Засгийн газар импортоор орж ирэх цементийн татварыг тэглэх шийдвэр гаргасан. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянга орчимд буух бүрэн боломжтой” хэмээн сүржин мэдэгдэж байлаа. Гэтэл бодит байдал дээр үнэ нь буурах бус улам нэмэгджээ.
Барилга, бүтээн байгуулалтын улирал дуусах дөхсөн эд ажлын үеэр голлох түүхий эд болсон цемент дахин ховордож “нүдний гэм” болжээ. Цемент хайсан иргэд барилгын захуудаар өдөржин яваад ч гар хоосон буцаж байгаа гэнэ. Ховордсон тул уут цементийн үнэ тэнгэрт хадаж, наймаачид амандаа багтсан үнээ хэлж байгаа аж.
Манай сурвалжлах баг “44” барилгын материалын зах дээр очиход цементийн саарал тоос бужигнаж, ачааны машин давхилдаж, худалдааны төвийн хашаагаар орсон даруй “Цемент авах уу, хэдэн тонн хэрэгтэй вэ”, “Машин авах уу, хаашаа явах юм” гэсэн худалдаачид, жолооч нар угтлаа. Ачааны хүрэн чиргүүлийн урд ачааны машин зогсох бөгөөд цемент ачих залуус хөлс, цементтэй зууралдсан гараараа хэд хэдээр нь чингэлгээс зөөж ачааны машин тэвш рүү шидэлнэ. Зарим чингэлгийн ачигчид дараагийн машиныг хүлээх зуур хэсэгхэн сууж биеэ амраана. Эсвэл наймаачдын барааг ачилцаж өгнө.
-ТОНН ЦЕМЕНТ 700 МЯНГАН ТӨГРӨГ-
Хоёрхон сарын өмнө тонн цемент 300-380 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдөр 700 мянган төгрөг болтлоо өсжээ. Энэ үнэ дахин нэмэгдэх хандлага байгаа аж. Тус худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэн Б.Гантөмөр “Энэ зун хашаандаа байшин барихаар төлөвлөж, ажлаа эхлүүлсэн ч барилгын материалын үнээс болж ажил доголдож байна. Санхүүгээс болоод материалаа бага багаар худалдан авч байгаа. Энэ захаар ирэх бүрд л үнэ нь нэмэгдчихсэн байх юм. Би долоо хоногийн өмнө ирэхэд нэг тонн цемент 650 мянган төгрөг байсан гэтэл өнөөдөр 700 мянга гэж байна. Дараа долоо хоногт дахиад л үнэ нь нэмэгдэнэ гэнэ” гэсээр худалдан авсан цементээ ачуулахаар цааш явав.
.jpg)
Тус худалдааны төв барилгын материалын нэгдсэн цэг боловч цементийн олдоц бага, эрэлт хэрэгцээ их байгаа ажээ. Цемент хайсан ч олдохгүй байгаа, өглөө эрт ирсэн цемент дор нь чингэлэг дээрээсээ дуусаж байгаа талаар худалдаачид ярьж байлаа. "Цемент олдохгүй байна. Үнэ нь улам л нэмэгдэж байгаа нэг уут МАК компанийн цемент 35 мянган төгрөг. Өнөөдөр надад таван тонн цемент бий. Дараа долоо хоногт дахин үнэ нь нэмэгдэх хандлагатай байна" гэсээр наймаачин н.Пүрэв-Очир бидэнтэй хэсэг хөөрөлдсөн юм. Цемент ховордох болсон шалтгаан нь Хөтлийн цементийн үйлдвэрээс цемент орж ирэхгүй байгаатай холбоотой. Тус үйлдвэрийн орон зайг нөхөн ажиллах МАК цемент болон Монцемент үйлдвэрлэлээ хэвийн явуулж байгаа боловч эрэлт хэрэгцээ их байгаа учир хангамж хүрэлцэхгүй олдоц муудах шалтгаан болжээ.
-ИМПОРТООР ОРЖ ИРСЭН НЭГ УУТ ЦЕМЕНТ 25 МЯНГАН ТӨГРӨГ-
Засгийн газраас цементийн татварын үнийг нь тэглэсэн ч хил, тээврийн асуудлаас болоод хятад цементийн ч үнэ нэмэгджээ. "44" барилгын материалын худалдааны төвийн хажуухан байрлах гурвалжингийн гүүр өгсөх зам дагуу цемент, элс, хайрга, тоосго борлуулах иргэд эгнэн зогсоно. Барааныхаа заримыг нь газар өрж, ихэнхийг нь модон дээр тавьж дээгүүр нь норохоос хамгаалж бүтээлэг тавьжээ. Хажуугаар нь явах автомашин түр саатаж, цементийн үнэ асуусаар өнгөрнө. Энд худалдаа эрхлэх таван иргэнийн хоёр нь цемент борлуулж байгаа гэнэ. МАК цемент цөөхөн тонн байгаа бөгөөд нэг уут нь 35 мянган төгрөгийн үнэтэй бол тонн нь 680 гэнэ. Харин Хятад Улсаас орж ирсэн цемент уут нь 25 мянган төгрөг бол тонн нь 650 мянган төгрөгийн үнэтэй. Энд ч мөн адил цементийн үнэ өссөн бөгөөд худалдаачинд өнгөрсөн долоо хоногт тонныг нь арай хямд зардаг байжээ. Гэхдээ ерөөс олдоц багатай байгаагаас гадна 44 барилгын худалдааны төвөөс худалдан авдаг учир дагаж үнээ нэмэхээс өөр аргагүй байгаа аж. Тэд “Бид ойрхон учраас л цөөхөн ч гэсэн цемент авч байна. 100 айлын худалдааны төвүүдэд бүүр ч үнэтэй байгаа” гэв.
(1).jpg)
Дамлан зарж байгаа нь нь үнийн хөөрөгдөлд нөлөөлж байгаа учир цахим сүлжээнд цемент зарна гэсэн зарын дагуу хэд хэдэн наймаачидтай холбогдсон юм.
Тус худалдаачдын дийлэнх нь цементийн олдоц муу байгаа учир хэсэг борлуулалт хийхээ зогсоосон байгаа талаар дурдсан бөгөөд дараа долоо хоногоос дахин лавлаж асууж болох тухтай сануулж байлаа.
Монцемент Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийж чадахгүй байгаа бол Хөтлийн цементийн үйлдвэр усгал засвар хийж байгаа учир цементийн хангамж муудаж, үнэ өсөх шалтгаан болжээ. Харин МАК цементийн үйлдвэрийн бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа ч хэрэглэгчдийн гарт хүрэхдээ тэнгэрт хадсан үнэтэй болж байна. “Нуухыг нь авах гээд, нүдийг нь сохлох” гэдэг шиг үнийг нь бууруулах гэж байгаад улам нэмчихжээ.
Өдрийн сурвалжилга: Цементийн үнэ 700 мянган төгрөг болж, ховордсон тул иргэд гар хоосон буцаж байна |
|