• Өнөөдөр 2025-02-22

ТЭМЦЭГЧ Л.ДАШНЯМЫН ЭЭЖ Б.ЭНХТУЯА: ХҮҮ МИНЬ ТЭМЦЛИЙНХЭЭ ҮР ДҮНД ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА

2022-12-19,   809

       Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Сүхбаатрын талбайд 15 дахь өдрөө үргэлжилж байна. Тэд өдөр бүр халуун аарцанд бүлээцэн, нойр, хоолоо хугаслан байж эрх баригчдын булхайтай идэр есийн жаврыг үл тоон тэмцэж байгаа билээ. Тэмцэгчдийн хамгийн том төлөөлөл буюу залуучуудын дуу хоолойг хүргэж буй Л.Дашнямын ээж Б.Энхтуяа хүүгийнхээ эзгүй өдрүүдийг итгэл найдвараар нөхөж, өглөө бүр сайныг ерөөн суугаа гэнэ. “Би хүүгийнхээ чин сэтгэлийн зоригтой шийдвэрийг хорьж чадаагүй. Хүү минь заавал үр дүнд хүрнэ” хэмээн итгэл өвөртлөн суугаа түүнтэй бид ярилцлаа. 

ХҮҮ МИНЬ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭХЭД Ч БИ ХАМТ БАЙНА

-Та хүүгийнхээ тэмцлийн шийдвэрийг анх хэрхэн хүлээж авсан бэ? 

       -Хүү минь жагсаалын эхний өдөр дээлээ өмсөөд л гэрээсээ гарсан. Би хүүгээсээ юунд явж байгааг нь ч асууж амжаагүй. Гэтэл талбай дээрх жагсаалд оролцох гээд явсан юм билээ. Тухайн үедээ бага зэрэг эсэргүүцэж байсан ч хүүгийнхээ шийдвэрийг хорьж чадаагүй. Учир нь, миний хүү ирээдүйнхээ төлөө гаргаж болох хамгийн зөв шийдвэрээ гаргасан гэж бодсон.

-Бага байхаасаа л шударга, зоригтой хүүхэд байсан уу, Л.Дашням? 

       -Тийм ээ. Би дөрвөн хүүтэй. Хамгийн отгон хүү минь Л.Дашням. Ах нартайгаа өссөн болоод ч тэр үү. Зоригтой, шударга, хүмүүжилтэй нэгэн болж өссөн. Одоо ч тэр хэвээр байгаа нь энэ. 

-Таны хүүгээ эргэж очсон зураг цахим орчинд цацагдаж, олныг хайрыг төрүүлээд байна. Хүүгээ өдөр бүр эргэж очиж байна уу? 

       -Хүүгээ тэмцэл эхлүүлснээс хойш нэг удаа эргэж очсон. Олон хоног тэмцэж байгаа учраас хүү минь ядрахаас гадна сэтгэл нь мохож байсан байх. Намайг очиход “Ээж ирсэн гоё байна” гээд л тэврүүлээд байлаа. Бага ч болов хүүгийнхээ итгэл найдварыг дэмжиж чадсан даа. Түүнээс хойш хүү “Ээж та байн, байн ганцаараа ирээд хэрэггүй” гэхээр нь хүүгийнхээ хэлснээр очохгүй л байна. Хүүгийнхөө төлөө санаа зовж суухдаа бүтэн шөнө нойргүй хоносон тохиолдол ч бий. 

-Хэдий хатуу, шударга харагдаж байгаа ч ээжийнхээ дэргэд зөөлөрч байсан байх? 

        -Тэгэлгүй яах вэ. Гурван ахынхаа адил шударга, шийдэмгий өссөн ч гэлээ буурь суурьтай, төлөв даруу хүүхэд. Хүү минь зураг дээр харагдаж байгаа шигээ эрх танхил биш л дээ. Тухайн үед ээжийгээ хараад өөрийн эрхгүй л зөөлөрсөн байх. Би хүүгээ хараад өрөвдөж байсан ч сэтгэлд нь дэм болох гэж хичээсэн. 

-Та хүүгийнхээ дэргэд байнга л хамт байдаг байв уу? 

       -Багаасаа өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, зоригтой шийдвэр гаргаж чаддаг хүүхэд байсан. Би ч гаргасан шийдвэр бүрд нь хүүгийнхээ дэргэд үргэлж хамт байсан даа. Бага ангиа төгсөх хүртэл ээжийнхээ дэргэдээс огт холдоогүй. Харин түүнээс цааш биеэ дааж, бүхнийг өөрөө шийддэг болсон. Би БНСУ-д таван жил ажиллаж, амьдарсан. Энэ хооронд хүү минь дунд болон ахлах сургуулиа амжилттай төгссөн. Өөрөөр хэлбэл, энэ үеэс л өөрийгөө зөв удирдан чиглүүлж, амьдралыг бага багаар өөрөө авч явж эхэлсэн юм. 

-Та хүүгээ үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаа юу? 

      -Хүү минь эцсээ хүртэл тэмцсэн ч би хамт байх болно. Тиймдээ ч энэ их тэмцлийн үр дүнг би удахгүй харна гэдэгт итгэлтэй байгаа. Тэмцэл заавал эерэг үр дүн авчирна. Харин тэр үед хүүгээрээ би бахархаж сууна гэж боддог. Магадгүй миний хүү өөрийн энэ их зориг тэвчээр, хатуужлаараа ирээдүйгээ өөрчилж чадах байх. 

-Хүү нь олон хоног амаргүй цаг үеийг туулж байна. Таны ойр дотны хүмүүс багагүй дэмжлэг үзүүлсэн байх? 

     -Ойр дотны бүхий л хүмүүс хүүг минь дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнээс гадна надад ч санаа зовж байгаагаа хэлж байсан. Би яах вэ, хүү минь л идэр есийн хүйтэнд талбайн хүйтэн шалан дээр нойр хоолгүй хонон өнжиж байна. Би хүүдээ л санаа зовж байна даа. Гэхдээ эх хүн үрдээ үргэлж сайн сайхныг ерөөж байвал болох нь тэр. Очиж чадахгүй байгаа ч утсаар холбогдож, өглөө бүр хүүгээ бодоод л сайн сайхнаар ерөөж сууна. 

-Хэрэв жагсаал үр дүндээ хүрвэл хүү нь цаашид юу төлөвлөж байгаа бол? 

       -Тэмцэл үр дүндээ хүрчихвэл хүү минь өөрийн зорилгынхоо төлөө тэмцэж эхэлнэ. Хүү минь надад “Хүү нь удахгүй Америк явж сурна” гээд л ярьдаг юм. Жагсаалд оролцохоосоо өмнө хэлний мэдлэгтээ анхаарч, суралцаж байсан. Тиймээс жагсаалын дараа хүү минь өөрийн гэсэн мөрөөдлийнхөө төлөө тэмцэх бас нэгэн даваа бий. 

-Зарим үед цахим сүлжээнд хүүг нь сөрөг талаас дүгнэсэн сэтгэгдэл их байна. Энэ болгонд хүүдээ хэрхэн зөвлөгөө өгч байна вэ? 

     -Мэдээж аливаа зүйл хоёр талтай. Хүүг минь эрх мэдэлтнүүдээс мөнгө авсан, хөлсөөр жагсаж байгаа гэх мэтчилэн сөрөг дүгнэлт өгч байгаа хүмүүс байна лээ. Миний хүү хэзээ ч бусдын ятгалаг, шийдвэрээр байж үзээгүй. Өдийг хүртэл өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр яваа. Тийм учраас би хүүгээ өмөөрнө. Гэхдээ хүүг минь муулахаас магтах нь их байсан. Тэр болгоныг хараад бага ч гэсэн тайвширах юм. Хүүгээ бусдын сөрөг үгэнд битгий л бууж өгөөсэй гэж хүсэж байна даа. 

-Ерөнхий сайд жагсагчидтай уулзах үеэр хүү нь өөрийн үзэл бодлоо хатуухан илэрхийлээд амжсан. Түүнийг хараад та яаж хүлээж авсан бэ? 

     -Нөгөө л багын араншингаараа шударга хандсанд хүүгээрээ бахархаж л байлаа. Гэхдээ төрийн гурван өндөрлөгийн нэгэнд тийм хатуухан байр сууриа илэрхийлсэнд санаа зовдог юм байна лээ. “Хүү минь болгоомжтой байгаарай, зөв шийдвэр гаргаарай л” гэж хэлсэн. Үнэхээр ард түмний боломжийг олон жил хулгайлсан улстөрчидтэй ингэж тэмцэх нь хамгийн зөв л дөө. Үүнд хүүгээрээ болон бусад залуусаар бахархаж байна.  

  

 

ТЭМЦЭГЧ Л.ДАШНЯМЫН ЭЭЖ Б.ЭНХТУЯА: ХҮҮ МИНЬ ТЭМЦЛИЙНХЭЭ ҮР ДҮНД ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-19 22:46:20
    Ард түмэн : НОГДОЛ АШИГ АА АВЬЯ . ХУЛГАЙЧ НАР ИДЧИХСЭН ЮМУУ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-19 22:45:43
    1072 ш хувьцаа эзэмшигчид : ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 3.3 САЯ ИРГЭН ОНООС ӨМНӨ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ ТАРААХЫГ ШААРДАЖ БАЙНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-19 22:45:33
    1072 ш хувьцаа эзэмшигчид : ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 3.3 САЯ ИРГЭН ОНООС ӨМНӨ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ ТАРААХЫГ ШААРДАЖ БАЙНА
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188