЗРУУД

2024-04-15,   260

        Сүүлийн жилүүдэд газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажилд төр засгийн зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Үүний хүрээнд 2019 онд 3,4 сая га талбай бүхий 22 газар, 2020 онд 1,2 сая га талбайтай 9 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм.  Үүнээс УИХ-ын 2019 оны 41 дүгээр тогтоолоор хамгаалсан 22 газраас 14 газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, 1 газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар хамгаалалтад авсан. Харин  УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан 9 газраас 3 газрыг нь байгалийн нөөц газрын ангиллаар, 1 газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар буюу нийтдээ 19 газрыг дээрх 2 ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.  Тодруулбал, Цагаан дэлийн агуйн байгалийн дурсгалт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл, шинээр Хөх нуур, Дэлгэрхаан уул, Ташгай таван нуур, Жаран тогооны талын А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уул, Хурх хүйтний хөндий, Хөх нуур бумбат, Алтан хөхий уул, Баянхонгор хайрхан уул багтаж байгаа юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг Засгийн газар батална гэж заасан байдаг.  Гэвч дээрхи газруудын хилийн заагийг өдийг хүртэл тогтоогоогүй байгаа юм. Эдгээрийн заримаас танилцуулъя.

Дулаан хайрхан уулын байгалийн нөөц газар

Харъяалах аймаг сум:

Өвөрхангай аймаг, Хархорин, Хужирт, Өлзийт сум

Хамгаалалтад авсан үндэслэл:

         Хангай, говийн бүсийн шилжилтийн зааг нутаг дахь байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, нөхцөлийг бүрдүүлэх төдийгүй гол мөрний урсац бүрэлдэх эх бүхий онцгой ач холбогдолтой газар. Мөн тоо толгой нь цөөрч буй халиун бугын гол тархац нутгийг хамгаална. Нутгийн иргэд эрт дээр үеэс тахиж шүтэж ирсэн Жамбалдорж буюу Хүн чулуун Увшхай, Ёлын цохио, Бумбан овоо, Ёлын улаан хад, Шижирийн өвөлжөө зэрэг эртний түүх, соёлын өвөөр баялаг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалт газруудыг түшиглэсэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой.

Дэлгэрхаан уулын байгалийн нөөц газар

Харъяалах аймаг сум: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум

Хамгаалалтад авсан үндэслэл:

         Хэрлэнгийн хөдөө арал, түүний орчмын нутаг нь байгалийн үнэт дурсгал болохын хамт Монголын Их эзэнт гүрний түүх, соёлын дурсгалт зүйлсээр баян, нутгийн иргэд хайрлан хамгаалж, тахин шүтэж ирсэн Монголын түүхийн үнэт өв болсон газар. Хэрлэнгийн Хөдөө арал орчмын нутаг нь Монголын анхны нийслэл “Аураг” хот, Их эзэн богд Чингис хаан Монгол туургатныг нэгтгэх их аяны гарааг энэ нутгаас эхэлж, түүний үр удам их хаан Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр зэрэг алтан ургийн хаадууд “Хэрлэний хөдөө арал”-д буюу их “Аураг” ордонд “Их Монгол Улс”-ын хааны сууринд сууцгааж байсан түүхтэй. Мөн “Монголын Нууц Товчоо” энэхүү бүс нутагт туурвигдаж цэрэг, дайны догшин “Хар сүлд”-ийг мянган хээр азарганы хөхлөөр бүтээж “Шилэхэнцэг” буюу одоогийн Хэрлэнтооно ууланд тахин цэнгүүлж, гурван голын монголчууд Чингис хааны дайчин тугийн дор нэгдэж “Хамаг Монгол”-ын нэгдсэн Улсыг байгуулж бэхжүүлсэн түүхэн үйл явдлын гэрч болсон нутаг юм. Нэн ховор, ховор амьтан ургамлын зүйлийн бүрдлээр баялаг, онцгой ач холбогдолтой газар.

Хөх нуурын байгаллийн нөөц газар

Харъяалах аймаг сум: Дорнод аймаг, Чойбалсан сум

Хамгаалалтад авсан үндэслэл:

      Энэ нутаг нь усны олон зүйл шувууд өндөглөн зусаж, нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг нутаг болохын хувьд 1997 онд “Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноороо амьдардаг орчин”–ы тухай РАМСАР-ын конвенц, “Зүүн хойд Азийн тогоруу хамгаалах олон улсын сүлжээ нутаг”-т хамрагдсан тул олон улсын гэрээ, конвециор хүлээсэн үүргээ биелүүлэн уг газар нутгийг хамгаалах үүрэгтэй. Дэлхийн хэмжээнд ховордож буй цагаан тогоруу, хар тогоруу, реликт цахлай, хошуу галуу, цэн тогоруу, хонин тоодог үржил, хөгжил явагддаг чухал нутаг юм. Тухайлбал реликт цахлай нь мөстлөгийн үеэс өнөөг хүртэл тэсч үлдсэн ховор шувуу юм. Мөн хээрт ховордож буй үнэг, хярс, саарал чоно, хотны үен зэрэг махчин амьтад, туруутнаас цагаан зээр тархсан байдаг.

Улз голын эх байгалийн нөөц газар

Харъяалах аймаг сум: Хэнтий аймгийн Баян-Адрага, Норовлин, Батноров сум

Хамгаалалтад авсан үндэслэл:

       Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн эмзэг бүс нутагт ордог. Улз голын эх, голын татмын нуга, намгархаг газрууд, Улз гол цутгадаг Дөрөө, Баруун тарь нуурууд нь хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн хатах, ширгэх аюул нүүрлээд байна. Иймд Улз голын эхийг хамгаалалтад авснаар голын сав газрын экосистемийн төлөв байдал хадгалагдаж, улмаар энэ нутгийн ховор ан амьтан, шувуудыг хамгаалах, цэнгэг усны нөөцийг энэ бүсэд хамгаалах боломж бүрдэнэ. Шувуу ажиглах байгалийн аялал жуулчлалаар дамжуулан нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Ташгайн таван нуурын байгалийн нөөц газар

Харъяалах аймаг сум: Дорнод аймаг, Халхгол сум

Хамгаалалтад авсан үндэслэл:

       Ташгайн таван нуур орчмын нутаг нь олон улсын ач холбогдолтой, шувуудын хувьд чухал газруудын нэг юм. Энд олон улсын хэмжээнд ховордсон хошуу галуу, ухаа шумбуур, цэн тогоруу, алаг тогоруу, хонин тоодог зэрэг шувууд бий. Дэлхийд маш ховордсон бахим хушуу хургач хэмээх шувууны дэлхийн тархцын 3 дахь цэг болох тул хамгаалалтад авсанаар энэ зүйлийн шувууг бүрмөсөн устахаас сэргийлэх боломжтой болно. Олон улсын болон дотоодын аялал жуулчлалын ач холбогдолтой (Шувуу ажиглах аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой).

Жаран тогооны талын байгалийн нөөц газар  А, Б хэсэг

Харъяалах аймаг сум: Дорнод аймгийн Матад, Булган, Чойбалсан сум

Хамгаалалтад авсан үндэслэл:

       Монгол орны цагаан зээр нь дэлхий дээр нүүдэллэн амьдардаг туурайтан амьтны 3 том сүргийн нэг юм. Энэ нутаг нь Монгол орны хялганат хээр, цагаан зээрийг хамгаалах өндөр ач холбогдолтой тул Дэлхийн Байгаль Хамгаалах Сангаас 21-р зуунд анхааран хамгаалахаар зарласан дэлхийн 35 экобүсийн нэг болох Амар мөрний экобүсэд хамаардаг. Алдарт Дорнын их талын нэгээхэн хэсгийг хамгаална. Байгаль хамгаалах олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой. Аялал жуулчлалыг хөгжүүлж орон нутгийн төсөв, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой.

Халхын таван уулын байгалийн нөөц газар

Харъяалах аймаг сум: Дорнод аймгийн Баянтүмэн сум

Хамгаалалтад авсан үндэслэл:

       Халхын таван уул хялганат хээр, бүс нутгийн үнэлгээгээр Ховордож болзошгүй, Устаж болзошгүй ангилалд орсон саарал чоно, шар үнэг, хярс үнэг, цагаан зээр зэрэг амьтдын тархац нутгийг хамгаалах ач холбогдолтой. Дэлхийн дахинд хээр, тал нутаг нь хүний үйл ажиллагаанд ихээхэн өртсөн (50% гаруй) харьцангуй бага (4% орчим) хамгаалагдсан байдаг тул энэ газрыг хамгаалалтад авах нь Монгол орны төдийгүй дэлхий дахины ач холбогдолтой. Дэлхийд олноор сүрэглэн амьдардаг цөөхөн тууртан амьтны нэг болох цагаан зээрийг хамгаална.Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой.

Баяндун уулын байгалийн нөөц газар

Харъяалах аймаг сум: Дорнод аймгийн Баяндун сум

Хамгаалалтад авсан үндэслэл:

        Дэлхий дахины ач холбогдол бүхий хялганаи хээрийн экосистемийн хойд хил тул тухайн экосистемийг хамгаалахад онцгой ач холбогдолтой. Тус газарт Халиун буга, Бор гөрөөс, Хотны үен, Солонго үен, Цагаан үен, зэрэг амьтад тархсан байдаг. Баяндун уул орчмын газар нутгийг хамгаалсанаар тус бүс нутагт тархсан зэрлэг амьтад төдийгүй тухайн газар нутгийн экосистемийн унаган төрхөөр нь хадгалан үлдэх боломжтой. Уур амьсгалын өөрчлалтөд эмзэг экосистем, эмийн ургамлын зүйлүүдийг хамгаална. Аялал жуулчлал хөгжүүлэн орон нутгийн төсвийн болон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой.

Гүн гашууны хоолой байгалийн нөөц газар

Харъяалах аймаг сум: Дорноговь аймгийн Хөвсгөл сум

Хамгаалалтад авсан үндэслэл:  

      Гүн гашууны хоолой нь говийн бүсийн ландшафтын үндсэн хэв шинжүүд өргөргийн дагуу ялгарч нам уулс, тэдгээрийн хооронд хөндий хоолой, шал тойром, уст цэгүүд хоршин оршсон экологийн өвөрмөц орчин учир говийн өвөрмөц экосистемийг хамгаалахад ач холбогдолтой. Монгол улсын Улаан номонд бүртгэгдсэн хулан адууны гол тархац нутаг бөгөөд үрждэг, төллөдөг орчин, нүүдлийн зам, бөөгнөрдөг нутаг билээ. Мөн хар сүүлтий, цагаан зээр, говь хээрийн бүсийн амьтан чоно, үнэг, хярс гээд олон зүйл хөхтөн, мэрэгч, махчин амьтны амьдрах орчин болдог. Гүн Гашууны хоолой нь түүх соёлын дурсгалаар арвин нутаг юм. Энэ нутагт Баян-Овоо хийдийн туурь, Хуруутын хурлын туурь, Арванхоёрын туурь зэрэг эртний лам нарын хурал ном хурж байсан түүхэн газруудтай.  

 


ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН Ч ХИЛИЙН ЗААГ НЬ ТОГТООГДООГҮЙ ГАЗРУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188